Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0049

 

 

  2023          01           16                                     128/ШШ2023/0049                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Г*********

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: ******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Маргааны төрөл: нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан зөвшөөрөлгүй гэх гараашийн газар чөлөөлөх захирамж, мэдэгдэлтэй гарааш эзэмшигч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*****, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н********, хариуцагч ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн хавсралтын 93 дахь ******* дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар сургуулийн зүүн хойно байрлах ******* тоот гараашид холбогдох хэсгийг, ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах.

Хоёр. Талуудын маргаж буй үндэслэл.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Иргэн Т.Г********* миний бие ******* дүүргийн *** дугаар хороо *** дүгээр хорооллын нутаг дэвсгэрт ***дугаар бүрэн дунд сургуулийн чанх ар талд байрлах 35 тоот гараашийг эзэмшиж, өмчилдөг билээ. Уг гараж нь Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1994 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6в/892 тоот ерөнхий архитектор Т.Ж*******гийн газрын зөвшөөрлийн дагуу "АЯА" ХЭАА нь 2 дугаар сургуулийн хашааны зүүн талд 23 гарааш, мөн ард талд 24 гарааш гэх мэтээр нийт 105 гараашууд барьсан билээ.

Тодруулбал АЯА ХЭАА нь бидний өмчилж байгаа гараашийн барилгыг дээрх эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрөлтэйгөөр барьсан, уг компаниас барьсан гараашийн барилгыг иргэдэд худалдан борлуулж, иргэний арилжаа гүйлгээнд оруулсан, иргэд бид зах зээлийн зарчмын дагуу худалдан авч, эзэмшиж, өмчилж байна.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжид болон ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдэлд зөвшөөрөлгүй баригдсан гараашуудын тоонд оруулан албадан буулгахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон бидний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхэнд ноцтой халдсан гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 57.3-т "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга нь дараах үндэслэлээр газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэж ойлгож байна. Үүнд: 1/ Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, 2/ Бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн, 3/ Нэг л удаа олгосон хуулийн хугацаа нь дууссан.

Гэтэл бидний эзэмшиж, өмчилж байгаа гарааш нь зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан байдаг. Түүнчлэн иргэд бид газрыг болон уг гараашийг дур мэдэн эзэмшсэн зүйл байхгүй болно. Зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гараашийг худалдан авч, эзэмшиж байгаа болно. Уг гараашийг худалдан авахаасаа өмнө газрын албан дээр очиж тодруулахад газрын төлбөрөө төлөөд, нэр дээрээ шилжүүлэн авна гэсэн захиргаа \газрын алба\-ны үйл ажиллагааны дагуу гараашийг худалдан авч, хувийн хэрэгцээндээ эзэмшиж, өмчилж байгаа билээ.

Газрын тухай хуулийн 27.1 "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 36.4-т Эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно. Мөн тус хуулийн 30.1-т заасан газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна. Гэтэл миний бие гараашны газрын төлбөрийг тогтмол тасалдалгүй 2019 он хүртэл төлж явсан нь баримтаар нотлогдох ба мөн кадастрын зургийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин шинэчлэн өгсөн нь 1994 онд баригдсан гараашид 15 жилийн хугацаа нь 2009 онд дуусгавар болох ёстой хэдий ч аль аль талаас ямар нэгэн гэрээг цуцлах талаар мэдэгдэл гаргаагүй тул уг хуулийн заалтаар нэг удаадаа 40 жилээс илүүгүйгээр сунгагдсан гэж үзэх олон улсын жишиг болон хуулийн дагуу болсон билээ.

Газрын тухай хуулийн 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно." гэж заасан ба мөн хуулийн 34.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, хорооны газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэсэн. Үүнээс үзэхэд газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын алба “эзэмших гэрчилгээ” олгох ёстой байдаг билээ.

1993 оны А/36 дугаар захирамж нь Газрын тухай хууль батлагдахаас өмнө гарсан. Харин Газрын тухай хууль батлагдан гарахад ямар нэгэн дагаж мөрдөх журмын хуулиар урьд барилга, байгууламж барих зориулалтаар олгосон зөвшөөрөл, шийдвэр нь хүчингүй болох талаар заагаагүй болно. Тиймээс уг захирамжийг Газрын тухай хуулийн 33.1-д заасантай дүйцнэ гэж бид үзэж байна.

