Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч Н.Б*****, түүний өмгөөлөгч  Д******,

Шүүгдэгч А****, түүний өмгөөлөгч С.******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.Б***, Б.А****** нарт холбогдох эрүүгийн  2533000000*** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Б.А******:  Монгол Улсын иргэн, 1977 оны 06 сарын 15-ний өдөр Д******* аймгийн Ш******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, элчит тэрэгний машинист мэргэжилтэй, Ц**** ХХК-д ********ажилтай, ам бүл 4, эхнэр *** хүүхдийн хамт амьдардаг.  С**** аймгийн С******** сумын***-р баг ****** тоотод оршин суух, С**** аймгийн С****** сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, мөн тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 03 сарын хугацаагаар тэссэн, А***** овогт Б.А**** /РД: *******/,

Шүүгдэгч Н.Б****: Монгол Улсын иргэн, 19*** оны *** сарын ***-ний өдөр Б****** аймгийн Г****** суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, ажилгүй, ам бүл 5, эхнэр *** хүүхдийн хамт амьдардаг. С***** аймгийн С****** сумын **** дугаар баг Д**** задгайд оршин суух, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 02 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Д****** овгийн Н.Б/РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б******* нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр С****** аймгийн С******** сумын 2 дугаар багийн нутаг **** хороолол **** гудамж, О.Ж******* гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн  Б.А***** толгой хэсэгт архины шилээр цохиж, түүний биед дух, зүүн хөмсөг, баруун хацарт зүсэгдсэн шарх, 2 хацарт зулгаралт гэмтэл,

Шүүгдэгч Б.А****** нь Н.Б******* нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, түүний биед зүүн зовхи, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун хөмсөг, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б***** нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр С******* аймгийн С******** сумын 2 дугаар багийн нутаг***** хороолол **-р гудамж, О.Ж***** гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэн  Б.А****** толгой хэсэгт архины шилээр цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.А**** нь Н.Б****** нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн

1. Шүүгдэгч Б.А***** шүүхийн хэлэлцүүлэгт: “...2025 оны 04 сарын 09-ны өдөр орой ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Манай урд талын Ж**** гэх айлд хүмүүс шуугилдаад архи уугаад байхаар гэрт нь орсон. Яагаад орсон гэхээр Г***** гэх залуу надад хонь өгнө гээд хэд хоногийн өмнө амласан байсан тул архи битгий уугаад бай, маргааш хониндоо явъя гэж хэлэх гэж орсон. Тэнд Жагаа ах, Г*****, нөхрийн хамт сууж байхад Г****** аваад гарсан. Ц******** эгчийн дэлгүүрээс 200 граммтай архи аваад Г****** хувааж уучхаад гэртээ харьсан. Гэртээ харьчхаад байж байхад  урд орилолдоод байхаар дахиж ормоор санагдаад буцаад Ж**** ахынд ороод Г****** хажууд байсан. Б****** орж ирснийг мэдээгүй, нэг мэдэхэд ирчихсэн байсан. Нэг мэдэхэд архины шил шидээд миний толгойг хагалчихсан. Манай охин С***** цагдаа дуудчихсан байсан. Тэгээд би гэр лүү орсон байхад цагдаа ирээд цус тогтохгүй байсан тул эмнэлэг орж цусаа тогтоолгосон.  Б******* зодоон хийснээ сайн санахгүй байна...” гэв.

2. Шүүгдэгч Н.Б**** шүүхийн хэлэлцүүлэгт: “...2025 оны 04 сарын 09-ны өдөр цуг ажилладаг ажлын газрын хүмүүстэй гурван шил архи уусан. Орой 18 цагийн үед Ж**** ахынд ороод сууж байхад гаднаас А***** орж ирээд чи нөгөө дриллээ төл хулгайчаа гэж хэлээд багалзуур хоолой боогоод салахгүй болохоор архины шил аваад шидсэн...” гэв.

3. Хохирогч Н.Б**** мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 08-ны 12 цагаас хойш ажлын газрын 3 найзуудтайгаа 3 шил архи хувааж уусан. Ууж дуусаад 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 19 цагийн үед ганцаараа салаад О***** хороололд байдаг Ж****** ахын гэрт орсон. Ороход Ж*** ах, А****нар архи уугаад сууж байсан. Урьд өмнө 2023 онд А****** дриллийг би аваад алга болгож байсан юм. Тэгээд уг нь буцаагаад орлуулж дрилл өгч байсан юм. Тэр асуудлыг А**** яриад намайг хулгайч түүлгэчин гэж доромжлоод хоолойноос багалзуурдаад тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулж байгаад архины шилээр цохчихсон юм. Тэгтэл зөрүүлээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд нөгөө хэд салгаад байж байтал А***** охин нь ирээд А***** аваад явсан. А***** гэр нь Ж******* ахтай нэг гудамжинд байдаг юм. Тэгээд А***** яваад би Ж****** ахынд унтаж байтал цагдаа ирээд аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас)

4. Хохирогч Б.А******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Урд айл буюу Ж***** ахын гэрт хүмүүс архидаад байхаар нь яваад орсон. Тэнд Ж***** ах, Б****нар суугаад архи ууж байсан. Ууж байсан архинаас нь би 1 л татсан. Би Г******* авч гараад Ц******** эгчийн дэлгүүр ороод 200 гр хэмжээтэй Хараа архи аваад хоёулаа хуваагаад уучихсан. Би гэр лүүгээ ороод Ж***** ахын гэр лүү буцаад орсон. Гадна харанхуй болчихсон байсан. Гэрт хэр удсанаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Б**** ороод ирчихсэн гэрийн баруун талд Б***** хажууд сууж байхыг харсан. Удалгүй сууж байтал толгой дээр тас гээд л буучихсан. Миний толгойноос цус гоожоод ус байна уу гээд доошоо хараад сууж байсан. Тэнд байсан хүмүүс Ж****** ахад хөөгдөөд пижигнээд гараад явсан. Ж****** ах гарцгаа зайлцгаа гээд орилоод байсныг санаж байна. Би цусаа дараад гэрээс гарч иртэл гэрийн баруун урд талд Б***** явган сууж байсан. Тэгээд л миний толгой дээр Б***** ус хийж өгсөн. Б******* урдаас босож ирээд ширээний араас толгой хэсэг рүү далайж байхыг нь харсан. Тэгээд л тас гээд буучихсан... гэх мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас)

5. Гэрч Б.Г****** өгсөн “...Би ер нь энд Ж******** ахын гэрт хамт байгаад байгаа. Тэдний гэрт архи уух гэж хүмүүс их ирдэг. Ж***** ах гэртээ ганцаараа байдаг. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ж******* ахын гэрт өглөө Ж**** ах, би, Б****** ах, Э***** ах, эхнэр А****** нар архи уусан юм. Бараг 3,4 шил архи уусан байх. Тэгээд л өдөржин л архи уугаад байж байсан. Ер нь архи олдвол ууж л байдаг. Миний бие ч ойрын хэдэн өдрүүдэд архи уусан. Өнөөдөр аав, ээж рүүгээ явна. Тэгээд үдээс хойш Б**** ах хэсэг гараад явчихсан юм. Хаашаа явсныг мэдэхгүй байна. Оройхон А****** ах хашаагаа даваад ороод ирсэн. Угаасаа хашаа даваад л ороод ирдэг юм. Тэгээд Э***** ах 1 шил 0.75 литр Хараа архи авсан. Тэрийг уугаад сууж байтал Б***** ах гаднаас орж ирснээ архины шилээр А***** ахын толгой руу цохисон. Тэгээд л А****** ах Б******** ахыг чирч гарахаар нь араас нь гартал дээр доороо ороод хоорондоо барилцаж аваад ноцолдоод байхаар нь Батмөнх бид хоёр салгасан. Салгаад байж байтал А***** ахын охин орж ирээд Амартөр ахыг аваад явсан. Б****** ах, Ж****** ах бид хэд унтаад өгсөн. Б***** ах хоорондоо салахгүй ноцолдоод байхаар нь салгасан... гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас)

6. Гэрч Ц.Б*** өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ганцаараар архи ууж байгаад Ж**** ахын гэрт оройхон гэгээтэйд яваад ортол хашаанд нь Монгол гэрийн гадна тоос манарчихсан А***** ах, Б****** ах хоёр хоорондоо заамдалцаад авчихсан байсан. Би дундуур нь орж салгасан. Гэр дотроос Г**** гарж ирсэн. Тэгээд бид хоёр салгаад байж байтал А******* ахын охин нь ирээд аваад А******** ахыг аваад явсан. Тэгээд л би Ц******* эгчийн дэлгүүрээс 0.5 литр Х**** архи аваад Г******, би, Ж****** ах бид хэд уусан. Удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Ямар ч байсан тэр 2 ноцолдоод тоос манарчихсан байж байхаар нь салгасан. Би хүнтэй маргалдаагүй, хүнд гар хүрээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-р хуудас)

