| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0209/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/240 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан хийж,
Орхон аймгийн Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 2525000000190 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, 61 настай,*******,*******,*******,*******, урьд Эрдэнэт хот дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б ургийн овогт П-ийн Б /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** **-** тоотод байх А.Г-ын гэрт 2025 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн орчим хохирогч Ч.Ш-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, эрүү, баруун шуу, цээж, баруун сарвууны 4-р хурууны хумсны толио, баруун нүдний алимад цус хуралт, баруун хөмсөг, баруун шуу, зүүн тохойд зулгаралт’’ бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч П.Б-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Тэр өдөр нэг нутгийн Г-ынд золгох гэж орсон. Г.Д болон хүүхэд нь байсан. Цай уугаад сууж байхад Ч.Ш гуай орж ирсэн. Тэгээд “чи юунд энэ П.Б-г дуудсан юм, хорооллын эцэст шээс баастайгаа холилдоод хэвтэж байдаг байсан”гэсэн. Би дуугай сууж байсан чинь намайг нэг удаа ам руу цохисон, цус гарсан, би зөрүүлж цохисон. Хохирол төлбөрт 300,000 төгрөг өгсөн, нэг хонь өгөөрэй гэсэн. Ч.Ш гуайг би 82 настай гэж мэдэхгүй, барилддаг хүн байсан. Одоо өөрөө машин бариад явдаг хөнгөн шингэн тэнхлүүн хүн байдаг гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2525000000190 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Ч.Ш-ын мэдүүлсэн...Би 2025 оны 03-р сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн **-** тоотод хашаан дотор байдаг А.Г-ын гэрт ортол тухайн айлд Г.Д байж байсан. Тэгтэл гаднаас П.Б гэх зүс таних залуу согтуу орж ирээд надад агсам тавьж та энэ айлыг хашаанаасаа хөөсөн гэж байна лээ гэж хэлсэн. Тэгээд би П.Б-д хандан энэ айлын хүмүүстэй ярьж байхад чамд хамаагүй гэж хэлтэл П.Б үгийн зөрүүгүй намайг зодож цохисон. Тухайн үед Г.Д П.Б гэх залууг салгаж цагдаа дуудсан. Тэр үед П.Б гаднаас согтуу орж ирээд над руу агсан тавьж улмаар маргаан үүссэн. Тухайн үед би П.Б-г нэг ч удаа цохиж зодоогүй. Тэр үед П.Б гараа атгаж байгаад миний хоёр нүд рүү цохиж намайг өөрийгөө хамгаалах үед гарын шуу хэсэгт хэд хэдэн удаа цохисон...миний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас миний бие нааш цааш нь явсан зардал, эмчилгээний зардал гээд нийтдээ 500,000 төгрөг нэхэмжилж байна. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. ..Гэмт хэргийн улмаас сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, үүнтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11, 13-р тал/
-гэрч А.Г-ын “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өглөө Улаанбаатар хотоос ирсэн чинь охин Г.Д нь Ч.Ш, П.Б ах хоёр хоорондоо маргалдаад П.Б ах, Ч.Ш ахыг зодсон гэж хэлсэн. Ямар асуудлаас болж маргалдсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
-гэрч Г.Д-гийн “...2025 оны 03 дугаар сарын 02-ны нэлээн оройхон гэртээ хүүхдийнхээ хамт байж байсан чинь гаднаас П.Б ах орж ирсэн. П.Б ах аавтай золгох гэж ирсэн байсан. Тухайн өдөр аав А.Г нь Улаанбаатар хот руу золголт хийхээр явсан байсан. Ингээд П.Б ахад цай аягалж өгөөд сууж байсан чинь Ч.Ш ах гэрт орж ирсэн. Ч.Ш, П.Б ах нар хоорондоо золгоод юм яриад цай ууж сууж байгаад Ч.Ш нь П.Б ахыг “траншейнд амьдардаг байсан, хорооллын эцэс дээр шээсээ гоожуулаад тасраад уначихсан байсан, чи гуйлгачин биз дээ” гэж хэл амаар доромжилж байгаад П.Б ахыг гараараа цохиод авсан. Энэ үед П.Б ах уурлаад Ч.Ш ахыг гараараа хоёр удаа нүүр хэсэг рүү нь цохих үед би очиж тэр хоёрын дундуур ороод салгахад П.Б ах гараад явчихсан. Дахиж эргэж орж ирээгүй, Ч.Ш ах гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №394 дугаартай “...Ч.Ш-ын биед баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, эрүү, баруун шуу, цээж, баруун сарвууны 4-р хурууны хумсны толио, баруун нүдний алимд цус хуралт, баруун хөмсөг, баруун шуу, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24- 25-р тал/
-Шүүгдэгч П.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн:..2025 оны 03 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед А.Г-ын гэрт А.Г-тэйзолгохоор очсон чинь А.Г нь Улаанбаатар хот руу явсан охин Г.Д нь хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Ингээд би цай уугаад сууж байсан чинь тэдний хашаанд хамт байдаг Ч.Ш гуай ганцаараа согтуу байдалтай орж ирээд хажууд суусан. Ингээд хоорондоо золгоод сууж байсан чинь Ч.Ш нь намайг “траншейны хулгайч, өвгөнтөд байсан, чи энийг яах гэж дуудсан юм бэ” гэж Г.Д-д хэлсэн. Энэ үед би чимээгүй суугаад байж байтал Ч.Ш нь гараараа миний нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Ингээд би уурлаад гараад явчихсан. Маргааш нь би Ч.Ш-с уучлалт гуйх гээд гэрт нь орсон чинь намайг хутгална гээд олон юм яриад байхаар нь гараад явчихсан. Ч.Ш намайг түрүүлж цохисон, энэ үед би түүнийг зөрүүлээд цохисон юм. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулах болно, Хохирогчоос уучлалт гуйж түүнтэй уулзсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/
-Эрдэнэт хот дахь сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №56 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Нарангийн **-** тоот А.Г-ын гэрт 2025 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 23 цагийн орчим ороод сууж байхад нь гаднаас хохирогч Ч.Ш орж ирээд “траншейнд амьдардаг байсан, хорооллын эцэс дээр шээсээ гоожуулаад тасраад уначихсан байсан, чи гуйлгачин биз дээ,чи энийг яах гэж оруулсан юм бэ “ гээд нүүрэн тус газар нь цохиход нь зөрүүлэн гараараа 2 удаа нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, эрүү, баруун шуу, цээж, баруун сарвууны 4-р хурууны хумсны толио, баруун нүдний алимад цус хуралт, баруун хөмсөг, баруун шуу, зүүн тохойд зулгаралт’’ бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч П.Б-ын үйлдлийн улмаас Ч.Ш-ын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг,
2 дахь хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг...мэдсээр байж” гэж тус тус зааж тодорхойлсон.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг...мэдсээр байж” зодож хөнгөн гэмтэл учруулсан гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдсэн.
Хохирогч Ч.Ш өндөр настай боловч биеэ хамгаалах чадваргүй байсан, түүнийг П.Б “мэдсээр байж” зодсон гэх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна.
Зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй атлаа “өндөр настай хүн биеэ хамгаалж чадахгүй” гэсэн хийсвэр дүгнэлтээр хандаж зүйлчлэх нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.
Шүүгдэгч П.Б хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.
Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон. Уг гэмт хэргийг санаатай үйлдэж Ч.Ш-ын биед хөнгөн гэмтэл учруулсан.Ч.Ш өндөр настай хүн байгаа тул биеэ хамгаалах чадваргүй гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогчид хохирол төлсөн байна,цаашид нэхэмжлэх эрхтэй гэж,
-шүүгдэгч: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ,хохирол төлсөн байдал хэрэг гарахад хохирогчийн зүй бус үг үйлдэл нөлөөлсөн хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй дүгнэж гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч П.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: Болчимгүй юм хийсэн, гэмшиж байна. Торгууль оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Ч.Ш-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ургийн овогт П-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй,
2. Шүүгдэгч Б ургийн овогт П-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А