Иймд иргэд бид шударгаар олж авсан хөрөнгө болох ******* дүүргийн ** дүгээр хороолол, ***дугаар хороо, Д.*******ын нэрэмжит*** дугаар бүрэн дунд сургуулийн ард байрлалтай гараашийг зөвшөөрөлгүй баригдсан барилгад оруулан буулгахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т нийцэхгүй, иргэний шударгаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Бидний зүгээс нийслэл, дүүргийн захиргаанаас нийтийн эрх ашгийн төлөө явуулж байгаа үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа ба гагцхүү хууль дээдлэх зарчмын хүрээнд, иргэний эрхийг дордуулахгүйгээр, иргэдтэй зөвшилцөн, сонсох ажиллагаа явуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т хамаарч байгаа болно. Учир нь Нийслэлийн Засаг даргын ******* дугаар захирамжийн хавсралт нь ямар нэгэн кадастрын зураггүй гарсан ба 2 дугаар дунд сургуулийн хойд талын бүх гараашууд гэж албадан буулгах талаар заасан байна. Харин эдгээр гараашууд нь буюу манай 35 тоот гарааш нь зөвшөөрөлтэй баригдсан гарааш бөгөөд үүнийг захиргаанаас нарийвчлан судлахгүйгээр бүгдийг буулгахаар шийдвэрлэсэн нь зөвшөөрөлтэйгөөр баригдсан гарааш эзэмшигч, өмчлөгчдийн эрхэд халдсан ноцтой үйл явдал юм.” гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Т.Г********* нь манай аав. 1988 онд анх ******* дүүргийн 7 дугаар хороонд суурьшсан. 2000 онд автомашины гараашийг 1.000.000 төгрөгөөр А********** гэх хүнээс худалдаж авсан. Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А36 дугаар захирамж, Нийслэлийн ерөнхий архитектор Т.Ж*********н зөвшөөрлөөр барилгын компани гараашийг барьсан. Бид хууль бусаар бариагүй. Мөн сургуулийн газраас авч бариагүй, гарааш барихаар олгосон зөвшөөрлийн зориулалтын дагуу баригдсан газар. Миний ээж 11 дүгээр хороололд амьдардаг, хөл муутай учраас бид хамт амьдарч тухайн гараашид машинаа байрлуулдаг. Мэдэгдэх хуудсыг Газар зохион байгуулалтын албаны дарга н.М********* ирүүлсэн бөгөөд ажил үүргээ сайн мэдэхгүйгээс болж “эзэнгүй гарааш” гэж тодорхойлоод нураах шийдвэрийг гаргасан.  2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шаардлага, 3 дугаар сарын 03-нд мэдэгдэх хуудсыг наасан. Улмаар очиж уулзахад “зөв шийдвэр гаргасан” гэж хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан материалуудаас харвал эзэнгүй гарааш гэдэг тодорхойлолтыг гаргахдаа юуг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна.

1994 онд гарааш баригдаж  15 жил ашигласан учраас ашиглах хугацаа нь дууссан гэх тодорхойлолт гаргаж өгсөн.  Уг гараашийг 1994 оноос хойш 15 жил ашигласан гэж үзвэл 2009 онд хугацаа дууссан. Гэтэл 2009 онд хугацаа нь дууссан гараашны төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд яагаад авч байсан бэ? 2009 оноос хойш тухайн гараашийг дахин ашиглах эрхгүй гэж мэдэгдэл ирүүлсэн бол бид ойлгох байсан. Газрын тухай хуульд зааснаар 15 жил ашигласны дараа 2 талаас  цуцлах талаар санал гаргаагүй бол газар эзэмших эрхийг 60 хүртэлх жилээр сунгана гэж заасан. Иймд 2020 он хүртэл бид бүхнээс яагаад газрын төлбөр авч байсан бэ. Яагаад иргэдийн өмч рүү дайрч, нураах тухай шийдвэр гаргаж байна вэ. Ямар ч судалгаа, нотолгоогүй гэнэт мэдэгдэх хуудас ирүүлэхээр бид яах вэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрыг эргүүлэн авахаар бол нөхөн төлбөр олгохоор зохицуулсан, гэтэл утсаар энэ талаар лавлаж асуухад “мэдэхгүй” гэдэг хариулт өгсөн. Гараашийг нураалгаснаас үүдээд би машинаа тавих газаргүй болно. Гадаа машинаа тавихаар толио хулгайд алдчихдаг, алдсан толио олуулахаар цагдаад өргөдөл өгөхөөр ойр орчмын газарт камер байхгүй гэдэг. Ийм шалтгаантай байхад бид яагаад та нарын шийдвэрээс болж хохирох ёстой вэ?

Нийслэлийн Засаг даргын ******* дугаартай захирамжид “газрын зөвшөөрөлгүй гарааш” гэж дурдсан, гэтэл уг гарааш нь зөвшөөрөлтэй. Иймд ямар судалгаанд үндэслэж шийдвэр гаргаж байна вэ. Мөн жил бүр газрын төлбөрт 100.000 төгрөг, зарим жил 200.000 төгрөгийн төлбөрийг авч байсан, үүнийг яагаад авч байсан бэ? Бид хууль бус зүйл хийгээгүй, бүх зүйлийг хуулийн дагуу хийж байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй.

Хариуцагч талаас судалгаа авсан гэж байна. Үүний тухайд хаанаас, ямар судалгаа авсан болохыг тодруулмаар байна. Судалгаа авахдаа олон нийтийн саналыг авсан гэж байна тухайн үед ** дугаар хорооны Засаг дарга н.Б********** ирж уулзаад гараашнууд зөвшөөрөлтэй учраас нураахгүй гэж хэлсэн. Үүний дараа гараашийг нураах тухай хурал болсон бөгөөд гарааш эзэмшигчдийг хуралд оруулаагүй, харин гарааш эзэмшдэггүй оршин суугч нарыг оролцуулсан, гэтэл тухайн иргэд гараашнуудыг нураалгах санал өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага гаргахад ******* дүүргийн Засаг дарга болон ******* дүүргийн ** дугаар хорооны Засаг дарга н.Б************* нар гэнэт өөр санал асуулга явуулсан. Үүний талаар тодруулахад “танай гарааш нурсан” байна гэж тайлбарласан. Тэгэхээр нь “нураагүй, бид ашигладаг” гэтэл “би сайн мэдэхгүй байна тухайн газарт судалгаа хийж байгаа” гэж хэлсэн. Тэгээд санал, асуулгад ямар хүмүүс орох вэ гэж асуутал нурсан гарааш биш тул таныг оруулахгүй гэж тайлбарласан. Үүнийг шүүхэд бичгээр тайлбарлаж ирүүлсэн. Ийм судалгаа явуулчихаад үүнийгээ судалгаа хийсэн гэж тайлбарлаж байвал өрөөсгөл болно. 

Маргаан бүхий газарт очиж юу хийсэн нь тодорхойгүй, зүгээр сууж байгаад шийдвэрээ гаргачихсан харагдаж байна. Хариуцагч талаас ногоон байгууламж барина гэсэн. Үүнийг барьж болно, гэхдээ тухайн газар буй 91 машиныг хаана байрлуулах вэ. Хуучны байрнууд доороо ямар ч автомашины дулаан гараашгүй. Та бүхний хийсэн зүйлс ямар ч нотолгоо, судалгаагүй бөгөөд хэнээс ч санал аваагүй байдаг. Миний бие ойр орчимд амьдардаг хүмүүсээс асуутал санал асуулга, судалгаа өгсөн хүн нэг ч байгаагүй. 