7. Гэрч Б.А******* өгсөн: “...Тухайн өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байгаад төв хэсэгрүү орж хүүхдүүдэд зайрмаг тарааж баярлуулсан Учир нь манай аавын өөд болсон өдөр байсан юм. Дуусаад 3 дугаар байрны Б****** гэрт орж манай нөхөр Э******** тэнд байсан 2 хүнтэй хувааж 1 шил 0.75 литр хэмжээтэй архи хувааж байсан. Би өөрөө уугаагүй. Дуусаад 17 цагийн алдад л байх цагийг сайн санахгүй байна, гэгээ лав тасраагүй байсан юм гэрлүүгээ бид хоёр алхсан. Тэгээд Жагаа ахын гудмаар уруудаад гэрлүүгээ алхаж байсан чинь Ж***** ахын гэрт хүмүүс шуугилдаад байсан. Нөхөр бид хоёр юу болоод байгаа юм болоо гээд яваад ортол Ж***** ах хэвтэж байсан, Б***** хойд орон дээр сууж байсан. Г***** нар матрасс дээр хэвтэж байсан, тэр матрассны наана нь А**** сууж байсан. А****** нь согтуу Б****** дайраад орилоод байсан. Согтуу хэл ам нь орооцолдоод яриаг нь ойлгоогүй. Би Ж***** ахыг бие нь гайгүй юу гээд асуусан Ж****** ах гайгүй ээ гээд яриа өрнүүлээд байж байх хооронд Б******* архины шилээр А**** толгой хэсэгрүү цохьсон. Тэгээд л Э******* аваад гэрээс гарсан Г******* хоёр болиочээ гээд орилоод байсан. Э****** хоёрын араас А*** ганцаараа гархаар нь би араас нь дахиад зодоон болохвий гээд дагаад гарсан Э**** нар хашааны гадна гарчихсан юм яриад сууж байтал А******* гарч ирээд Б****** толгой хэсэгрүү нь 4-5 удаа өшиглөсөн. Тухайн үед Б******* нь газар явган сууж байсан юм. Тэгээд Э**** бид хоёр салгасан. Тэгтэл А***** нь хашаа даваад гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд Б****** одоо гэртээ харь гээд юм яриад байж байсан. Тэгээд Б*** гэртээ харилгүй Ж**** ахын гэрлүү яваад орсон. Удалгүй А****** гэрээсээ толгойгоо цагаан алчуур шиг юмаар боогоод дахиад хашаа даваад гараад ирсэн. Би А******* боль, харь гэтэл үгэнд орохгүй зогсоод байсан. Тэр үед А******* охин нь хашааны доод талаар тойроод гараад ирсэн. Тэгснээ учиргүй манай нөхөр Э*** аавыг зодлоо гээд дайраад байхаар нь би тайлбарлаад өгье гэтэл үг авахгүй орилоод байсан, цагдаа дуудна гээд байхаар нь тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд тэр охин аавыгаа аваад явчихсан. Тэгээд Э******** бид хоёр гэрлүүгээ явсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас)

8. Насанд хүрээгүй гэрч С.С****** өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 08-наас 09-ний шилжих шөнө 00 цаг өнгөрч байсан байх тэр үед би хашаандаа байдаг Монгол гэртээ дүү О***** хамт орондоо ороод унтах гээд хэвтэж байсан. Тэгтэл гадаа хүмүүс орилолдоод байсан. Гэнэт архины шил хагарах чимээ гарахаар нь гарж хартал Ж******* ахын хашаанд байдаг Монгол гэрийн гадна аавын толгой дээр Б***** ах ус хийгээд байж байсан. Сандраад хашааруу нь тойроод яваад ортол аавын толгой хагарчихсан цус гараад дээр нь Б******* ах ус хийж байсан. Хажууд нь Б****** ах газар өвдөглөөд суучихсан байсан. Түлхүүрээ ах, Э***** ах нар Б******* ахыг зодсон маягтай байж байсан. Түлхүүрээ ах Б***** ахын дагз хэсэгрүү нь дагздаж байсан. Э****** ах Б**** ахын нүүрлүү 2-3 удаа өшиглөөд, алгадаад байсан. Тэгэх үедээ чи яагаад А***** ахыг ингэж байгаа юм гээд орилоод аавыг өмөөрөөд байсан. Би очиж болиулаад Э***** ахын эхнэр А***** эгчид нөхрөө аваачээ гэтэл татаж авсан. Гэрэл тусгаж байгаад аавын толгойг хартал цус гараад тогтохгүй байхаар нь ханцуйгаар дарж тогтоож байгаад айх уурлах хоёр зэрэг хүрээд цагдаа дуудсан. Э******* ах намайг писда минь, гичий минь чи аавыг чинь өмөөрч байхад чи цагдаад өгөх гээд байгаа юм уу гээд байсан. Эхнэр нь болиочээ гээд явах гээд байхаар нь явахгүй шүү, цагдаа иртэл байж байгаарай гэтэл чадахгүй, чи намайг барьж өгөх гээд байна гэж байсан. Тэгээд аавын цус тогтохгүй байхаар нь гэрлүү аавыг дагуулаад явсан. Удалгүй цагдаа ирээд эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас)

9. Иргэний нэхэмжлэгч Ц**** өгсөн: “...Б.А**** биед эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор 97,650 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-р хуудас)

10. Д****** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 325 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Н.Б******* биед зүүн зовхи, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун хөмсөг, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 17-18-р хуудас)

11. Д****** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Б.******* биед дух, зүүн хөмсөг, баруун хацарт зүсэгдсэн шарх, 2 хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3. 1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 22-23-р хуудас)

12. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-6-p хуудас)

13. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Б***** нарын согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-8, 9-10-p хуудас)

14. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 02-р хуудас /

15. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хавтаст хэргийн 06-р хуудас/,

16. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр яллагдагч нарын согтуурал хэмжсэн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/

17.  2025 оны 05 дугаар сарын 06-ны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2533000000052 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 58-61, 67-69 -р хуудас/,

18. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-83-р хуудас/

19.  2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 64, 72, 77-р хуудас/

20. Яллагдагч Н.Б***** хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 96-102-р хуудас/,

21. Яллагдагч Б.А******* хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 104-108-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Б****** нь гэм буруугийн тал дээр “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хоёр биеэсээ уучлал гуйсан....” гэж,

Шүүгдэгч Б.А******: “...Гомдол санал байхгүй..” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д***** гэм буруугийн тал дээр: “...шүүгдэгч Б***** нь 2025 оны 04 сарын 09 өдөр хувийн таарамжгүй харьцаанаас болж шалтгаалан Б.А****** биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үед Б.А***** биед гэмтэл учруулан толгой руу архины шилээр цохисон учраас томограф хийлгэх шаардлагатай гэдэг үүднээс томографын шинжилгээг хийлгэсэн үүний зардал болох 185,000 төгрөгийг Д**** аймгийн “С*****” эмнэлэгт шилжүүлж хохирлыг барагдуулсан. Шүүгдэгчийн хувьд бие биеэсээ уучлалт гуйсан, харилцан ярилцсан ямар нэгэн байдлаар гомдол саналгүй, сэтгэл санааны хохирлуудыг хэн хэн нь нэхэмжлэхгүй гэсэн ийм байр суурьтайгаар шүүх хуралдаанд орж ирсэн байгаа. Шүүгдэгч Н.Б**** тухайн үед С*** аймгийн С**** сумын “Г***** ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газрын цэвэрлэх  байгууламжид Ариутгах татуургын цехэд тоног төхөөрөмжийн операторчоор ажиллаж байсан. 2025 оны 07 сарын 01-ны өдрөөс ажлаа өөрчилсөн, өөрөө гагнуурчин мэргэжилтэй хувиараа бас байшин сав барьдаг гагнуурын ажиллагаа хийдэг, цалин хөлс нь цаг бүрдээ ордоггүй цалингаа өгөхгүй байгаа гэдэг ийм шалтгаанаар “Гавшгай ус” хувьцаат компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлан хувиараа ажил хөдөлмөр эрхлээд явах бололцоотой. Иймд торгуулийн шийтгэл оногдуулахад биелэх боломжтой ял шийтгэл гэж үзэж байгаа тул торгуулийн шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэж, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б****: “... Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэрэгтэй гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой эвлэрсэн тул улсын яллагчийн саналыг хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэж шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Б***** биед зүүн зовхи, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун хөмсөг, зүүн шанаа, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтлүүд, Б.А**** биед дух, зүүн хөмсөг, баруун хацарт зүсэгдсэн шарх, 2 хацарт зулгаралт гэмтлүүд тогтоодсон бөгөөд шүүгдэгч нар харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл, учирсан гэмтэл  хоёр нь шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Н.Б*****, Б.А******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүх шүүгдэгч Н.Б****, Б.А**** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б.А***** эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал төлөгдсөн 97,650 төгрөгийг шүүгдэгч Н.Б***** гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал нь хэн алинд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар бол хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Н.Б*** Б.А**** нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдлийн арга, нийгмийн аюулын хэр хэмжээ мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хэвээр үлдэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б****: “...Хохирогчтой эвлэрсэн тул улсын яллагчийн саналыг хүрээнд шийдвэрлэж өгнө үү..” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д*****: “...Шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй.торгуулийн шийтгэл оногдуулахад биелэх боломжтой ял шийтгэл гэж үзэж байгаа тул торгуулийн шийтгэлийг оногдуулж өгнө үү..” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн  эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, тэдний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, шүүгдэгч Б.А****** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Бат-Ирээдүйг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б***** мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 185,000 төгрөг төлсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хохирол төлсөн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бий болгосон нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулав.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А*** овгийн Б. А****,  Д****** овгийн Н.Б****нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.А***** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Б****** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б*** мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардалд 185,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Н.Б****** 97,650 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

4.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА