| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0126/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/137 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/137
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б,
Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга О.Баттүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн У-ын Б-д холбогдох 2428002510165 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч У.Б нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгаас Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хатан сэврэй” хүнсний дэлгүүрийн зүүн талд байх хатуу хучилттай авто замд улсын дугааргүй “Хэнсис” загварын мотоцикл жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”; в/ “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”; 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/ “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, түүний тээврийн хэрэгслээр зорчиж явсан У.Ө-ын амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч У.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаачийн ажил явдлын зардлыг энэ хэрэгт буруутай хүмүүсээс гаргуулж авмаар байна... Талийгаачийн ажил явдлын зардалд Б гэх хүн 3 сая орчим төгрөг өгсөн. Мөн тухайн осол болсон газарт зам тавьж байсан компанийн захирал нь гэх хүн болон өмгөөлөгч нь гэх хүмүүс ажил явдлын үеэр ирж уулзаад талийгаачийн ажил явдлын зардалд шаардлагатай бүх хөрөнгө мөнгийг гаргаж өгч талийгаачийн ажил явдлыг маш сайхан хийж өгсөн. Тухайн хүмүүсийн зүгээс уг осолтой холбоотой гарсан бүх зардлыг гаргаж хохирол төлбөр төлж барагдуулсан. Тухайн хэрэгтэй холбогдуулан хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаач эхнэр, хүүхэдгүй ганцаараа амьдардаг хүн байсан. Манай гэр бүлээс талийгаачтай хамт амьдарч байсан хүн байхгүй учраас сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Тэгэх шаардлага байхгүй гэж бодож байна.” (хавтаст хэргийн 34-35, 37 дахь тал)
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай компани Гурвансайхан хорооллын 1.2 километр, Солонго дэлгүүрийн уулзвараас Хүрмэн сум явах хатуу хучилттай автозамын засварын ажил 1 километр хийж гүйцэтгэсэн. Тухайн 1 километр замын автозамын хашлагыг хуулж зайлуулаад шинээр хашлага тавьж байсан. Тухайн хашлага солих ажлыг Д гэх хүнтэй гэрээ хийгээд туслан гүйцэтгүүлж байсан. Тухайн хашлага солих ажил хийж байсан хүмүүс нь манай үндсэн ажилчид биш Д гэх хүний багийн хүмүүс байсан. Манай компани олон ажилтангүй болохоор замын засварын ажил буюу хашлагыг солих ажлыг Д гэх хүнтэй гэрээ байгуулаад хийлгүүлсэн. Тухайн хашлага болон бусад шаардагдах материалыг манай компани хариуцан ажлын талбайд хүргэж өгдөг. Зам засварын ажил явагдаж байгаа хэсгийн зорчих хэсэгт бараа материал буулгах зөвшөөрөл аваагүй. Тийм зөвшөөрөл авах талаар мэдээгүй. Ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл авах талаар хэлж ярьсан зүйл байхгүй. Замын хашлагыг солихын тулд заавал зорчих хэсэгт байрлуулаад дараа нь утас татаж хэмжээ тавиад хэмжээний дагуу хашлагаа байршуулдаг. Бүх замын хашлага шинээр солих ажил тэгж хийгдэж байгаа. Тухайн үед ХАБ-ын үндсэн ажилтан байгаагүй. Тухайн үед хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилчдад өгч зуруулдаг байсан. Тухайн үед 30 метр тутамд замын зорчих хэсгийн хоёр талын захаар автозамын засварын ажил явагдаж байна гэсэн бичиглэлтэй мэдээлэх самбар байршуулсан байсан. Мөн уг осол болсны ертөнцийн зүгээр урд талд нь байх гурван замын уулзвар дээр баруун гар тийш эргэж явахыг заасан тэмдэг байршуулсан байсан.” (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Зам засварын тендерт оролцож тухайн тендерийн ялагч болж 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн засаг даргын орлогч Ц.Д-той гэрээ байгуулсан. Тухайн тендерийн ажлын зорилго нь 2024 оны 08 дугаар сард нийт нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас үүссэн замын эвдрэл гэмтлийг засварлах багц нэгжийн ажил байсан бөгөөд тухайн ажил нь Солонго дэлгүүрийн уулзвараас Хүрмэн сумын салах уулзвар хүртэлх зам засварын эвдрэл гэмтлийг засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн. Хугацааны хувьд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн ажлаа хүлээлгэж өгсөн. Тухайн осол болсны дараа талийгаачийн оршуулах зан үйлтэй холбогдуулж талийгаачийн ар гэр болон хууль ёсны төлөөлөгчтэй компанийн удирдлага болон миний бие биечилж уулзсан. Тухайн үед ямар туслалцаа хэрэгтэй байгаа талаар ярилцахад талийгаач эхнэр, хүүхэдгүй ах, дүү хамаатан садан цөөн учир мөнгөн туслалцаа үзүүлээч гэсний дагуу талийгаачийн оршуулгын зан үйлтэй холбоотой болон бусад холбогдон гарсан бүх зардлыг төлсөн. Хохирол төлсөн баримтыг баримтаар гаргаж өгнө.” (хавтаст хэргийн 50-51 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “У.Б-гийн биед тархи доргилт, зүүн мөр, дал, хэвлий, өгзөг, тохой, шуу, бугалга, баруун, зүүн чамархайд зулгаралт, баруун хөлийн 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. У.Бгийн биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 54-55 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач У.Ө-ын биед гавлын орой, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, зүүн 3-аас 6-р хавирганы хугарал, зүүн бугалга ясны хугарал, баруун сарвуу, баруун тохой, хэвлий, баруун гуя, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Талийгаач У.Ө нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул хохирлын зэрэг тогтоохгүй. Талийгаач биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. Талийгаач У.Ө нь орой, суурь ясны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан байна. Талийгаач У.Ө нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна.” (хавтаст хэргийн 57-66 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд “КК85021810” гэж хаяглан ирүүлсэн “С07627677, С07627649” хуруу шилний дугаартай цусны дээжээс 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.0 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 69-71 дэх тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл бүхий схем зураг, ослын газрын гэрэл зураг, бичлэг, жолооны лавлагаа, мэдээлэл, 8 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт, оролцогчдын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар улсын дугааргүй Хэнсим загварын мотоциклыг жолоодож явсан жолооч У.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;, гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь уг осол гарахад шууд нөлөөлсөн байна. Хариулт-2.Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл бүхий схем зураг, ослын газрын гэрэл зураг, бичлэг, ӨМАШХАГ/2024/71 дугаартай гэрээ, оролцогчдын мэдүүлэг, тэмдэг байрлуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар “...” ХХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4. Замын тэмдэг, гэрлэн дохио болон хөдөлгөөн зохион байгуулах бусад техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, дур мэдэн байрлуулах, өөрчлөх, авч хаях, мөн замын хөдөлгөөнд саад болох, халтиргаа, шарвалт үүсгэх, тээврийн хэрэгслийн дугуйн доороос шидэгдэх, дугуйг хагалж болзошгүй элдэв зүйлсийг зам дээр хаях, асгах, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэх, гудамж замд хог хаяхыг хориглоно. Тухайн аюул, саадыг бий болгосон хүн, хуулийн этгээд нь түүнийг нэн даруй арилгах, хэрэв боломжгүй бол бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч, цагдаагийн алба, эсхүл замын хяналт (ашиглалт, арчилгаа, хяналт шалгалт) хариуцсан байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээнэ. 27.4. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараахь үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах в/ барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол хаших, чиглүүлэх хэрэгслээр тусгаарлаж, тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд нэмэлт улаан буюу шар гэрэл тавьж анхааруулах; Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.4. зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах; 20.4.Энэ хуулийн 8.2.2-т зааснаас бусад тохиолдолд тухайн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын хөдөлгөөний зохион байгуулалт, урсгал, чиглэлийг өөрчлөх, хязгаарлах, хаахыг хориглоно; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн ажил гүйцэтгэгч байгууллагаас байрлуулсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан 1.21, 4.16, 4.1в тэмдгүүд нь Монгол Улсын MNS 4597:2014 Стандарт (Авто замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага), Монгол Улсын MNS 4596:2014 Стандарт (Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм)-ын шаардлагуудад нийцүүлэн хийгдэж, байрлуулагдаагүй байна. Дээрх заалтуудыг зөрчсөн нь уг осол гарахад шууд нөлөөлсөн байна. Хариулт-3.Улсын дугааргүй Хэнсим маркийн мотоциклыг жолоодож явсан жолооч У.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.7в заалтуудыг, ... ХХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4, 27.4.а, 27.4в заалтууд, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.4, 20.4 заалтууд болон Монгол Улсын MNS 4597:2014, MNS 4596:2014 стандартуудыг зөрчсөнөөс шалтгаалан уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.” (хавтаст хэргийн 87-89 дэх тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-27 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 102 дахь тал)
Хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 151-156 дахь тал)
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 129 дэх тал)
Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 52 дугаартай санал (хавтаст хэргийн 132-134 дэх тал)
Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 52 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 130-131 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй хэргийг заасан. Үйлчлүүлэгчийн зүгээс прокурорт хүсэлт гаргаж ялын талаар тохиролцсон. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан бодит зардал, төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг байдлаар илэрхийлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан түүний нотлох баримтаар нотлогддог.... гэх дүгнэлтийг,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь өнөөдрийн шүүх хуралдаанд “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийн нэр, томьёоллыг тодорхойлж мөн 2 дахь хэсэгт иргэний хариуцагч шүүх хуралдаан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг хуульчилж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие хавтаст хэргийн материалтай танилцсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдүүд болон иргэний хариуцагчаас нэхэмжилсэн ямар нэгэн хохирол, төлбөр байхгүй. Энэ талаар холбоотой бичгийн баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбар гаргах эрхтэй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дахин мэдүүлэг авсан. Энэ нь хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан байна. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон буяны ажлыг тодорхой хэмжээнд компанийн зүгээс хийж өгсөн. Мөн У.Б-гийн зүгээс 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан гэдэг тайлбар байдаг. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд хариуцагчийн зүгээс хариуцвал зохих хохирол төлбөр буюу хууль ёсоор хариуцах эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол, төлбөр байхгүй болохыг шийдэх тогтоолд дурдаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй, гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд У.Б нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгаас Даланзадгад сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хатан сэврэй” хүнсний дэлгүүрийн зүүн талд байх хатуу хучилттай авто замд улсын дугааргүй “Хэнсис” загварын мотоцикл жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”; в/ “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”; 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/ “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж, түүний тээврийн хэрэгслээр зорчиж явсан У.Ө-ын амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35, 37 дахь тал), гэрч С.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 57-66 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-71 дэх тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 87-89 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-27 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчийн болон иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл бүхий схем зураг, ослын газрын гэрэл зураг, бичлэг, жолооны лавлагаа, мэдээлэл, 8 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт, оролцогчдын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар улсын дугааргүй “Хэнсим” загварын мотоциклыг жолоодож явсан жолооч У.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дуғаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;, гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь уг осол гарахад шууд нөлөөлсөн байна... Улсын дугааргүй “Хэнсим” загварын мотоциклыг жолоодож явсан жолооч У.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.7в заалтуудыг ...зөрчсөнөөс шалтгаалан уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.” (хавтаст хэргийн 87-89 дэх тал) гэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч У.Бг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч У.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч У.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас У.Ө нь орой, суурь ясны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 153 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 57-66 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Б нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.Б-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч У.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас У.Ө нь орой, суурь ясны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдcон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн хүмүүсийн зүгээс уг осолтой холбоотой гарсан бүх зардлыг гаргаж хохирол төлбөр төлж барагдуулсан. Тухайн хэрэгтэй холбогдуулан хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаач эхнэр, хүүхэдгүй ганцаараа амьдардаг хүн байсан. Манай гэр бүлээс талийгаачтай хамт амьдарч байсан хүн байхгүй учраас сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Тэгэх шаардлага байхгүй гэж бодож байна.” (хавтаст хэргийн 34-35, 37 дахь тал) гэж мэдүүлж байх ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,200,000 төгрөг, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “...” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,436,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар тус тус мэдүүлснээс гадна хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 151-156 дахь тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч болон “...” ХХК нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул тухайн саналыг батлуулах хүсэлтэй байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. Дээрх хуулийн заалтыг үндэслэн прокурорын саналын хүрээнд шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь эрүүгийн хариуцлагын талаар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч нь миний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч найз маань өнгөрсөнд гүнээ харамсаж байна. Улсын яллагчаас санал болгосон ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгч У.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч У.Б-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь тэнсэгдсэн 2 (хоёр) жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний хариуцагч “...” ХХК нь 3,436,000 (гурван сая дөрвөн зуун гучин зургаан мянга) төгрөг, шүүгдэгч У.Б нь 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD-R 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн У-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь тэнсэгдсэн 2 (хоёр) жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD-R 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний хариуцагч “...” ХХК нь 3,436,000 (гурван сая дөрвөн зуун гучин зургаан мянга) төгрөг, шүүгдэгч У.Б нь 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