Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 115/ШШ2023/0005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор*******

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******,

Гомдлын шаардлага: Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 дугаарын "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол /дүгнэлт/ гаргагч прокурор*******, хариуцагч гаалийн улсын байцаагч *******, нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор******* нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ийн Хөвсгөл баян цагаан ХХК-ийн зөрчилд торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулахаар гомдол /дүгнэлт/ гаргасан.

Хэргийн үйл баримтын талаар

2. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь******* ХХК-ийн гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчлийг 2022 оны 2 дугаар сарын 09-ны өдөр илрүүлэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 Шийтгэлийн хуудас-аар холбогдогч хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар 815,330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Прокурор шүүхэд ирүүлсэн гомдол /дүгнэлт/-ын үндэслэлдээ:

3.1. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ************** ХХК нь гаалийн байгууллагад 815,330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгалтын хүрээнд хянасан. Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, зөрчил илрүүлсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр******* ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийгдсэн 03-20191008-22-I00185R тоот мэдүүлгээр мэдүүлсэн нийт 27570 кг жин бүхий 7 нэр төрлийн бараанд үзлэг шалгалт хийх явцад 2 нэр төрлийн барааны нэр төрөл, тоо хэмжээг худал мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

3.2. Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0131141 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

3.2. Гэтэл энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй тул гаалийн улсын байцаагч нь хуулийн зүйл буруу хэрэглэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв гэжээ.

3.3. Прокурор шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шалгалтын хүрээнд эрх бүхий байгууллага руу прокурорын шаардлага хүргүүлсэн байдаг. Зохих байгууллагаас зохин түвшинд нь ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэхээр заасан гэдгийг албан бичгээр мэдэгдсэн байгаа. Гэвч нөгөөтэйгүүр эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсан дээрээ татвараас зайлсхийсэн зөрчлийнхөө нөхөн төлүүлэх татварын мөнгөн дүнгээ хэрхэн яаж бичсэн юм. Энэ улсын орлогод оруулсан эсэх нь баримтаас харагдахгүй байгаа. Торгох шийтгэлийг төлсөн гэсэн баримт нь ч байхгүй байгаа. Зөрчлийг тухайн байгууллага гаргасан нь тогтоогдсон. Хүчингүй болгосноор эргүүлээд ял завших байдал үүсэж, торгууль эргээд байгууллагад очих учраас өөрчлүүлэх үндэслэлтэй, боломжтой гэж бодож байна. Прокурорын зүгээс эрх бүхий албан тушаалтнаас гардаг эцсийн шийдвэр болох шийтгэлийн хуудас хуулийн шаардлага хангаагүй учраас хүчингүй болгоё л гэж байгаа. Гаргасан дүгнэлтээ дэмжиж байна гэв.

4. Хариуцагч гаалийн улсын байцаагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* би, 2022 оны 02 дугаар сарын 9, 10-нд Автозамын цогцолбор 2 ложистик-д хуваарилагдан ажиллаж байх үедээ******* ХХК-ийн 03-20191008-22-100185R дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн ачааг шалгасан.

4.1.Тус компанийн 7 нэр төрлийн 27,570 кг бараанд үзлэг хийхэд 2 нэр төрлийн барааны нэр төрөл, тоо хэмжээг худал мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил үйлдсэн байсан бөгөөд, үүнийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар 815,330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

4.2.******* ХХК нь 2 нэр төрлийн барааг худал мэдүүлсэн үйлдлээ зөвшөөрч, шийтгэлийн хуудсаар бичигдсэн торгуулийг төлсөн.

4.3. Би зөрчлийн материалыг бичихдээ Зөрчлийн тухай хуулийн 11.21-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгосон бөгөөд харин зөвхөн шийтгэлийн хуудас бичихдээ алдаа гаргахгүйн тулд манайд байдаг эх загварыг харж бичиж байгаад 14-ийг нь дууриалган бичжээ.

4.4. Манай байгууллагаас энэ алдааг намайг буруутай үйлдэл хийсэн гэж үзэж, 3 сарын цалингийн зэрэг дэв бууруулах шийтгэл оногдуулсан. Энэ нь 1 жилийн үр дүнгийн урамшуулал авахгүй байх, мөн 5 жилийн хугацаанд цол нэмэхгүй байх үндэслэл болж байгаа юм.

4.5. Иймд компанийн төлөөлөгч зөрчлөө хүлээн зөвшөөрөөд торгууль шийтгэлээ төлсөн, мөн материалыг зөв зүйлчилж бичсэн, арга хэмжээ авагдсан зэргийг харгалзан үзэж, шийтгэлийн хуудас дээр бичсэн механик алдааг ойлгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4.6. Хариуцагч гаалийн улсын байцаагч ******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шийтгэлийн хуудаснаас бусад материал дээр хуулийн заалтаа зөв бичсэн, шийтгэлийн хуудсаа бичихдээ буруу биччих вий гэж хэт анхаарч, загвар харж бичихдээ хуулийн зүйл заалтыг 11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэг гэхийг 11.21 дүгээр зүйлийн гэж 14 гэсэн тоог андуурч бичсэн техникийн алдаа гаргасан,зөрчилд холбогдогч хуулийн этгээд зөрчлөө хүлээж тухайн өдрөө шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлж барагдуулсан байгаа тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх прокурорын гомдол /дүгнэлт/-ыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

6. Прокуророос хариуцагч гаалийн улсын байцаагийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0131141 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах гомдол /дүгнэлт/-ын шаардлагын үндэслэлээ хариуцагч Шийтгэлийн хуудас-даа торгох шийтгэл оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн зүйлийг буруу бичсэн мөн хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад хуулийн зүйлийг буруу хэрэглэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна.

7. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

7.1. Хариуцагч гаалийн улсын байцаагч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн газрын харьяа Бүс нутгийн ложистик гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт шалгалт хийж, зөрчилд холбогдогч******* ХХК-ийн гаалийн байгууллагад гаргасан 03-2091008-22-I00185R тоот мэдүүлгээр мэдүүлсэн нийт 27570 кг жин бүхий 7 нэр төрлийн бараанд үзлэг шалгалт хийх явцад 2 нэр төрлийн барааны нэр төрөл, тоо хэмжээг худал мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчил гаргасныг илрүүлж, энэ тухай Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг /хх-н 7-9-р хуудас/ үйлдсэн;

7.2. Зөрчилд холбогдогч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэргэлэнбаатараас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ...гаалийн болон бусад татвараас зайлсхийх зөрчил гаргасан нь үнэн, учир нь тээврийн зардал өссөн, цаанаас ачилт хийсэн барааны мэдээллийг нягталж, лавлаагүй зэрэг нөхцөл шалтгаанаас уг зөрчлийг үйлдсэн, гэм буруугаа ойлгож байна, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсэн мэдүүлэг өгсөн буюу зөрчлөө хүлээн зөвшөөрсөн нь Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр /хх-н 11-13-р хуудас/;

7.3. Прокуророос ...50 хувиар торгож байгаа боловч нөхөн төлбөр гаргах, торгох мөнгөн дүн нь ойлгомжгүй, бичигдээгүй, мөнгөн дүнг тушаасан эсэх нь харагдахгүй байгаа гэх тайлбарыг гаргасан боловч Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу хариуцагч нь 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 0131141 дугаартай Шийтгэлийн хуудас-аар холбогдогч хуулийн этгээдэд 1,630,661.30 төгрөгийн татварыг нөхөн ногдуулж, нөхөн төлүүлсэн татварын 50 хувь болох 815,330.69 /найман зуун арван таван мянга гурван зуун гучин мянга жаран есөн мөнгө/ төгрөгийн торгуулийг оногдуулсан, холбогдогчоос зөрчлийн үр дагаврыг арилгаж, нөхөн татвар, торгуулийг тус тус төлсөн нь Татвар төлсөн баримт-уудаар /хх-н 28-р хуудас/ тогтоогдож байх тул, прокурорын тайлбар үндэслэлгүй байна.

7.4. Дээрх байдлаар хариуцагч гаалийн улсын байцаагчаас зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, мөн зүйлийн 1-ийн 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэж заасантай нийцсэн байх бөгөөд хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

8. Гомдол /дүгнэлт/ гаргагч прокуророос хариуцагч эрх бүхий албан тушаалтны холбогдогч хуулийн этгээдийн зөрчилд оногдуулсан шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын талаар маргаагүй гагцхүү шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 гэж бичсэн нь үндэслэлгүй гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шаардаж байна.

9. Өмнө 7.1 дэх хэсэгт дүгнэснээр Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэнийг ...илрүүлж гэж бичсэн байгаагаар хариуцагч нь зөрчилд оногдуулсан хуулийн зүйл, хэсгийг зөв зүйлчилсэн бичсэн байх ба тэрээр хариуцагчаас ...зөрчлийн материалдаа шийтгэл оногдуулсан хуулийн заалтыг зөв бичсэн буюу зөрчлийг зөв зүйлчилсэн, шийтгэлийн хуудастаа техникийн алдаа гаргасан гэж тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлтэй, хариуцагч албан тушаалтныг Шийтгэлийн хуудас-ыг гаргахдаа бичилтийн алдаа гаргасан байна гэж үзлээ.

10. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, ... засах эрхтэй... гэж заажээ.

11. Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч нь бичилтийн алдаагаа залруулах, актаа өөрөө засах эрхтэй байхад прокуророос хуульд зааснаар актаа засах боломжийг нь олголгүйгээр Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгохоор дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй, Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгосноор Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн гэх холбогдогч хуулийн этгээдийн үйлдсэн зөрчил үгүйсгэгдэхгүй бөгөөд шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

12. Хариуцагчаас******* ХХК-д торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасан Шударга ёсны зарчим-д нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

13. Дээрх байдлаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ийн Хөвсгөл баян цагаан ХХК-ийн зөрчилд торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах гомдол /дүгнэлт/-ыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах-аар гаргасан гомдол /дүгнэлт/-ыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурор нь шүүхэд дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ОТГОНТУЯА