Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

                                         Б.*******т холбогдох  

                                              эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                             Т.Дэлгэрсайхан /цахим /

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжийг эс  зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2033000820059 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан уул аймагт төрсөн, 32 настай боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* овогт *******гийн ******* /РД:ТД88090417/

 

Холбогдсон хэргийн талаар: Б.******* нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шагжийн тохой“ гэх газраас иргэн Д.*******ийн эзэмшлийн 20-06 ДАР улсын дугаартай Тоёота ланд крузер прадо маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч яван иргэн М.*******д 980.000 төгрөгийн, Д.*******т 3.750.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.*******т холбогдох хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1. Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох 2033000820059 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй.хэргийн хамт СД-1 ширхэгийг прокурорт хүргүүлсүгэй....” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэлдээ:

 “...Шүүх хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан бөгөөд 2020/ШЗ/112 дугаартай захирамжинд “Яллагдагч Б.*******ын хувийн байдлыг бүрэн тогтоож ирүүлээгүй ба шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорт буцаах нь зүйтэй” гэж тодорхойлсон нь ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийн прокурорт буцаасан болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар бичигдсэн байна.

Нөгөөтэйгүүр шүүхээс яллагдагч Б.*******ын хаяг тодорхойгүй, хаягжуулах шаардлагыг захирамжид дурьдсан байх бөгөөд энэ нь хуульд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийн прокурорт буцаахаар хуульчилсан. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т “мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно гэжээ.

Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар хэсэг, 22-27 дугаар бүлэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг биш Улсын бүртгэлийн байгууллага хийж гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажлыг мөрдөгч, прокуророор хийлгэхээр буцаасан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд улсын бүртгэлийн байгууллага нь нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлтийн үйл ажиллагааг хөтлөх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдийн бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана гэж заасан бөгөөд тусгай чиг үүрэг бүхий байгууллагын хэрэгжүүлэх ажиллагааг мөрдөгч, прокуророос хийж гүйцэтгэх ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд эрүүгийн хэрэгт гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нотлосон байх шаардлагыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж тухайн гэмт хэргийг ТД88090417 регистрийн дугаартай ******* овогтой ******* нь үйлдсэн болохыг тогтоосон.

Б.*******ын хаяг болон бусад хувийн нууцтай холбоотой мэдээлэл баримтыг гаргуулахаар прокурорын зөвшөөрлөөр Улсын бүртгэлийн байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдээлэл гаргуулахад ******* овогтой ******* нь иргэний үнэмлэх аваагүй талаар 58 дугаартай албан бичгээр ирсэн нь хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэл баримт бичиг гаргуулан авах ажиллагаа хийгдэхэд яллагдагч нь иргэний улсын бүртгэлд бүртгэлгүй, бүртгүүлээгүй байгаа нөхцөл байдал нь мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй, мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хийж гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй болно.

Мөн Улсын Бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар улсын бүртгэлийг хийхдээ тодорхой нотлох баримтад үндэслэж хийхээр заасан бөгөөд яллагдагч Б.******* нь тэнэмэл, тодорхой оршин суугаа хаяг, үл хөдлөх хөрөнгө байхгүй, өвлийн цагт Осор гэгчтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр байрны хонгилд, хавар, зун, намрын цагаар хөдөөгөөр явж ногоо, тарианы болон бусад ажил эрхэлдэг талаар баримтууд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Б.*******ын өгсөн “...Би тодорхой оршин суух хаяг байхгүй, үл хөдлөх хөрөнгө болон, газар байхгүй тул улсын бүртгэл бүртгэхээс татгалздаг, намайг хорих ангид байхад хорих ангийн захиргаанаас хаягжуулах талаар албан бичиг хүргүүлэхэд тодорхой оршин суух хаяг байхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан...” гэх тайлбар мэдүүлгээр, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1597 дугаартай албан бичгээр /албан бичгийг  эсэргүүцэлд хавсаргав/ Б.*******ыг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Б.******* нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр 06-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  Дархан-Уул аймаг дахь дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 51/а дугаартай тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил, 06 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан бөгөөд тухайн гэмт хэрэгт холбогдох үед ч мөн хаягийн бүртгэлд бүртгүүлээгүй байсан нь шийтгэх тогтоолд “...Дархан сумын 9-р баг 4-1 байрны 10 дугаар орцны жижүүр...”, “...Дархан сум 10 дугаар баг 4.4 байрны хажуугийн траншейнд оршин суух...” гэх зэргээр дурьдагдсан байна.

Шүүгчийн захирамжинд “...яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг бөгөөд хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй байна.

Шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг эдлүүлэхдээ тухайн хүний иргэний үнэмлэхний хаягаар оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлдэг. Нөгөө талаас иргэний нэхэмжлэгч Д.*******т учирсан 3.750.000 төгрөг, иргэний нэхэмжпэгч М.*******д учирсан 980.000 төгрөгийг төлүүлэх талаарх шүүхийн шийдвэрийг хаана оршин суудаг нь тодорхойгүй хүнээс гаргуулах ямар ч боломжгүй юм...” гэх шүүхийн шийдвэр гарсны дараа гарч болох нөхцөл байдлын талаар дурьдсан нь үндэслэлгүй байна. Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээлийг олж тогтоон шудрагаар ял оногдуулах үндсэн зорилттой бөгөөд тухайн этгээдэд оногдуулсан ял шийтгэлийг биелүүлэх ажиллагаа нь биелэгдэх боломжүй байгаа тохиолдолд тухайн үедээ зохицуулсан хууль журмын дагуу шийдвэрлэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа бөгөөд шүүхийн зүгээс яллагдагчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар тодорхой хугацаа зааж гэмт хэргийн хор уршгийг арилгах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх буюу нотлох баримтаа бүрдүүлэн оршин суугаа хаягаа улсын бүртгэлд бүртгүүлж, цахим үнэмлэх авахыг үүрэгжүүлэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх бүрэн боломжтой байна.

Иймд Б.*******т холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй бопгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зуйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Б.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу Б.*******т холбогдох эрүүгийн  2033000820059 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:                      

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас яллагдагч Б.*******ыг  Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг тогтоож ирүүлээгүй ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол гэсэн үндэслэлээр  хэргийг Прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжид Прокурорт буцаасан үндэслэлээ яллагдагч Б.******* нь  тодорхой оршин суух хаягийн бүртгэлгүй байх ба энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд боломжгүй байдал үүсэж болзошгүй тул нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэжээ.

Хэргийг судлан үзвэл:  Яллагдагч нь иргэний үнэмлэх авч байгаагүй, иргэний улсын бүртгэлд хаягийн бүртгэлгүй байгаа хэдий ч хэрэгт авагдсан Дархан-уул аймаг дахь Улсын  бүртгэлийн хэлтэсийн 2020 оны 12 сарын 15-ны өдрийн 1597 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг Дархан сумын 6 дугаар Багийн засаг даргын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн 1214 дугаартай албан бичгээр яллагдагч *******гийн ******* нь Монгол улсын иргэний бүртгэлийн мэдээллийн санд  бүртгэлтэй,  ТД88090417 регистрийн дугаартай, Дархан-уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Үндсэн тосгон 90 гудамж 04 тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.

Яллагдагч нь Иргэний улсын бүртгэлд хаягийн бүртгэлгүй байгаа нь хувь хүний үүрэгтэй холбоотой гэж үзэхээр байх ба яллагдагч Б.******* нь өөрийн гэсэн орон гэргүй  тул тодорхой хаягийн бүртгэлгүй байгаа байдлыг  мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг бүхий этгээдийн хувьд гэмт хэргийг хэн үйлдсэн, тухайн гэмт хэрэг  үйлдсэн этгээдийн хувийн байдлыг тогтоох үүрэгтэй болохоос иргэн хүний Монгол улсын Үндсэн хуульд заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох...”  эрхэд халдаж иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардах эрхгүй юм.  

 Харин яллагдагч Б.*******т Монгол улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оршин суух хаяггүй иргэнд хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг тус тус үндэслэн тухайн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгож болно.” гэж заасан байх тул тухайн байгууллагад хандан хаягийн бүртгэл хийлгэж, иргэний үнэмлэх авч болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэл  бодит байдалд нийцэхгүй хуулийн үндэслэлгүй байх тул  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.*******т холбогдох 2033000820059 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч Б.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                      Г.ДАВААРЕНЧИН