Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 41

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Болдбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601070267 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичиг                                           Ц.Баясай

Иргэдийн төлөөлөгч:                                  Б.Биндэръяа

Улсын яллагч:                                              Ж.Бүрэнжаргал

Хохирогч                                                   Ж.Дөлгөөнтөрх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:      Р.Жамсран                                        

Шүүгдэгчийн  өмгөөлөгч:                          Л.Ганганбарс, Ш.Энхмаа 

Шүүгдэгч:                                                  Б.Болдбаатар нар оролцов.

            Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, зураг зүйн багш мэргэжилтэй, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуульд зураг зүйн багш ажилтай, ам бүл 4, эхнэр Х.Сарангэрэл, 1-3 насны 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо 43 дугаар байрны 10 тоотод оршин суух, СЮ91091711 дугаарын регистертэй, ял шийтгэлгүй, Боржигин  овгийн Батболдын Болдбаатар

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.Болдбаатар нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны баруун талаар явж байхдаа Ж.Дөлгөөнтөрхтэй “мөнгөгүй архи авч чадахгүй” гэсэн асуудлаас болж хоорондоо маргалдан улмаар түүний шанаа руу гараараа нэг удаа цохиж, арагшаа толгойн ар хэсгээрээ цементен талбай дээр газар унахад нь цээжин дээр нь суугаад гараараа хувцасны энгэр хэсгээс нь зуурч, толгойгоор нь 2-3 удаа цемент мөргүүлэн зодож биед нь гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорхи  цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд Б.Болдбаатарын сэжигтнээр өгсөн: “…7 дугаар байрны дэргэд Дөлгөөнтөрх бид хоёр хоорондоо хэрэлдэж маргасан тэгэхдээ юунаас болж маргасанаа санахгүй байгаа юм. Тэгээд гэнэт миний дургүй хүрээд Дөлгөөнтөрхийн шанаа руу нь гараараа цохиход Дөлгөөнтөрх хойшоо саваад толгойгоороо газар унасан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Зарим үйл явдлыг санахгүй байна. Намайг Дөлгөөнтөрхийг цохиход Дөлгөөнтөрх яг л мод унаж байгаа юм шиг хойшоо чигээрээ толгойгоороо газар саваад унасан” гэсэн  мэдүүлэг /хх-130,131/

Шүүгдэгч Б.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Дөлгөөнтөрх архи авч өг гэсэн асуудлаас болж бид хоёр хоорондоо маргаж муудсан. Дөлгөөнтөрх эхлээд намайг заамдаж байгаад нүүрэнд цохиход би эргүүлж түүнийг цохих гэсэн боловч оноогүй. Дөлгөөнтөрх нь гараа тавиулах гэж байгаад өөрөө арагшаа савж унасан. Дөлгөөнтөрхийг газар унасан байхаар нь “босооч ээ” гээд түүнийг сэгсэрсэн. Би мөрдөн байцаалтын шатанд “Дөлгөөнтөрх мод шиг савж унасан” гэж мэдүүлэг өгсөн нь үнэн. Гэхдээ би тухайн үед сандарч, балмагдсан байсан учраас өөр мэдүүлэг өгсөн. Би өөрийгөө Дөлгөөнтөрхийг санаатай гэмтээсэн гэж бодохгүй байна...” гэв.

Хохирогч Ж.Дөлгөөнтөрх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Мөнгөлэй, Болдгэрэл, Болдбаатар, Мийгаа бид нар орцонд орж, нэг шил 0,75 граммын архи, 1 пиво ууцгаасан, үүнээс хойших зүйлийг би огт санахгүй байгаа. Орцноос гараад яаснаа санахгүй байгаа, учир нь би тухайн үед их согтсон байсан. Аав намайг дагуулж, хэрэг гарсан газар буюу 7 дугаар байрны гадаа аваачсан боловч би юу ч санаагүй. Би эмнэлэгт 2 сар хэвтсэн, 12 сарын дундуур аав ээжийгээ таньдаг болсон, одоо миний толгой өвддөг, байнга эм уудаг. Хэд хоногийн өмнөх утасны дугаараа ч санадаггүй. Толгойгоо л эмчлүүлэхийг хүсч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жамсрангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Би хэрэг гарах үед хөдөө байсан учраас хэргийн талаар мэдэхгүй. Хүү маань нэг үеэ бодвол бага багаар бие нь сайжирч, ой санамж нь сэргэж байна. Эмч нар 2-3 жилийн дараа ой ухаан нь 60-70 хувьтай сэргэнэ гэж хэлсэн. Одоо манай хүү 70 хувьтай группэд орсон. Манай хүү Монголд хоёр удаа гавал нөхүүлэх хагалгаа хийлгэсэн боловч амжилтгүй болж, нөхөөсөө буцааж авсан. Тиймээс гадагшаа явж гавал нөхүүлэх хагалгаа хийлгэхээр болсон. Bangkok улсаас хагалгааны 56.000.000 төгрөгийн үнийн санал 4 дүгээр сард ирсэн үүнийг нэхэмжилж байна. Болдбаатараас эмчилгээний зардалд нийт 3,400,000 төгрөг авсан...” гэв.

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ганцэцэгийн өгсөн: “...Миний хүү Дөлгөөнтөрх тархины хүнд хагалгаанд хоёр удаа ороод байгаа, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлгээс гараад хэвтрийн байдалтай байгаа. Дөлгөөнтөрхийн толгой байнга өвддөг, юу ярьж байгаагаа мэдэхгүй, хүн танихгүй, юм ярьж байгаа боловч хэл ам нь ээдрээд юу яриад байгаагаа мэддэггүй. Хагалгаанд орохдоо толгойныхоо үсийг хусуулсан байгаа. Тэгэхэд Дөлгөөнтөрх “за за мөнгө яаж олох бэ? за гарч үсээ засуулъя, таньд мөнгө байна уу? тамхи байна уу, гэх зэрэг яриа гаргадаг болоод байгаа. Хүний үгэнд орохгүй, гэртээ харья гээд нүцгэн гарч явах гээд байдаг гадаа хүйтэн байгааг ч мэдэхгүй байгаа. Дөлгөөнтөрхийг зодсон залууд гомдолтой байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 61/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Жаргалбаярын өгсөн: “...Би Болдбаатартай 1 жилийн өмнөөс найзалж байгаа харин Дөлгөөнтөрхтэй саяхан танилцсан. Мягмарсүрэн, Өлзийбуян бид гурав түрүүлээд явж байсан, ард Болдгэрэл, Дөлгөөнтөрх, Болдбаатар нар явж байсан. Тэгээд Мягмарсүрэн, Өлзийбуян бид гурав замын урд байдаг “Марал” нэртэй хүнсний дэлгүүр чиглээд зам хөндлөн гарах гээд Өлзийбуян бид хоёр Мягмарсүрэнгийн урдхан талд зэрэгцээд явж байхад араас Болдбаатар, Болдгэрэл, Дөлгөөнтөрх нарын нэг нь “хөөе” гээд дуудах шиг болсон эргээд харахад Мягмарсүрэн ард явж байсан. Тэгэхээр нь Мягмарсүрэн, Өлзийбуян бид гурав буцаад 7 дугаар байрны баруун талд очиход Дөлгөөнтөрх ухаангүй дээшээ хараад хэвтэж байхад Болдбаатар дээр нь суучихсан энгэрээс нь заамдчихсан байхад нь Болдгэрэл Болдбаатарын цээж рүү хөлөөрөө жийгээд холдуулж байгаа харагдсан. Болдбаатар нь Болдгэрэл рүү агсраад дайраад байхаар нь Өлзийбуян салгах гэхэд Болдбаатар Өлзийбуянгийн шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Болдбаатарын нүүрэнд Болдгэрэл цохиж гэмтэл учруулсан. Цагдаа ирэх хооронд Болдбаатар нь Болдгэрэлд агсам тавиад ноцолдоод газар унагаад дээр нь гарч суугаад байсан. Цагдаа ирэхэд Болдгэрэл Болдбаатарыг заамдаад цэцгийн мандал дээр дарчихсан байсан. Болдбаатар архи ууж байхдаа болон АТМ рүү ороход нүүр нь зүгээр байсан. Өлзийбуян бид хоёр архи уугаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64/

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Өлзийбуянгийн өгсөн: “...Би Болдбаатартай дотны найзууд юм. Мягмарсүрэн, Жаргалбаяр бид гурав зэрэгцээд алхаж байхад ард Болдгэрэл, Болдбаатар, Дөлгөөнтөрх нар зэрэгцэн алхаж явсан. Мягмарсүрэн, Жаргалбаяр, бид гурав төв зам хөндлөн гараад явж байтал ард хоёр хүн хэрэлдэж маргах чимээ гарахаар нь эргэж харахад Дөлгөөнтөрх, Болдбаатар хоёр хоорондоо заамдалцаад хэрэлдэж маргаад дэргэд нь Болдгэрэл 2-3 алхамын зайтай гараараа амаа дарсан байдалтай зогсож байсан. Болдгэрэл бөөлжөөд байсан учир амаа дараад байсан байх. Жаргалбаяр, Мягмарсүрэн бид гурав салчих байлгүй гээд хараад зогсож байтал Болдбаатар зүүн гараар заамдаж байгаад баруун гараараа Дөлгөөнтөрхийн нүүр лүү нэг удаа цохиход Дөлгөөнтөрх хойшоо саваад унахад Болдбаатар цээжин дээр нь гараад суусан байсан. Тэгэхээр нь бид гурав яваад очиж байтал Болдбаатар Дөлгөөнтөрхийг 2 гараараа заамдчихсан сэгсэрээд байсан. Бид гурвыг яваад очиход Болдгэрэл Болбаатарыг хөлөөрөө жийгээд Дөлгөөнтөрхийн дээрээс холдуулсан.  Тэгэхэд Болдбаатар босч ирээд Болдгэрэл рүү “чи муу юу юм бэ? хэнийг нь өмөөрөөд байгаа юм бэ?” гээд агсраад цохих гээд гараа далайлгахад Болдгэрэл нь Болдбаатарыг заамдаж байгаад угзраад 2 удаа унагаад Дөлгөөнтөрх рүү очсон. Тэгэхээр нь би Болдбаатарыг тайвшруулах гэтэл намайг цаашаа гээд гарынхаа араар нэг удаа намайг алгадсан. Тэгэхэд нь Мягмарсүрэн уурлаад гараараа Болдбаатарын нүүр лүү нэг удаа цохиход Болдбаатар газар унасан. Тухайн үед Мягмарсүрэн таягтай байсан юм. Болдбаатар босч ирээд Мягмарсүрэн рүү дайраад байсан. Цаана Болдгэрэл Дөлгөөнтөрхийн дэргэд байсан бөгөөд цус гарчихсан байна гэж хэлж байсан. Болдгэрэл Болдбаатарыг мөн л заамдаад зогсож байсан тэгэхгүй бол Болдбаатар хүн хүн рүү дайраад байхаар нь заамдаад цэцгийн мандал дээр дарчихсан байсан. Дөлгөөнтөрх ухаангүй хурхираад байсан. Дөлгөөнтөрх Болдбаатар нар нилээн согтуу байсан. Мягмарсүрэн, Болдгэрэл нар архи уусан боловч бага зэрэг халамцуу байсан. Болдбаатар АТМ-ээс гарч ирэхэд нүүр нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Болдгэрэлийн өгсөн: “...Би Болдбаатартай 10 жилийн нэг ангид сурч байсан. Бид тамхи авахаар орцноос гараад Болдбаатар мөнгө авна гээд бид хоёр хамт АТМ рүү ороод Болдбаатар мөнгө аваагүй. Тэгээд буудлын түц рүү чиглээд 7 дугаар байрны урдуур алхаж явахад Дөлгөөнтөрх, Болдбаатар бид гурвын урд Жаргалбаяр, Мягмарсүрэн, Өлзийбуян гурав явж байсан. Тэгээд 7 дугаар байрны баруун урд буланд би утсаар яриад явж байхад Жаргалбаяр, Мягмарсүрэн, Өлзийбуян нар зам хөндлөн гараад явж байгаа харагдсан. Миний дэргэд Дөлгөөнтөрх, Болдбаатар хоёр хоорондоо “чи муу юу гээд байгаа юм бэ?” гээд хэрэлдэж маргах шиг болохоор нь эргэж хараад та хоёр болиоч гэж хэлэх хооронд Дөлгөөнтөрх хойшоо саваад унахад Болдбаатар дээр нь унасан. Тэр үед би утсаа халаасандаа хийгээд очих хооронд Болдбаатар Дөлгөөнтөрхийн хэвлий дээр суучихсан хоёр гараараа заамдчихсан 2-3 удаа сэгсэрч байсан. Тэгэхэд Дөлгөөнтөрхийн толгой нь дагзаараа газар мөргөж байгаа харагдсан. Тэгэхээр нь гүйж очоод Болдбаатарын мөр лүү хөлөөрөө жийж унагасан. Дөлгөөнтөрхийн малгай нь толгойныхоо баруун талд уначихсан байхаар нь авахад газар цус болсон байсан. Дөлгөөнтөрх ухаангүй хурхираад байсан. Болдбаатар Өлзийбуянд агсам тавиад байсан. Болдбаатар нь Мягмарсүрэн рүү агсраад байхаар нь Мягмарсүрэн түүний нүүр лүү нэг удаа гараараа цохиход Болдбаатар газар унаад босч ирэхдээ дахиад дайраад байхаар нь би Болдбаатарыг заамдаж аваад 2-3 удаа угзарч газар унагаад дээр нь гараад суухад бас л агсраад байхаар цэцгийн мандал дээр дараад авсан. АТМ-ээс гараад явж байхад Дөлгөөнтөрх Болдбаатарыг ганц шил архи авчихгүй гэхэд нь Болдбаатар мөнгө байхгүй, байгаа мөнгөөрөө тамхи авах гэж байна гээд тэр хоёр хэрэлдэж маргалдсан. Жаргалбаяр, Өлзийбуян нар архи уугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 67-68/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: “...Би Болдбаатартай 1-9 анги хүртлээ нэг ангид сурч байсан. Өлзийбуян, Жаргалбаяр бид гурав 7 дугаар байрны баруун үзүүрт ирээд урагш эргээд зам хөндлөн явган хүний гарцаар “Марал” дэлгүүр лүү чиглээд замын голд явж байхад ард тас няс хийх чимээ гарахаар нь эргээд харахад Болдбаатар Дөлгөөнтөрхийн дээр нь гараад суучихсан куртикнийх нь захнаас хоёр гараараа зуурчихсан сэгсрээд толгойн ард дагзаар нь хоёр удаа газар мөргүүлсэн. Тэгэхэд тас няс хийх чимээ гарсан. Тэгэхээр нь Өлзийбуян, Жаргалбаяр хоёрт хурдан гүйж очоод салга гэж хэлсэн. Мөн Болдгэрэлийг хурдан салгаач гэж орилсон. Миний хөл хугархай таягтай учир удаан очсон. Өлзийбуян, Жаргалбаяр нарыг очиж байхад Болдгэрэл Болдбаатарыг Дөлгөөнтөрхийн дээрээс хөлөөрөө жийгээд унагаасан. Намайг Дөлгөөнтөрх дээр очиход Дөлгөөнтөрх ухаангүй, хурхирсан байдалтай хэвтэж байсан. Болдбаатар Өлзийбуянг нэг удаа алгадсан. Би тэр үед түргэн тусламж дуудаад, дараа нь цагдаад дуудлага өгсөн. Түргэн тусламж, цагдаа хоёр ирэх хооронд Болдбаатар хүн хүн рүү агсраад байхаар нь Болдгэрэл Болдбаатарыг заамдаж байгаад хоёр ч удаа дугтарч унагаасан. Болдбаатар над руу агсраад та нар намайг яагаад өмөөрөхгүй байгаа юм бэ гээд дайраад миний энгэрээс барьж аваад түлхэх гээд байхаар нь би гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон. Тэгээд би Өлзийбуян, Жаргалбаяр нарт хандаж Болдбаатарыг ав хөл хөндөх гээд байна гэж хэлсэн. Тэгэхэд Болдгэрэл Болдбаатарыг заамдаж аваад цэцгийн мандал дээр нуруугаар нь дараад өөрөө дээр нь дарчихсан хэвтэж байх үед нь цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-69-70/

