Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02103

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/02103

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: БСӨХ

Хариуцагч: Л.Б

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 2,511,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Бат сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Г, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч БСӨХ нь хариуцагч Л.Б холбогдуулан дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 2,511,680 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч БСӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал Т.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2022 оны 02 дугаар сард БСӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлыг авч нийт төлбөр төлөөгүй айлуудын судалгааг гаргаж төлбөрийг төлүүлэх 1 сарын аян зохион байгуулсан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 37,000,000 төгрөгийн төлбөрөөс 17,000,000 төгрөг төлөгдөж 20,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн. Үлдсэн 20,000,000 төгрөгийн төлбөртэй оршин суугч нартай учир зүйгээ ололцохгүй байгаа тул хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр шийдсэн. СӨХд төлөх зардлын үнэ тарифыг нэмэх асуудал 07 дугаар сараас яригдана. Жишээ нь хариуцагч Л.Б 40 мкв талбайтай байхад мкв-ыг 150 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Энэ айл 17 жил СӨХ-ийн төлбөрөө төлөхгүй явж ирсэн. Эднийхээр би биечлэн 2 удаа очиход эзэнгүй таарсан. Нягтлан Н.Э зардлын мөнгөө төлөхийг байнга шаарддаг. Хариуцагч тал хурал дээр яриад байгаа асуудлаараа нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь байсан боловч огт гаргаагүй. СӨХ нь сард орцны болон гадна орчны гэрэлтүүлэгт 8,000 төгрөг, лифтний төлбөрт 5,000 төгрөг, орцны цэвэрлэгээ 6,000 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 7,200 төгрөг гэх мэтчилэн авдаг бөгөөд бүх засвар үйлчилгээний зардлын тайланг тавьсан. 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Бүх гишүүдийн хурал хийж оршин суугчдыг оролцуулсан. Хариуцагч энэ хуралд ирээгүй. Тайлан одоо ч бэлэн байгаа тул танилцаж болно. Үнэхээр СӨХ-ны ажил үйлчилгээнд гомдолтой байгаа бол буцаагаад хуулийн байгууллагад нэхэмжлэлээ гаргаж мөнгөө нэхэж болно. Дээврийг оршин суугч нарын төлж байгаа зардлаар засах ямар ч боломжгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг ажил бөгөөд энэ айлын байрны дээврийн засварын ажлыг 2018 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд одоо ямар ч ус гоожих асуудал байхгүй болсон. Харин энэ өвөл 57 дугаар байрны 2 дугаар орцноос ус гоожсон. Хариуцагчийнхаас ус гоожоогүй, нэг талыг барьж тайлбарлаж болохгүй тул төлбөрөө төлнө үү. Цаашдаа СӨХ-тойгоо хамтраад бид хариуцлагаа сайжруулаад ажиллая. Иймд хариуцагч Л.Б 2006 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын зардалд 2,511,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Өвлийн улиралд манай сууцны хана буюу гадна хана талаас цантаж, зуны улиралд гадна хана талаас борооны ус гоождог. Цанталтаас шалтгаалж хана харлаж мөөгөнцөртдөг. Борооны ус гоожсоноос болон цанталтаас шалтгаалж ханын цаас хууларсан. Угаалгын өрөөний хана цантаж ус алдсан юм шиг ус тогтдог. СӨХ-нд дээрх байдлыг хэлэхэд харилцан ярилцалгүй төлбөрөө нэхдэг байдлаар харьцдаг. Харилцан ярилцах нөхцөл байдлыг шалгах, юу хийх талаар ярилцалгүй, төлбөр нэхэхээс бусдаар харьцдаггүй учир албан ёсоор ажлаа явуулдаг тал дээр Бат СӨХ-нд итгэл төрдөггүй. СӨХ-ны тайлангийн хуралд суухад өмнө нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Н хурал дээр аав ээж нь байхдаа төлбөрөө төлдөг байсан, энэ хүүхэд ирснээр өгөхөө байсан гэж ямар ч учир шалтгаангүйгээр төлбөрөө өгөхгүй байгаа мэтээр олны өмнө доромжилсон. Үүнэс хойш би дахин СӨХ-ны хуралд оролцохоо больсон. Тухайн хурал дээрээс удирдах зөвлөлийн нэг хүн манайд орж байдлыг харахаар болж орж ирээд танайх байрандаа удаан засвар хийгээгүй юм байна гэж хэлсэн. Би засвар хийх нөхцөл байдал байхгүй гэдгээ хэлж засвар хийсэн ч өвлийн улиралд цантаад л ховхорч хуулрана, мөн мөөгөнцөртдөг гэж хэлсэн. Зун нь хана дагаж бороо гоожиход СӨХ-нд хэлэхэд жижүүр орж ирж хараад ус гоождог юм байна гэж хэлээд гарсан. Үүний дараа нэг ажилтнаар дээврийн засварын ажил хийлгэж байсан. Ус гоожихоо больсон хэдий ч мэргэжлийн байгууллагаар уг ажлыг гүйцэтгүүлээгүй тул бодит ажил гэж үзэхгүй. Дахин ус гоожихгүй гэсэн итгэл үгүй. Том өрөөний цонхон талын хана булангийн хэсгээрээ завсартай, түүгээр гэрэл нэвтэрдэг байсанг бид өөрсдөө засаж хөөсөөр битүүлсэн. СӨХ нь хариуцсан ажлаа хийдэггүй, хохирол учруулж дайрч доромжилдог учраас эргээд ярилцая, шийдэлд хүрье гэж бодох бодол төрөхөө больсон. СӨХ нь ямар ажил хэрхэн хийх эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байдаг тул итгэл төрдөггүй. Лифт, цэвэрлэгээ үйчилгээ, орцны жижүүрийн төлбөр дээр санаа зовдог. Болдог бол өөрсдөд нь өгчих юмсан гэж боддог. 2006 оноос хойш дээврээс бороо гоожоод байсан тул төлбөр төлөөгүй. Төлбөрөө төл гэж нэхэж байсан боловч би өгөхгүй гэдэг. Эдний нягтлан гэж хүүхэн орж ирж нэхэж байсан. Байрны мөнгө төлөх үед СӨХ-ны төлбөр гардаг боловч манайх СӨХ-ны төлбөрийг үлдээгээд байрны мөнгийг төлж ирсэн. Сард 19,300 төгрөг гардаг. Өмнө нь төлж байсан мөнгөөр юу хийсэн нь тодорхойгүй тул нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс СӨХ гэрчилгээ, БСӨХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, СӨХ-нд төлөх төлбөрийн задаргаа гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дээврийг оршин суугчдын төлж байгаа зардлын мөнгөөр засах ямар ч боломжгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг ажил бөгөөд энэ айлын байрны дээврийн засварын ажлыг 2018 онд хийж гүйцэтгэсэн, ус гоожих асуудал байхгүй болсон. 2006 оноос хойших төлбөрийг гаргуулна гэж шаардсан.

3. Хариуцагч нэхэмжлэлийг сууцны гадна хана талаас цантаж, зуны улиралд борооны ус гоождог. СӨХ-ноос дээврийн ажлыг хийсэн боловч мэргэжлийн байгууллагаар ажлыг гүйцэтгүүлээгүй тул бодит ажил гэж үзэхгүй. СӨХ нь ямар ажил хэрхэн хийдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй тул төлбөрийг төлөхгүй гэж үгүйсгэсэн байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн БСӨХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, СӨХ-нд төлөх төлбөрийн задаргаа гэх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч БСӨХ нь 1999 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 55, 56, 57, 62, 63 дугаар байрны сууц өмчлөгчдийн өргөдөл, холбогдох материалыг үндэслэн БСӨХ бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгогдсон, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр БСӨХ Удирдах зөвлөлийн хурлын дугаар 02 тогтоолоор Т.Г гүйцэтгэх захирлаар сонгосон үйл баримт гэрчилгээ, тогтоол гэх баримтуудаар тогтоогдож талууд маргаагүй байна.

Хариуцагчийн гаргасан өвлийн улиралд манай сууцны гадна хана талаас цантаж, зуны улиралд борооны ус гоождог. СӨХ-ны ажилтнаар дээврийн засварын ажил хийлгэж ус гоожихоо больсон ч мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлээгүй тул бодит ажил гэж үзэхгүй. СӨХ нь ямар ажил хэрхэн хийх эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй тул итгэл төрдөггүй. Сард 19,300 төгрөг гардаг. Төлбөрөө төл гэж нэхэж байсан боловч би өгөхгүй гэдэг гэсэн тайлбар нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, эдгээр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Тэрээр Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрхтэйгээс гадна мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох хуульд заасан үүрэгтэй бөгөөд 2006 оноос хойш энэ үүргээ биелүүлээгүй, СӨХ зардлын төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч төлөхгүй гэж хэлдэг, байрны мөнгийг төлөхдөө СӨХ төлөх зардлыг үлдээгээд төлдөг гэсэн тайлбараас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулж, нэхэмжлэлийг хангах шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар шаардах эрхтэй тул хариуцагч Л.Б 2006 оны 01 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарын зардалд 2,511,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БСӨХ олгож шийдэрлэв.

6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Л.Б 2,511,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БСӨХ олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б 55,137 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БСӨХ олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА