Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 2525000000174 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******, оюутан,*******, Ч овгийн Г-ийн Т /РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Г.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ, 0,58 хувийн согтолттойгоор 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн орчимд **-** ОРА улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг Орхон аймгийн Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт байх тамхины цэг хүртэл жолоодсон гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -шүүгдэгч Г.Т-ийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

      - эрүүгийн 2525000000174 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

- Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл “...драгер Алкотест маркийн 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 0,58% ...” гэх баримт /хх-ийн 9-р тал/,

-Тоёота Приус-20 загварын **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 10-р тал/

            -гэрч Л.А-ын мэдүүлсэн:.. Би 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагчаар 24 цагаар хоногийн үүрэг гүйцэтгэж байсан. 20 цагийн орчимд ёс журмын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан Б.З дарга цагдаагийн газрын станцаар ...********* багийн тамхины цэгийн урд талын авто зам дээр л хүрээд ир энд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй жолооч явж байна гэхээр нь би Найрамдал багийн тамхины бөөний төвийн урд талын засмал зам дээр очтол **-** ОРА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч илтэд архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн байдалтай, жолооч нь 3 эрэгтэй, 1 эмэгтэйтэй нийт тавуулаа явж байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаагийн газар авч ирэн согтолтын зэрэг хэмжих багаж үлээлгэхэд 0,58 хувийн согтолттой байсан. Замын цагдаагийн хэсгийн дарга хошууч Б.З дарга тухайн тээврийн хэрэгслийн жолооч арын улсын дугааргүй байсан учраас жолооч дээр очиход архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учраас станцаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй жолооч явж байна гэж мэдэгдсэн юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

            -гэрч Б.З-ийн мэдүүлсэн:... 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн газрын ёс журмын эргүүлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. 20 цагийн орчимд гэр хорооллын цагдаагийн хэсгийн аюулгүй байдал болон алба хаагч нарын үүрэг гүйцэтгэлийг шалгахаар Их хаадын цуваа байрнаас гэр хорооллын чиглэлд явж байхад миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд ар талдаа улсын дугааргүй Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл явж байгаад тамхины бөөний цэгийн автобусны буудал дээр зогсож жолооч нь буухаар нь араас очиж зогсоод жолоочийг шалгахад илт архи согтууруулах ундаа хэрэглэсэн, зорчигчийн тоо хэтрүүлсэн, 6-7 орчим хүн суусан байхаар нь би станцаар замын цагдаагийн тасгийн хоногийн эргүүл дуудаж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

            -гэрч О.Ө-ийн ...2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр найз Г.Т залгаад гараад ир, гэрийн чинь гадаа байна гэхээр нь гарсан. Г.Т 4 найзтайгаа тавуулаа явж байсан. Бид зургаа дэлгүүрээс 2,5 литрийн пиво 4 ширхгийг аваад наадмын талбайн урд уул руу очоод машиндаа пиво ууж суусан. Г.Т машинаа жолоодоод Их хаадын цуваа байрны хажуу талын тамхины цэг рүү очиж тамхи авахаар буухдаа автобусны буудал дээр цагдаатай таарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22—23-р тал/,

-шүүгдэгч Г.Т-ийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Би прокурорын тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрч байна. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч харамсаж байна. Би тухайн өдөр өөрийн найзуудтай уулзаад зургуулаа **** багт байрлах наадмын талбайн уулан дээр миний машинтай очоод машин дотор 2,5 литрийн хэмжээтэй 4 ширхэг пиво хувааж ууж дуусаад би **-** ОРА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Найрамдал багийн Их хаадын цуваа байрны хажуу талын тамхины цэгээс тамхи авах гэж яваад цагдаатай тааралдаж цагдаагийн газар ирсэн юм..гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №2058 дугаартай шийтгэврийн хуулбар  /хх-ийн 37-39-р тал/,

-Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03-р сарын 24-ний өдрийн Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 42-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Т нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №2058 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн орчимд **-** ОРА улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /0,58%/ Орхон аймгийн Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт  жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, бусад бичмэл баримтууд зэрэг хамаарал бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай,хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Г.Т нь нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу эрх хассан хугацааны дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуурал шалгасан багажны заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлон тогтоосон ба 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж хуульчлан эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.

 Энэ гэмт хэрэг нь үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруугийн хэлбэр нь, болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийн талаар тодорхойлсон ба 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг нотолж байна.

 

Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, шүүхийн шийдвэрээр эрхээ хасуулсан атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Т нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байна.           

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял санал болгоход зөвшөөрсөн, төлөх төлбөргүй гэж,

  -шүүгдэгч өмгөөлөгч Р.Ц: Гэм буруу, зүйлчлэлд маргахгүй. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж

-шүүгдэгч Г.Т: Гэм буруугаа хүлээж сайн дураараа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурорын санал болгосон ялыг ойлгосон гэж тус тус дүгнэлт санал гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

   5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ,

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2,700,000 төгрөгөөр торгох ял, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч ургийн овогт Г-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Г-д шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.А