Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 36

 

 Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалан шүүх  хуралдааны танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхбаярт холбогдох 201601070014 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                                Ц.Баясай

           Улсын яллагч:                                                Б.Буяндэлгэр

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Д.Цэнд-Аюуш

Насанд хүрээгүй шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч:                                Б.Ариунцэцэг

Гэр бүл хүүхэд залуучуудын

Хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгаалал

хариуцсан мэргэжилтэн:                        Э.Тулгаа

Шүүгдэгч:                                                 Б.Мөнхбаяр нар оролцов.                                     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ  Багануур дүүргийн Гэрэлт Ирээдүй мрэгэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурчны 1 дүгээр дамжаанд суралцдаг байсан, ам бүл 4 эцэг Батбаатар /малчин/, эх Гандулам /гэртээ өвчтэй/, эгч Ариунцэцэг /өвчний группд/,нарын хамт амьдрах, тэд хөдөө амьдарч байгаа тул одоо ах Батбаяр /ажилгүй/ түүний эхнэр хүүхдүүд нарын хамт өөрийн хашаа болох Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 6 дугаар гудамжны 1 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, Хэвүүд овгийн Батбаатарын Мөнхбаяр /РД:ВЙ01221911/

Яллах дүгнэлтэд дурдсанаар

Насанд хүрээгүй яллагдагч: Б.Мөнхбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 4 дүгээр гудамжны 29б тоотод байрлах бусдын байшингийн цонхоор нэвтрэн, байшингийн хаалгыг эвдэж орж эд зүйл хулгайлж 366 550 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт холбогдох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн  газарт  үзлэг хийсэн тухай тэмдэглэл

“Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 4 дүгээр гудамжны 29б тоот хашаанд ороход хашааны хойд хэсэгт 4х6 м хэмжээтэй байшин байв... байшингийн хаалганы цүүг цохиж эвдсэн, цоож нь хаалганы гаднах углуурганы цүүтэй зөрүүтэй байна. Байшингийн зүүн хойд буланд 80 см зайд ертөнцийн зүгээр хойд хойд зүгт чиглэсэн байдалтай хөрсөн дээр өлмийн өргөн 12 см, өсгийний өргөн 9 см, нум 8 см, 31 см урт хээ байсныг бэхжүүлж авав.

          Байшингийн хаалганы баруун буланд модон иштэй сүх байв...чихрийн тавагны доод сууринд, хөргөгчний зүүн булангаас гарын мөр илэрснийг тунгалаг туузанд бэхжүүлж авлаа” гэсэн тэмдэглэл, фото зургийн хавсралт  /хх-ийн 4-9 хуудас /

 

Насанд хүрээгүй шүүгдэгч  Б.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн

            “2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хичээлээ тараад гэртээ харихаар явж байгаад Сургалтын задгайн 4 дүгээр гудамжны 29 тоот хашаанд байх байшингийн хаалга нь зүүдэг цоожтой байхаар нь цонхны салхивчаар нь орж том өрөөнд зассан сүлд модон дээрээс 20 000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг нийт 40 000 төгрөг, мөн 200 гр чихэр, савтай тал ундаа зэргийг авсан.

2017 оны 1 дүгээр сарын 7-нд уг байшинд салхивчаар нь орж иштэй чихэр 4ш, 2л тараг, тэсэрдэг шокалад 1ш зэргийг авсан.

Дахиад 2-3 хоногийн дараа мөн л салхивчаар нь орж андройд цэнэглэгч, жимобайлын интернет төхөөрөмжийг авсан. Тухайн төхөөрөмжөө холбооны газар явж байгаад танихгүй хүнд 40 000 төгрөгөөр зарсан.

Хэд хоногийн дараа мөн дээрх айлын хашааг даваад ороод байшингийн хаалга цоожтой байхаар нь эзгүй юм байна гэж бодоод байшингийнх нь ард байсан модон иштэй түлээний сүхээр гадна хаалганы цоожийг эвдэж, дотор хаалганы цоожийг хүчтэй өшиглөж эвдэж орсон ба комьпютерийн хулгана, процессор, дэлгэц холбогч цахилгааны утас, гал тогооны өрөөний шүүгээн дээр  байсан цагаан өнгийн утас цэнэглэгч, гал тогооны ханын шүүгээнд байсан цагаан өнгийн  тавагтай бурамтай чихэр, иштэй чихэр, жимсний ундаа зэргийг аваад гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Ууганбаярт комьпютерийн хулгана, процессор, дэлгэц холбогч цахилгааны утас зэргийг буцаан өгсөн ба 50 000 төгрөг бэлэнээр өгсөн бөгөөд 536 550 төгрөгийг төлөөгүй байна гэв.            

/шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Г.Ууганбаярын  мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:

“2017 оны 1 дүгээр сарын 4-ний орой гэртээ ирэхэд сүлд модон дээр байсан 20 000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, бурханы гүнгэрвааны дотор байсан 5000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг нийт 50 000 төгрөг алга болсон. 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хөргөгч дотор байсан Гоё нэртэй 2 литрийн тараг, 2 литрийн жимсний ундаа, 1 кг жимстэй боов, резинэн чихэртэй тэсэрдэг шоколад, 4 ширхэг иштэй чихэр зэрэг алга болсон байсан. 2017 оны 1 дүгээр сарын 7-ны орой ажлаа тараад ирэхэд бурханы гүнгэрвааны тавиурын дэргэд байсан жимобайлын интернет төхөөрөмж, цайвар ногоон өнгөтэй гар утасны цэнэглэгч, хар өнгөтэй Acer маркийн комьпютерийн хулгана, дэлгэц процессор 2-ыг холбогч цахилгаан утас, 3 кг үхрийн ясгүй мах зэрэг эд зүйлс алдагдсан” хохирол төлбөр болох 366 550 төгрөгөөс 313000 төгрөгийн хохиролыг барагдуулж авсан, үлдэх 53 550 төгрөгнөөс татгалзаж байна. Өөр нэхэмжлэх гомдол саналгүй гэсэн мэдүүлэг, /хх-136/

Гэрч: Д.Амаржаргалын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

            “манай нөхөр Ууганбаяр бид хоёр 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өглөө 8 цагт ажилдаа яваад орой 20 цагийн үед намайг гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонхны салхивч онгорхой байхаар нь нөхрийгөө өдөр ирээд онгойлгосон юм болов уу гэж бодоод буцаагаад хаасан. Том өрөөнд байсан сүлд модон дээр 20 000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, бурханы гүнгэрваан дотор байсан 5 000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг нийт 50 000 төгрөг алга болсон байсан.

2017 оны 1 дүгээр сарын 5-ны орой ажлаасаа тараад ирэхэд том өрөөний салхивч онгорхой байхаар нь хаасан. Тэгээд нөхрөөсөө өчигдөр хот явахдаа бурхан болон сүлд модны дээр байсан мөнгө авсан уу гэхэд аваагүй гэсэн. Тэгээд эд зүйлээ шалгаж үзэхэд хөргөгчинд байсан 2 литрийн тараг, 2 литрийн ундаа, 1 кг боов, 1 ширхэг шоколад, 4 ширхэг иштэй чихэр алга байсан.

2017 оны 1 дүгээр сарын 7-ны орой ажлаа тараад нөхрийн хамт гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонхны салхивч онгорхой байхаар нь дахин хулгай орсон юм байна гэж бодоод манай нөхөр цонхны салхивчаа шрупдэж /эрэг бүхий хадаас/ хадсан. Би эд зүйлээ шалгахад жимобайлын интернет төхөөрөмж, утасны цэнэглэгч, Acer маркийн комьпютерийн хулгана, дэлгэц процессор 2-ыг холбогч цахилгаан утас, 3 кг үхрийн ясгүй мах зэрэг эд зүйлс алдагдсан байсан.

2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр манай байшингийн хаалгыг эвдэж чихрийн тавганд байсан 500 гр орчим бурамтай чихрийг авсан байсан гэжээ. /хх-61, 135/

 Шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 09/006 тоот дүгнэлтэд

  1. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын улны мөр дүрсүүд нь мөр судлалын адилтгалын шинжилгээ хийхэд тэнцэж байна.
  2. Сэжигтэн Б.Мөнхбаяраас хураан авсан гэх шинжилгээнд илрүүлсэн гутлын ул нь адилтгалын шинжилгээ хийхэд тэнцэж байна.
  3. Гэрэл зургийн үзүүлэлт дээрх гутлын улны зургууд нь шижилгээнд ирүүлсэн хос гутлын улны хэмжээсүүд, хээний зураглал, хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирч байна гэжээ. /хх-82/

Эд зүйл  хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:

