Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

Н.*******ад холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

                            Даргалагч, шүүгч                 Д.Буянжаргал

                         Шүүгчид                               Г.Давааренчин                                  

                                                                           Б.Эрдэнэхишиг                                  

                                

                                    Оролцогчид:

                                            Прокурор                              Т.Нансалмаа

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2020/0166/Э индекстэй, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                   Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, ****** настай, ****эгтэй, ****** боловсролтой, цахилгаан ба ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* /РД: ********/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Хонгорморьт 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 139 тоотод байрлах өөрийн гэртээ согтуугаар эхнэр Б.*******г бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэн зодож, улмаар хутгаар хэвлийн тус газарт нь хутгалж /зэвсэг хэрэглэж/ биөд нь хэвлийн урд хананд хатгагдаж, хэвлийн хөндийд нэвтэрсэн ил шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Н.*******ад холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 202 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ад 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.*******ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс цонхны үнэ 120,950 /нэг зуун хорин мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжпэгч Т.Отгонсүрэнд нөхөн төлснийг дурьдсугай.

6. Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолоор Н.*******ад оногдуулсан 05 жил, 06 сарын хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доош татаж өгнө үү.

Н.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Хохирогчид нэн даруй эмнэлгийн болон цагдаагийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “..Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү..” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Н.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хүнд хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 05 жил 06 сарын хорих ял оногдуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг тоолж эхлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 222 дугаартай захирамжаар Н.*******ад холбогдох эрүүгийн хэргийн даргалагч шүүгчээр Ц.Амаргэрэлийг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт 5-12 жилийн хорих ял оногдуулж болохоор заасан тул гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хуулийн зохицуулалтад хамаарч байхад шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д “…шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан…” гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 202 дугаартай  шүүхийн шийтгэх тогтоолыг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн шалтгаанаар бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.       

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