Мөрдөн байцаалтад гэрч А.Мөнхжаргалын өгсөн: “...Өвчтөн Дөлгөөнтөрх нь тархины хүнд гэмтлийн дараах ойгүйдэлтэй эмчлэгдэж байгаа. Болсон үйл явдлаа огт санахгүй, тархины хатуу хальсан дээрх цусан хураа авах мэс засалд ороод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гараад 2016.12.14-ний өдрөөс мэдрэлийн тасагт хэвтээд 8 дахь хоногтоо эмчлүүлж байна. Одоогийн байдлаар өвчтөн Дөлгөөнтөрх мэдүүлэг өгөх чадваргүй, хурц ойгүйдлийн дараах байдалтай байна. Ухамсарт ухаан саруул боловч болсон явдлын талаар ярилцлага хийхэд үйл явдлаа санахгүй. Дөлгөөнтөрх нь 3-6 сарын хугацааны дараа тархи хамгаалах сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тархины эмэгшил илрүүлэх тестээр шалгахад далд хэлбэрийн тархины эмэгшил илэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-80-81/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №15457 дугаартай актын: “Ж.Дөлгөөнтөрхийн биед гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэрэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-107/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн “...Хохирогч баруун талаараа хойш савж унахад хүнд гэмтэл учирч болно. Хохирогчийн баруун чамархай яснаас суурь яс баруун зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн хугарал учирсан байна. Тархины няцрал цус хуралт учирсан байна. Хохирогчийн дагз хэсэгт гэмтэл учраагүй байна. Толгойн баруун хэсэгт хүч үйлчлэх буюу мөргүүлэх, мөргөх, баруун хэсэгт хатуу мохоо зүйлээр цохигдох тохиолдолд дээрх гэмтэл учирна. Хохирогчийг үзэж байхад зовиураа хэлж чадахгүй, ухаан санаа саруул бус байсан. Хохирогч эдгэрэх эсэх, хөдөлмөрийн чадвар сэргэх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй, удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай” гэсэн  мэдүүлэг /хх-110-111/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ¹6811 дугаартай актын “Хохирогч Ж.Дөлгөөнтөрхийн өмсөж явсан хар хүрэм 22 см татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан уранхай байна. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд гарсан 22 см-ын уранхай нь зуралдах үед татаж чангаах явцад гарсан байж болно” шинжээч Б.Галбадрах гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-84/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн №9696 дугаартай актын: “Дөлгөөнтөрхийн гэх цус В/III/бүлгийн харъяалалтай байна” гэсэн шинжээч эмч Ц.Бямбадорж  гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-97/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн №9698 дугаартай актын: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэх цус мэт зүйл дээр илэрсэн. Энэ нь В /III/бүлгийн харъяалалтай байна” шинжээч Ц.Бямбадорж гэсэн шинжээчийн дүгнэлт  /хх-90/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 19-ний өдрийн №9693 дугаартай актын: ”Шинжилгээнд ирүүлсэн Б.Болдбаатарын гэх цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрч, согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 93/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ¹09 дугаартай актын “Хохирогч Ж.Дөлгөөнтөрх нь тархины гэмтлийн дараах хам шинж, өмнөх хойтох ойгүйдэл, зан төрхийн өөрчлөлт, сэтгэцийн эмгэг өвчтэй байна. Уг сэтгэцийн өвчин нь хэргийн бодит байдлын талаар мэдүүлэг өгөхөд нөлөөлнө. Хохирогч Ж.Дөлгөөнтөрх нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болно” гэсэн дүгнэлт /хх-113-115/

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №299 дугаартай “ Ж.Дөлгөөнтөрх нь Тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь олдмол эмгэг болно. Ж.Дөлгөөнтөрх нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна” тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Дэжидмаа, С.Одонгэрэл, их эмч Я.Ганхүү гэсэн дүгнэлт /2 дугаар хх-н 248/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Цементэн гадаргуутай талбай байв. Уг талбайн урд байрлах цэцгийн мандлаас ертөнцийн зүгээр зүүн 7 метрт 7 дугаар байрны баруун урд булангаас ертөнцийн зүгээс урагш 7 метр 15 см зайд цементэн талбай дээр цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг гэрэл зургын аргаар бэхжүүлж авав” гэжээ. /х-н 3/

Хэрэг учралын газрыг харуулсан гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 4-5/

Б.Болдбаатар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 135/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

    Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн хохирогчийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ахлах зэргийн шинжээч эмч Г.Энхбаатарын гаргасан №15457 дугаартай дүгнэлт, хохирогчийн өмсөж явсан хувцсанд мөр судлалын шинжилгээ хийсэн ахлах шинжээч Б.Галбадрахын гаргасан №6811 дугаартай дүгнэлт, биологийн шинжилгээ хийсэн шинжээч Ц.Бямбадоржийн гаргасан №9696, №9698 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Болдбаатарын цусанд химийн шинжилгээ хийсэн шинжээч Б.Ламчингийн гаргасан №9693 дугаартай дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №299 дугаартай дүгнэлт нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан, хууль ёсны шаардлагыг хангажээ.       Харин Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ¹09 дугаартай дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

      Шүүгдэгч Б.Болдбаатар нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байрны баруун талаар явж байхдаа “хохирогч Ж.Дөлгөөнтөрхийн архи авч өг” гэж хэлснээс болж тэд хоорондоо маргалдаж, харилцан бие биенээ заамджээ. Улмаар Б.Болдбаатар нь баруун гараараа Дөлгөөнтөрхийн шанаа руу нэг удаа цохиход тэрээр арагшаа цементэн талбай дээр дээш харан унахад дээр нь суугаад гараараа хувцасны энгэр хэсгээс нь зуурч сэгсрэн, толгойг нь 2-3 удаа цемент мөргүүлэх зэргээр зодож бие махбодид нь гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь:

-Шүүгдэгч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11 сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн ”...би тухайн үед нилээн согтуу байсан учраас Дөлгөөнтөрхтэй юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд гэнэт миний дургүй хүрээд Дөлгөөнтөрхийн шанаа руу нь гараараа цохиход Дөлгөөнтөрх хойшоо саваад унахдаа яг л мод унаж байгаа юм шиг хойшоо чигээрээ толгойгоороо газар саваад унасан” гэсэн  мэдүүлэг /хх-130-131/,

- Гэрч Б.Жаргалбаярын мэдүүлсэн “...Араас нэг нь “хөөе” гээд дуудах шиг болохоор нь бид гурвыг яваад очиход Дөлгөөнтөрх ухаангүй дээшээ хараад хэвтчихсэн,  Болдбаатар нь Дөлгөөнтөрхийн дээр суучихсан энгэрээс нь заамдаад байж байхад Болдгэрэл Болдбаатарын цээж рүү хөлөөрөө жийгээд холдуулсан. Болдбаатар нь бид нар луу агсраад дайраад байсан..” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64/

-Гэрч Т.Өлзийбуянгийн мэдүүлсэн “...Болдбаатар зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа Дөлгөөнтөрхийн нүүр лүү нэг удаа цохиход Дөлгөөнтөрх хойшоо саваад унахад Болдбаатар цээжин дээр нь гарч суугаад Дөлгөөнтөрхийг 2 гараараа заамдаад сэгсрээд байсан. Болдгэрэл Болбаатарыг хөлөөрөө жийгээд Дөлгөөнтөрхийн дээрээс холдуулсан. Тэгэхэд Болдбаатар босч ирээд хүн хүн рүү дайраад агсраад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/

-Гэрч Э.Болдгэрэлийн мэдүүлсэн “...Би эргэж хараад та хоёр болиоч гэж хэлэх хооронд Дөлгөөнтөрх хойшоо саваад унахад Болдбаатар Дөлгөөнтөрхийн хэвлий дээр суучихсан хоёр гараараа заамдчихсан 2-3 удаа сэгсэрч байсан. Тэгэхэд Дөлгөөнтөрхийн толгой нь дагзаараа газар мөргөж байгаа харагдсан. Би  Болдбаатарыг хөлөөрөө жийж унагасан. Дөлгөөнтөрхийн малгай нь толгойныхоо баруун талд уначихсан байхаар нь авахад газар цус болсон байсан. Дөлгөөнтөрх ухаангүй хурхираад байсан. Болдбаатар нь бид нар луу агсраад дайраад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 67-68/

- Гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлсэн “...Бидний ард тас няс хийх чимээ гарахаар нь эргээд харахад Болдбаатар Дөлгөөнтөрхийн дээр нь гараад суучихсан куртикнийх нь захнаас хоёр гараараа зуурчихсан сэгсрээд толгойн ард дагзаар нь хоёр удаа газар мөргүүлэхэд тас няс хийх чимээ гарсан. Болдгэрэл Болдбаатарыг Дөлгөөнтөрхийн дээрээс хөлөөрөө жийгээд унагаасан. Дөлгөөнтөрх ухаангүй, хурхирсан байдалтай хэвтэж байсан. Болдбаатар хүн хүн рүү агсраад дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 69-70/

-Ж.Дөлгөөнтөрхийн биед “гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэрэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий” амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авсныг тогтоосон №15457 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-107/

-Шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн “...Хохирогч баруун талаараа хойш савж унахад хүнд гэмтэл учирч болно. Хохирогчийн баруун чамархай яснаас суурь яс баруун зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн хугарал, тархины няцрал цус хуралт учирсан байна. Толгойн баруун хэсэгт хүч үйлчлэх буюу мөргүүлэх, мөргөх, баруун хэсэгт хатуу мохоо зүйлээр цохигдох тохиолдолд дээрх гэмтэл учирна” гэсэн  мэдүүлэг /хх-110-111/,

-Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №299 дугаартай “ Ж.Дөлгөөнтөрх нь Тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь олдмол эмгэг болно. Ж.Дөлгөөнтөрх нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна” тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Дэжидмаа, С.Одонгэрэл, их эмч Я.Ганхүү гэсэн дүгнэлт /2 дугаар хх-н 248/

-Хохирогч Ж.Дөлгөөнтөрхийн өмсөж явсан хар хүрэм нь татаж чангаах хүчний үйлчлэлээр ханзарч урагдсан болохыг тогтоосон ¹6811 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-84/

 

-Шүүгдэгч Б.Болдбаатарыг дунд зэргийн согтолттой байсныг тогтоосон №9693 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 93/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Болдбаатар нь хохирогчийг зодсон үйлдэлдээ болон гэмтээсэн үр дагавартаа шууд санаатай хандсан нь хохирогчид идэвхитэй үйлдлээр хүч хэрэглэсэн тухай Б.Болдбаатарын сэжигтнээр өгсөн гэнэт миний дургүй хүрээд Дөлгөөнтөрхийн шанаа руу нь гараараа цохиход Дөлгөөнтөрх хойшоо саваад унахдаа яг л мод унаж байгаа юм шиг хойшоо чигээрээ газар саваад унасан гэсэн мэдүүлэг, “Болдбаатар зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа Дөлгөөнтөрхийн нүүр лүү нэг удаа цохиход Дөлгөөнтөрх хойшоо саваад унасан. Болдбаатар Дөлгөөнтөрхийн цээжин дээр нь гарч суугаад куртикний захаас зуураад дагзаар нь 2 удаа сэгсрээд газар мөргүүлсэн” талаар мэдүүлсэн гэрч Б.Жаргалбаяр, Т.Өлзийбуян, Э.Болдгэрэл, Б.Мягмарсүрэн нар мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Болдбаатар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь №9693 дугаартай шинжээчийн дүгнэлт болон драгер үлээлгэж шалгасан баримт зэргээр /хх-н 5, 93/ тогтоогдов.

            Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч, хохирогч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ. Мөн хэрүүл, маргааныг хохирогч эхэлж үүсгэсэн нь гэрч Болдгэрэлийн мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос энэ гэмт хэргийг хувийн сэдэлтээр үйлдэгдсэн гэж дүгнэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.Болдбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Болдбаатар нь шүүх хуралдаанд “Ж.Дөлгөөнтөрх нь өөрөө арагшаа савж унахаар нь би түүнийг босгох зорилгоор хувцаснаас нь татаж сэгсэрсэн” гэж маргасан нь дараах байдлаар няцаагдаж байна.

Үүнд шүүгдэгч Б.Болдбаатар нь хохирогч Дөлгөөнтөрхийг заамдаж байгаад гараараа нүүрэнд нь цохиж, хойшоо савж унахыг харсан гэрч Өлзийбуянгийн мэдүүлэг мөн тас няс хийх чимээ гарч, улмаар Болдбаатар Дөлгөөнтөрхийн хэвлий дээр сууж, хувцасны энгэрээс нь заамдаж байгаад дагзаар нь газар мөргүүлэн сэгсэрч байсныг болон Болдбаатарын энэ үйлдлийг таслан зогсоохоор очиход хүн хүн рүү дайран агсарч байсныг харсан гэрч Жаргалбаяр, Өлзийбуян, Болдгэрэл, Мягмарсүрэн нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Б.Болдбаатар нь хохирогч намайг эхэлж цохьсон гэх боловч энэ үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Ж.Дөлгөөнтөрх болон түүний хууль ёсны төлөөлөгч Жамсран нарыг хамт шүүх хуралдаанд оролцуулсан нь хууль зөрчсөн гэж маргажээ.

Хохирогч Ж.Дөлгөөнтөрх нь тархиндаа амь насанд аюултай хүнд гэмтэл авсны улмаас тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэлд орж, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгүүд, Ж.Дөлгөөнтөрхийн өвчний түүх зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тэрээр хохирогч Ж.Дөлгөөнтөрх нь шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Харин түүний хууль ёсны төлөөлөгч Р.Жамсран нь зөвхөн Ж.Дөлгөөнтөрхийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зардлын  талаархи нэхэмжлэл гарган оролцсон болно. Иймд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хэргийн талаар мэдүүлдэггүй бөгөөд тэдгээрийг хамт шүүх хуралдаанд оролцуулснаараа шүүгдэгч болон хохирогч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй юм.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүх сэтгэц эмгэг судлалын №299 дугаартай дүгнэлтийг ямар шинжээч эмч нар гаргасан нь тодорхойгүй, шинжээч нь мөрдөн байцаагчийн сүүлийн 2 асуултад хариулаагүй” гэж маргав.

Мөрдөн байцаагчийн “Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол”-д дурдагдсан “хохирогч Дөлгөөнтөрх хэрэг хариуцах чадвартай эсэх” тухай 3 дахь асуулт нь хэрэгт ач холбогдолгүй асуулт тавигдсан байна. Учир нь хэрэг хариуцах чадвар нь хохирогч бус шүүгдэгчид хамааралтай ойлголт юм. (2 дугаар хавтас хэргийн 244 дүгээр тал)

Мөн “шинээр илэрсэн нөхцөл байдлыг тусгах” гэсэн 4 дэх асуултад шинжээч хариулаагүй нь хэргийн нөхцөл байдал болон хэргийг нотлох ажиллагаанд нөлөөлөхгүй юм.

Мөн уг дүгнэлтийг Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн тэргүүлэх зэрэгтэй 2 эмч, их эмч 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлт нь ойлгомжтой, эргэлзээгүй, хууль ёсны байх шаардлагыг бүрэн хангасан гэж шүүх дүгнэж үзсэн болно.  

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 135 хуудас/ тогтоогдсон болно.

   Энэ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Жамсрангийн шүүх хуралдаанд өгсөн “хүү Дөлгөөнтөрхийн эмчилгээний зардалд баримтаар 2.500.000 төгрөг гарснаас шүүгдэгч талаас 3.400.000 төгрөг төлсөн, цаашид хийгдэх хагалгааны зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг болон хохирол төлсөн баримт /1 дүгээр хх-н 183, 2 дугаар хх-н 61/ зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.Болдбаатарыг хохирогчид одоогоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарахаар байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс Б.Болдбаатарт ял оногдуулахдаа хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан материаллаг хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хэмжээгээр төлснийг болон энэ үйлдэлд хохирогчийн архидан согтуурч, архины мөнгө нэхэж, маргасан буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь хамт олны итгэл хүлээсэн, хөдөлмөрч зантай зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримталж, ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Болдбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нийт 69 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус

удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овгийн Батболдын Болдбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овгийн Батболдын Болдбаатарыг 5 /таван/ жил, 1/нэг/сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Болдбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Болдбаатар нь хохирогчид 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн эмчилгээний зардал төлснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Болдбаатарын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  6. Б.Болдбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Болдбаатарын урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Болдбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ОЮУНБАТ         

                  ШҮҮГЧИД                                         Б.БАЙГАЛМАА

                                                                           А.БЯМБАЖАВ