“Сэжигтэн Б.Мөнхбаяраас Жимобайлын хар өнгийн хөдөлгөөнт интернет төхөөрөмж, хар өнгөтэй “Acer” маркийн комьпютерийн хулгана, комьпютерийн дэлгэц процессор холбогч цахилгааны утас, бэлнээр 50 000 төгрөг зэрэг эд зүйлийг хураан авч хохирогч Г.Ууганбаярт хүлээлгэн өгөв”  гэжээ /хх -26-27/

Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтад

“жимобайлын интернет төхөөрөмж 250 000 төгрөг, Гоё нэртэй 2 литрийн тараг 4500 төгрөг, 2 литрийн жимсний ундаа 2500 төгрөг, жимстэй боов 2750 төгрөг, тэсэрдэг шоколад 4800 төгрөг, иштэй чихэр 4 ширхэг 2000 төгрөг, бурамтай зөөлөн чихэр 500 гр 4000 төгрөг, утасны цэнэглэгч 15 000 төгрөг, комьпютерийн хулгана 5000 төгрөг, комьпютерын дэлгэц процессор холбогч цахилгааны утас 8000 төгрөг, үхрийн ясгүй мах 3 кг 18000 нийт 316 550  төгрөг” гэжээ. / хх 29-30, 137/

Б.Мөнхбаярын насын тоолсон тэмдэглэлд: 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар  15 нас 10 сар 17 хоногтой байна гэжээ. /хх 99, 108/

Цагдаагийн ерөнхий газрын  Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

Хэвүүд овгийн Батбаатарын Мөнхбаяр нь урьд ял шийтгэгдээгүй гэжээ /хх-98/

Багануур дүүргийн засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Тулгаа хүсэлтдээ:

“Б.Мөнхбаяр нь хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэсэн тодорхойлолтод багтаж байна. Иймд Нэгдсэн Үндэстний байгууллагаас баталсан “Хүүхдийн эрхийн тухай” конвенцийн үзэл баримтлалд нийцүүлэн насан хүрээгүй этгээд анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг хүргүүлж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр шүүхээс дараах дүгнэлтүүдийг хийж байна.

 

          Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мөнхбаяр нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 4 дүгээр гудамжны 29б тоотод байрлах Г.Ууганбаярынхыг эзгүй байхад нь түүний гэрт буюу цоожтой байшинд нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр цонхоор орж 20 000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 2 ш нийт 50 000 төгрөг,  2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр мөн цонхоор орж “Гоё” нэртэй 2 литрийн тараг, 2 литрийн жимсний ундаа, жимстэй боов 1кг, 1ш шоколад, иштэй чихэр 4 ш, 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр мөн цонхоор орж жимобайлын интернет төхөөрөмж, утасны цэнэглэгч, Acer маркийн комьпютерийн хулгана, дэлгэц процессор хоёрыг холбогч цахилгааны утас, үхрийн цул мах 3 кг, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байшингийн хаалгыг сүхээр эвдэн орж бурамтай чихэр 500 гр  зэрэг эд хөрөнгийг тус тус хулгайлж нийт 366 550 төгрөгийн  хохирол учруулжээ.

Энэ нь  “Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 4 дүгээр гудамжны 29б тоот хашааны хойд хэсэгт 4х6 м хэмжээтэй байшингийн хаалганы цүүг цохиж эвдсэн, цоож нь хаалганы гаднах углуурганы цүүтэй зөрүүтэй байсан Байшингийн зүүн хойд буланд хөрсөн дээр өлмийн өргөн 12 см, өсгийний өргөн 9 см, нум 8 см, 31 см урт хээ, баруун буланд нь модон иштэй сүх илэрсэн” хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн гутлын мөр нь шүүгдэгч Мөнхбаярын гутлын мөртэй тохирсон тухай  шинжээчийн 09/006 тоот дүгнэлт, гэрт нь  хулгайч ороод 11 нэр төрлийн эд зүйл, хүнсний бүтээгдэхүүн алдагдсан, Жимобайлын интернет төхөөрөмж, “Acer” маркийн комьпютерийн хулгана, комьпютерийн дэлгэц процессор холбогч цахилгааны утас, бэлнээр 50 000 төгрөг зэргийг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан тухай мэдүүлсэн хохирогч Г.Ууганбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Б.Мөнхбаярын үйлдлийг нотолж тогтоосон баримтуудыг үнэлэхэд:  

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна. Шүүгдэгч  Б.Мөнхбаяр нь яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар давхар батлагдлаа. Насанд хүрээгүй сэжигтэн яллагдагчийг байцаахдаа өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч, сэтгэл зүйчийг оролцуулж байцаасан нь хуульд нийцсэн байна. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд  юм.

Б.Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар 14 нас хүрсэн нь 2001 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн тухай гэрчилгээний хуулбараар /хх-99/ тогтоогдсон, мөн сэтгэхүйн хөгжлийн хувьд үйлдлийнхээ хор уршиг, үр дагаврыг бүрэн ойлгох чадвартай бөгөөд бусдын эд зүйлийг хулгайлах үйлдэлдээ шунахай сэдэлтээр шууд санаатай хандсан нь шүүгдэгчийн “би хулгайн эд зүйлийг борлуулж өөртөө пүүз /спорт гутал/ авах, спорт зааланд тоглох, хүнс авах, чихэр, тараг зэрэг хүнсний зүйлүүдийг идэх зэргээр хэрэглэсэн” гэсэн мэдүүлгээр нь тогтоогдсон.

Хохирогчид  366 550 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон баримтаар тодорхойлогдсон, хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт  зааснаар бага бус хэмжээний хохиролд хамаарагдаж байна.

Шүүгдэгч хулгай хийхдээ хохирогчийн байшингийн цонхоор болон хаалганы цоожийг  эвдэн орсныг бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

Б.Мөнхбаярын үйлдэл нь иргэн Г.Ууганбаярын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан  “өмчлөх эрх” ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд Б.Мөнхбаярыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны бичилтээр /хх 98/ тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Мөнхбаярыг өнөөдрийн байдлаар 16 настай /16 нас 3 сар 6 хоног/  гэж үзнэ.

Түүний арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл мөн.

Мөнхбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтад зааснаар хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Иймд Б.Мөнхбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэргийг насанд хүрээгүй байхдаа үйлдсэн, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагаас дахин гэмт хэргээс урьдчилан сэргийлж хүмүүжүүлэх арга хэмжээ авч ажиллах тул ял оноохгүйгээр хүмүүжлийн арга хэмжээ авах тухай хүсэлт, шүүгдэгчийн эгч Б.Ариунцэцэг нь хараа хяналтдаа байлгах хүсэлт тус тус гаргажээ. Шүүгдэгч нь Багануур дахь “Гэрэлт Ирээдүй”  мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн гагнуурчны 1-р дамжаанд суралцдаг нь тогтоогдсон.

Иймд дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хүүхэд хамгаалах төрийн байгууллагын болон шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг  харгалзан Б.Мөнхбаярыг ял оногдуулахгүйгээр засарч хүмүүжихийг өөрт нь даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулах нь  зохимжтой гэж дүгнэв.  . Б.Мөнхбаярын эцэг Батбаатар нь  мал малладаг, эх Гандулам нь хүнд өвчтэй ба тэд Мөнхбаяраас тусдаа амьдардаг тул түүнийг түүнтэй хамт амьдардаг төрсөн эгч Б.Ариунцэцэг, төрсөн ах Б.Батбаяр нарын хяналтад өгөх нь зүйтэй.

Шүүгдэгч хохирлын 50 000 төгрөгийг төлж 263 000 төгрөгийн үнэ бүхий  Жимобайлын хар өнгийн хөдөлгөөнт интернет төхөөрөмж, хар өнгөтэй “Acer” маркийн комьпютерийн хулгана, комьпютерийн дэлгэц процессор холбогч цахилгааны утас зэргийг нэг бүрийн шинжээр нь хохирогчид хүлээлгэн өгсөн,  хохирогч Г.Ууганбаяр нь үлдэх 53 550 төгрөгийн төлбөрийг авахаас татгалзсан зэргээр шүүгдэгч Б.Мөнхбаярыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хэвүүд овгийн Батбаатарын Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг журамлан   64 дүгээр зүйлийн 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 69.1.1 заалтад тус тус зааснаар Хэвүүд овгийн Батбаатарын Мөнхбаярт 1 /нэг/ жилийн хугацаа тогтоож засарч хүмүүжихийг даалгасугай.
  3. Эрүүгийн хуулийн 69.1.3 дахь заалтад зааснаар насанд хүрээгүй Б.Мөнхбаярын засрал хүмүүжилд хяналт тавихыг эгч Б.Ариунцэцэг, ах Б.Батбаяр нарт даалгаж, Б.Мөнхбаярт зөвлөгөө өгч дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Багануур дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст мэдэгдэж, засарч хүмүүжиж байгаа эсэхэд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  5. Б.Мөнхбаяр нь хохирогчид төлбөрийг төлсөн болохыг дурдсугай.
  6. Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй зэргийг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг гэм буруутай этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