| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0191/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/214 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У-д холбогдох эрүүгийн 2525000000158 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,*******,*******,,,, Б овогтой Д-гийн У /РД:********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.У нь Орхон аймгийн Баян-Өндөр сум ******** багийн нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны гадаа 2025 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн орчим******* Н.Н-тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.У-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна, тухайн үед хоёулаа согтуу байсан гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2525000000158 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Н.Н-ийн мэдүүлсэн...Би нөхөр Д.У-ын ах дүү нараар шинэлэхээр 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим нөхөр 2 хүүхдийн хамт Эрдэнэт хотод ирсэн. Улмаар айл хэсэж цагаан сар тэмдэглэж 2025 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө өөрийн нөхөр болох Д.У-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж машин дотроо зодуулж биедээ бэртэл авсан... Тухайн үед би нөхөр хүүхдийн хамт их олон айл хэссэн байсан тул нэлээн согтолттой байсан бөгөөд яг ямар шалтгааны улмаас нөхөр Д.У-д зодуулсан талаар санахгүй байна...Надад гомол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санаа зүгээр хохирол учраагүй” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8, 83-р тал/
-гэрч Н.Ш-ийн мэдүүлсэн:...Манай багийн найз болох Д.У Орхон аймагт ирсэн гэж хэлээд манай найз бид хоёрыг Орхон аймгийн Баян-Өндөр сум ********* хотхонд байх Д-гийн гэрт дуудсан. Тэгээд бид хоёрыг очих үед Д түүний******* Б болон У түүний******* Н нар архи уугаад сууж байсан. Тэгээд тэд нар дээр би найзтайгаа нэмэгдээд бид 6 юм ярьж суусан бөгөөд би архи уугаагүй. Тэр хэд 3 шил 0.75 литрийн архи болон жижиг лаазтай пиво их олныг уусан. Тухайн үед Д.У хэсэг сууж байгаад суудал дээрээ унтаад өгсөн. Тэгтэл Д.У-ын******* Н согтонгуутаа Д-г хамт гадаа гарч тамхи татъя гээд татаж чангаагаад байсан. Тэгтэл Д гийн******* Б уурлаад Н-д хандан чи битгий хүний нөхөр татаж чангаагаад бай гэж хэлээд тэр хоёр маргалдах болсон. Яг тэр үед Д.У сэрээд******* Н-д хандан чи чимээгүй бай давраад байгаарай гэж хэлтэл Н хэрүүл хийхээ болихгүй болохоор нь Д.У заза энд хонож болохгүй юм байна явцгаая гээд Д-гийн гэрээс Д.У түүний******* Н манай найз Гантулга бид нар тэдний хоёр хүүхдийг авч гараад машинд суусан. Тэр үед би архи уугаагүй байсан тул жолооны ард сууж Г-г жолоочийн хажууд урд суулгаад Н хоёр хүүхдийн хамт хойно суусан.Тэгээд Д.У хамт суух гэтэл Н, У-г суулгахгүй хөлөөрөө жийгээд байсан. Тэгтэл Д.У хүчээр арай гэж суугаад би машинаа асаагаад дөнгөж хөдөлтөл Д.У Н-ийг алгадаад цохиж, зодож эхэлсэн. Тэгээд би шууд машинаа зогсоогоод арын хаалга нээтэл Н-ийн хамар, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Д.У-г буулгаж урд талын суудалд суулгаад Г-г ард суулгаж цааш хөдөлж ***** багт нэг үл таних айлын гэрийн гадаа ирж зогсоод Д.У, Н болон тэдний хоёр хүүхдийг буулгаж үлдээгээд Г-г гэрт нь хүргэж өгөөд өөрөө гэртээ харьж амарсан. Тэгтэл өглөө 11 цагийн үед Д.У над руу залгаад найз нь цагдаа дээр байна өчигдөр цагдаад баригдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р тал/
-гэрч Р.Б-гийн мэдүүлсэн:.. Тэгээд бид нар бөөндөө архи уугаад сууж байтал 00 цагийн үед Д.У унтаад өгсөн.Тэр үед Д.У-ын******* Н манай нөхөр Д-тэй айлгүйтээд байхаар нь би Н-д хандан боль гэж хэлтэл Н намайг элдэв янзаар хэлж бид хоёр маргалдсан. Тэр үед Д.У унтаж байгаад босож ирээд*******тэйгээ маргалдаад байхаар нь би тэр хоёрыг гэрээс гарч учраа ол гэж хэлээд тэр хүмүүсийг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/
- гэрч Б.Д-ын мэдүүлсэн:...00 цагийн үед Д.У унтаад өгсөн. Тэр үед Д.У-ын******* Н над руу айлгүйтэйд гар хөл бариад мөн Ганаагийн хөл гарыг бариад байсан. Тэгтэл манай******* Б, Н-д хандан чи боль гэж хэлтэл Н манай*******ийг элдэв янзаар хэлж тэр хоёр маргалдсан. Тэр үед Д.У унтаж байгаад босож ирээд*******тэйгээ маргалдаад байхаар нь манай******* Б тэр хоёрыг гэрээс гарч учраа ол гэж хэлээд тэр хүмүүсийг явуулсан. Цааш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-гийн гаргасан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №443 дугаартай “... Н.Н-ийн биед баруун, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 1 шүдний сулрал гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-н 32-34-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12-р сарын 14-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-56-р тал/
-шүүгдэгч Д.У-ын яллагдагчаар мэдүүлсэн:...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын ********* баг ********* хотхоны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* Н.Н-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж зодсон минь үнэн...гэх мэдүүлэг /хх-н 77-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.У нь Орхон аймгийн Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны гадаа 2025 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ******* Н.Н-тэй маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа цохиж баруун, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Д.У-ын үйлдлийн улмаас Н.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд, тэдгээрийн хамаарал бүхий байдлаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Д.У нь хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж үзсэн гэж,
-шүүгдэгч Д.У өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.Эхнэрээ эмчлүүлсэн гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хэрэг гарахад хохирогчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зүй бус үйлдэл гаргасан нь нөлөөлсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Д.У-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслдэлтэй гэж дүгнэсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, ял хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ.
Шүүгдэгч өөр санал гаргаагүй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Н.Н нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Д-гийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А