Газар эзэмших хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Газар эзэмших, ашиглах эрх олгогдож байгаагүй. Кадастрын зураг олгох үедээ гэрчилгээ олгох талаар ярьж байсан. Гэрчилгээ олгох учраас газрын төлбөрийг төлөх үүрэгтэй гэж ойлгосон. Гараашийг худалдсан хүнд өмчлөх эрхийн гэрчилгээ байгаагүй.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй нь бид нараас шалтгаалсан зүйл биш. Бид нараас шалтгаалах байсан бол газрын гэрчилгээг гаргуулаад авчих байсан. Гэтэл Засаг даргаас гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн. Мөн олон нийтийн санаа бодлыг сонссон гэж байна. Олон нийт гэдэгт бид нар ордоггүй юм уу? Хэрвээ бичиг баримт дутуу гэж байвал энэ нь биднээс шалтгаалах зүйл биш. Засаг даргыг гаргаж өг гэх эрх надад байхгүй учраас би гэрчилгээг гаргаж өгөх хүртэл нь хүлээхээс өөр аргагүй. Хариуцагчаас Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд сурдаг хүүхдүүдийн орох, гарах эрхийг хязгаарлаж байна гэж хэллээ. Тэгвэл Засаг даргын өмнөх захирамжаа хүчингүй болгоод маргах хэрэгтэй. Өөрсдийн гаргасан шийдвэрт бид нарыг хохироох ямар  шаардлага байгаа вэ? Мөн тухайн гараашийг би худалдаж авсан тул миний  өмч болно. Гараашийг нураагаад нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа нь дээрэмдэх үйл ажиллагаа явуулж байгаагаас ялгаагүй. Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа дараа нь гарах үр дагавраа тооцож байж гаргах шаардлагатай гэж хэлмээр байна.” гэв.

2.1 Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай ******* дугаар захирамжийг гаргасан болно.

Төрийн өмчийн газрыг ашиглаж, ашигтай чанарыг гаргаж хэрэглэж байгаа бол хуульд заасны дагуу төлбөр төлөх нь тухайн этгээдийн үүрэг тул захиргааны байгууллагаас холбогдох хугацаанд төлбөр авч ашиглуулж байсан.

Одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашууд нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.3-т “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-т “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай ******* дугаар захирамжид тусгасан болно. Иймд нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн A/388 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нийслэлийн Засаг даргын А388 дугаартай захирамж нь зөрчил арилгах тухай бөгөөд зорилго нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан захирамж байгаа. Хувь хүний эрх ашгийг бодох уу эсхүл нийтийн ашиг сонирхлыг бодох уу гэдгийг шүүгч та тунгааж шийдвэрээ гаргана. ******* дүүргийн 2 дугаар сургуулийг тойрч олон орон сууцны байр бий, олон оршин суугчид амьдардаг бөгөөд гарааш буй газарт ногоон байгууламж барих нөхцөл байдал бүрдсэн байна гэж үзэж Засаг даргаас ******* дугаартай захирамжийг гаргасан. Мөн сургуулийн ойр орчимд иргэдийн орц, гарцыг хааж, хашаалж барьсан гараашнууд учраас зөрчил хэмээн үзсэн. Нэн чухал нь гэвэл тухайн ногоон байгууламж барих ажил нь нийтийн эрх, ашгийн төлөө гэдгийг хэлмээр байна.” гэв.

2.2 Хариуцагч ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 3/02 дугаар тогтоолоор дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Дээрх төлөвлөгөөний 13 дахь заалтаар дүүргийн 1-8, 10 дугаар хороодын нутаг дэвсгэр, орон сууцны хороолол дундах автомашины гараашуудыг буулган газрыг чөлөөлж, уг газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлэхээр тодорхойлон баталсан.

Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй баригдсан 1000 гаруй гараашаас тухайн хороодын болон оршин суугч, олон нийтээс ирүүлсэн хүсэлт, сургууль цэцэрлэгийн ойр орчим болон орон сууцны хороолол дундах автомашины хөдөлгөөн ихтэй газруудад иргэдийн аюулгүй байдлыг хангах, явган хүний зам тавих, ногоон байгууламж, тохижилт хийх, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст барьсан байршлуудыг харгалзан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нэг бүрчлэн хэлэлцүүлэн 2022 оны төсөв, санхүүгийн хүрэлцээ, хангамжаас шалтгаалан энэ онд 551 гараашийн газрыг чөлөөлөхөөр нийслэлийн Засаг даргын 2022 оны ******* дугаар захирамжаар шийдвэрлэсэн.

Тус албанаас энд онд болон ирэх онд буулгах гараашуудад Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалт болон Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсвэл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" гэж заасны дагуу тухайн гараашууд дээр хугацаатай мэдэгдэх хуудсыг хүргүүлэн, газрыг чөлөөлөөгүй тохиолдолд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэж заасны дагуу газар чөлөөлөх тухай иргэдэд мэдэгдсэн.

Тус дүүргийн ** дугаар хороо Д.*******ын нэрэмжит *** дугаар дунд сургуулийн ард талд байрлах гараашуудын газрыг чөлөөлсний дараах бүтээн байгуулалтын ажлын зураг төсөв батлагдаагүй байгаа тул иргэдийн саналыг үндэслэн 2023 онд тухайн гараашуудыг чөлөөлөхөөр төлөвлөн ажиллаж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахдаа тухайн газар чөлөөлөх байршлуудад хээрийн судалгаа хийж, түүнийхээ дагуу төлөвлөгөөндөө тусгадаг. Бид зөвхөн төслийг гаргаж, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Тиймээс Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, дэмжигдээд 2021 онд 3/02 дугаар тогтоол гаргасан. 

Нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр тухайн гараашийг эзэмшээгүй бөгөөд эрхийн гэрчилгээ болон гэрээ байхгүй тул газрын зохих зөвшөөрөлгүй, эрхийн гэрчилгээгүй ашиглаж буй газрын зөрчил гэж үзнэ. Нэхэмжлэгчийн тайлбарт тухайн газрын талаар анх 1994 оны Нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар ярьж буй боловч тухайн захирамж одоо хүчин төгөлдөр бус. Мөн гарааш нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй бөгөөд хэргийн материалд буй Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хэрхэн олгодог вэ гэвэл эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэдэг. Тэгэхээр тухайн гарааш Газрын тухай хуульд заасан үндэслэл, шаардлагыг бүхэлд нь зөрчсөн, зөрчилтэй газар гэдэг нь судалгааны явцад нотлогдож, улмаар маргаан бүхий захирамж гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эдгээр хүмүүсийг хууль ёсны дагуу тухайн газрыг эзэмших эрхгүй хэмээн үзэж байна.” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн хавсралтын 93 дахь ******* дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар сургуулийн зүүн хойно байрлах ******* тоот гараашид холбогдох хэсгийг, ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” тухай Т.Г********* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын иргэнд эзэмшүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд, иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг буулгаж газар чөлөөлөх, газар зохион байгуулалтын төлөвлөлт хийхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулдаг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох бөгөөд иргэн, хуулийн этгээд нь энэ хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагдсан газраас эрх бүхий Засаг даргын захирамжаар, түүнийг үндэслэн тухайн шатны Газар зохион байгуулалтын албанаас олгосон эрхийн гэрчилгээгээр эзэмших боломжтой, өөрөөр хэлбэл эзэмших хүсэлтэд заасан газар нь тухайн зориулалтаар эзэмшүүлж болохоор төлөвлөгдсөн байхыг шаарддаг.

Ийнхүү зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж барилга байгууламж барьж ашиглаж буй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т зааснаар газар чөлөөлөх мэдэгдэл өгч, албадан чөлөөлөх арга хэмжээ авна. Түүнчлэн газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нийслэлийн Засаг даргын бүрэн эрх, чиг үүрэгт хамаарч байна.

2. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд ******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 3/02 дугаар тогтоолоор баталсан дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд 13 дахь заалтаар дүүргийн 1-8, 10 дугаар хороодын нутаг дэвсгэр, орон сууцны хороолол дундах автомашины гараашуудыг буулган газрыг чөлөөлж, уг газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлэхээр, уг ажлыг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба хариуцан хэрэгжүүлэхээр тусгаж,

3. Улмаар ******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2022 оны 2 дугаар сарын 10-нд шаардах хуудас, 3 дугаар сарын 03-нд ******* тоот мэдэгдлийг 35 тоот гараашийн эзэмшигч Т.Г********* хүргүүлжээ.

4. Газрын тухай хуулиар олгосон дээр дурдсан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд  нийслэлийн Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар сургууль цэцэрлэгийн ойр орчим болон орон сууцны хороолол дундах автомашины хөдөлгөөн ихтэй газруудад иргэдийн аюулгүй байдлыг хангах, явган хүний зам тавих, ногоон байгууламж, тохижилт хийх, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст барьсан байршлуудыг харгалзан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж барилга байгууламж барьж ашиглаж буй зөрчлийг арилгах, газар чөлөөлөх байршлыг тогтоосон, тухайн байршилд буюу ******* дүүргийн ** дугаар хороо,** дугаар сургуулийн зүүн хойно гараашууд буулгаж газар чөлөөлөхөөр шийдвэрлэсний дотор хавсралтын 93-т “******* дүүргийн ** дугаар хороо, ** дугаар сургуулийн зүүн хойно байрлах 27 гарааш” гэж заасанд нэхэмжлэгчийн 35 тоот гарааш багтжээ.[1] 

5. ******* дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар сургуулийн зүүн хойно байрлах ** тоот гараашийн тухайд анх Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/36 дугаар захирамжаар тухайн байршилд буюу ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаар сургуулийн хойд талд биш ч, ** дугаар сургуулийн зүүн талд байрлуулан 0,5 га газарт анх гарааш барих газрын байршлыг зөвшөөрч, улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий архитекторын 1994 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6в/892 тоот албан бичгээр “А/36 дугаар захирамжаар 2 дугаар сургуулийн зүүн талд 23 машины гарааш барих шийдвэрийг оршин суугчдын хүсэлт, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн байршлыг нь өөрчлөн ** дугаар сургуулийн хойд талд 24 машины гарааш барихыг зөвшөөрч, байршлыг схем зургаар тогтоожээ.” Ийнхүү байршил тогтоосны дагуу гараашуудыг барьсан АЯА ХЭАА-аас тус хорооллын оршин суугч  Ш.А********* 1994 онд худалдан авч, түүнээс 2000 онд нэхэмжлэгч Т.Г********* худалдан авч, ашигласаар иржээ.

6. Хэдийгээр ийнхүү 1994 онд Газрын тухай хууль батлагдаж 1995 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө эрх бүхий этгээдээс тогтоосон байршилд баригдсан гараашийн барилгыг худалдан авч эзэмшиж, ашиглаж байх боловч энэ нь тухайн гараашийн хувьд газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр биш, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх” 27 дугаар зүйлийн 27.1, “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох” 27.4, зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж барилга байгууламж барьж ашиглаж буй тохиолдолд газар чөлөөлөх мэдэгдэл өгч, албадан чөлөөлөх арга хэмжээ авах 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг эрх бүхий этгээд хэрэглэнэ.

Иймд газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн дүүргийн Газрын албаны үйлдэл болон газрын зөрчлийг арилгах, газар чөлөөлөх байршлыг тогтоосон нийслэлийн Засаг даргын шийдвэр хуулийн эдгээр заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдаагүй байна.

7. Нэхэмжлэгч нь тухайн гараашийн барилгыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

8.  Нэхэмжлэгч Т.Г********* нь тухайн гараашийн газрыг ашигласны төлбөрт газрын төлбөр тодорхойлох актаар 2009 онд 55,000 төгрөг, 2010 онд 100320 төгрөг, 2011-2014 онд 401,280 төгрөг, 2015 онд 100,320 төгрөг, 2016 онд 100,320 төлсөн байх бөгөөд энэ нь газар ашиглах эрх олгож буй хэрэг биш, хэдий зөвшөөрөлгүй ч нэгэнт газрын ашигтай чанарыг хэрэглэсний төлөө төлбөр тогтоож төлүүлсэн захиргааны байгууллагыг буруутгахгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн хавсралтын 93 дахь ******* дүүрэг, *** дугаар хороо,** дугаар сургуулийн зүүн хойно байрлах ******* тоот гараашид холбогдох хэсгийг, ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэгч Т.Г********* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

 

 

 

         

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 77-78, 86, 104-112 дугаар хуудас