| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2022/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | *** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч Т.Солонго
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Б
Шүүгдэгч С.Б***, Ш.Б***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С.Б*****, Ш.Бү**** нарт холбогдох эрүүгийн 2433000840011 тоот хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ш.Б*****: Монгол Улсын иргэн, 19*** оны ** сарын **-ны өдөр С**** аймгийн Б*** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт, С**** аймгийн Б**** сумын ****баг хөдөө оршин суух Ш*** овгийн Ш.Б** /РД:*********/.
Шүүгдэгч С.Б****: Монгол Улсын иргэн, 1**** оны ** дугаар сарын***-ны өдөр С****** аймгийн Б**** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, С**** аймгийн Б***** сумын ****хөдөө оршин суух Ш*** овгийн С.Б****** /РД:МВ*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б****** нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С.Б****-тэй бүлэглэж С**** аймгийн Б**** сум 2 дугаар багийн нутаг “Ж*****” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.8 метр куб шинэс төрлийн хуурай модыг бэлтгэж ****СЭН улсын дугаартай Х**** Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээгээр 1,648,002 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Б***** нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ш.Бү**** бүлэглэж С***** аймгийн Б***** сумын * дугаар багийн “Ж******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.8 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж **** СЭН улсын дугаартай Хюндай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээгээр 1,648,002 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б***, Ш.Б***** нар нь “...Мэдүүлэг өгөхгүй...” гэсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О******* өгсөн: ...Иргэдэд түлээний зориулалтаар мод олгохдоо унанги муудсан мод олгож байгаа ямар ч тохиолдолд нойтон мод унагах зөвшөөрөл олгохгүй байгаа. Иргэн С.Б**** байгаль экологид учруулсан хохирол мөнгөн дүнгээр гаргуулж холбогдох дансанд тушааж сум орон нутгийг хохиролгүй болгох шаардлагатай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 27-р хуудас/,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б******* өгсөн: ...Яллагдагч нарын байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99-р хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч Б.Э***** өгсөн: “... **** СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Тээврийн хэрэгслийг 1,200,000 төгрөгөөр үнэлсэнд санал нийлж байна. С.Б****** манай хамаатан тул надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
4. Гэрч Б.Э***** өгсөн: “...2024.09.03-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн хооронд морьтой Н****** гэх найзын хамтаар Б***** сумын Б***** гүүрний доор адуугаа хайгаад явж байсан чинь Н**** утас руу залгаад надтай ярья гээд ярьсан чинь ах нь доошоо уруудах гэж байна чи яваад ирээч гэж хэлсэн. Тэгээд би гүүрний доод талаар явж байна гэсэн чинь би чиний машиныг авчихсан ахын машин эвдэрчихсэн модыг нь ачаад доошоо оруулж өгөх гээд явж байна. Чи цуг яваад мод буулгалцаад өг гэж хэлхээр нь дээшээ суваргын тэнд очоод морио найз Н***** өгч явуулаад машинд суусан. Машинд суутал ах эхнэртэйгээ 2 лаа байсан. Би суугаад 3 лаа Б***** сумын төв рүү орж ирсэн. Төв рүү орж ирээд айлын хашаанд ороод байж байсан чинь цагдаа араас хүрч ирсэн. Тэгээд ахтай яриад байсан ба цагдаагийн газар луу явж машин журмын хашаанд хийсэн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
5. Гэрч Б.Ж****** өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө манай нөхөр Бүрэнсайхан модонд явсан. Би гэртэй хонь хараад үлдсэн тэгээд орой 20 цагийн үед манай нөхөр мод ачиж ирээд төв ороод цуг очоод мод буулгаад ирье гэж хэлээд бид 2 төв рүү хөдөлсөн. Замдаа манай нөхрийн хамаатны дүү Э***** аваад Б***** сумын төвд айлын хашаанд буулгах гэж яваад баригдсан юм. Манай нөхрийн машин эвдрээд Э******* утсаар яриад тэр өдрөө гуйж авсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл бол Э***** тэврийн хэрэгсэл ....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
6. Гэрч Д.Д**** өгсөн: “...С.Б***** нь 2024 оны 9 дүгээр сард мод бэлтгэх гарал үүслийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 63-р хуудас/,
7. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шинжээч Э.С***** өгсөн: “...МNS-54132011 шаардлагийн дагуу түлшний модны урт нь 1 м урттай, нарын үзүүрийн голч нь 3-14 см байна гэж заасан байдаг. Тухайн С.Б***** бэлтгэсэн гэх 123 ширхэг мод нь түлээний модны стандарт шаардлагад нийцэхгүй, хэрэглээний зориулалтаар ашиглаж болохоор бэлтгэсэн байсан тул хэрэглээний мод гэж дүгнэлтэд заасан болно. Хэрэглээний зориулалттай мод гэж МNS-61422010 стандартын дагуу бэлтгэдэг модыг хэрэглээний мод гэж нэрлэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/,
8. Яллагдагч С.Б***** мөрдөн байцаалтад өгсөн: “...2024.09.03-ны өдөр Б****** сум 1 баг Ш****** гэх газарт гэртээ байж байсан чинь Б**** ах манай гэрт ирээд машин Ж***** эвдэрчихсэн байгаа чи очоод мод ачаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би гэрийн ойролцоо байдаг С**** хамаатны дүү рүүгээ утсаар яриад машинаа өгч байгаач Ж***** мод ачаад ирье гэж хэлэхэд та манайд өөрөө очоод авчих гэсэн. Тэгээд би гэрээс нь очиж машиныг нь аваад Б****** ахтай Ж****** руу явсан. Тэгээд машин дээр нь очоод модоо ачаад буцаад Ш****** ороод гэрт нь буулгачхаад Б***** ах намайг төв ороод манай гэрт наад модоо буулгачих гэж хэлсэн. Тэгээд төв орж ирээд гэрийнх нь үүдэн дээр айлын хашааны үүдэнд очоод зогссон чинь цагдаатай таарсан. Б*** ах намайг төв рүү явахад мод бэлтгэх эрхийн бичгээ аваад яв гээд өгсөн. Шивээт гэх газраас төв рүү явахдаа манай эхнэр Ж*, машины эзэн С**** нарын хамт ирсэн. Би 2024.09.03-ны өдөр Ж***** гэх газар луу Б****** ахын хамт модонд явсан тэгээд Б******** ахын машин нь эвдэрчихээр нь дүү Э****** машиныг гуйгаад модоо бэлтгэсэн. Тэгээд модоо ачаад Б***** 1 дүгээр багт байдаг Н****** өвөр гэх газар луу өвөлжөөн дээрээ модоо буулгах гээд авч яваад цагаан овоон дээр цагдаатай тааралдаад цагдаа дээр хүрээд ир гэхээр нь дагаад ирсэн. Тэгээд машинаа журамлуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131-р хуудас/,
9. Яллагдагч Ш.Б****** мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед ******* малын хөлийн татварыг төлөөгүй гээд мод бэлтгэх эрхийн бичгийг авч чадаагүй байсан. Ийм болохоор дүүтэйгээ хамт модонд яваад өгье гээд Э******* машиныг аваад бид 2 хамтдаа Ж****** руу Б****** түлээний модонд явсан. Б****** ямар нэг мод бэлтгэх тусгай зөвшөөрөл байхгүй талаар би мэдэж байсан. Би өөрийн нэр дээрээ **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр өөрийн мод бэлтгэх зөвшөөрөл авсан боловч тухайн зөвшөөрлөөр мод бэлтгээгүй учир нь миний машин эвдэрсэн байсан. Б****** машин бариад би хажууд нь суугаад явсан. Бид 2 ууланд очоод мод ээлжилж хөрөөдөж тайраад хамтдаа машинд ачсан. Энэ үед манай 2 айл Б***** сумын * дугаар баг Ш**** ар гэх газарт зусаж байсан. Ингээд бэлтгэсэн модоо ачаад Б****** гэрийнхээ гадаа очоод эхнэр нь суугаад би тэндээ үлдээд Б**** модоо өвөлжөөндөө буулгах гээд сумын төвөөр дайран өнгөрөх үед цагдаад баригдсан байсан. Би яг цагдаад баригдах үед хамт байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 184-185-р хуудас/,
10. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай Орхоны бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай” шинжээчийн дүгнэлтэд
- Иргэн С.Б***** нь С***** аймгийн Б**** сумын 2-баг "******" гэх газраас хэрэглээний зориулалттай *****" төрлийн хуурай мод бэлтгэсэн болно.
- С****** аймгийн Б***** сум Б****** дугаар багийн "********" гэх газраас С. Б****** нь зөвшөөрөлгүй хэрэглээний зориулалттай бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модонд хэмжилт хийхэд 3.8 м³ мод бэлтгэсэн байна.
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын 1-дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд 3 дугаар мужийн ойн сангийн 1м³ "Бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ" нь 80 312 төгрөг байна. Нэг шоо.метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий, гуалинд мод -1,8 итгэлцүүрээр бодно. Нийт бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модыг хэмжиж дүгнэхэд: 3.8м³ *80312*1,8= 549,334 төгрөг болж байна.
- Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн С.Б****** нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 549,334 төгрөгийн хохирол учруулсан байна..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-69-р хуудас/,
11. 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01-29-02/279/08 дугаартай С**** аймгийн Б****** орчин, аялал жуучлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай”:
- Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т / Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 549.334x3=1.648.002 төгрөг болов.
