Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/02161

 

 

 

 

 

  2022         05          09                                       101/ШШ2022/02161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХХХ  дүүрэг, ххххх хороо, хххх гудамж, ххххх  байр, хх тоотод оршин суух З.С /000000/, Ж.З /00000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххх дүүрэг, хххххххх хороо, ххххххххх тоотод оршин суух Ж.Г /00000000/, Д.С /0000000000/ нарт холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 12,419,400 төгрөг гаргуулах үндсэн, цахилгааны тоолуурын үнэ 3,000,000 төгрөг гаргуулах хариуцагч Ж.Г ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Н, өмгөөлөгч Б.З, хариуцагч Ж.Г , Д.С, нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 6 сая төгрөгөөр багасгаж 12,419,400 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. 1 сарын төлбөр 3 сая төгрөг, үүнийгээ 3 сараар нь гэрээ байгуулахдаа төлөхөөр тохиролцож, 9 сая төгрөгийг тус өдрөө шилжүүлсэн. Гэрээгээр 40 м.кв болон 120 м.кв 2 өрөө ажлын байрыг түрээслүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ дууссан боловч түрээсийн харилцаа үргэлжилж 4 дүгээр сарын 5-ныг хүртэл гэрээг сунгаж, мөн тус өдрөө 9 сая төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Танай оффис боломжтой төвийн газар тул урт хугацаагаар гэрээ байгуулъя гэж хэлээд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дахин 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Ингэхдээ тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж, ажил жигдрэхээр мөнгийг өгье гэснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Хариуцагч нар 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 3 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Түүнээс хойш төлбөрөө төлөөгүй. Д.С ийн ээж нас барж, зуныг хүндхэн өнгөрүүлсэн. 10 дугаар сард нь объект дээрээ очиход хариуцагч нар ажлын байр бариад бусдад түрээслүүлсэн байсан буюу гэрээний 3.7, 3.8-г зөрчсөн тул гэрээг цуцлах үндэслэл болсон. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар уг объектоо буулгаж эхлээд ажлын байрыг чөлөөлж өгсөн. 2021 оны 8 дугаар сараас 11 дүгээр саруудын төлбөр болох 12 сая төгрөг, ашиглалтын зардалд 419,400, нийт 12,419,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Г , Д.С  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар түрээсийн төлбөрийг 3 сараар нь гэрээ хийж төлбөрийг төлдөг байсан. Түрээслэж буй байр дээр объект барьсан зүйл байхгүй. Харин хажуугийн хог асгадаг жорлон байдаг газрыг би нэхэмжлэгчтэй утсаар ярьж байж склад барихаар болсон. Хэрэв би зөвшөөрөл аваагүй бол юу гэж мөнгөөрөө тоглож склад барих вэ дээ. Би 30 м.кв байрандаа захиалга авдаг, 120 м.кв байрандаа үйлдвэрлэлээ явуулдаг. Склад бол тусдаа зүйл. 9 дүгээр сард би объектыг барьж дуусгаад, 11 дүгээр сард ирсэн. Намайг барьж байсныг мэдэж байгаа. Өнөөдөр яагаад З.С э ирж уулзахгүй байгаа юм бэ. Би хүнд түүнийгээ түрээсэлсэн чинь нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг нь авна гэж дайрсан. Би хариуд нь болно, гэхдээ эхний 1 жил би түрээслүүлчихье, учир нь би маш их ажилчдын цалин, нийгмийн даатгал орсон. Үүн дээр л босох хэрэгтэй байна гэхэд маргаан гарч эхэлсэн. Тэгэхээр нь би 6 сар түрээслүүлээд ашгийг нь авчихъя гэхэд үгүй гэж хэлсэн. Амьдарч, ажиллаж буй орчноо тав тухтай байлгахын тулд ямар газрыг ямар болгоод сэтгэл гаргаж цэвэрлэсэн билээ дээ. 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл төлбөрийг төлсөн. 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр нэхэмжлэгч мөнгөө шилжүүлж өгөөч гэж хэлсэн. Ингэхэд нь бид төлөх боломжгүй байгаа тул хүнээс зээлж өгсөн. Дараа нь 11 дүгээр сарыг хүртэлх төлбөрийг төлсөн. Бид материалаа үзэхээр оффистоо оръё гэдэг боловч оруулаагүй, гуйж байж л 2 удаа орсон. Бид гомдож байна. Яагаад баярлалаа гэхийн оронд шүүхэд дуудаж байна вэ? Түрээсийн төлбөрийн үед эд ковидтой байсан гэв.

Хариуцагч Ж.Г  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, 27 сая төгрөг гаргуулах сөрөг шаардлагаасаа татгалзаж байна. Харин тоолуурын 3 сая төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа. 2020 оны 8 дугаар сард тоолуур нь шатсан, тэнд заавал тог хэрэглэдэг тул энэ талаар З.С эд мэдэгдсэн. Бид нийт 3 сая төгрөгийн үнэтэй тоолуур суурилуулсныг үйлдвэрт үлдээсэн, тэр 3 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тоолуураа үлдээгээд явсан зүйлгүй. Хариуцагчаас он гарсны дараа тоолуур, цахилгаанаа авч явсан тул 11 дүгээр сарын 20-ны өдрөөр хугацаагаа бид тооцсон. Учир нь тоолуурыг салгаж авч болдог. Хариуцагч нар салгаж чадахгүй гээд байгаа боловч захын нэг цахилгаанчин салгачихна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ковидтой үед хариуцагч нар ажиллаад ашигтай байсан тул 100 айлын төв цэгт байрлах оффисийн төлбөрөө төлөөд гэрээг урт хугацаагаар байгуулая гэсэн. Тиймээс 5 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг өмнөх төлбөр гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд дамжуулан түрээслэхийг хориглохоор заасан. Ийм байхад түрээсийн гэрээний үүрэг гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд 2020.10.13, 2021.05.10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ, 000000000 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, З.С ийн ХААН банкны дансны хуулга, ххххх ТӨХК-ийн төлбөрийн баримт /хавтаст хэргийн 3-14 дэх тал/, Хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд Ж.Г ийн ХААН банкны дансны хуулга, 2021.05.06, 10-ны өдрийн Түрээсийн гэрээ, 2020.10.02, 2021.05.10-ны өдрийн ХААН банктай байгуулсан зээлийн гэрээ, 000000000 дугаарын ярианы жагсаалт, хххххх ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, түрээсийн зүйлийн гэрэл зураг, 2021.08.18-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 48-97 дахь тал/ тус тус шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.С э, Ж.З нар хариуцагч Ж.Г , Д.С  нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 18,419,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзан багасгаж, хариуцагч нараас 12,419,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Ж.Г , нэхэмжлэгч З.С эд холбогдуулан 2020.10.13, 2021.05.06, 2021.05.10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 27,000,000 төгрөг, цахилгааны тоолуур сольсны үнэ 3,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаас шүүх хуралдаанд хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, 27,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээс татгалзан багасгаж, 3,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн байна.

Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр а20/03 тоот түрээсийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч З.С э, хариуцагч Ж.Г  нарын хооронд 3 сарын хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг байхаар тус бүр нь 30 болон 120 м.кв талбай бүхий ажлын байрыг түрээслэх, түрээслүүлэхээр тохиролцсон, гэрээний дагуу нэхэмжлэгч ажлыг байрыг шилжүүлсэн, хариуцагч 3 сарын түрээс 9,000,000 төгрөгийг шилжүүлж, зохигч гэрээг хэрэгжүүлжээ. Мөн З.С э, Ж.Г  нар 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гэрээгээр 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хугацаатай гэрээг нөхөн байгуулсан, мөн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч Ж.З, хариуцагч Д.С  нар тус гэрээнд гарын үсэг зураагүй байна.

Тус гэрээний Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ болох талаар зохигч маргаагүй байна.

Хариуцагч нар дээрх гурван гэрээний түрээсийн төлбөрт нийт 27,000,000 төгрөг төлсөн нь хариуцагч Ж.Г ийн ХААН банкны 00000000 тоот дансны хуулгаар нотлогдож, энэ талаар зохигч маргаагүй болно.

Хариуцагч нарыг түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй зэрэгцэн Монгол Улсад Ковид-19 цар тахал бүртгэгдэн улмаар хөл хорио тогтоон хариуцагч нар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нартай түрээсийн төлбөрийг тооцохгүй байхаар тохиролцсон, хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон хэлцлээ зөрчсөн, түрээсийн төлбөрийг хэрхэн тооцох асуудлаар талууд маргаж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг цуцалжээ. Хариуцагч нар түрээслүүлэгчийн ажлын байранд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаанд тоног төхөөрөмжөө байрлуулж байсан талаар зохигч маргаагүй. Гагцхүү ашиг олох үйл ажиллагаа явуулсан эсэх талаар маргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан дээрх гурван гэрээг байгуулахад нэхэмжлэгч Ж.З, хариуцагч Д.С  нар оролцоогүй нь Ж.З, Д.С  нарыг гэрээний нэг тал болохыг үгүйсгэх ба хожим ч мөн тус гэрээний үүргийг харилцан хэрэгжүүлэхэд тодорхой эрх, үүрэгтэйгээр оролцоогүй байна. Нэхэмжлэгч Ж.З-ийн хувьд ажлын байрны газрын эзэмшигч болох нь 1461600887 нэгж талбарын дугаар бүхий, 300 м.кв газрыг эзэмших эрх бүхий газрын гэрчилгээгээр нотлогдож байна. Хариуцагч Д.С  нь нөхөр Ж.Г той хамт түрээслэж буй ажлын байранд ДСП хавтан зүсэх, наах ажлыг хамтран эрхэлдэг нь түрээсийн гэрээний нэг тал болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ж.З , хариуцагч Д.С  нарыг дээрх түрээсийн гэрээнүүдийн нэг тал, нэхэмжлэгч, хариуцагч гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч Ж.Г ийн хувьд ажлын байранд тогтвортой үйл ажиллагаа эрхлээгүй, Ковидын улмаас ажиллаагүй, ажиллаагүй хугацаанд түрээсийн төлбөр тооцохгүй талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон ба энэ үүрэг, амлалтаа нэхэмжлэгч зөрчсөн гэж нэхэмжлэлээс татгалзсан. Хэргийн үйл баримтаас үзэхэд зохигчийн (З.С э, Ж.Г  нар) хооронд түрээсийн төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх, хугацааг хойшлуулах талаар тохиролцсон нь нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Ж.Г  татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч гэрээний дагуу ажлын байрыг 12 сарын хугацаанд өөрийн эзэмшилд байлгасан, түрээсийн төлбөрт 27,000,000 төгрөг төлж, үлдэх 3 сар /2021.08-10-р сарын түрээс 9,000,000 төгрөг/, 10 хоног /2021.11.01-10-ны өдрийн түрээс 1,000,000 төгрөг/-ийн түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Ж.Г оос түрээсийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.С эд олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч, хариуцагчийн түрээслэсэн хугацаанд хамаарах ашиглалтын буюу цахилгааны зардалд 419,400 төгрөг төлсөн тухай баримтыг шүүхэд гаргаж тус зардлыг нэхэмжилсэн. Гэрээний 3.6-д түрээслэгч цахилгааны зардлыг төлөхөөр тохиролцсон, цахилгааны зардал нь 2021 оны 10 дугаар сарын 20-11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд үүссэн байх тул уг төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч, нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул энэ зардлыг мөн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Хариуцагч Ж.Г , нэхэмжлэгч З.С эд холбогдуулан ажлын байрны цахилгааны тоолуур нь цахилгааны ачааллаа дийлэхгүйгээс цахилгаан тасалддаг, тоолуур нь хайлсан учир цахилгааны тоолуурыг шинээр авч суурилуулсан, түүний ажлын хөлсийг тооцон 3,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлохоор иргэн н.Г-тэй 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар гаргасан. Тус гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажлын байранд 380 вольтын тоолуур угсарч суурилуулах, гэрлийн шонд даацын утас солих ажлыг 3,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон байна. Тус үйл баримтыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.3-т зааснаар ажлын байрны цахилгааны гэмтэл, засвар үйлчилгээг нэхэмжлэгч хариуцахаар заасан ба энэ үүргээ биелүүлээгүй, хариуцагч засан сайжруулалт хийсэн, уг засан сайжруулалтыг салгах боломжгүй байсан гэж үзэхээр тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.6-д зааснаар зохих зардлаа шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч З.С ээс 3,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Г т олгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагч түрээсийн зүйл болох машин механизмуудыг гэрээгээр тохиролцсоноор хугацаагаар ашигласан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож, зохигч энэ талаар маргаагүй учир зохих түрээсийн төлбөрийг мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар төлөх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.Г /000000/-оос 10,419,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.С /000000000/-д олгож, нэхэмжлэгч З.С ээс 3,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Г т олгож, үндсэн нэхэмжлэлээс 2,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.С т холбогдох шаардлагыг болон нэхэмжлэгч Ж.З-ийн хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 250,100 төгрөг, хариуцагчийн төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Г оос 181,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.С эд, нэхэмжлэгч З.С ээс 62,950 төгрөг, хариуцагч Ж.Г ийн илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагч Ж.Г т тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЭНЭБИШ