Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 38

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч А.Бямбажав, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар З.Олзвойд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601070280 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                    Ц.Баясай

Иргэдийн төлөөлөгч                                                        Б.Батпүрэв

Улсын яллагч                                                                    Б.Буяндэлгэр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                            Б.Гэрэлцэцэг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн

хэлтсийг төлөөлж, мэргэжилтэн                          Э.Тулгаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                 Д.Цэнд-Аюуш

Шүүгдэгч                                                                       З.Олзвой нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 0-4 насны 2 хүүхдийн хамт /Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын  1 дүгээр гудамжны 12 тоот хашаанд оршин суух иргэний үнэмлэхний хаягтай/ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 3 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Авгачин овгийн Зоригтбаатарын Олзвой/РД:ЖЯ:86072839/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч З.Олзвой нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 3 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух гэртээ өөрийн төрсөн хүү 2 сар 10 хоногтой Г.Шинэбаярыг “уйллаа” гэх шалтгаанаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүний нүүр, хэвлий орчимд алгадах, цохих зэргээр зодож түүний бие махбодид дагз, зулайн ясны хугарал, тархины няцрал, нүүр, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч З.Олзвойн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай эхнэр Гэрэлцэцэг бид хоёр сэрцгээсэн. Эхнэр Гэрэлцэцэг эмээгийнхээ гэрт хоносон том хүү Хатнааг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гараад явсан. Бага хүү Шинэбаяр гэрийн хоймрын орон дээр унтаж байсан. Би өдөр 12 цагийн үед нүүрс авахаар Уурхайчин дэлгүүрийн дэргэд замын хажууд нүүрс зардаг газар руу явж 10 шуудай нүүрс аваад гэртээ ирсэн. Би нүүрсэнд явахдаа бага хүүдээ гэрт нь ганцааранг нь үлдээсэн. Нүүрсэнд яваад ирэхэд манай бага хүү гэрийн хойморын орон дээр өлгийтэй унтаж байсан. Би нүүрсээ хураачихаад Тогос-Уулын наана байдаг хүнсний дэлгүүрээс 0.5 граммын хэмжээтэй нэг шил архи аваад гэртээ ирэхэд манайд хүн байгаагүй, бага хүү Шинэбаяр хоймрын орон дээр өлгийтэй унтаж байсан. Би дэлгүүрээс авчирсан архиа ганцаараа уусан. Согтоод унтсан байсан. Намайг унтаж байхад хүүхэд уйлаад байхаар нь сэрэхэд би зүүн орон дээр хувцастайгаа унтаж байсан. Хүүхдээ уйлаад байхаар нь хүүхдийнхээ гэдсэн дээр нь зүүн гарынхаа алгаар бүүвэйлж байснаа санаж байна, түүнээс хойш болсон үйл явдлыг огт санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,

Шүүгдэгч З.Олзвойн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хүүхдээ санаатай зодсон гэж бодохгүй байна, санамсаргүй байдлаар архи уусан байсан, миний буруу. Одоо эхнэр хүүхэд маань түлэх түлээгүй, хоол ундгүй хэцүү байна, гэм буруугаа хүлээж байна Би дэлгүүрээс очиж, 1 шил 0.75 граммын архи авсан, ямар нэртэй архи байсныг нь сайн санахгүй байна. Хэрэг болдог өдөр би гэртээ ганцаараа байсан. Өдөр 12 цаг гээд нүүрсэнд явсан, тэгээд  20-30 минутын дараа гэртээ ирсэн, намайг нүүрсэнд явчихаад ирэхэд хүүхэд уйлаагүй байсан, тэгээд би архиа уугаад согтсон байсан, тэрнээс цааш мэдэхгүй байна би тасарчихсан байсан, тэгээд орой сэрсэн чинь би хүүхэд дээрээ уначихсан байсан. Би архи ууж, санамсаргүй байдлаар хүүхдээ гэмтээсэн байх гэж бодож байна Манай том хүү Хатнаа тэр тоглоомоор тоглож байгаад дүүгийнхээ дээрээс унагасан, тэгээд нүүр нь хөхөрчихсөн байсан, тэгээд би төмс тавьж хоносон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэмцээн дуусаад 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн бага хүү гэрийн хойморын орон дээр өлгийтэй хэвтэж байсан. З.Олзвой гэрийн зүүн орон дээр согтуу сууж байсан. Би хүүхдээ хөхүүлж, хуурайлах гэтэл хоёр нүд, хацар нь хөхөрчихсөн байхаар нь З.Олзвойгоос “хүүгийн нүүр яагаад хөхөрчихсөн юм бэ” гэхэд “ах нь нүүрэн дээр нь дон дон маамуу унагачихсан юм” гэж хэлсэн. Хүүхдээ хөхүүлэх гээд өлгийг нь задлахад манай хэвлийн орчим буюу хүйсний орчим нь хөхөрсөн байдалтай байсан. З.Олзвойгоос “хүүхдийн хэвлий яагаад хөхөрчихсөн юм бэ” гэхэд “ах нь дээр нь гишгэсэн” гэж хэлсэн. Хүүхдийн гар хөл нь татаад байхаар нь би айгаад хүүхдээ орон дээр хэвтүүлээд ээжийнхээ гэр рүү гүйж ороод хүүхдийнхээ байгаа байдлыг хэлэхэд ээж Байгалмаа түргэн тусламж дуудъя гэж хэлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж 12 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хүү Шинэбаярыг үзээд тархины яс цуурч цус их хурсан байна гэж хэлсэн. З.Олзвой архи уусан үедээ агсан согтуу тавиад байдаггүй, зүгээр унтаад өгдөг. Согтуу үедээ маргааш нь юу болсноо мэддэггүй. Том хүү Хатнаа уг тоглоомоор хааяа тоглодог, тоглохдоо дүүгээсээ хол тоглодог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн: “...2016 оны 11 сарын 15-ны үед намайг ээжтэй яваад орой гэртээ ирэхэд бага хүүхэд маань хойд орон дээр нүүр, ам хэвлийн дээд талд нь хөхөрчихсөн байдалтай байж байсан, тэгээд би мөөмийг нь өгөх гэсэн боловч мөөмөө идэхгүй, нүүр ам нь цонхийгоод уйлаад байсан. Тэгээд ээжид хэлээд түргэн дуудсан, тэр оройдоо түргэнээр хот яваад гэмтлийн эмнэлэгт 12 хоног эмчилгээ хийлгээд ирсэн. Толгой нь хүнд гэмтсэн байна гэсэн, одоо зовиур байхгүй. Эмнэлэгт хэвтэж байхад нэг их зардал гараагүй. Олзвойгоос нэхэмжлэх зүйлгүй …Би өглөө 08 цаг өнгөрөөж хүүхдээ хөхүүлээд гарахад хүүхдийн биеийн байдал зүгээр байсан, хөхрөлт няцралт байгаагүй. Орой 18 цагийн үед ирээд хүүхдээ хөхүүлсэн, тэр үед хүүхэд зүгээр байсан, тэгээд эцэг, эхчүүдийн тэмцээнд яваад орой 21 цаг өнгөрч байхад ирхэд Олзвой зүүн орон дээр согтуу унтаж байсан, хүүхэд хойд орон дээр хэвтэж байсан. Одоо биеийн байдал нь зүгээр, хоол унд өсөлт бойжилтод нь ямар нэг асуудал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг төлөөлж, мэргэжилтэн Э.Тулгын шүүх хуралдаанд өгсөн: “...Манай байгууллага дүүрэгт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ хэрэгт байгууллага төлөөлж оролцож байгаа Хүүхдийн Эрхийн тухайн хуулийн 5.1, 5.2-т заасан заалт, Хүчирхийлэлтэй тэмцэх хуулиудыг шүүгдэгч З.Олзвой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх хуулийн заалтуудыг харгалзан үзэж, хэргийг шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 204 дүгээр хуудас/

            …Гэрэлцэцэг уйлчихсан орж ирээд бага хүү Шинэбаяр хөхөрч, гар хөл нь татаад байна гэж хэлээд гараад явсан. Би Олзвойгийн гэрт ороход Гэрэлцэцэг хүүхдээ тэвэрчихсэн уйлаад зогсож байсан. Олзвой хоймрын орон дээр сууж байсан. Хүүхдийг харахад хүүхдийн нүүр царай нь хөхөрчихсөн байсан. Гэрэлцэцэг хүүхдээ аваад Уланбаатар хот руу явсан. Маргааш нь эмч нь гэх эмэгтэй хүн “та Гэрэлцэцэгийн ээж мөн үү, хүүхэд нь тархины хагалгаанд яаралтай орох шаардлагатай болоод байна, төлбөр 180.000 төгрөг хэрэгтэй, 10 цаг гэхэд бэлэн болгох шаардлагатай байна гэж утсаар ярьсан. Олзвойг үг дуу цөөтэй, сайн муу, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Х.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үүрэг гүйцэтгэх үед Эрүүл мэндийн төвд биедээ гэмтэл авсан нярай хүүхэд ирлээ гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад Гэрэлцэцэгийн Шинэбаяр гэх хоёр сартай эрэгтэй хүүхдийн хэвлий, нүүр хэсгээр цус хурж, хөхөрч хавдсан байдалтай эрчимт эмчилгээний тасагт дусал залгуулсан байдалтай байсан. Ээж Гэрэлцэцэгээ нь болсон явдлын талаар асуухад хүүхдээ нөхөр Олзвойн хамт үлдээгээд ээжтэйгээ хамт орц цэвэрлээд ирэхэд хүүхдийг минь ийм байдалтай болгосон байна гэсэн.  З.Олзвойг Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 3 дугаар гудамжны 3 тоот хашаанд байрлах гэрээс нь очиж авахад гэртээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай амнаас нь архины эхүүн үнэртэж байсан ба Цагдаагийн хэлтсийн 303 тоот өрөөнд биеийн байцаалтыг авахад бичиг үсэг мэдэхгүй гэсэн тул болсон үйл явдлын талаар ярилцахад “Шинэбаяр уйлаад гэдсэн дээр нь алгаараа цохиж бүүвэйлэхэд улам чангаар уйлаад байсан юм. Тэгэхээр нь нүүр рүү нь гараараа алгадсан гэж хэлснийг хэрэг бүртгэгчийн тэмдэглэл болгож авсан. Олзвой Шинэбаярыг манай хүү, хүүхэд гэж огт хэлэхгүй байсан. Зүгээр л нэг уйлсан хүүхдийн талаар ярьж байгаа юм шиг ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэрч А.Эрхэсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хатнаа гэх хүүхэд манай ангид хүмүүждэг. Хатнаа 2016 оны 11 дүгээр сарын 14, 15, 16-ны өдрүүдэд цэцэрлэгтээ ирсэн. Ер нь байнга ирдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шинжээчийн “...Г.Шинэбаярыг биед зүүн талд дагз, зулай ясны хугарал, тархины няцрал, нүүр, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.  Хохирогчийн нүүрэнд үүссэн гэмтэл нь гавал тархины гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 16316 тоот дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...З.Олзвой одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. Сэтгэцийн хувьд болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. З.Олзвой нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болно…” гэсэн 07 тоот дүгнэлт/хх-ийн 66-67 дугаар хуудас/

Гэрэлцэцэгийн Шинэбаярын яаралтай тусламж үйлчилгээний хэлтэст үзүүлсэн хуудас, өвчний түүх, амбулаторын картны хуулбарууд /хх-ийн 13-34 дүгээр хуудас/,

Гэрэлцэцэгийн Шинэбаярын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...З.Олзвой ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон хуудас…” /хх-ийн 84 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

           Шүүгдэгч З.Олзвой нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 3 дугаар гудамжны 3 тоот хашаанд байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, өөрийн төрсөн хүүхэд болох 2 сартай Г.Шинэбаярыг илэрхий биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж, “уйллаа” гэж шалтаглан уурлаж түүний нүүр болон хэвлийн хэсэгт гараараа цохиж зодон биед нь, дагз, зулай ясны хугарал, тархины няцрал, нүүр, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь гэрч Х.Энхцэцэгийн “...З.Олзвойтой болсон үйл явдлын талаар ярилцахад “Шинэбаяр уйлаад тэгэхээр нь гэдсэн дээр нь алгаараа цохиж бүүвэйлэхэд улам чангаар уйлаад байсан юм. Тэгэхээр нь нүүр рүү нь гараараа алгадсан гэж хэлснийг хэрэг бүртгэгчийн тэмдэглэл болгон тэмдэглэж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, Шинжээчийн “...Г.Шинэбаярыг биед зүүн талд дагз, зулай ясны хугарал, тархины няцрал, нүүр, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 16316 тоот дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Б.Байгалмаагийн “...Олзвой бага хүүгийнхээ хамт гэрийнхээ хоймрын орон дээр унтаж байсан бололтой байсан. Хүүхэд нь орон дээрээ унтаж байсан. …би хүүхдийг харахад хүүхдийн нүүр царай нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлцэцэгийн “...би өглөө 8 цагт гэрээс гархад хүүхэд ямар нэгэн гэмтэл байгаагүй… би орой ирээд хүүхдээ хөхүүлж хуурайлах гэтэл хоёр нүд, хацар нь хөхөрчихсөн байхаар нь өлгийг нь задлахад манай хүүхдийн хэвлийн орчим буюу хүйсний орчим нь хөхөрсөн байдалтай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүгдэгч З.Олзвойн “…дэлгүүрээс нэг шил архи аваад буцаад гэртээ ирэхэд бага хүү Шинэбаяр өлгийтэй гэрийнхээ хоймрын орон дээр унтаж байсан. Би дэлгүүрээс авсан архиа ганцаараа уусан. Тэгээд хүүхдээ уйлаад байхаар нь хүүхдийнхээ гэдсэн дээр зүүн гарынхаа алгаар бүүвэйлж байснаа санаж байна. Түүнээс хойш болсон үйл явдлыг огт санахгүй байна…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч З.Олзвойн шүүх хуралдаанд өгсөн “…уур хүрээд хүүхдээ цохисон гэж хэлсэн. Би буруугаа хүлээж байна…” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

