| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2003000000311 |
| Дугаар | 2021/ДШМ/01 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ДШМ/01
Л.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Б.Эрдэнэхишиг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид
Прокурор Г.Энхмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2020/0174/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** оны **** дүгээр сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, ********* ажилтай, ам бүл ****, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ****** амьдрах, урьд ял шийтгэлтэй, ******* овогт *******ийн ******* /РД:********/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 07 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, Сүхбаатар-Өртөөнөөс Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлд явах гэж байсан суудлын 272 дугаар галт тэрэгний 7 дугаар вагоны 13 дугаар суудалд сууж байсан А.*******ийн “Samsung-A30s” загварын гар утсыг хулгайлан авч, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Л.*******т холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 192 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/-н сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******ийн *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Л.*******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай...” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Мөн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус засныг үл хүлээн зөвшөөрч байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... анхан шатны шүүх тэнссэн байдлыг ял гэж хүлээн авч нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, дээрх хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасанчлан ял оногдуулах байсан гэж үзэж байна. Мөн тэнссэн хугацаагаар ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргаж байх тул өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн бага буюу 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хувьд шийтгэх тогтоол оногдуулахдаа тухайн шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу хэрэглэсэн зүйлгүй юм. Харин ялын хүнд, хөнгөний хувьд шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн Прокурорын газраас Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 06 сарын хорих ял оногдуулж, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил, 06 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн давж заалдсан гомдлын дагуу түүнд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:
Л.******* нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.*******ь /хх-ийн 08-09-р ху/, Г.******* /хх-ийн 15-16-р ху/, Н.******* /хх-ийн 18-19-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №ТХҮ/518-122 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р ху/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-28-р ху/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 32-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Л.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлж байжээ. /хх-ийн 45-48-р ху/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33-д “шүүхийн шийдвэр” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг... гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж заасан байдаг.
Анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай Шийтгэх тогтоолын шүүгдэгч Л.*******т хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож тухайн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д зааснаар Л.*******т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/-н сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