- Иргэн С.Б****** нь ойн санд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 1.648.002 төгрвгийн хохирол учруулсан байна...” гэх акт /хавтаст хэргийн 88-р хуудас/,
12. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “*******” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд: “...Хьюндай портер” маркийн **** СЭН улсын дугаартай бага оврын ачааны автомашины зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны байдлаар 1200000-00 (Нэг сая хоёр зуун мянган) төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95-96-р хуудас/,
13. 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “*******” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд: “...Хятад улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн модны цахилгаан хөрөө (хуучин) 1ш эд зүйлийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны байдлаар 120, 000 төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-106-р хуудас/,
14. 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/,
15. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Тээврийн хэрэгсэл модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-15-р хуудас/,
16. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-р хуудас/,
17. 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...Ш.Б**** нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "Ж******" гэх газраас зохих зөвшөөрөлгүй 3,8 м/куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж *** СЭН улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэх гомдол мэдээлэлд оролцогч С.***** гаргаж өгсөн модны 1 ширхэг цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй...” гэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 113-р хуудас/,
18. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000840011 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 120-123-р хуудас/,
19. 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000******* дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 177-181-р хуудас/,
20. 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2433000840011 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 186-187-р хуудас/,
21. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 152, 192-193-р хуудас/
22. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 229-р хуудас/
23. Яллагдагч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 133-140, 164-171-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:
Яллагдагч Ш.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С.Б бүлэглэж******* сум *** дугаар багийн нутаг “****” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.8 метр куб шинэс төрлийн хуурай модыг бэлтгэж, **** улсын дугаартай Хюндай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээгээр 1,648,002 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт,
Яллагдагч С.Б***** нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ш.Б****** бүлэглэж С*** аймгийн Б***** сумын 2 дугаар багийн “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.8 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж **** СЭН улсын дугаартай Хюндай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээгээр 1,648,002 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг,
2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01-29-02/279/08 дугаартай **** аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай” акт, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “********” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “********” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “********” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Тээврийн хэрэгсэл модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол болон бусад бичгийн нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч С.Б****, Ш.Б****** нарыг “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хуулийн зүйлчлэл, зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон байна. Шүүгдэгч С.Бүрэнсайхан, Ш.Бүрэнжаргал нарын үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байна.
Түлшний мод нь өөрийн хэмжээ ба шинж чанараараа хэрэгцээний модны шаардлагад тохирохгүй зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг ойлгохоор Монгол Улсын Стандарт МNS-54132011 Түлшний мод бэлтгэх, техникийн шаардлагад тодорхой тусгасан байна.
Ш.Б******* нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1 хоногийн хугацаатай галын түлээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг авсан байгаа боловч хэрэглээний мод бэлтгэснийг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь төрийн эрх бүхий байгууллагаас хэрэглээний мод бэлтгэх, тээвэрлэх зохих зөвшөөрөл аваагүй нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*****, шинжээч Э.С***** нарын мэдүүлгээр нотлогдоно. /хавтаст хэргийн 24, 72-73-р хуудас/
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч Д.Б*****: Шүүгдэгч С.Б, Ш.Б**** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ш.Б: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж,
Шүүгдэгч С.Б: “...Хэлэх зүйл байхгүй. Уучлаарай...” гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу
Шүүгдэгч С.Б, Ш.Б нар нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүлэглэж С аймгийн Б сум 2 дугаар багийн нутаг********” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.8 метр куб шинэс төрлийн хуурай модыг бэлтгэж ******СЭН улсын дугаартай Хюндай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээгээр 1,648,002 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно… гэж хуульчилжээ.
Орхоны бүсийн сум дундын Ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай” шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйл заалтыг үндэслэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 1,648,002 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх экологи эдийн засгийн үнэлгээ гаргажээ. /хх-ийн 68-69-р хуудас/
2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01-29-02/279/08 дугаартай Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай актаар Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 494.1-т / Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 549,334х3=1,648,002 төгрөг гэж тогтоосон байна. Шүүгдэгч нар нь энэ актыг үгүйсгээгүй, маргаагүй тул энэ актын дагуу хохирлыг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б*** нь байгаль экологид учруулсан хохирол 1,648,002 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 123 ширхэг хэрэглээний модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулж,
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** СЭН улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Э***** эзэмшилд байдаг болох нь тогтоогдож байх тул ***** СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 1,200,000 төгрөгийг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж,
Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ… гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нар нь хуульд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.Б***** нь 2024 оны есдүгээр сарын 03-ны өдөр С.Б бүлэглэж С аймгийн Б сум *** дугаар багийн нутаг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.8 метр куб шинэс төрлийн хуурай модыг бэлтгэж ****СЭН улсын дугаартай Хюндай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэн байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээгээр 1,648,002 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн. Шүүгдэгч С.Б**** нь 2024 оны есдүгээр сарын 03-ны өдөр Ш.Б**** бүлэглэж С******** аймгийн Б****** сумын ** дугаар багийн “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.8 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж ***** СЭН улсын дугаартай Хюндай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэн байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээгээр 1.648.002 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 09 сарын 04-ний өдөр С*** аймгийн Б******** сумын хэсгийн цагдаагийн хэсгийн хашаанд байрлах *****СЭН улсын дугаартай мод ачсан цэнхэр өнгийн Портер загварын тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Отгонцэцэгийн мэдүүлэг, гэрч Ж******, нарын мэдүүлэг, О****** бүсийн сум дундын ойн ангийн 2024 оны 09 сарын 15-ны өдрийн 15 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, Байгаль орчны аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 08 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт, “Капитал зууч” компанийн хөрөнгө үнэлгээ буюу Портер загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, “К*****” компанийн цахилгаан хөрөөний үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч С.С**** мэдүүлэг, яллагдагч С.Б Ш.Б мэдүүлгүүдээр дээрх гэмт хэргийг хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Б Ш.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зорчих эрхийг эрхийг хязгаарлах ялыг хоёр жилийн хугацаагаар хасаж, С.Б*** цагдан хоригдсон арав хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 10 хоногийг хасах саналыг гаргаж байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө болон цэнхэр өнгийн Портер загварын 1,200,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч нараас гаргуулах, хөрөөг хурааж улсын орлого болгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч С.Б нь арав хоног хоригдсон. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар зорчихыг хязгаарлах ялд оруулах, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хөрөө хураагдан ирсэн. Шүүгдэгч нараас гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болно. 123 ширхэг модыг улсын орлого болгох саналыг гаргаж байна.....” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох санал дүгнэлтийг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нар гэм буруугаа ойлгон гэмшиж өөрсдийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгож байна. Өмгөөлөгчийн зүгээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар хохирлыг нөхөн төлсөн, сайн дураараа гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хамгийн гол нь энд аливаа зүйлийн ар гэрийн асуудал бол байдаг бас нийгмийн одоо аюулын шинж чанар байдаг. Өмгөөлөгчийн зүгээс болбол өнөөдрийн байдлаар энэ 3.8 метр куб мод бэлтгэсэн гэм буруутай боловч шүүгдэгч нар малчин хүмүүс. Ш.Б хувьд 1979 онд төрсөн, нэг охинтой, 3-4 настай хоёр хүүхэд дүүгээсээ үрчилж авсан. С.Б хувьд гурван хүүхэдтэй, 16-20 насны, эдгээр хүүхдүүд нь У*** хотод ажиллаж, амьдардаг. Хөдөөгийн малчдын хувьд дөрвөн улиралд ээлжгүй, сүлжээгүй сүлжээтэй газар ч явдаг энэ зорчих эрхийг хязгаарлах ял практик дээр гэсэн ийм байдал ажиглагддаг. Сүлжээгүй газар малаа маллаж явж байгаад буцаж орж ирж хорих ял авсан ийм тохиолдол ч харагдаж байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т нэгээс таван жил зорчих эрхийг хязгаарлах, нэгээс таван жил хорих ялтай. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлага урьд өмнө нь хүлээж байгаагүй хувийн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн байдлыг зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэсэн энэ заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтийг бол гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Ш.Б***** шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч С.Б******* шүүх хуралдаанд: “...Хэлэх зүйл байхгүй. Уучлаарай гэв....” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т хэсэгт зааснаар “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 152, 192-193-р хуудас/
Шүүгдэгч Ш.Б*****, С.Б**** нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхдээ оролцсон байдал, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Б*******г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 8 сарын хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б**** нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч С.Б**** ял оногдуулахгүйгээр тэссэн тул түүнийг суллах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь мал аж ахуй эрхэлдэг, нүүдлэн амьдардаг онцлогтой тул тэдэнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь хувийн байдалд нь тохирохгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч нарт тэнсэнгийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх албадлагын арга хэмжээг шүүгдэгч нар зөрчсөн мөн тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш***** овгийн Ш.Б******, Ш овгийн С.Б**** нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Б****** хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Б****** 1 жил, 8 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх албадлагын арга хэмжээг шүүгдэгч нар зөрчсөн мөн тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 3.8 м3 буюу 123 ширхэг модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Шинэс төрлийн 3.8 м3 буюу 123 ширхэг мод, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 дансанд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,200,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 дансанд оруулсугай.
7.Шүүгдэгч С.Б****** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА