Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                        

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,  

Улсын яллагч Т.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М ,

Хохирогчийн өмгөөлөгч Х.О,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.В, Г.Н

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  Ц.М-д холбогдох эрүүгийн 2325003180356 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

*******, 1968 оны 2 дугаар сарын 29-ний өдөр төрсөн,*******,*******,*******,*******,, 2006 онд “Барилгын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2011 онд “Алтангадас” одонгоор шагнуулсан, Мандал овогт Ц-ын М /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар:

2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК болон “*********” ХХК-ний хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил гүйцэтгэх явцад Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хашаанд гагнуурын ажлыг Ж.Б-р хөлсөөр гүйцэтгүүлэхдээ,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4-д заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэсэн заалтуудыг, мөн “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн “Газар шорооны ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1.4-т заасан “Газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна” гэснийг тус тус биелүүлээгүй түүний болгоомжгүй үйлдлийн улмаас Ж.Б шороонд дарагдаж, амь нас нь хохирсон хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Ц.М-ын мэдүүлсэн: ДЦС-д гүйцэтгэгчээр ажилласан. 89 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил байсан. Ажлын талбайтай танилцаж ярилцсан. Эрсдэл өндөр юм байна гээд, станцын инженерүүдэд “манайх энэ ажлыг гүйцэтгэж амжихгүй юм байна“ гэсэн асуудал тавьсан. Инженерүүд “талбай дээр шийдэх боломжгүй гээд албаны дарга Г-ын өрөөнд орсон, ерөнхий инженер Ц байсан. Эрсдэлийн тооцоо хийе гэхэд инженерүүд “гэрээг өөрчлөх цуцлах боломжгүй, яаралтай энэ онд хийх ёстой, манайх шаардлагатай машин механизмаар туслах болно” гэсэн. Том бетонон доорхи шороо их сийрэгжсэн байдаг тул эрсдэл өндөр байсан. Х инженер, хамгаалалтын хана гаргаж болно бэлэн байгаа гэсэн. Би итгэж ажлаа эхлэхээр болсон. Нэгэнт золгүй явдал болсон тул маш их харамсаж байна гэх мэдүүлэг,

          -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын мэдүүлсэн: Их чирэгдүүлж байна. Эрсдэлтэйг мэдсэн юм бол яагаад дуудсан юм бол. Гомдолтой байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Үйлдвэрийн осолын нөхөн төлбөр 186,451,044 төгрөг, хүүхдийн тэтгэмжийн зөрүү 29,240,762 төгрөг, 10 жилийн цалин 621,503,480 төгрөг нэхэмжилсэн. Оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хохирлыг авсан гэх мэдүүлэг,

-иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А-ийн мэдүүлсэн: ********* ХХК-тай 2023 оны 3 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа гүйцэтгэгч өөрөө бүрэн хариуцахаар заасан тул манай компани хариуцах үндэслэлгүй. ЭДЦС урьдчилсан зааварчилгаа өгөх байсан, өгсөн байгаа. ********* ХХК өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй, өгөөгүй байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25.4, 27.1-д зааснаар ажил олгогч шууд хариуцна гэх мэдүүлэг,

-иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ын мэдүүлсэн: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3-д зааснаар ерөнхий гүйцэтгэгч аюулгүй ажиллагаагаа өөрөө шууд хариуцна. Төлөвлөгөө гаргаж батлуулсан байгаа. Манайх аюулгүй ажиллагааны  урьдчилсан зааварчилгааг бүх гэрээт гүйцэтгэгч нарт өгдөг. Үйлдвэрийн ослыг гүйцэтгэгч судлан бүртгэнэ. Манайх ажлын гүйцэтгэлд үе шатны хяналтуудыг хийж ажилладаг гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2325003180356 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан: 

-Орхон аймаг Баян-Өндөр сум **********  баг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хх-ийн 20-24, 25-28 дахь тал/,

-амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хх-ийн 29-31, 32 дахь тал/,

-цогцост үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дэх хх-ийн 33-36, 37-38 дахь тал/,

-Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн баруун хойд талын гаднах талбайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хх-ийн 40-52 дахь тал/,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын “...Бид хоёрт хууль ёсны эхнэр, нөхрийн баталгаа байгаа учраас би хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож мэдүүлэг өгч байна. ...нөхөр Ж.Б 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехдээ ээлжиндээ гарч байхдаа надтай утсаар ярихдаа “...маргааш “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц”-ын ажил эхлэхгүй юм байна, уг ажил дээр шалгалт орно, маргааш би амрах юм байна, хань нь маргааш ажилгүй юм чинь манай мастерын ахлах хоёр хятад архи авч ирсэн байна, тийм болохоор би ажлынхантайгаа сууна, гэхдээ удахгүй, намайг дуудахаар ирээд аваарай” гэж хэлсэн. ...21.50 цагийн үед “намайг ирээд ав, болчихлоо” гэж хэлсэн, гэртээ ороод хоол идчихээд унтсан. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө “Б М” гэсэн дугаараас 9 цагийн үед залгаад, “ажил эхэлчихлээ, хурдан хүрээд ир” гэж хэлсэн, ...манай нөхөр гайхаж ядаад “бүх юм нь бэлэн болчихсон юм уу” гэж дахин, дахин асуугаад байсан. ...Гараад явсныхаа дараа надруу залгаад “500.000 төгрөг орсон уу, малынхаа өвс рүү явуулаарай, хань нь ажилтай байна” гэж хэлээд утсаа салгасан. Манай нөхөр надад “Б М Дулааны цахилгаан станц дээр дулааны хоолой янзлах ажил авсан байна, би хоолой гагнах ажил хийх юм байна” гэж хэлсэн, ажиллах талаараа ярьсан боловч гэрээ яриагүй. ...М гэх хүн бэлтгэлээ сайн хангаагүй байж манай нөхрийг дуудаж ийм байдалд хүргэсэн. М болон “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК нарт маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 57-58 дахь тал/,

-гэрч, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-ийн “...Ж.Б-тэй байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний 3.3-т “ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа өөрөө бүрэн хариуцна” гэж, ...2.3 дугаар заалтын 1.2-т “захиалагч компани нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал тал дээр хяналт тавьж, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэж заасан байгаа. Ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт, заавар, зөвлөгөө зааварчилгаагаа хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 63-64 дэх тал/,

-Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-ийн гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаартай …Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хашаан дотор 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Б нас барсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 28 дугаар зүйлийн 28.1.3-д /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/, 28 дугаар зүйлийн 28.1.4-д /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28 дугаар зүйлийн 28.1.7-д /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх/, 28 дугаар зүйлийн 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт  /ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна/, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт /ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна/, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт /ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, 18 дугаар зүйлийн 18.2.7-д /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05 стандартын 1.10-д /…нүхнээс гаргаж байгаа шороог ирмэгээс 0.5м-с багагүй зайд хаях хэрэгтэй/, Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БНбД3.02.01-90-ын 3.10-д /байгууламжийн суурь хөрсөнд ухлага хийхдээ эргийн өнцгийг 80 градусаас хэтрүүлээгүй/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. МNS4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.1-д /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: урьдчилсан зааварчилга, ажлын байран дахь анхан шатны зааварчилга, давтан зааварчилга/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

*********” ХХК-ийн захирал Ц.М, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүрэгтэй.

“Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхэд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас “*********” ХХК-ийн ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгааг 2023 оны 7 дугаар сарын 19-нд өгсөн байна. “*********” ХХК ажилтнууддаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байна. “*********” ХХК-ийн захирал Ц.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт /ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/ заасныг зөрчсөн байна.

 Талийгаач Ж.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг зөрчсөн байна. “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхдээ ухсан нүх нь Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05 стандартын 1.10-д /...нүхнээс гаргаж байгаа шороог ирмэгээс 0.5м-с багагүй зайд хаях хэрэгтэй/, Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БНбД3.02.01-90-ын 3.10-д /байгууламжийн буурь хөрсөнд ухлага хийхдээ эргийн өнцгийг 80 градусаас хэтрүүлээгүй/, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй, шороо нуранги үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж хаалт хамгаалалт хийгээгүй, нүхийг стандарт шаардлагын дагуу ухаагүй зэргээс үүдэн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Ажлын талбай дээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1 дэх хэсэгт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасны дагуу “*********” ХХК сахин хангуулах үүрэгтэй. Хэргийн материалаас харахад талийгаач Ж.Б ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлтэйгээ ирж ажлаа гүйцэтгэж байсан байна. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт /ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ заасны дагуу ажил олгогч хангах үүрэгтэй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 105-108 дахь тал/,

-гэрч, “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Э.О-ийн “...Манай байгууллага “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих” ажлыг хийлгэхээр тендер сонгон шалгаруулалт зарлаад, тухайн ажлыг “*********” ХХК хийж гүйцэтгэхээр шалгарч, хийж байсан. “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК болон “*********” ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээний 5.13-д “Гүйцэтгэгч нь “Цахилгаан станц, ДШС-ний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа”-ны дүрмийн 4.8.2-д заасны дагуу ажлыг аюулгүй гүйцэтгэх төлөвлөгөө гаргаж батлуулан, хяналт тавьж ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг тушаалаар томилж ажиллуулна.”, 5.14-д “Ажил гүйцэтгэх хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд уг осол, хурц хордлогыг гүйцэтгэгч компани судлан бүртгэнэ.” гэж заасны дагуу хэрэг болсон өдөр “*********” ХХК нь ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилга өгсөн байх гэж бодож байна. Гэрээнд...“*********” ХХК ажил үүрэг гүйцэтгэх үедээ ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилга өгөхөөр тусгаж, эрх, үүрэг нь тодорхойлогдсон болохоор манай байгууллагын зүгээс өдөр бүр “*********” ХХК-ийн ажилчдад зааварчилга өгөх шаардлага байхгүй. Манай байгууллага гэрээгээр ажил гүйцэтгэх ажилтнуудад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилга өгсөн. Манай байгууллага буюу миний бие “*********” ХХК-ийн ажилтнуудад өгөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилга 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр боловсруулж, ерөнхий инженер Б.С-р батлуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 66 дахь тал/,

-гэрч, “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.С-ын “...“Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих ажилд манай “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК тендер зарлаад тендерийн үнэлгээний хороо “*********” ХХК-ийг шалгуурсан, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “*********” ХХК-ийн захирал Ц.М тай ЕРР/23А-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажил эхлэх зөвшөөрлийг “*********” ХХК авсан, гэрээний заалтуудыг хангаж ажиллана гэж 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 23/47 дугаартай албан бичиг манай компанид ирүүлсэн. Үүний дагуу “*********” ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хийхээр ирсэн байсан, манайхаас тухайн өдрийн ажил эхлэх нарядыг сантехникийн инженер Х нээж өгсөн, тэгсэн үйлдвэрийн осол гараад манайхаас онцгой байдлын газарт дуудлага өгсөн байгаа. Тус гэрээний 5.13, 5.14, 6.3 дугаар заалтуудад “аюулгүй байдал, эрүүл ахуйг гүйцэтгэгч тал бүрэн хариуцна” гэж, мөн “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаа өөрсдөө томилно” гэж заасан байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 68 дахь тал/,

-гэрч, туслан гүйцэтгэгчээр ажилласан Ц.Ц-ийн “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлээд нүхээ ухсан, өнөөдөр ирээд шугамын трубанууд зөөгөөд байж байхад гагнуурчин ирээд ажлын бэлтгэлээ хийгээд гагнуурын аппаратаа нүхэнд зөөгөөд байж байсан, би нэг дүүтэй хамт хамгаалалтын тор авч ирэхээр нүхнээс гараад байж байхад инженер орилоод харсан чинь шороо нурж байсан. Инженер хоёр туслах ажилтан залуутай хамт шороо ухаад, би сүүлд нь орж хэсэг шороо ухаж байхад Онцгой байдлын хүмүүс ирээд ухаж гаргасан. Гагнуурчин ажлын гутал, ажлын хувцас өмссөн байсан. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 70-71 дэх тал/,

-гэрч, туслан гүйцэтгэгчээр ажилласан М.Т-ийн...Би тухайн компанид 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “туслах ажилтан авна” гэсэн мэдээллийн дагуу ажилд орсон, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 08.00 цагт “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК дотор байрлах ажлын байрандаа ирээд дулааны шугамын трубануудаа байрлуулж байсан, гагнуурчин 10 цаг өнгөрч байхад ирээд ухсан нүх рүү орж трубанууд шалгаад, бид нар хамгаалалтын хаалт авч ирэх болоод гагнуурчин ах багажуудаа аваад нүх рүү орсон, нэг уртасгагч илүү гараад би хурааж дуусаад хамгаалалтын хаалтад явах гэж байхад инженер С ах хашхираад эргээд харахад нурсан байсан. Бид нар шороо ухаад цээжин биеийг нь гаргаж байхад Онцгой байдал ирээд ухаж гаргасан, ...гагнуурчин хамгаалалтын хувцасгүй, гагнуурын багтай орсон байсан. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 73-74 дэх тал/,

-гэрч Ц.С-ын “...цэвэр усны шугам тавьж байгаа компанийн захирал “ажил дуусаж байгаа, чи гүйцээгээд өгөөч, би чадахгүй байна” гэж 2023 оны 8 дугаар сарын 30-ны орой холбогдоод 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажил эхэлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр цэвэр усны шугамны труба гагнах гагнуурчин ирээд ажлаа эхлэх гээд багажуудаа шугамны труба байрлуулсан нүх рүү зөөгөөд гурван туслах ажилтан хамгаалалтын торонд явах гэж байхад шороо нураад бид нар бүгд ороод ухсан. Шороог ухаад толгой хэсгийг нь гаргаад гагнуурын багийг тайлахад амнаас нь цус гарсан байдалтай байж байхад Онцгой байдал ирээд ухаж гаргасан. Гагнуурчин ажлын хувцас, гагнуурын баг, бээлий, ажлын гуталтай байсан. ...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 76-77 дахь тал/,

“...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө Мөнхбаяр ах залгаад 06.00 цагийн үед “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-д очсон. ...11 цагийн үед гагнуурчин гэх залуу ирсэн, энэ үед М “хороолол руу явчихаад ирнэ” гээд гараад явсан. Талийгаач багажаа аваад доош буусан, ...гэнэт хана нураад талийгаач шороонд дарагдчихсан. Тэгээд би “онцгой дуудаарай” гэчихээд “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-аас нэг ажилтан, ажиллах гэж ирсэн хоёр залуугийн хамт бид дөрөв шороог ухаж байтал Онцгой байдлын алба хаагч нар маш хурдан ирээд талийгаачийг гаргасан. ...Би хэн нэгэнтэй ямар нэг гэрээ байгуулаагүй, М гэх хүн намайг зүс таних төдий мэддэг болохоор гуйгаад “монтаж буруу, зөв хийгдэж байгаа эсэхийг хараад, хяналт тавиад өгөөч” гэхээр нь ирсэн. ...Тухайн өдөр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн зүйл байхгүй, урд өдөр нь “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер О гэх эмэгтэй хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бол “ажил эхэлж болно” гээд Х инженер наряд дээр гарын үсэг зуруулсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 82-83 дахь тал/,

-гэрч, туслан гүйцэтгэгчээр ажилласан Б.Д-ийн “...Би тухайн компанид 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “туслах ажилтан авна” гэсэн мэдээллийн дагуу ажилд орсон, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 08.00 цагт “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК дотор байрлах ажлын байрандаа ирээд дулааны шугамын трубануудаа ойролцоогоор 3-4м ухсан нүхэд байрлуулж байсан, 11 цагийн орчимд бид нарын байрлуулсан төмөр турбануудыг холбож гагнахаар гагнуурчин ирээд “та нар хамгаалалтын хувцасгүй хамаагүй орж болохгүй, нурах аюултай, та нар яваад шороо нурахаас хамгаалдаг хамгаалалтын төмөр тор аваад ир” гэж хэлээд туслах ажилтан болох Т, Ц бид гурав хамгаалалтын төмөр торон хашлага авч ирэхээр явж байсан, инженер “хөөе дарагдчихлаа” гэж орилоод бид гурав гүйгээд очиход шороонд дарагдсан байсан. ...Шороог ухаад толгой, мөр хэсэг нь гарч байхад Онцгой байдлын хүмүүс ирээд ухаж гаргаж өгсөн. ...гагнуурчин хамгаалалтын хувцастай, гагнуурын хамгаалалтын багтайгаа нүх рүү орсон байсан, гагнуурчин “ажлаа эхлэхээс өмнө өөр хамгаалалтын берзентэн материалтай хувцас өмсөнө” гэж ярьж байсан, тэр хувцсаа өмсөөгүй. ... Дулааны станцаас аюулгүй байдлын зааварчилга өгөөд гарын үсэг зуруулсан, гагнуурчин сүүлд ирсэн болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 79-80 дахь тал/,

-гэрч Ц.Б-гийн “...2018 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “*********” ХХК-ийн захирал Ц.М-ын хамт ажиллаж байсан утгаараа танина, Ж.Б гэх хүнийг “******” цанын баазын шугамын ажил, дулааны цахилгаан станцын шугамын ажлуудтай хамаатайгаар танина. “*********” ХХК-тай талийгаач Ж.Б туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан, гэрээ байгуулахад захирал Ц.М байгаагүй. Ер нь “*********” ХХК-тай ямар нэгэн ажлаар гэрээ байгуулах үедээ эхлээд урьдчилж танилцуулж, өөрсдийнх нь зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулдаг. Үүний дагуу талийгаач Ж.Б зөвшөөрсөн тул миний бие гэрээг бичиж, өөрөөр нь гарын үсэг зуруулсан...” гэсэн мэдүүлэг /1 дэх хх-ийн 87 дахь тал/,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дугаартай:...1.Амь хохирогч Ж.Б-ийн биед зүүн чамархай, тахиан залаа, дух, зулай яс, турк эмээл, суурийн баруун, зүүн дунд хонхор, чулуулаг ясанд хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдлын цусан хураа, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун дунд чөмөгт ясны хугарал, голтын эрхтэн, элэг, бөөрөнд цус хуралт, уушги, элэг, дэлүүний урагдал, няцрал, цээжний хөндийд цус хуралдалт, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархай, баруун хацар, дух, эрүү, баруун чих, хүзүү, баруун шуу, баруун, зүүн бугалгад зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалга, баруун гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал, нуруу, хэвлийд шарх, уруулд шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шороонд дарагдах үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.3.Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. 4.Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн цогцосын гадна үзлэгээр нас бараад 24-өөс дээш цаг болсон байна. 6.Талийгаач нь гавал тархи, цээж хэвлий, доод мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хх-ийн 90-94, 95-98 дахь тал/,

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Р, П.Ч нарын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/01/05/01 дугаартай;

“*********” ХХК-ийн захирал Ц.М Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4./Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/-ын дагуу газар шорооны ажилтай холбоотой тухайн ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, техник, зохион байгуулалтын холбогдох арга хэмжээг авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна. Мөн “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн “Газар шорооны ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1.4-т /Газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна/ заасан заалтыг мөрдөж ажиллаагүй байна. Гэрчүүдийн мэдүүлгээс харахад иргэн Ж.Б нь шороо нурахаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын хаалтыг хийгээгүй байхад ухсан нүх рүү гагнуурын багаж, аппаратаа зөөж оруулж байсан байна. Ж.Б нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг мөрдөж ажиллах ёстой байсан боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ зэрэг заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна... Гэрчүүдээс авсан мэдүүлгээс харахад уг осол нь ажлын бэлтгэл хангах үед гарсан бөгөөд ухсан шуудуу нүхний шороог нурахаас хамгаалах хамгаалалтын төмөр торыг авч ирж байршуулахаас өмнө гарсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-т заасны дагуу “*********” ХХК-ийн захирал Ц.М хариуцна. “*********” ХХК-ийн захирал Ц.М нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн байна.

хх-ийн материалуудаас харахад 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр захирал Ц.М нь иргэн Ц.П-тэй “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэж хийхээр “Туслан гүйцэтгэгч”-ээр ажиллуулах 23/05 дугаартай гэрээг байгуулсан байна, тус гэрээний 2.1-т “Захиалагч тал нь туслан гүйцэтгэгчийн ажилд өдөр тутам хяналт тавьж ажлыг чанартай сайн хийж гүйцэтгүүлэх мөн өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана” гэж заасан байна. Энэ нь “*********” ХХК-ийн захирал Ц.М тус заалтын хүрээнд хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллах ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлж ажиллаагүй байна. Мөн тус гэрээний 3.3-т “1.2-д заасан ажлыг барилгын аюулгүй ажиллагааны дүрэм стандартын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж аюулгүй байдлыг туслан гүйцэтгэгч бүрэн хариуцна”, 3.4-т “Туслан гүйцэтгэгч нь тус ажилд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн гаргаж ажиллана. Мөн бригадын хоол хүнсийг бүрэн хариуцна” гэж заасан байна.

 Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 “Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй.” заасан байдаг бөгөөд энэ заалтыг зөрчсөн байна. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД12-03-004-ийн 5.11.3 дахь заалтад “Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. ...Өөр байгууллагын газар нутаг дээр ажил гүйцэтгэж байх үед зааварчилгааг тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтанг байлцуулан өгөх хэрэгтэй” гэж заасан байдаг. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.3-т “Шинээр ажилд орсон ажилтан, үйлдвэрлэлийн сургалт, дадлага хийхээр ирсэн оюутан суралцагчдад тэдний ажилласан жил, боловсролын түвшинг харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилга өгнө”, 4.4-т “Урьдчилсан зааварчилга нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөц онцлог, дотоод журам, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхан шатны тусламж зэрэг болно”, 4.5-т “Урьдчилсан зааварчилгыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтан өгнө” гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу тус ажилчдад “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн талаас 2023 оны 7 дугаар сарын 19 болон 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ажлын байран дахь урьдчилсан шатны зааварчилга, наряд зэргийг өгч ажилласан байна.

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, өдөр тутмын буюу давтан зааварчилгааг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө/-уудын дагуу ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах үүрэгтэй байдаг. Үүний дагуу ажилтнуудад тухайн ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг “*********” ХХК-ийн талаас өгөх ёстой боловч зааварчилгаа өгсөн материал, бичиг баримт хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй” гэж заасан байдаг. Иймээс иргэн Ж.Б ослоос гарах үр дагаврыг хариуцах ёсгүй. Харин ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хувьд Ж.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.6. /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжпийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7./өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ зэрэг заалтуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасан байдаг.

“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б болон “*********” ХХК-ийн захирал Ц.М нарын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг аль тал нь яаж хангаж ажиллах талаар тодорхой тусгагдаагүй байна. Иймээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг “*********” ХХК-ийн захирал Ц.М сахин хангуулах үүрэгтэй. “*********” ХХК-ийн захирал Ц.М Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4./Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй/-ын дагуу газар шорооны ажилтай холбоотой тухайн ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, техник, зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ гэж заасан байдаг. Хавтас хэрэгт ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон тухай бичиг баримт хавсаргагдаагүй байна. Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Ц.М “...тасралтгүй хур бороо орсны улмаас хөрсний чийгшилт ихтэй тул багасахыг хүлээсэн.” гэж мэдүүлсэн байна. Эндээс харахад тус газар шорооны хөрс чийглэг байсан нь нурж осол гарах нөхцөл болсон байна...” гэсэн дүгнэлт /1 дэх хх-ийн 114-118 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээч Г.З-ын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4121 дугаартай; “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Б ” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хх-ийн 124-125 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Б-ийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн “*********” ХХК иргэн Ж.Б нарын хоорондын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ”-нд зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Б-ийн гэх Төрийн банкны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1311/377 дугаартай “Зээлийн гэрээ”, Голомт банкны 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ4005144828 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн Газарт худалдах хүсэлт” гэх баримтад зурагдсан гарын үсгүүдтэй гарын үсгийн бүтэц, бичгийн дадал, хөдөлгөөний бүтэц, орон зайн байрлал, хөдөлгөөнийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний харилцан байрлал, хэмжээ, тоо, даралт зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “*********” ХХК, иргэн Ж.Б нарын хоорондын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ”-нд зурагдсан гарын үсгүүдэд хөдөлгөөний удаашрал, зогсолтууд илэрч байх тул нэг хүн дууриалган зурсан байж болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хх-ийн 131-134, 135-140 дэх тал/,

-Шинжилгээний Ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн эрхлэгч Д.Э, ахлах шинжээч Ж.П , шинжээч М.Д нарын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1318 дугаартай;

“...Шинжилгээнд ирүүлсэн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн огноотой №23/04 дугаартай “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ” гэсэн баримт дээрх гарын үсэг болон харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Б-ийн гэх гарын үсгийн чөлөөт загварууд шинжилгээнд тэнцэнэ. 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн огноотой №23/04 дугаартай “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ” гэсэн баримтын нэгдүгээр хуудасны баруун дээр “Батлав” гэсэн хэсэгт “Иргэн” гэсний ард “Ж.Б ” гэсний урд, гуравдугаар хуудасны баруун доор “Туслан гүйцэтгэгч” гэсэн хэсэгт “Иргэн” гэсний ард “Ж.Б ” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Б-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн огноотой №23/04 дугаартай “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ” гэсэн баримтын нэгдүгээр хуудасны баруун дээр “Батлав” гэсэн хэсэгт “Иргэн” гэсний ард “Ж.Б ” гэсний урд зурсан гарын үсэг, гуравдугаар хуудасны баруун доор “Туслан гүйцэтгэгч” гэсэн хэсэгт “Иргэн” гэсний ард “Ж.Б ” гэсний урд зурсан гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хх-ийн 145-148, 149-153 дахь тал/,

“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.С-ын гаргаж хэрэгт хавсаргуулсан,

-2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гэрээний хавсралт болох техникийн тодорхойлолт, уг гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан гэрээний хуулбар,

-“*********” ХХК-ийн захирал Ц.М-ын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 23/47 дугаартай, “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-д гаргасан “Баталгаа гаргах тухай” албан бичиг,

-“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.С-ын олгосон, “Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”,

-“*********” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан С.Ч-гийн гаргасан, захирал Ц.М-ын баталсан, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг аюулгүй гүйцэтгэх төлөвлөгөө гэх баримтууд /1 дэх хх-ийн 211-214, 215, 216, 217, 218, 219 дэх талууд/,

“*********” ХХК-ийн захирал Ц.М-ын гаргаж хэрэгт хавсаргуулсан,

-2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 23/25 дугаартай, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Ц.М-д “Ээлжийн амралт олгох тухай” тушаал,

-“Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих ажлын зураглал,

-Наряд, ерөнхий наряд, засварын наряд №23-49 гэх баримт,

-2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн огноотой №23/05 дугаартай, Ц.П-г “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ”

-амь хохирогч Ж.Б-ийн “Гагнуурчны мэргэшлийн гэрчилгээнүүд, үнэмлэхийн хуулбарууд /1 дэх хх-ийн 222, 223, 224, 230-244 дэх талууд/, 

“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Э.О-ийн гаргаж хэрэгт хавсаргуулсан,

-2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх “*********” ХХК-ийн ажилтнуудад өгөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилсан зааварчилгааны хуулбар, зааварчилгаа авсан ажилтнуудын нэрс, 

-“*********” ХХК-ийн захирал Ц.М-ын гарын үсэгтэй, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхээр ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зааварчилгаа авах ажиллагсдын нэрс /нэмэлт/ гэсэн бичиг,

-“*********” ХХК-ийн захирал Ц.М-ын гарын үсэгтэй, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхээр ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зааварчилгаа авах ажиллагсдын нэрс гэсэн бичиг,

- Наряд,ерөнхий наряд,завсрын наряд гэсэн баримт /2 дахь хх-ийн 26-27, 28, 29, 30, 31,36 дэх тал/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын гаргаж хэрэгт хавсаргуулсан,

- тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд, амь хохирогчийн нас барсны гэрчилгээ, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, амь хохирогчийн 2022 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаал, нэхэмжлэлийн шаардлагаа 621.503.040 төгрөгөөр нэмэгдүүлж /12 сар x 5.179.192 x 10 жил/ нийт  931.102.318 төгрөгийг “*********” ХХК болон шүүгдэгч Ц.М нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл /2 дахь хх-ийн 39-41, 47-100, 42, 43, 44, 45 дахь тал/,

-“*********” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дахь хх-ийн 106 дахь тал/,

          -2022 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 дэх хх-ийн 185 дахь тал/,  

          -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М т 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

      - Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт: Н.М тэжээгчээ алдсны тэтгэвэр сард 585,154 төгрөг авдаг нь үнэн гэсэн баримт/2-р хх-ийн 169/

    - шүүгдэгч Ц.М-ын эрүүл мэндийн байдлын талаархи баримтууд /2-р хх-ийн 171-177 дахь талд/ зэрэг нотлох баримтуудыг  нотлох баримтаар шинжлэн судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.   

 

“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК болон “*********” ХХК-ний /Ц.М / хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил гүйцэтгэхдээ “********* ХХК/ Ц.М / шугамын гагнуурын ажлыг иргэн Ж.Б-р гүйцэтгүүлэхээр тохирсны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хашаанд ухсан нүхэнд Ж.Б нь гагнуурын ажил хийж гүйцэтгэхээр гагнуурын багаж, аппаратаа зөөж оруулж байхад нь хамгаалалтын бэхэлгээ хийгээгүй шороо нурж Ж.Б дарагдан амь нас нь хохирсон байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч, ”*********” ХХК-ны захирал Ц.М нь “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК болон “*********” ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил гүйцэтгэх явцад гагнуурын ажлыг Ж.Б-р хөлсөөр гүйцэтгүүлэхдээ, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Ж.Б шороонд дарагдаж амь нас нь хохирсон шууд шалтгаант холбоотой болох нь;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын “...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө “Б М” гэсэн дугаараас 9 цагийн үед залгаад, “ажил эхэлчихлээ, хурдан хүрээд ир” гэж хэлсэн, ...манай нөхөр гайхаж ядаад “бүх юм нь бэлэн болчихсон юм уу” гэж дахин, дахин асуугаад байсан...” гэх,

гэрч Д.Э-ын “...Ж.Б тай байгуулсан гэрээний...2.3 дугаар заалтын 1.2-т “захиалагч компани нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал тал дээр хяналт тавьж, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэж заасан байгаа. Ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт, заавар, зөвлөгөө зааварчилгаагаа хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй байна...” гэх,

гэрч Э.О-ийн “...“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК болон “*********” ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай...ажил гүйцэтгэх гэрээнд...“*********” ХХК ажил үүрэг гүйцэтгэх үедээ ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилга өгөхөөр тусгаж, эрх, үүрэг нь тодорхойлогдсон...” гэх,

гэрч Б.С-ын “...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажил эхлэх зөвшөөрлийг “*********” ХХК авсан, гэрээний заалтуудыг хангаж ажиллана гэж 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 23/47 дугаартай албан бичиг манай компанид ирүүлсэн. ...Тус гэрээний 5.13, 5.14, 6.3 дугаар заалтуудад “аюулгүй байдал, эрүүл ахуйг гүйцэтгэгч тал бүрэн хариуцна” гэж, мөн “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаа өөрсдөө томилно” гэж заасан байгаа...” гэх,

гэрч Ц.Ц-ийн “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлээд нүхээ ухсан, өнөөдөр ирээд шугамын трубанууд зөөгөөд байж байхад гагнуурчин ирээд ажлын бэлтгэлээ хийгээд гагнуурын аппаратаа нүхэнд зөөгөөд байж байсан, ...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр...“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан...” гэх,

гэрч М.Т-ийн...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “туслах ажилтан авна” гэсэн мэдээллийн дагуу ажилд орсон, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө...гагнуурчин 10 цаг өнгөрч байхад ирээд ухсан нүх рүү орж трубанууд шалгаад, ...багажуудаа аваад нүх рүү орсон, ...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан...” гэх,

гэрч Ц.С-ын “...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр цэвэр усны шугамны труба гагнах гагнуурчин ирээд ажлаа эхлэх гээд багажуудаа шугамны труба байрлуулсан нүх рүү зөөгөөд гурван туслах ажилтан хамгаалалтын торонд явах гэж байхад шороо нураад бид нар бүгд ороод ухсан. ...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан. ...Тухайн өдөр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн зүйл байхгүй...” гэх,

гэрч Б.Д-ийн “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “туслах ажилтан авна” гэсэн мэдээллийн дагуу ажилд орсон, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 08.00 цагт “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК дотор байрлах ажлын байрандаа ирээд дулааны шугамын трубануудаа ойролцоогоор 3-4м ухсан нүхэнд байрлуулж...11 цагийн орчим...гагнуурчин ирээд...“та нар яваад шороо нурахаас хамгаалдаг хамгаалалтын төмөр тор аваад ир” гэж хэлээд туслах ажилтан болох Т, Ц бид гурав хамгаалалтын төмөр торон хашлага авч ирэхээр явж байсан, инженер “хөөе дарагдчихлаа” гэж орилоод бид гурав гүйгээд очиход шороонд дарагдсан байсан. ....гагнуурчин “ажлаа эхлэхээс өмнө өөр хамгаалалтын берзентэн материалтай хувцас өмсөнө” гэж ярьж байсан, тэр хувцсаа өмсөөгүй...” гэх мэдүүлгүүд, 

шинжээч Д.Э-ын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаартай, “…*********” ХХК-ийн захирал Ц.М , хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүрэгтэй. “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхэд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас “*********” ХХК-ийн ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгааг 2023 оны 7 дугаар сарын 19-нд өгсөн байна. “*********” ХХК ажилтнууддаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. “*********” ХХК-ийн захирал Ц.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөн. ...Ажлын талбай дээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу “*********” ХХК сахин хангуулах үүрэгтэй...” гэсэн,

-шинжээч Д.Б, А.Р, П.Ч нарын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/01/05/01 дугаартай, “...“*********” ХХК-ийн захирал Ц.М нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй” гэж заасан байдаг. Иймээс иргэн Ж.Б ослоос гарах үр дагаврыг хариуцах ёсгүй. Харин ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хувьд Ж.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг заалтуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй байсан. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг “*********” ХХК-ийн захирал Ц.М сахин хангуулах үүрэгтэй...” гэсэн,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дугаартай...Амь хохирогч Ж.Б-ийн биед зүүн чамархай, тахиан залаа, дух, зулай яс, турк эмээл, суурийн баруун, зүүн дунд хонхор, чулуулаг ясанд хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдлын цусан хураа, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун дунд чөмөгт ясны хугарал, голтын эрхтэн, элэг, бөөрөнд цус хуралт, уушги, элэг, дэлүүний урагдал, няцрал, цээжний хөндийд цус хуралдалт, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархай, баруун хацар, дух, эрүү, баруун чих, хүзүү, баруун шуу, баруун, зүүн бугалгад зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалга, баруун гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал, нуруу, хэвлийд шарх, уруулд шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шороонд дарагдах үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой....Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлтүүд,

-Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн баруун хойд талын гаднах талбайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК нь “*********” ХХК -тай 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаанд өөрчлөлт оруулжээ.  

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний Тав дахь хэсэгт Гүйцэтгэгч талын үүргийг тодорхойлохдоо, 5.5-д “Гэрээт ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллах ба эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажлыг зогсооно.” гэж,

5.13-д “Гүйцэтгэгч нь “Цахилгаан станц, ДШС-ний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа”-ны дүрмийн 4.8.2-д заасны дагуу ажлыг аюулгүй гүйцэтгэх төлөвлөгөө гаргаж батлуулан, хяналт тавьж ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг тушаалаар томилж ажиллуулна.” гэж,

5.14-д “Ажил гүйцэтгэх хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд уг осол, хурц хордлогыг гүйцэтгэгч компани судлан бүртгэнэ.” гэж заасан ба 6.3-т “...үйлдвэрлэлийн осол гэмтэл гаргасан ... нь тогтоогдсоны улмаас учирсан хохирлыг гүйцэтгэгч байгууллага хариуцна.” гэж гүйцэтгэгч талын буюу “*********” ХХК-ний үүргийг тодорхойлж заасан байна.

“*********” ХХК-ийн захирал Ц.М, иргэн Ж.Б нарын хооронд 23/04 дугаартай “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ” 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан болохыг нотолж гэрээг эх хувиар нь 1 дэх хх-ийн 154-156 дахь талд хавсаргасан байх ба гэрээнд зурагдсан “Ж.Б” гэх гарын үсгүүдийг амь хохирогч Ж.Б өөрөө зураагүй, түүний гарын үсгийн загваруудтай тохирохгүй болохыг шинжээч Г.Б-ийн 2024 оны 4 дугаартай, шинжээч Д.Э, Ж.П, М.Д нарын 2024 оны 1318 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоосон бөгөөд “********* ХХК /шүүгдэгч Ц.М / нь гагнуурын ажлыг хөлсөөр ажиллах аман гэрээгээр Ж.Б-р гүйцэтгүүлж байжээ.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Э.О, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “*********” ХХК-ийн ажилтнуудад, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч Ж.Б-д тус тус өгч гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, *******, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг;

4.1.3."ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа *******, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

4.1.15."хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг; ойлгоно гэж тодорхойлж заасан.

Шүүгдэгч Ц.М /********* ХХК/, амь хохирогч Ж.Б нарын хооронд ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж,

27.2-д “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасан ба шүүгдэгч Ц.М /********* ХХК/ нь тухайн үед жирэмсний амралтаа авсан ажилтан М-ийн оронд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажиллуулаагүй байсан болох нь тогтоогдсон.

Мөн хуулийн 28 дугаар зүйлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах талаархи ажил олгогчийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон ба үүнд, 28.1.Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна:

28.1.1.үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах;... 28.1.4.ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх; ...

28.3.Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасан.

 “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК, “*********” ХХК-ний хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээний Дөрөвт Захиалагчийн эрх үүргийг заасан ба “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэрээний 4.4-д “Хяналтын инженерүүд гүйцэтгэгч компаний ажилчдад ажил эхлэхэд заавар зөвлөгөө өгөх, станцын үйлдвэрлэл ажлын онцлогийн талаар мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж заасан ба захиалагч талын инженерүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг урьдчилан өгсөн болох нь,

 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх “*********” ХХК-ийн ажилтнуудад өгөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилсан зааварчилгааны хуудас, зааварчилгаа авсан ажилтнуудын гарын үсэг бүхий нэрсийн жагсаалт, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхээр ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зааварчилгаа авах ажиллагсдын нэрс, Наряд, ерөнхий наряд, завсрын наряд гэсэн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Гэрээнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаагүй тул мөн хуулийн 28.3-д “... Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасны дагуу “*********” ХХК /шүүгдэгч Ц.М /хариуцах үндэслэлтэй.

 Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар баталсан “Барилгын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмын” 2.9-д “Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дараах нөхцөлд хийнэ: 2.9.1.барилгын үе шатны ажил эхлэхийн өмнө ажилбар бүрт; 2.9.3. ажлын байр өөрчлөгдөх бүрт; 2.9.4. туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрт;...гэж, 2.10.Энэ журмын 2.9.1, 2.9.3, 2.9.5, 2.9.6-д заасан үнэлгээг ерөнхий гүйцэтгэгчийн талбайн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, мөн журмын 2.9.2, 2.9.4-т заасан үнэлгээг ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн тухайн асуудал хариуцсан инженер тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж зааснаас үзвэл, ажлын байрны эрсдлийн үнэлгээг аль ч тохиолдолд ерөнхий болон туслан гүйцэтгэгч хариуцан гүйцэтгэх үүрэгтэй байна.

Эдгээр нотлох баримтууд, холбогдох хууль, журмын заалтаар шүүгдэгч Ц.М /“*********” ХХК/ нь тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын байранд учирч болох эрсдлийг илрүүлж, үнэлэх, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг байнга хангах үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй хандаж ажлыг эхлүүлсний улмаас Ж.Б-ийн амь нас хохирчээ.

Хууль зүйн дүгнэлт: Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар тодорхойлж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Аравдугаар бүлэгт “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг заасан ба 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол ...ял шийтгэнэ” гэж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг заасан.

Хоорондоо харилцан хамаарал бүхий гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, камерын бичлэг, бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал  нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.М /“*********” ХХК/ нь хууль болон захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжийг заасан.

Шүүгдэгч Ц.М-ын үйлдэл нь өөрийн эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн, хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжтэй бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, зөрүүгүй, харилцан хамааралтай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.  

 Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ц.М “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК, “*********” ХХК-ний хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил гүйцэтгэхдээ хууль дүрмийн заалтыг биелүүлээгүй хайхрамжгүй хандаж хийх ёстой үйлдлээ хийгээгүйн улмаас хохирогч Базаррагчаагийн амь нас хохирсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нийт 104 сая төгрөг төлсөн байна. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр нэхэмжилснийг хангах үндэслэлгүй, ослын акт гараагүй. Мөн хүүхдийн тэтгэврийн зөрүү гаргуулах нэхэмжлэл нотлох баримт хангалтгүй шийдэх боломжгүй тул иргэний нэхэмжлэл гаргах замаар нэхэмжлэх эрхтэйг зааж хэлэлцэхгүй орхиж, 10 жилийн цалин нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай, энэ талаар хуулиар зохицуулаагүй гэж,

 -хохирогчийн өмгөөлөгч: шүүгдэгч Ц.М нь гэм буруутай. Эс үйлдэхүйн улмаас хүнд хор уршиг учирсан. Хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Үйлдвэрийн осол гарсан. Үйлдвэрийн ослыг бүртгэх үүрэг бүхий этгээд үүргээ биелүүлээгүй нь хохирогчийн нөхөн төлбөр нэхэмжлэх эрхэд саад болохгүй. Холбогдох баримтуудыг хэрэгт бүрэн хавсаргасан. Нас барагчийн сүүлийн 6 сарын цалингаас дундаж цалинг толорхойлсон. Шинжээчийн дүгнэлт гарсан. Нөхөн төлбөрийг “*********” ХХК-иас гаргуулах үндэслэлтэй. Хохирогчийн асрамжинд байсан насанд хүрээгүй нэг хүүхэд НДС-аас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдсон. Цалингийн зөрүү гарч байгаа тул 29,240,763 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн нас барагч залуу хүн байсан. 10 жил ажиллах байсан гэж үзэж 621,5 сая төгрөг нэхэмжилсэн. Осол болсоны дараа хохирогчийн төлөөлөгч үйлдвэрийн ослыг судлан бүртгэж акт тогтоолгох хүсэлтээ Ц.М-д өгсөн, өмгөөлөгч мэднэ би мэдэхгүй гэж хэлсэн гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н: Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй. 2017 оны Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмын 2.9 эрсдлийн үнэлгээ хийх нөхцөлийг заасан, 7.2 үйлдвэрийн ослын актыг гаргаагүй 6 сар өнгөрсөн бол нөхөн төлбөр гаргахгүй гэсэн. Хүүхдийн тэтгэврийн зөрүү гаргуулах шаардлага нотлох баримт бүрдээгүй. Ажил эхлээгүй байхад осол гарсан. ЭДЦС-д эс үйлдэхүй байна, хохирлыг хамтарч хариуцах ёстой гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.В: Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй. Үйлдвэрийн ослын акт гаргахыг мэдээгүй байсан. ЭДЦС хохирол төлөх ёстой. Төрийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авч байгаа этгээд бол ЭДЦС. Хууль гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй бол шаардах, гэрээ цуцлах хүртэл эрхтэй. 2 тал хоёулаа хууль гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Ажлын төсөвт эрсдлийн үнэлгээний зардал тусгагдаагүй. Гэрээний 4.1.захиалагчийн ажиглалт хяналтын дор ажил гүйцэтгэх ёстой. Аюулгүй ажиллагааны тор хаалт хэрэглэх зөвшөөрөл олгоогүй, Наряд өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн, хяналт тавиагүй орхисон гэж,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М: Бид худал яриагүй. Үйлдвэрийн ослын акт гаргуулъяа гэсэн бидний хүсэлтийг хүлээн аваагүй миний хажууд өмгөөлөгчтэйгээ ярьсан. Би хуулийн дагуу бүх баримтаа бүрдүүлж өгсөн. Дахин шүүхээр явмааргүй байна гэж,

-иргэний хариуцагчийн төлөөлөгч: манай компани гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн, аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2 удаа өгсөн байгаа гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн ба

-шүүгдэгч: харамсаж байгаагаа илэрхийлье, хохирол төлнө гэжээ.

Шүүх, иргэний хариуцагчаар “ЭДЦС” ТӨХК-ийг татаж шүүх хуралдаанд оролцуулсан. Тус компанийг Ж.Б амь хохирсон хэрэгт буруутгах үндэслэлгүй, гэм буруугүй гэж дүгнэсэн. Болсон үйл баримтад холбогдох хууль, журам, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний заалтуудаар “ЭДЦС” ТӨХК-ний буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэм буруу тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ц.М /********* ХХК/-ийн хайхрамжгүй байдлын хүсэл зоригоор хөтлөгдсөн, үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Ажил гүйцэтгэх гэрээний Захиалагчийн эрх үүргийн хэсэг 4.4-д “Хяналтын инженерүүд гүйцэтгэгч компаний ажилчдад ажил эхлэхэд заавар зөвлөгөө өгөх, станцын үйлдвэрлэл ажлын онцлогийн талаар мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж заасан ба захиалагч талын инженерүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг урьдчилан өгсөн болох нь баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан ба ажил гүйцэтгэх гэрээнд талуудын гүйцэтгэх үүргийг хуваарилаагүй тул хуулийн дагуу ажил олгогч хариуцна. Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт үндэслэлгүй тул ЭДЦС” ТӨХК-ийг иргэний хариуцагчаар татсныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.    

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:   

   Шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

 -шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх,зорчих, үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь хэргийн нийгмийн аюулын шинж, ял шийтгэлийн зорилго, шүүгдэгчийн хувийн байдалд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.О: тусгайлан саналгүй гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 104,090,600 төгрөг төлсөн, биеийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа. шалтгаалан байнга явж эмчлүүлдэг байдлуудыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү гэж тус тус санал гаргасан.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,1.2.учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлсөн байна.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл ...нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”гэж заасан ба шүүгдэгч Ц.М-ын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн.

3.Хохирол төлбөр, бусад асуудал;

28.1.11.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх;

28.1.15.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох; гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж,

Хохирлын хувьд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь, үйлдвэрлэлийн ослын 186,450,912 төгрөг, нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 29,240,763 төгрөг, амь хохирогчийн 2023 онд авч байсан нэг сарын цалингийн хэмжээний дундаж буюу 5,179,192 төгрөгийг 10 жилээр тооцож 621,503,040 төгрөг нийт 837,194,715 төгрөг “*********” ХХК /шүүгдэгч Ц.М /-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч төлсөн байна.             

          1.2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “*********” ХХК-нд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байхдаа Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хашаанд ухсан нүхний шороонд дарагдан Ж.Б нас барсан ослыг үйлдвэрлэлийн осол болохыг шинжээч нар 2 удаагийн дүгнэлтээр тогтоосон.

        Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д зааснаар "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг; ойлгоно гэж заасан ба,

         29 дүгээр зүйлийн 29.1.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна.,

         29.2.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.”гэж ослыг судлан бүртгэх үүргийг хуулиар ажил олгогчид хариуцуулсан.

           Тухайн тохиолдолд, ажил олгогч “*********” ХХК-ний захирал шүүгдэгч Ц.М ослыг судлан бүртгээгүй, энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж 9 дүгээр сарын 07-ны өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол гарч хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-г шинжээчээр томилсон ба 9 дүгээр сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарч “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн хашаан дотор 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Б нас барсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1-д /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед /заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ” гэж дүгнэсэн.

         Мөн, 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд”...Хариулт 4 ...ажилтнуудад тухайн ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг “*********” ХХК-ний талаас өгөх ёстой боловч зааварчилгаа өгсөн материал бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй байна...Хариулт 6 ...хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг “*********” ХХК-ний захирал Ц.М сахин хангуулах үүрэгтэй...дагуу газар шорооны ажилтай холбоотой тухайн ажлын байрны эрсдлийн үнэлгээг хийж, техник зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна”гэж тогтоосон.

        Тухайн ослыг “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу бүртгээгүй, үүргээ биелүүлээгүй нь Ц.М-ын ойлголт хандлагатай холбоотой ч, үүссэн нөхцөл байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолгосон нь шүүх дүгнэлт хийхэд хангалттай. “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгээгүй, осол болохыг тогтоогоогүй” гэж дүгнэх үндэслэлгүй.

        Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн Нийтлэг үндэслэлд, “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "ажил олгогч" гэх)-д гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино” гэж заасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасан ажил олгогчийн үүрэг хариуцлагыг нарийвчлан зохицуулж, хууль дүрмийн хяналтаас гадуур хүний эрх зөрчигдөхөөс сэргийлсэн агуулгатай байна.

        Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно:...125.1.2.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин...гэж зааснаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын гаргасан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг нас барагчийн дундаж цалингийн хэмжээгээр /4,685,690 төгрөг х 36 сараар тооцон 168,684,840 төгрөг Ц.М /********* ХХК/-иас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М т олгуулах үндэслэлтэй.

      2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилснийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

          Хэргийн 3-р хавтасны 157-159 дүгээр хуудаст 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн С-ийн М охиныг 19 нас хүртэл буюу 2027 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сард 567,263 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр нийгмийн даатгалын сангаас тогтоож олгож байгаа болохыг тодорхойлсон баримт, С.М-ын төрсний гэрчилгээний хуулбар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын төрөлжсөн архивын, Ж.Б-ийн цалингийн лавлагаа, 2-р хавтасны 168 дахь талд Ж.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан ба нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн.

         Амь хохирогч Ж.Б-ийн сүүлийн 6 сарын цалингаас дундаж цалин тооцох журмын дагуу тооцоход 4,685,690 төгрөг болсон бөгөөд үүнээс, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг хасна” гэж заасан аргачлалаар тооцон /4,685,690:5=937,138х4=3,748,552/ хөдөлмөрийн чадвартай этгээдэд оногдох/ төгрөгийг 4,685,690 төгрөгөөс хасаж С.М-д оногдох 937,138 төгрөгөөс нийгмийн даатгалын сангаас авч байгаа 567,263 төгрөгийг хасаж /937138-567263/=зөрүү 369,875 төгрөгийг Иргэний хуулийн 508.4.1-д “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” гэж зааснаар С.М-ыг суралцаж байгаа бол 18 нас хүртэл Ц.М-с /********* ХХК/ сар бүр гаргуулан олгуулахаар шийдвэрлэв.

         3.Амь хохирогчийн 10 жилийн хугацаанд авах байсан цалин 621,503,040 төгрөгийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон. Амь хохирогч 10 жил амьдрах байсан эсэх, нас барахын өмнө хийж байсан ажлаа хийсээр байх байсан эсэхийг хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар тогтоох боломжгүй хийсвэр шинжтэй ойлголт тул хуулийн дагуу дүгнэлт хийх боломжгүй юм.

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нийт 931,102,318 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 104,090,600 төгрөгийг шүүгдэгч төлсөн, энэ тогтоолоор төлөх мөнгийг хасаж нийт 762,417,478 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

       Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хамгаалалтын төмөр малгайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч 58 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч М овогт Ц-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай

 

4.Шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3,508.4-д зааснаар шүүгдэгч Ц.М аас сар бүр 369,875 төгрөг гаргуулж 2008.2.01-нд төрсөн С.М-ыг /РД:********/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл олгуулж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д зааснаар Ц.М /********* ХХК/-иас 168,684,840 /нэг зуун жаран найман сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун дөчин/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 762,417,478 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт иргэний хариуцагчаар Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийг татсаныг хэрэгсэхгүй болгосугай.

7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын цагдан хоригдсон 58 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногт тооцон эдлэх ялаас хассугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хамгаалалтын төмөр малгайг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн баруун хойд талын гаднах талбайн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.А