Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/01387

 

 

 

 2022         03          28                                           101/ШШ2022/01387

        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххх дүүргийн хххх хороо, хххх байрны хх  тоотод оршин суух Я.А , Б.Ү , Б.У  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххх дүүргийн хххххх хороо, ххххх тоотод оршин суух А.Б-д холбогдох,

Хххххх дүүргийн ххххх хороо, хххх байрны хх  тоотод орших орон сууцны хууль бус эзэмшлээс А.Б-ыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Ү , Б.У  нарын төлөөлөгч Я.А , нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Я.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Я.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай гэрлэлтээ цуцлуулж, орон сууцнаас хариуцагчид ногдох хувийг нь гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж орон сууцыг надад болон хүүхдүүдэд үлдээхээр болсон, би А.Б д өгөх ёстой мөнгийг нь нэг жил гаруйн өмнө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өгсөн боловч тэрээр одоо байрнаас гарахгүй, намайг доромжилж, зодохоос наагуур зүйл болоод байна. Одоо бид дуугардаггүй. Хариуцагч байрны нэг өрөөг эзэлчхээд л байж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага болохоор надад дараагийн шатанд албадан гаргуулахаар шүүхэд хандана, тэр талаар шийдвэрт дурдаагүй гэсэн. Хариуцагчийн хариу тайлбартаа бичсэн зүйл бүгд худал. Худал гэдэг нь нотлогдсон. Би 30 жил гэр бүлээ авч явахдаа хариуцагчаас нэг ч зүйл авч үзээгүй. Хариу тайлбар нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л зүйл байгаа. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Я.А тай би 1988 онд анх танилцаж 1989 онд том охин Ү  хорвоод мэндэлсэн. Би 1986-1991 онд тухай үеийн ЗХУ-д таван жил суралцаж төгсөж ирсэн 1991 онд сургуулиа төгсөж ирэхдээ гэр орны бүх тавилга, стенк гал тогооны ком тавилга, халбага сэрээ ор дэрний цагаан хэрэгсэл гэх мэт бүх зүйлийг авч ирж байсан талаар нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Энэ хүн ахтайгаа цуг тухайн үед амьдарч байсан. Ингээд 1991 онд сургууль төгсөж ирээд ах нь хөөж туугаад байдаг хэцүү гээд байсан учраас 1991-1994 оны хооронд би хүнээс мөнгө зээлж зээлээ би буцаан өөрөө төлж, 3 жил өдөр шөнөгүй Хятад Монгол Орос улс, бусад улсад бизнес эрхэлж, поёздоор буюу галт тэргэнд хоноглож хэдэн төгрөг цуглуулж, 1993 онд Баянзүрх дүүрэг 18-р хороо 13 байр 153 тоот 1 өрөө байрыг би хэний ч оролцоогүйгээр худалдаж авч бүх засвар үйлчилгээг өөрийн ахын хамт хийсэн. 1994 онд бага охин У  мэндэлсэн. Энэ бохир асуудалд хоёр охин зээ охиноо оролцуулах шаардлагагүй гэж би хууль зүйн хувьд үзэж байна. 1994 оны 03 дугаар сарын 30-нд бид хоёр гэр бүлээ бүртгүүлж гэрлэлтийн баталгаа авсан. Яг энэ үеэс энэ хүн хэн байсан бэ? гэдэг нь илэрч эхэлсэн. Энэ хүн өмнө нь 2 удаа гэр бүл болж 2 хүнтэй хамтран амьдарч гэрлэлтээ цуцлуулаагүй байсан болох нь илэрсэн. Я.А  би амьдрал мэдэхгүй охин чигээрээ гэж байсан болно. Я.А  гэр бүлийн тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байж 1994 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хууль бусаар надаас нууж №173 тоот гэрлэлтийн баталгаа гэгчийг хууль зөрчин бүртгүүлж авсан нь 2006 онд Баянзүрх дүүргийн шүүгч А.А-гийн захирамжаар ил болсон. Яг ийм нэхэмжлэлийг тухай үеийн Баянзүрх дүүргийн шүүхэд гаргаж байсан болно. Гэр бүлээ бүртгүүлсэн цаг мөчөөс эхлэн Я.А  миний өмч хөрөнгө хаа байгааг судалж хууль бусаар авах оролдлого хийж надтай муудалцан 1996 оноос Г.Г-д гэдэг хүнтэй бага охиноо авч Багануурт хамтран амьдарна гэж гэр бүлийн харилцаатай болж өнөөдрийг хүрснээ надаас нууж байсан. 1996 оноос хун Э.Б гэдэг хүний хамгаалалтад байдаг гэж ярих болсон. Ингээд нэхэмжлэгч Я.А  1998 онд миний Архангай аймагт байсан 2 азарга адуу, 50 хонь, малыг ах дүү бусад хамтран амьдарч байсан хүмүүсийн хамт дээрэмдэж авсан болохоо хүлээн зөвшөөрч цагдаад мэдүүлэг өгсөн байдаг. 1999 онд би хоёр охиныхоо ирээдүйг бодож байраа 2 өрөө болгож, томсгож сольсон бөгөөд Я.А  зөвхөн 1 сая төгрөг гаргасан бөгөөд 2004 онд миний өмч хөрөнгө болох 25 сая төгрөгийн үнэтэй модны хөрөө рамыг ах дүү бусад хүмүүсийн хамт дээрэмдэж авсан.  2007 оноос Г.Г дтой гэр бүлийн гүнзгий харилцаанд орж, гадагшаа хамтран амьдарна ярилцаж байсан нь үнэн. Энэ бүх бохир асуудлууд ил болмогц над руу Ч.А-г санаатайгаар эмэгтэй явуулж, миний хуульч мэргэжил, хэн нэгэн хүнд, хүмүүст саад болж байгаа учраас 2014 оны 03 дугаар сарын 12-нд Я.А дын оролцоотойгоор Монос компанийн ажилтнууд үгсэн хуйвалдаж зохион байгуулалттайгаар сүхээр намайг зодон миний нуруунд хүнд гэмтэл учруулсан.  2014-2017 он хүртэл гэртээ хүнд гэмтэл аваад хэвтэж байсан бөгөөд энэ хугацаанд зээ охиноо харж гэр бүлийн амьдрал өдөр тутамд мөнгө зарцуулж байсан. Харамсалтай нь 2014 оны 12 дугаар сард нуруундаа хүнд гэмтэл аваад Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж байхад цагдаа, прокурор нь авилга авч дээрх хэргийг хаасан боловч шударга ёс хууль мөрдөгдөж сэргээгдсэн болно. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ байж байтал Я.А  дүү С.Б, Ч.А нар үгсэн хуйвалдаж энэ өдрийг чамд сануулах гэж ирлээ гэж манай гэрт орж ирсэн бөгөөд энэ асуудлаар надад заналхийлж, сүрдүүлсэн. Намайг ямар ч хамаагүй байдлаар гэмт хэрэгт холбогдуулан шалгах гэж удаа дараа оролдож байгаа ба нэг тод жишээ бол надад огт хийгээгүй хэргээр 000000000 тоот Эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татаж энэ зохиомол хэрэгт Баянзүрх дүүргийн 2 хэлтсийн мөрдөгчид, прокурор, зарим шүүгч нар цагдаагийн газрын дарга Баатаржав нар оролцоотой нь тогтоогдсон билээ. Харин Я.А Ч.А нар цагдаагийн газрын дарга Б-тай эр эмийн холбоотой тогтоогдсон болно. Иймээс үнэнийг хэлж үнэнийг илчилсэн өмгөөлөгч А.Б  миний эсрэг хууль хяналтын байгууллага төрийн өндөр албан тушаалтнууд нь цагдаа прокурор шүүхийг ашиглаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Я.А  үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгоно гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд, хххххххх дүүргийн хх дугаар хороо, ххххх байрны ххх тоотод орших 30 м.кв талбай бүхий орон сууцны гэрчилгээ, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, мөн өдрийн 1154 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1414 дугаартай шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 5-18 дахь тал/-г, Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан хүсэл зоригоо илэрхийлж шүүхэд тайлбарыг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/ тус тус шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.А , Б.Ү , Б.У  нар, хариуцагч А.Б д холбогдуулан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны 162 тоотод орших 30 м.кв талбай бүхий орон сууцны хууль бус эзэмшлээс хариуцагч А.Б ыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Үйл баримтын хувьд маргаж буй орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.А , Б.Ү , Б.У  нар 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийг хариуцагч нотлох баримтын хэмжээнд үгүйсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзлаа үндэслэл бүхий байдлаар шүүхийн өмнө нотлоогүй байна.

Шүүхэд гаргасан талуудын болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар маргаж буй орон сууцыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1414 дугаартай шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч А.Б ыг орон сууцны өмчлөгчөөс хасчээ. Тус 1414 дугаартай шийдвэрээр орон сууцыг Я.А , Б.Ү , Б.У  нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Я.А аас 18,250,000 төгрөг гаргуулан хариуцагч А.Б д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн дагуу орон сууцыг надад болон хүүхдүүдэд үлдээсэн, надаас 18,250,000 төгрөг гаргуулж А.Б д олгохоор шийдвэрлэсний дагуу мөнгийг бүрэн өгсөн боловч А.Б  элдвээр хэлэн байрнаас гарахгүй байгаа гэх агуулгатай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагчийг тус орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа үндэслэлээр орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг шаарджээ. Нэхэмжлэгч нарын өмчлөлд орон сууцыг үлдээн шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1414 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Зохигчийн гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалж, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваарилан шийдвэрлэснээс хойшхи хугацаанд тус 162 тоот орон сууцанд хариуцагч нь тодорхой цаг хугацаанд амьдрах, өөр бусад байдлаар эзэмшихээр тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нар хариуцагчийг орон сууцны эзэмшлээс шүүхийн журмаар чөлөөлүүлэх, орон сууцны эзэмшлийг шаардсан нь хуульд нийцнэ. Хариуцагчийн хувьд тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн оролцоогүй, өөрийн хүч хөдөлмөрөөр худалдаж авсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан ба тус шүүхийн 1414 дугаартай шийдвэрээр маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт үлдээн шийдвэрлэжээ. Иймд хариуцагчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэхгүй учир хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч нарыг маргаж буй 162 тоот орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэснээс хойш хариуцагч тус орон сууцыг чөлөөлөөгүй, амьдарч байгааг хууль бусаар эзэмшиж байгаад тооцогдоно.

Иймд хариуцагч А.Б ыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар ххххх дүүргийн хххххх хороо, ххххххбайрны ххх тоотод орших 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххх дугаартай орон сууцнаас чөлөөлж шийдвэрлэв.

Хариуцагч А.Б  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний оршин суугаа хаяг, утасны дугаараар дамжуулан 2022 оны 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус хүргэсэн ба хариуцагч товыг хүлээн авахаас татгалзжээ. Иймд хариуцагчид товыг хүргэсэн гэж үзэх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан хариуцагч А.Б  /000000000/-ыг ххх дүүргийн ххххххх  хороо, ххххх  байрны ххх  тоотод орших 30 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Б аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.А ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