| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2031000060135 |
| Дугаар | 2021/ДШМ/02 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ДШМ/02
Х.*******ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Г.Давааренчин
Б.Эрдэнэхишиг
Оролцогчид
Прокурор Т.Нансалмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2020/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2020/0182/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ***эгтэй, **** боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ******** хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, *******тоотод оршин суух, 2 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт ******* *******, РД:/********/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Энхталын 6-3 гудамжны 01 тоотод оршин суух иргэн Г.*******ийн өмчлөлийн эд зүйлээ хадгалах зориулалттай амбаарын хаалганы уяаг тайлж, нэвтрэн орж цахилгаан хөрөө 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Г.*******т 70,000 төгрөгийн хохирол учруулсан.
Мөн 2020 оны 08 дугаар сарын 22-ны 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт иргэн Д.*******ын эзэмшлийн ******* УБӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машинаас гагнуурын аппарат 1 ширхэг, гагнуурын холбогч уртасгагч утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.*******т 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Х.*******ид холбогдох хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 203 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялд, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/жил, 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ийн энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хавтас хэрэгт баримтаар авагдсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Өндөр настай ээж, 4 хүүхэд хань ижлээ үлдээгээд энд сууж байгаадаа үнэхээр их гэмшиж харамсаж байна. Миний ар гэрийн байдал хохирол төлбөргүйг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Хохирогч нар алдсан эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичиж хавтаст хэрэпг хавсаргасан байдаг. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгах тухай заалтыг хэрэглэх эсэх талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн эрүүгийн хуулийн зохих заалтыг баримталж, хөнгөрүүлэх үндэслэл байгааг харгалзаж үзээгүйд гомдолтой байна.
Учир нь: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид учирсан хохиролыг бүрэн барагдуулсан, түүний хувийн байдал эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, амьдралын баталгаажих түвшинөөс доогуурт багтсан зорилтот бүлгийн өрх зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”..гэж заасан байтал шүүх үүнийг анхаарч үзсэнгүй. Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлуудыг харгалзан үзэж, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн яллах талыг баримтлан ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шүүгдэгчийн хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял нь шударга ёсны зарчимтай нийцэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 02 жил 01 сарын хорих ял оногдуулж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/жил, 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Х.*******ид холбогдох эрүүгийн 2031000000171 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба талууд энэ талаар мараагүй байна.
Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ял дээр, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн мөн шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 03 /гурав/жил, 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.
Энэ нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “....Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Х.*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийтгэх тогтоолын зохих заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын ял дээр өмнөх 01 жилийн тэнссэн хугацааг нэмж биечлэн эдлэх ялын хэмжээг 03 жил 01 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Х.*******ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