Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 37

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Гончигбал, Д.Батгэрэл нарт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201701070061 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                                З.Ганцоож

 Улсын яллагч                                                                Д.Дашцэрмаа

 Шүүгдэгч                                                                  Д.Гончигбал

 Шүүгдэгч                                                                  Д.Батгэрэл нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1977 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 18 дугаар гудамжны 2 тоот хашаанд оршин суух, /Иргэний үнэмлэхний хаяг: Төв аймгийн Баяндэлгэр сум, 1 дүгээр баг Байдлаг/ ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Шарнууд овгийн Дуламсүрэнгийн Гончигбал/НЧ77011215/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1978 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газарзүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 15 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух,

2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэгдэж нэг жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Догсронжавын Батгэрэл /УГ78072016/

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Яллагдагч Д.Гончигбал нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 04 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 18 дугаар гудамжны 2 тоот хашаанд байх гэртээ согтуурсан үедээ иргэн Д.Батгэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Яллагдагч Д.Батгэрэл нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 04 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 18 дугаар гудамжны 2 тоот хашаанд байх гэрт согтуурсан үедээ иргэн Д.Гончигбалын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Гончигбалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 29-ний орой гэртээ унтаж амарч байтал 23 цагийн үед манай найзууд болох Батгэрэл, Батболд, Батдэлгэрсайхан нар 2 шил архи барьж манай гэрт ирсэн. Ингээд бид дөрөв авч ирсэн 2 шил архийг хувааж ууцгаасан. Шөнө Батболд, Батдэлгэрсайхан нар гэр рүүгээ харихаар манайхаас гарсан. Би тэр хоёрыг яг хэдэн цагт явсаныг мэдэхгүй байна. Тэр хоёрыг явсаны дараа Батгэрэл бид хоёр адууны талаар ярьж байгаад нэг нэгнээ адуу муу тэжээдэг гэх шалтгаанаас болж маргалдаж эхэлсэн. Улмаар Батгэрэл миний хацар луу алгадсан. Тэгэхээр нь зөрүүлээд сандал аваад Батгэрэлийн дух руу цохитол Батгэрэл босч ирээд зуухны тагыг аваад миний нуруу руу цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32, 36 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Гончигбалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 30-ны орой манай найзууд болох Батгэрэл, Батдэлгэрсайхан, Батболд нар манай гэрт ирээд юм ярьж тоглож наргиж байгаад 2 шил архи хувааж ууцгаасан. Удалгүй Батдэлгэрсайхан, Батболд нар гэртээ харьлаа гээд явсан. Батгэрэл манайд үлдээд бид хоёр морь мал тэжээх, тэжээхгүй гэж ярьж байгаад маргалдсан. Эхлээд Батгэрэл намайг алгадсан, тэгэхээр нь би сууж байсан сандлаараа Батгэрэлийг цохьсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Д.Батгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Яг хэдэн цагт явсаныг мэдэхгүй байна. Гончигбал бид хоёр адуу ярьж байгаад маргаад байсан. Ингээд нэг мэдэхэд миний духнаас цус гарч байсан. Гончигбал миний толгойг юумаар цохиод хагалчих шиг болсон. Тэгэхээр нь би зуухны тагыг аваад Гончигбалын нуруун тус газарт нь зуухны тагаар 1 удаа цохьсон. Тэр үед Гончигбалын эхнэр нь Батболдыг утсаар дуудсан байсан бөгөөд Батболд Гончигбалын гэрт ирээд Гончигбал бид хоёрыг салгасан. Гончигбал сандлаар миний толгой руу цохиж хариуд нь би зуухны тагаар Гончигбалын нуруу руу цохьсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34, 38 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Батгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хоёр найз Батдэлгэрсайхан, Батболд нарын хамт Гончигбалын гэрт очсон. Тэгээд юм ярьж суун шагай тоглож байгаад бид нар 2 шил архи хувааж ууцгаасан. Манай хоёр найз удалгүй яваад өгсөн би Гончигбалын гэрт үлдсэн бөгөөд Гончигбалтай маргалдаад бид хоёр зодолдсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Дэлгэрсайхан бид хоёр гэр рүүгээ харихаар явсан. Ингээд би гэртээ хариад орондоо ороод хэвтэх гэж байтал Гончигбалын эхнэр миний утас руу залгаад “Гончигбал, Батдэлгэр хоёр хоорондоо зодолдоод байна” гэхээр нь би хувцасаа өмсөөд Гончигбалын гэрт яваад ороход Батгэрэл, Гончигбал хоёр заамдалцаад шалан дээр хэвтэж байсан. Тэр хоёрын нүүр амнаас нь цус гарсан байсан. Зуухны хажууд нь зуухны таг байхаар нь би тагыг аваад зуухыг нь таглаж тавьсан бөгөөд Гончигбал нуруу нуруу гээд байсан. Ингээд Гончигбалын эхнэр нь эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Я.Ганьдмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Манай нөхөр Гончигбал Батгэрэлийг намайг цохьчихлоо гэж байснаа сандал аваад Батгэрэлийн толгой руу цохьсон. Би сандараад Гончигбалын найз Батболдыг утсаар нь дуудаад тэр хоёрыг хоорондоо зодолдоод байгаа талаар нь хэлэхэд Батболд удалгүй манай гэрт ирсэн. Би босоод Батгэрэл, Гончигбал хоёрыг салгах гээд байж байтал манай охин айгаад уйлсан. Би охиноо авах гээд эргэж хараад байж байхад Гончигбал нүүрээ угаах гээд угаалтуур руу очиход Батгэрэл зуухны тагыг аваад Гончигбалын нуруу руу нэг удаа цохьсон. Тэгтэл Гончигбал нуруу нуруу гээд босч чадахаа больсон бөгөөд эмнэлэг дуудсан. Манай нөхөр Гончигбал осолд ороод нурууны хуучин гэмтэлтэй байсан юм. Батгэрэл яг тэр хэсэг рүү нь зуухны тагаар цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 шэ/110 тоот Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн:

  1. Д.Гончигбалын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл.
  3. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  5. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь биед аюулгүй.
  6. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 ттот журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-н 20 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 шэ/109 тоот Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн:

  1. Д.Батгэрэлийн биед духанд оёдолтой шарх, хамрын үзүүр, баруун талын мөр, баруун гарын бугалга, цээжний баруун өмнөд хэсэг, зүүн гарын бугалга, баруун гарын шуу, баруун гуя олон тооны шарх ойролцоох эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл.
  3. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  5. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь биед аюулгүй.
  6. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 ттот журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-н 24 дүгээр хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Д.Гончигбалын ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон...” хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Д.Гончигбал нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 04 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 18 дугаар гудамжны 2 тоот хашаанд байх гэртээ согтуурсан үедээ иргэн Д.Батгэрэлийн духанд нь сандлаар цохиж бие махбодид духны шарх, хамрын үзүүр, баруун талын мөр, баруун гарын бугалга, цээжний баруун өмнөд хэсэг, зүүн гарын бугалга, баруун гарын шуу, баруун гуя олон тооны шарх гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Д.Батгэрэл нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 04 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 18 дугаар гудамжны 2 тоот хашаанд байх гэрт согтуурсан үедээ иргэн Д.Гончигбалын араас нь зуухны тагаар цохиж бие махбодид нурууны гэмтэл учруулсан нь тус тус дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Дээрх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 09шэ/109, 09шэ/110 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Гончигбал нь үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь түүний “...Батгэрэл бид хоёр адууны талаар ярьж байгаад нэг нэгнээ адуу муу тэжээдэг гэх шалтгаанаас болж маргалдаж эхэлсэн. Тэгээд сандал аваад Батгэрэлийн дух руу цохьсон...” гэсэн мэдүүлэг болон хохирогч Д.Батгэрэлийн духыг нь хагалж гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Батгэрэл нь үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь түүний “...Гончигбал миний толгойг юмаар цохиод хагалчих шиг болсон. Тэгэхээр нь би зуухны тагыг аваад Гончигбалын нуруун тус газарт нь зуухны тагаар 1 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг болон хохирогч Д.Гончигбалын нуруунд нь гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Иймд Д.Гончигбал, Д.Батгэрэл нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Д.Гончигбал, Д.Батгэрэл нар нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хохирол төлбөр нэхэмжлээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Батгэрэл, Д.Гончигбал нарын хооронд байгуулсан “...Д.Батгэрэл, Д.Гончигбал нар харилцан зодолдож хэн хэндээ хөнгөн гэмтэл учруулсан тул хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж тохиролцсон. Иймд Д.Батгэрэл, Д.Гончигбал нар бие биенээсээ цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй болно. Д.Батгэрэл, Д.Гончигбал нар нь сайн дураараа эвлэрсэн...” гэсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 67 дугаар хуудас/, мөн шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч нар болон шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Батгэрэл, Д.Гончигбал нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлбөл зохино.  

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус  удирдлага болгон

  ТОГТООХ нь:

  1. Шарнууд овгийн Дуламсүрэнгийн Гончигбал, Боржигон овгийн Догсронжавын Батгэрэл нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шарнууд овгийн Дуламсүрэнгийн Гончигбал, Боржигон овгийн Догсронжавын Батгэрэл нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Шарнууд овгийн Дуламсүрэнгийн Гончигбал, Боржигон овгийн Догсронжавын Батгэрэл нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Д.Гончигбал, Д.Батгэрэл нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Д.Гончигбал, Д.Батгэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч Д.Гончигбал, Д.Батгэрэл нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шүүгдэгч Д.Гончигбал, Д.Батгэрэл нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.БЯМБАЖАВ