  Шүүгдэгч З.Олзвой нь “…2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр том хүү Хатнаа цэцэрлэгтээ яваагүй дүүгийнхээ нүүрэн дээрээс дондогмаа хүүхэлдэй унагасан мөн гэдсэн дээр нь гишгэсэн…” гэж мэдүүлж байгаа нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Б.Гэрэлцэцэгийн “…2015 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 8 цагт гадагшаа явхад хүүхэд зүгээр байсан…” гэсэн мэдүүлэг, 4 настай хүү Хатнаа нь тэр өдөр гэртээ байгаагүй цэцэрлэгт байсан тухай гэрч А.Эрхэсийн “...Гэрэлцэцэгийн Хатнаа гэдэг хүүхэд манай ангид хүмүүждэг, 2016 оны 11 дүгээр сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Хатнаа цэцэрлэгтээ ирсэн...” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.  

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 16316 тоот шинжээчийн дүгнэлтийг шинжээч эмч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн, шинжилгээг бүрэн дүүрэн явуулсан, дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадаж байна.

Иймд дээрх дүгнэлт, мэдүүлгүүдийг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон, хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч З.Олзвой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь согтолтын зэргийг шалгасан тухай “...Зоригтбаатарын Олзвойн согтолтын зэргийг шалгахад 0,087% гарсныг тэмдэглэл болгон бичиж саатуулах байранд хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Олзвой нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүү болох 2 сартай Шинэбаярыг илэрхий биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж, шалтаг шалтгаангүйгээр буюу “уйллаа” гэж үл ялих зүйлээр шалтаглаж хүч хэрэглэн нүүр болон хэвлийн хэсэгт гараараа цохиж биед нь, дагз, зулай ясны хугарал, тархины няцрал, нүүр, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч З.Олзвой нь 2 сартай Шинэбаярыг биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж, танхайн сэдэлтээр хүч хэрэглэж бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь “...Би согтуу үедээ зодсон байж болно. Би согтуу байсан учраас өөрийнхөө юу хийснийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Энхцэцэгийн “…болсон үйл явдлын талаар ярилцахад “Шинэбаяр уйлаад тэгэхээр нь гэдсэн дээр нь алгаараа цохиж бүүвэйлэхэд улам чангаар уйлаад байсан юм. Тэгэхээр нь нүүр лүү нь гараараа алгадсан гэж хэлснийг хэрэг бүртгэгчийн тэмдэглэл болгон тэмдэглэж авсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн “…Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Хохирогчийн нүүрэнд үүссэн гэмтэл нь гавал тархины гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэв.

Иймд З.Олзвойг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт заасан танхайн сэдэлтээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчид гомдол саналгүй гэсэн ба шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзаж хуульд заасан хорих ялын доод хэмжээнд ял оногдуулж, чанга дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс яллагдагчаар үргэжлүүлэн цагдан хоригдож байгаад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж бусдын батлан даалтад авагдсан. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс бусдын батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаартай шүүгчийн захирамжаар үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд нийт 183 хоног цагдан хоригдож байгаа тул түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор байна.

Шүүгдэгч З.Олзвойд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус

удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Авгачин овгийн Зоригтбаатарын Олзвойг танхайн сэдэлтээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт зааснаар Авгачин овгийн Зоригтбаатарын Олзвойг долоон /7/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар З.Олзойд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугаар зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Олзвойн цагдан хоригдсон 183 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг мэдэгдсүгэй.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол З.Олзвойд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шүүгдэгч З.Олзвойд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Олзвойд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ         

                    ШҮҮГЧИД                                                  А.БЯМБАЖАВ

                                                                                      Б.БАЙГАЛМАА