| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/1468/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1676 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1676
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408015250789 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **********нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “GS25” дэлгүүрт байхдаа хохирогч **********эзэмшлийн “iphone 8” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу. Тухайн үед өөрийгөө хянаж чадаагүй, согтуу байсан. Хулгайлсан утсаа яаснаа мэдэхгүй байгаа. Маш их гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Эрүүгийн 2408015250789 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч **********: “2024 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “GS25” дэлгүүрт ажиллаж байхдаа өөрийн “Iphone 8” загварын гар утсаа алдсан. Кассан дээр нэг залууд үйлчилж дуусаад нэг харсан чинь кассны баруун захад компьютерын дэлгэцний доод хэсэгт тавьсан байсан миний утас байхгүй байсан. Миний утсыг кассны баруун талд зогсож байсан цагаан өнгийн саравчтай малгайтай, хүрэн өнгийн гадуур хувцастай, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн гэмээр байдалтай 45-50 орчим настай эрэгтэй хүн зөвшөөрөлгүйгээр авсан. Би сэтгэл санааны хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Миний гомдлыг түргэн шуурхай барагдуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-9-10, 52-53 дахь тал),
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024.05.01-ний өдрийн Ц-0457 дугаар тайланд: “iphone 8 маркын гар утас 1 ширхэг 350,000 төгрөг, үзмэн ягаан өнгийн шигтгээтэй сарнай цэцгийн зурагтай кейс 1 ширхэг 10,000 төгрөг, нийт 360,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 20-22 дахь тал),
Шүүгдэгч **********яллагдагчаар өгсөн: “...Миний бие тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хийсэн байна, тухайн үеийн явдлыг камерын бичлэг дээрээс л харж зарим зүйлийг санасан. Хохирлыг заавал барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Хохирогч **********касс хэсэгт ажиллаж, анхаарал нь сарнисан байх үед кассны баруун талд зогсож байсан цагаан өнгийн саравчтай малгайтай, хүрэн өнгийн гадуур хувцастай эрэгтэй хүн кассны баруун талын компьютерын дэлгэц доор байсан утсыг аваад халаасандаа хийж байгаа дүрс ажиглагдав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-14-16),
хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-3), хохирогчийн “Хохирол болох 390,000 төгрөгийг барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-55),
шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-34), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-96), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-94) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “GS25” дэлгүүрт байхдаа хохирогч **********эзэмшлийн “iphone 8” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч **********мэдүүлэг (хх-9-10, 53), “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан (хх-20-22), шүүгдэгч **********мэдүүлэг (хх-45-46), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-14-16) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн хохирогчийн ажиллаж байсан дэлгүүрийн кассан дээр тавьсан 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий “iphone 8” маркын гар утсыг хулгайлан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч **********гар утасны 360,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний 30,000 төгрөг, нийт 390,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 390,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн “390,000 төгрөг барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-55)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “GS25” сүлжээ дэлгүүрт байхдаа хохирогч **********эзэмшлийн iphone 8 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, ажил эрхэлж байгаа зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс хохирогчийн ажиллаж байсан дэлгүүрийн кассан дээр тавьсан байсан гар утсыг хулгайлан авч, зарж борлуулан хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 360,000 төгрөгийн эд хөрөнгийн шууд хохирол учирсан, хохиролд 390,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Шүүгдэгч **********2025.06.01-ний өдрөөс 2025.06.30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 232 цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 68 (жаран найм) цагаар тогтоов.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *********гийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********цагдан хоригдсон 29 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 232 цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 68 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **********урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР