Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 39

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цэрэнбаатар, М.Энхтөр нарт холбогдуулан яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж ирүүлсэн 201701070076 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                       Ц.Баясай

 Улсын яллагч                                        Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                            М.Энхтөр, Ж.Цэрэнбаатар нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Багануур-Ус ОНӨААТҮГ-т инженер ажилтай байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Борнууд овгийн  Мижидийн Энхтөр /РД:УГ80011015/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механик мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Багануур энерги” ХХК-д автын механик ажилтай байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар байрны 61 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн  Жүгдэржавын Цэрэнбаатар /РД:УГ84031712/,

Яллагдагчаар татах тухай тогтоолд дурдсанаар:

               Яллагдагч М.Энхтөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Ирмүүн Дэлгэрэх баарны гадна Ж.Цэрэнбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

              Яллагдагч Ж.Цэрэнбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Ирмүүн Дэлгэрэх баарны гадна М.Энхтөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хэлэлцэв. Үүнд:

       Шүүгдэгч Ж.Цэрэнбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

 2017 оны 04 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед гэртээ байж байтал дүү Энхбаатарын эхнэр Гансувд над руу залгаад Энхбаатар “ажлын хүмүүстэйгээ Ирмүүн-Дэлгэрэх бааранд архидаад байна” гэж хэлсэн. Намайг баар луу яваад орох гэтэл дүү Энхбаатар өөдөөс гарч ирсэн. Би дүүдээ хариач гэчихээд уруу татсан хүнд нь хэдэн үг хэлье гэж бодоод караокены өрөөнд ортол дүүтэй хамт ажилладаг Угтахбаяр, Энхтөр, Энхсайхан нар сууж байсан. Би Угтахбаярт “Та нар яах гэж хүн уруу татаад архи уугаад байгаа юм бэ” гээд хөл рүү нь хальт өшиглөхөд Энхтөр босч ирээд миний ардаас бариад намайг өрөөнөөс гаргаад “бидний архи уух чамд хамаагүй” гэхээр нь түүнийг заамдаж авахад Энхтөр ч намайг заамдсан. Би түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиход Энхтөр миний нүүр рүү тохойгоороо нэг удаа цохисон.  Энэ үйлдлээс болж миний хамрын яс хугарсан. Эмнэлэгт очиж хамрын ясыг засуулсан, хугарал нь эдгэрсэн. Нэхэмжлэх төлбөргүй. Би Энхтөрөөс уучлал гуйсан ба түүнд холбогдох гомдол санал байхгүй гэв.               

                                                                                /шүүх хуралдааны тэмдэглэл/

     Шүүгдэгч М.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

 Би 2017 оны 04 дүгээр сарын 28-ны орой 18 цаг болж байхад хамт ажиллдаг Энхсайхантай явж байтал манай ажлын Энхбаатар, Угтахбаяр хоёртой тааралдсан. Угтахбаяр “хэдүүлээ Ирмүүн-Дэлгэрэх баар орж ганц ганц пиво ууя” гэж хэлээд бид дөрөв хамт “Ирмүүн Дэлгэрэх” нэртэй бааранд орсон. Гэтэл Энхбаатарын эхнэр орж ирээд Энхбаатарыг явъя гэхэд тэр яваагүй. Эхнэр нь уурлаад гараад явсан ба удалгүй Энхбаатарын ах Цэрэнбаатар гаднаас орж ирээд “та нар хүүхэд уруу татаж архи уулаа” гээд Угтахбаяр луу дайрсан. Угтахбаяр босч ирээд буцаад түлхэгдээд суучихаар нь би Цэрэнбаатарыг цохичихлоо гэж бодоод босч очоод Цэрэнбаатарыг араас нь тэврээд өрөөнөөс гарч бид хоёр маргалдсан. Цэрэнбаатар эргэж хараад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Цэрэнбаатартай барьцалдаж аваад ноцолдсон. Тэр үед би Цэрэнбаатарыг тохойгоороо хамар луу нь цохисон байсан. Цэрэнбаатарын цохилтоос миний хамрын яс хугарч нүд хөхөрсөн гэмтэл учирсан ба эмнэлэгт очиж хамрын ясны хугарлыг засуулсан, эдгэрсэн. Бид хоёр бие биенээсээ уучлал гуйсан. Нэхэмжлэх төлбөргүй, гомдол саналгүй, харилцан эвлэрсэн гэжээ.  /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн  09шэ/133 тоот дүгнэлтэд:

  • Ж.Цэрэнбаатарын биед тархины доргилт, хамар ясны шинэ хугарал бүхий  гэмтлүүд тогтоогдлоо.
  • Уг гэмтэл нь шинэ гэмтэл.
  • Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  • Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрхи гэмтэл нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюулгүй.
  • Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 22 хуудас/

 

         Шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн  09шэ/129 тоот дүгнэлтэд:

  • М.Энхтөрийн биед хамар ясны шинэ хугарал, баруун болон зүүн гарын шуунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
  • Уг гэмтэл нь шинэ гэмтэл.
  • Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  • Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрхи гэмтэл нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюулгүй.
  • Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх 18 хуудас/

           М.Энхтөр, Ж.Цэрэнбаатар нарын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн баримтад хоорондоо эвлэрсэн, хохирол  төлбөргүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ. /хх 73-74 хуудас/

        Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Ж.Цэрэнбаатар нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед дүү Энхбаатарыг уруу татаж архи уулаа гэсэн сэдэлтээр Энхтөртэй маргалдаж түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиж хамар ясны хугарал, баруун болон зүүн гарын шуунд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан, М.Энхтөр нь “бидний архи уух чамд хамаагүй” гэж Цэрэнбаатартай маргаж нүүр лүүгээ цохиулсандаа уурлан түүний нүүрэнд нь тохойгоороо нэг удаа цохиж тархины доргилт, хамар ясны хугарал бүхий гэмтэл учруулсан зэрэг нь яллагдагч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн  09шэ/129  тоот, 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 09шэ/133 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

М.Энхтөр, Ж.Цэрэнбаатар нарыг хохирогчоор байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг нь гаргуулж бэхжүүлсэн, шүүгдэгч  Ж.Цэрэнбаатар, М.Энхтөр нар яллагдагчаар байцаагдахдаа хэн хэн нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байна. Гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус давхар батлагдсан болно. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл тодорхойлогдсон байна. Эдгээр нотлох баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, үйл баримтыг хангалттай нотолж хуулийн дагуу бэхжүүлэгдсэн байх тул хууль ёсны бөгөөд үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэлээ

Шүүгдэгч нар харилцан бие биенээ цохих үйлдэлдээ хувийн маргаанаас үүдэн шууд санаатай хандсан байна.  Ж.Цэрэнбаатар, М.Энхтөр нарын хамрын ясны хугарал, тархи доргилт зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт зэрэг гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэл мөн болохыг шинжээч дүгнэжээ.         

 Ж.Цэрэнбаатар, М.Энхтөр нарыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эмчилгээний төлбөр гараагүй, бие биенээсээ харилцан уучлал хүссэн, гомдолгүй харилцан эвлэрсэн тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн /хх73-74/ төдийгүй энэ тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлсэн байна. Шүүгдэгч нарын гэм буруутайд тооцогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдана. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тэдний хэн хэн нь урьд ял шийтгүүлж байгаагүй тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны баримтаар /хх-39, 43/ тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч М.Энхтөр, Ж.Цэрэнбаатар нарыг гэм буруутай этгээд хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болно.

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3, 295-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Борнууд овгийн  Мижидийн Энхтөр, Боржигон овгийн  Жүгдэржавын Цэрэнбаатар нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  Борнууд овгийн  Мижидийн Энхтөр, Боржигон овгийн  Жүгдэржавын Цэрэнбаатар нарыг тус тус эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Борнууд овгийн Мижидийн Энхтөрд холбогдох  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Боржигон овгийн  Жүгдэржавын Цэрэнбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  4. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Энхтөр, Ж.Цэрэнбаатар нарыг урьд авсан гадагш явж болохгүй баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  5.   М.Энхтөр, Ж.Цэрэнбаатар нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гэм буруутай этгээдүүд болон хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ОЮУНБАТ