Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/221

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2525000000159 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******,*******,,, Б ургийн овогт Б-гийн М /РД:********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэр *** хорооллын урд талын зам дээр хохирогч Н.Б-г нүүр рүү нь толгойгоороо мөргөж, толгойг нь доош нь дарж машины гупер мөргүүлж эрүүл мэндэд нь баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

      Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Б.М-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Би тэр өдөр Улаанбаатараас Булган аймаг руу явж байсан. Захын урд дөнгөж хүн буулгаад хөдлөх гэж байтал загнаад цааш яваад аюулгүйн тойргийн тэнд намайг шахаж зогсоосон, маргасан. Эрэгтэй нь ийшээ гарч үзье гээд намайг заамдаж боосон, эмэгтэй нь 2 цохисон. Би*******г нь заамдаж түлхтэл машины салхи зүсэгч рүү мөргөсөн. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан буруугаа хүлээж байна. Хохиролд 1,500,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

  

          - эрүүгийн 2525000000159 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

            -хохирогч Г.Б-гийн мэдүүлсэн...Би өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барагцаагаар 10 цаг 30 минутын үед өөрийн 19-20 ОРО улсын дугаартай Приус 30 маркийн машинаа жолоодоод эхнэр М-ийн хамт Хангайн бүс худалдааны төвийн урд замаар явж байтал саарал өнгийн Приус-30 маркийн машин замын 1-р эгнээнд зогсчхоод явахгүй байхаар нь би сигналдаад хажуугаар нь гараад явсан юм. Тэгтэл тус машин араас ирж намайг шахсан, мөн урд гарчхаад зам голлоод явахгүй байсан бөгөөд би хажуугаар нь гарч “чи яагаад байгаа юм бэ” гэтэл өөдөөс “яадаг юм” гээд маргалдсан. Тэгээд ****** худалдааны төв өнгөрөөд *** хорооллын урд зогссон бөгөөд тус машины жолооч нь намайг заамдаж аваад духаараа миний нүүр руу 1 удаа мөргөсөн. Тэгснээ намайг боож доош нь дараад машиныхаа гуперыг 1 удаа мөргүүлсэн юм. Тэгтэл миний баруун хөмсөгнөөс цус гарч эхэлсэн бөгөөд тэрээр намайг толгойгоороо мөргөхдөө тус гэмтлийг учруулсан юм. Би түүнийг цохиж зодоогүй бөгөөд танихгүй залуу байсан юм. Ийм л үйл явдал болсон... Би 2025 оны 02 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд энэ хэргийн улмаас ажлаа хийж чадаагүй тул тэр өдрүүдийн ажлын мөнгө болон “******* медикал” эмнэлэгт компьютер томограф толгойн зураг авхуулсан болон урагдсан куртикний мөнгө гэж нийт 2,000,000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн. Б.М нь үүнээс 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хохирлын мөнгө гэж миний Хаан банкны ********** тоот данс руу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг шилжүүлсэн...гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 6,  41-р тал/

       - гэрч Б.М-ийн мэдүүлсэн:.. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би нөхөр Г.Б-тэй хамт эмнэлэгт үзүүлчхээд хороолол руу харьж явахад ********* багт байрлах барааны захын урд талын авто зам дээр **-** УБЗ улсын дугаартай саарал өнгийн приус-30 маркийн машин зам чөлөөлөлгүй урд зогсоод хүн буулгахаар нь бид 2 гүйцэж түрүүлэх боломжгүй байсан болохоор 1-2 минут хүлээж ард нь зогсож байгаад хажуугаар нь гүйцэж түрүүлж гарахдаа цонхоо онгойлгоод манай нөхөр тэр үл таних машины жолоочид хандан “замаа чөлөөлөөч ээ “гэж хэлээд явсан. Гэтэл цаад талын аюулгүйн тойрог дээр бид 2-ыг явж байхад тэр машин араас гүйцэж ирээд элдэв үгээр хэлж доромжлон, хажуу талаас гэнэт орж ирээд урд гарч хаах маягтай яваад байсан. Тэгээд цаашлаад 6 дугаар микрийн гэрлэн дохио дөнгөж өнгөрөөд 7 дугаар хорооллын урд талд зогсоод манай нөхөр тэр машины жолооч 2 бууж чи зүгээр яваач яаж яваад байгаа юм, замаа чөлөөлөхгүй хүн буулгахаар чинь хажуугаар чинь зүгээр гараад явлаа гэсэн чинь “яаж явсан юм ал минь, зам дээр хүн буулгахаар яадаг юм” гэсэн. Тэгээд жаахан маргалдаж байгаа буцаж машиндаа суугаад цаашаа явж байтал *** хорооллын урд зам дээр ирээд хажуу талаас шахаад сигналдаад байхаар нь бид хоёр зогсоход тэр машины жолооч бууж ирээд манай нөхрийг элдэв үг хэлээр доромжилж, заамдаж авсан. Манай нөхөр архи согтууруулах ундаа уудаггүй, бусадтай хэрүүл маргаан хийдэггүй тайван хүн болохоор нь би арай ч бие биеэ цохихгүй байх гэж бодоод машиныхаа цонхыг онгойлгоод машиндаа сууж байсан чинь тэр хүн манай нөхрийг заамдаад татаж чангаагаад байхаар нь би буугаад очиход манай нөхрийг мөргөж цус гаргасан байсан. Энэ хүн анх барааны захын урд талын зам дээр таарснаасаа хойш араас дагаж яваад “халтайсан гөлөгнүүд, ал, нөхрийн чинь хамар руу мөргөсөн бол хамаргүй болох байсан юм чи нөхрөө хамартай байгаад нь баярла” гэж элдэв үгээр хэлсэн. Дараа нь нөхөр бид 2 эмнэлэг орж оёдол тавиулсны дараа цагдаагийн газар очиход тэр хүн эхнэртэйгээ хамт ирчхээд эхнэр нь хэрэг болох үед хамт байгаагүй байж нөхөр бид 2-ыг” халтайсан юмнууд, сэгсийчхээд хэдэн төгрөг аваад сурчихсан юм” гэж доромжилсон”... Манай нөхрийг татаж чангаагаад куртикийг нь урсан...Миний хувьд бол манай нөхрийн хөмсөг рүү мөргөөд цус гаргасан байхаар нь би уурлаж хүүе ээ чи яаж байгаа юм, хүнийг цус нөжтэй нь холиод гээд заамдсан байхад нь салгах гэхэд нэг гараараа намайг бас заамдахаар нь би чи тавиач би цагдаа дуудлаа гэсэн чинь цагдаа дуудахгүй гээд намайг тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-гэрч Б.Т-гийн мэдүүлсэн:..Би тухайн өдөр гэр хорооллын чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум ************ баг *** хорооллын урд зам дээр бусдад зодуулсан гэх дуудлагын дагуу очиход үл таних залуу миний хөмсөг рүү өргөчихлөө гээд хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би зодуулсан гэх залууг эхнэрийнхээ хамт Бүсийн оношилгоо эмчилгээний төв очоод боолт хийлгэ гэж явуулаад, зодсон гэх хүнийг цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн. Намайг очиход хохирогч гэх хүний хөмсөгнөөс нь цус гарчихсан, зодсон гэх приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн зодуулсан гэх хүнийг  машинтай явж байхад нь хажуу талаас нь шахаж орж ирээд ийшээ гараад үзчихье гээд байсан гэсэн. Тэгээд цаашаа яваад *********** багийн нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын урд талын зам дээр зогсоод тэр 2 жолооч буугаад зодсон гэх хүн нь шууд тухайн зодуулсан гэх хүнийг куртикнээс н заамдаж куртикийг нь урсан, мөн зодуулсан гэх хүн энэ жолооч миний хөмсөг рүү мөргөчихлөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-н 19-20-р тал/

         -Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-гийн  2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 374 дугаартай “...Г.Б-гийн биед баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-н 25-26-р тал/

 -Шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар мэдүүлсэн:....Тухайн өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэтэд ирсэн. Тэгээд найз охиныхоо ээж болох Нарантуяаг буудлаас аваад бараан зах руу хүргэж өгсөн. Урд талын зам дагуу буулгасан юм. Тэгтэл цайвар ногоон өнгийн приус 30 хойноос сигналдаад зогссон юм. Тэгээд хөдлөөд явж байсан чинь хажуугаар орж ирж шахаад цонхоо буулгаад наад руугаа шахаад зогсоодох гэхээр нь шахаад зогссон. Бууж ирээд яаж яваад байгаа пизда вэ гээд маргаан үүссэн.

Тухайн жолооч хоёулаа ийшээ гараад эр хүн шиг үзчихье гээд байсан. Тэгээд машиндаа суугаад ****** худалдааны төв рүү явж байсан чинь нөгөө машин чинь ахиж шахаж орж ирээд шороон зам дээр зогссон чинь бууж ирээд заамдаж аваад түлхээд миний машины ард гарсан би хоёр суганаас нь барьчихсан байж байсан чинь нэг эмэгтэй бууж ирээд миний нүүр лүү хоёроос гурван удаа цохисон. Тэгэхээр нь нөгөө боож байсан залууг гарыг нь салгах гээд түлхсэн чинь машины ар талын багажийн салхи зүсэгчийг хөмсгөөрөө очоод мөргөчихсөн...гэх мэдүүлэг /хх-н 38-39-р тал/

-Шүүгдэгч Б.М-ын хохирогчид учирсан хохиролд 1,500,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 50-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

           Шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 30 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум ********* баг Хангайн бүс худалдааны төвийн урд төв  замд автомашин жолоодож яваад зам дагуу зогсож хүн буулгах үед нь ард нь автомашинтай явж байсан хохирогч Б “замаа чөлөөлөөч” гэж хэлснээс үүдэн маргалдаж явсаар Б нь “ийшээ гарч үзье” гээд *********** багийн нутаг дэвсгэрт *** хорооллын урд талын замын хажууд зам шахаж зогсож машинаасаа бууж заамдалцаж Б.М нь Г.Б-г нүүр рүү нь толгойгоороо мөргөж, толгойг нь доош нь дарж машины гупер мөргүүлж баруун хөмсгөнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.М-ын үйлдлийн улмаас Г.Б-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хоорондоо хамаарал бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлж заасан.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.        

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

      Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.       

       Шүүгдэгч Б.М хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.  

          Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

          Шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.          

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, хохирогчид 1,500,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

-шүүгдэгч Б.М өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,

шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал,гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ.

Шүүгдэгч өөр санал гаргаагүй.

 

3. Хохирол төлбөрийн тухайд: 

Шүүгдэгч Б.М хохирогч Г.Б-д 1,500,000 төгрөг төлсөн, хохирогч  гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.А