2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1660

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шинжээч Э.Хүрэлсүх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********, өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч **********, өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403003790678 дугаартай 2 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********** нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Зүүнсалааны зам, “Ганга” дэлгүүрийн баруун замд 2024 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн орчимд T.Funcargo маркын **********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4.а/, 3.5.а/, г/, 12.3, 18.3 дахь заалтуудыг зөрчиж явган зорчигч **********мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруу дээр маргахгүй тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 2 сая төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Уучлалт гуйя. Ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Маш их гомдолтой байгаа. Энэ хүн нэг ч удаа ирж уулзаагүй, ар гэр нь уулзаж байсан. Ажилгүй байсан хугацааны цалин, гар утасны төлбөр, эмчилгээний зардал нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол 4 дүгээр зэрэглэл тогтоогдсон. Нийтдээ 101,805,000 төгрөг нэхэмжилнэ. Хүүхэд маань хүртэл хохироод үлдэж байгаад харамсалтай байна. 4 шүд нь хиймэл байсан. Одоо тагнайтай хиймэл шүд хийлгэсэн байгаа” гэв.

Шинжээч Э.Хүрэлсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эргэлзээтэй хариулт өгөөгүй. Булгарал, мултрал нь адилхан ойлголт. Гэмт хэрэг гарах үед 5 шүдний булгарал, мултрал нь шууд учрах боломжтой” гэв.

 

Эрүүгийн 2403003790678 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч **********: “Архи уучихаад аавындаа машинаа тавьчихаад гараад замын боржуур дээрээ нэг хөлөө, нөгөө хөлөө боржуурын дотор талд тавьсан байсан. Нэг машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Дээд талын 4 шүд унаж байхгүй болсон, тархи хагарч, гавлын яс 4 хэсэг хугарсан. 1 хугарсан хэсэг нь голоороо 3 хугарсан, зулай дээрээсээ цөмөрхийтэй. Хөл гар, хавдаж цус хурсан. Цээжний зүрхэн талд өвдөнө. Хөл явахаар хавагнаад хавдчихдаг. Байсхийж байгаад уур хүрээд байна. Хүүхдүүдийнхээ нэрийг санахгүй, тайвшруулах эм ууж байна. Эмчилгээний зардал, цаашид гарах зардлуудыг авмаар байна. Зарим юмаа сайн санахгүй байгаа учраас шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна. Ярьсан хэлсэн зүйлээ хэсэг хугацааны дараа мартдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********ийн: “Маргааш нь би хайж яваад замын хажууд зогсож байсан 2 цагдаатай таараад осолд орсныг нь мэдсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан. Гавлын яс 3, 4 хэсэг цуурч хугарсан. Маш их цус хуралттай, зулай хэсгээр цөмөрсөн, гар, хөл, мөр шалбарсан хөхөрсөн. Толгой нь их өвдөнө. Хөл нь өвдөж хавагнана. Үнэрлэх, амтлах мэдэрхүй байхгүй, цээж, нуруу өвдөнө. Ослын улмаас үүдэн дээд талын 5 шүд унасан. Уур уцаар их, юмаа мартаж санадаг, хүнтэй ойлголцож, ярилцаж чадахгүй байгаа. Утас нь байхгүй. Банкны зээл, сэтгэл санааны хохирол маш их байгаа. Эмчилгээний зардал, цаашид үүсэх зардлуудыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.06.26-ны өдрийн 8106 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********** биед хоёр чамархай, зүүн зулай, лямбада заадас, дагз, суурь ясны хугарал, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, голын бүрдлийн шилжилт баруун зулайн хуйханд няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хоёр талын хөхлөг сэртэн, баруун шуу, зүүн шилбэ, баруун тавхайд цус хуралт, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал),

Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 2025.02.28-ны өдрийн ЕГ0525/368 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.3.********** биед баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1,2-р шүд, баруун доод 1-р шүд, зүүн доод 1-р шүдний булгарал, түүшин ясны хугарал, доод уруулын дотор талын сорви гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд зам тээврийн ослоос үүссэн байх боломжтой. 4. ********** 5-н шүдний булгарал, түүшин ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 71-74 дэх тал),

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн: “2025.02.17-ны өдрийн шинжээч эмч нарын үзлэг, 2025.02.13-ны өдрийн толгой, хүзүүний компьютер томографийн шинжилгээний хариунд баруун дээд 2 дугаар шүд, зүүн дээд 1,2 дугаар шүд, баруун доод 1 дүгээр шүд, зүүн доод 1 дүгээр шүдний булгарал /мултрал/, түүш ясны хугарал, доод уруулын дотор талд сорви гэмтэл тогтоогдсон. Нийт 5 шүдний булгарал гэмтэл тогтоогдсон. Бусад 4 шүдний гэмтэл тогтоогдоогүй. Эдгээр шүднүүд нь хиймэл эсвэл хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө тодорхойгүй шалтгаанаар үгүй болсон байх боломжтой. Дээрх 5 шүд нь өөрийнх нь буюу суурь шүд байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 99 дэх тал),

Шинжээчийн 2024.06.25-ны өдрийн 3604 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн ...“**********” гэж хаягласан цуснаас 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн, ...согтолтын дунд зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжийн хэмжээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж тодорхойлох шинжилгээ хийхэд хүрэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.08.13-ны өдрийн 757 дугаар дүгнэлтэд: “1. ********** нь тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил. Хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй байна. 2. ********** дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. 3. ********** нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ********** нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас хойш тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил. Хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй болсон байна. 4. ********** нь дээрх гэмт хэргийн улмаас тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил. Хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй болсон байх боломжтой байна. 5. ********** нь хэргийн талаар бодит үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ (1 дэх хавтас, 124-127 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч **********: “...2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ач хүү **********надад “ахыг цагдаагаас хүмүүс бариад явчихлаа, аав, ээж 2 араас нь цагдаа руу явлаа” гэж хэлсэн. Тэгээд бэр **********тэй ярихад тодорхой юм яриагүй. Охин ********** руу залгаж асуухад “зам тээврийн осол хийсэн байна” гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54, 57 дахь тал),

Шинжээчийн 2024.06.24-ний өдрийн 3584 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн ...“**********” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал),

Мөрдөгчийн 2024.08.15-ны өдрийн 1416 дугаар магадлагаанд: “...А. Т.Foncargо маркын **********улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдпыг хангах; 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”; г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаас бололцоотой арга хэмжээ авах”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах үндэслэл болсон нь тогтоогдож байна. Б. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 5.12. “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч **********ад Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,429,860 төгрөгийг зарцуулсан тул яллагдагч **********эс гаргуулж Эрүүл мэндийн датггалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал),

“Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024.09.02-ны өдрийн 2079 дүгээр тайланд: “Самсунг А51 маркын гар утас 1 ширхэг 250,000 төгрөг” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 155-158 дахь тал),

Шүүгдэгч **********яллагдагчаар өгсөн: “2025 оны 6 дугаар сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байхад гэрээсээ Зүүнсалаа руу өвөө ********** эзэмшлийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад нэг хүн зөрсөн машины гэрлэн дундаас гараад ирсэн. Би жолооныхоо хүрдийг зүүн гар тийш дараад замын хашлага даваад машиныхаа жолоочийн эсрэг талын урд хэсгээрээ мөргөсөн. Би машинаа зогсоогоод буугаад очсон зам дээр дээшээ хараад 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Намайг хажууд нь байхад замын цаанаас нэг хүн “ах нь түргэн дуудсан шүү” гэж байсан. Би түргэн иртэл толгойг нь гар дээрээ барьж байсан. Түргэн удалгүй ирсэн, нөгөө хүнийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан, зөрсөн машины гэрэлд гялбасан. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136, 2 дахь хавтаст хэргийн 79 дэх тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгээс харахад явган хүний гарцтай, 2 эгнээтэй, явган хүний замтай байна. Дэлгэцийн цагаар 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 23 цаг 23 минут 52 секундыг зааж байна. Энэ үед явган зорчигч явган хүний гарцны урд талд зорчих хэсгийн захад гараа өргөн зогсож байна. Камерын бичлэгт 7 автомашин өнгөрсний дараагаар 23:25:31 цагт явган зорчигчийг бараан өнгийн дөрвөлжин хэлбэртэй тээврийн хэрэгсэл мөргөж, явган зорчигч шидэгдэж 23:25:32 цагт газар унаж, автомашин 23:25:37 цагт зогсож байна. Автомашины жолооч 23:56:46 цагт буув. Жолооч явган зорчигч дээр очиж, 23:25:53 цагт замаас холдуулж байна. Түргэн тусламжийн тэрэг 23:32:00 цагт ирж байна. Түргэн тусламжийн тэрэг явган зорчигчийг 23:40:50 цагт аваад ослын газраас хөдөлж байна. Харин бараан өнгийн дөрвөлжин хэлбэртэй тээврийн хэрэгслийн жолооч ослын газрыг 23:41:54 цагт орхиж урагш чиглэлд явсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтас, хх-14-15),

Дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтас, хх-7), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтас, хх-8-12), хохирогчийн хүсэлт (1 дэх хавтас, хх-19), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтас, хх-96-101), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтас, хх-102-105), хохирогчийн өвчний түүх (1 дэх хавтас, хх-29-45), шүүгдэгчийн хүсэлт (1 дэх хавтас, хх-59), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (1 дэх хавтас, хх-152), хохирогчийн иргэний нэхэмжлэл тайлбар, танилцуулга (1 дэх хавтас, хх-178-250, 2 дахь хавтас, хх-4-25), дүрслэл оношилгооны илгээх бичиг (2 дахь хавтас, хх-75),

шинжээчид эрх үүрэг, тайлбарласан хууль сануулсан баталгаа (1 дэх хавтас, хх-89), мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-105, 153), үнэлгээ хийлгэсний төлбөрийн баримт (1 дэх хавтас, хх-107), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (1 дэх хавтас, хх-131-133), гэрч ******* мэдүүлэг (1 дэх хавтас, хх-147), гэрч ********** мэдүүлэг (1 дэх хавтас, хх-150), өмгөөлөгч Я.Батхандын хүсэлт (1 дэх хавтас, хх-165, 2 дахь хавтас, хх-86), прокурорын “Хүсэлтийг хангах тухай” тогтоол (2 дахь хавтас, хх-87), прокурорын “Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай” тогтоол (2 дахь хавтас, хх-89-90), 

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтас, хх-139) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримт, “****” ХХК-ийн тодорхойлолт зэрэг нийт 8 хуудас баримтыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Эрүүл мэндийн даатгалын санд 4,429,860 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт, дансны хуулга, хохирогчийн төлөөлөгчийн “**********эс 6 сая төгрөг дансаар хүлээн авсан, 2025.07.05-ны дотор сэтгэл санааны хохиролд 26 сая төгрөг авахаар шийдэв. Цаашид гомдол саналгүй хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Сэтгэл санааны хохирлоос бусдыг иргэний журмаар жич нэхэмжлэхээр үлдээж өгнө үү” гэх хүсэлт, нийт 23 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч **********гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-61)-ийг шүүх үнэлгээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********** нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Зүүнсалааны “Ганга” дэлгүүрийн баруун замд 2024 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн орчимд T.Funcargo маркын **********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 95-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”; г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овсг нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч **********мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан улмаар ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгчээс гар утасны 250,000 төгрөг, сарын цалин 2,192,000 төгрөг, цалин 54,200,000 төгрөг, шүдний үнэ 13,000,000 төгрөг, нийт 70,432,671 төгрөгийг гаргуулах саналтай. Нийт төлбөрийн 20 хувийг иргэний хариуцагчаас гаргуулах саналтай. Хохирогчийн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих төлбөрийг төлсөн...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч шүд унасан эсэх дээр зөвшөөрөхгүй байгаа нь маргаж байна гэж ойлгогдож байна. Ослоос болж шүдний гэмтэл учирсан байна гэж шинжээч мэдүүллээ. Шүдний 13 сая төгрөгийг хангаж өгнө үү. Улсын яллагчтай санал нэг байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргахгүй. Хохирол, хор уршиг дээр маргаж байгаа. Олох байсан орлогын баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна. Гар утасны 250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Эмчилгээний төлбөрийг бүхэлд нь зөвшөөрч байгаа. Шүдний 13 сая төгрөгийг жич нэхэмжлэх эрхтэй. 219,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********** нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Зүүнсалааны “Ганга” дэлгүүрийн баруун замд 2024 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн орчимд T.Funcargo маркын **********улсын дугаартай, их гэрэл нь стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч **********мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, улмаар ослын газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ********** мэдүүлэг (1 дэх хавтас, хх-46), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********ийн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-23), шүүх эмнэлгийн 8106 дугаар “1. ********** биед хоёр чамархай, зүүн зулай, лямбада заадас, дагз, суурь ясны хугарал, аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт, голын бүрдлийн шилжилт баруун зулайн хуйханд няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хоёр талын хөхлөг сэртэн, баруун шуу, зүүн шилбэ, баруун тавхайд цус хуралт, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (1 дэх хавтас, хх-65-67), шинжээчийн 368 дугаар “1.3. ********** биед баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1,2-р шүд, баруун доод 1-р шүд, зүүн доод 1-р шүдний булгарал, түүшин ясны хугарал, доод уруулын дотор талын сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд зам тээврийн ослоос үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-71-74), шүүх сэтгэц эмгэг судлалын “...********** нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас хойш тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил. Хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй болсон байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтас, хх-124-127), мөрдөгчийн 1416 дугаар магадлагаа (1 дэх хавтас, хх-115-116), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-14-15) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч **********бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орсон үедээ зогсоох арга хэмжээ аваагүй, улмаар явган зорчигч мөргөсний дараа хэргийн газрыг зориуд орхисон үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 95-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”; г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овсг нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчжээ.

Иймд шүүгдэгч **********Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс замын зорчих хэсэг дээр зогсож байсан хохирогч **********мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй,

мөн явган зорчигчийг мөргөчихөөд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********** эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад олох ёстой байсан орлого 54,200,000 төгрөг, гар утасны төлбөр 800,000 төгрөг, эмчилгээний зардал 2,192,280 төгрөг, шүдний эмчилгээ 5 шүд 13,000,000 төгрөг, бусад зардалд 219,000 төгрөг, нийт 71,451,951 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эм тарианы зардал 790,671 төгрөгийн баримтаас 5-р хуудасны 4 дэх баримт буюу 26,700 төгрөгөөс Эрүүл мэндийн даатгалаас 18,690 төгрөгийг, 7-р хуудасны 3 дахь баримт буюу 64,200 төгрөгөөс Эрүүл мэндийн даатгалаас 44,940 төгрөгийг тус тус төлсөн байх тул нийт 63,630 төгрөгийг хасаж, үлдэх 727,041 төгрөг дээр мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн эм тарианы зардал 2,192,280 төгрөгийг нэмж, нийт 2,919,321 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан эм тарианы зардалд тооцлоо.

Харин гэмт хэргийн улмаас эвдэрсэн гэх гар утасны төлбөрт 800,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утсыг 250,000 төгрөгөөр тогтоосон байх тул гар утасны төлбөрийг 250,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч **********төлбөл зохих хохирлын хэмжээг шүүхээс нийт 3,169,321 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,169,321 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхэд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 6,000,000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгч **********энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаас “Хийн газ авсан, хүүхэд тоглуулсан гэх 219,000 төгрөг”-ийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов.  

Харин “олох ёстой байсан орлого 54,200,000 төгрөг, 5 шүдний үнэ 13,000,000 төгрөг”-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хохирогч ********** олох ёстой байсан орлогыг зөвхөн дансны хуулгыг үндэслэн тогтоох боломжгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй тул тодорхой тоо, тооцоолол гаргах боломжгүй байна. Мөн “Энх Номин Эрдэнэ” ХХК-ийн “1 шүд 2,500,000 төгрөг, паршель 500,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг шаардлагатай” гэх тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар “Сэтгэцэд учирсан хохирлыг 30 сая төгрөгөөр харилцан тохиролцож, 4 сая төгрөгийг дээрх 6 саяд багтаан өгсөн, үлдэх 26 сая төгрөгийг 2025.07.05-ны өдөр авахаар тохиролцсон” болохыг дурдах нь зүйтэй.  

Иймд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “Олох ёстой байсан орлого 54 сая төгрөг, 5 шүдний үнэ 13 сая төгрөг”-тэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Хохирогч ********** гэмт хэргийн улмаас нийт 4,429,860 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь хэрэгт авагдсан баримт (1 дэх хавтас, хх-51)-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул төлөх төлбөргүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 жил 6 сараар тогтоох саналтай. Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, хохирол төлсөн, цаашид төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзсан...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нийт 2 жил 1 сараар тогтоож өгнө үү...” гэж дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг дээр зогсож байсан явган зорчигчийг мөргөж гэмтэл учруулсан, улмаар хэргийн газраас зугтаасан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл эмгэгтэй болсон, хохирогчид 8,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4,429,860 төгрөг төлөгдсөн), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 (хоёр) жил, 1 (нэг) сараар тогтоолоо. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж, мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ********* овогт ********н ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 (хоёр) жил, 1 (нэг) сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар “Сэтгэцэд учирсан хохирлыг 30 сая төгрөгөөр харилцан тохиролцож, 4 сая төгрөгийг дээрх 6 саяд багтаан өгсөн, үлдэх 26 сая төгрөгийг 2025.07.05-ны өдөр авахаар тохиролцсон” болохыг дурдаж, хохирогч **********, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР