| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/00567/э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Б.Ануужин,
хохирогч ...,
гэрч ...,
шинжээч Т.Түвшинбаатар, С.Бямбасүрэн /цахимаар/,
шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн 2417001250003 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ...настай, эрэгтэй, ... боловсролтой, ..мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл .., ... хамт ..аймгийн ...сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх ... овогт ... .../РД:..../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ... нь ...аймгийн ... сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хас дэлгүүрийн дөврөн замын уулзвар замаар 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд ...улсын дугаартай Тоёота ипсум загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, хохирогч ...ийн биед зүүн хөлийн хавчаар ясны хугарал, зүүн хөлийн тавхай ясны 2,3,4 дүгээр шивнүүр ясны зөрүүгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 1982 онд жолооч болсон. 30 гаруй жил жолоо барьж байна. Би ногоон гэрлээр ороод эргэж амжаагүй байхад зүүн талаас тээврийн хэрэгсэл ороод ирсэн. Би тээврийн хэрэгсэл ирж байгааг хараагүй, холоос хурдтай ирсэн. Яг гэрэл дохио доор байгаагүй. Би улаан гэрэл асахаар нь зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь хөдөлсөн. Гэрэл дохио дээр байсан тээврийн хэрэгсэл харагдах боломжтой байсан. Эмчилгээний зардал 500 000 төгрөг төлсөн гэв.
2. Хохирогч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би найзтайгаа хонхроос дээшээ явж байсан. Ахуй үйлчилгээний урдуур хойш эргээд 30-40 километр цагийн хурдтай явж байсан. Ногоон гэрлээр ороход урдуур машин ороод ирсэн. Би мөргөөд газар унасан. Би эмчилгээний зардал, мопедны эвдрэлийн зардлыг нэхэмжилж байна гэв.
3. Шинжээч Т.Түвшинбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Зам тээврийн ослын материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota ipsum маркийн ...улсын дугаартай автомашины жолооч ... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т “жолоочийн ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд замд тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мопед загварын тээврийн хэрэгслийн жолооч ...ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад хурдыг тооцоолоход ашиглах тормозны мөр, зай, дугуйн чанар, тээврийн хэрэгслийн жин, замын болон зорчих хэсгийн гадаргууны байдал зэрэг өгөгдөл байхгүй тул шинжээчийн тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Toyota ipsum маркийн ...улсын дугаартай автомашин жолооч ... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Нэмж тайлбарлахад замын хөдөлгөөнд оролцогч гэж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.20 дугаар зүйлд “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ” гэж заасан байна. Жолооч гэж хэн бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Жолооч гэдэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 2.13 дугаар зүйлд заасан “жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар яваа ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хэлнэ” гэж заасан. Үүнээс үндэслээд тээврийн хэрэгсэл гэж юу вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 2.32 дугаар зүйлд “тээврийн хэрэгсэл гэж хүн ба ачаанд суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг хэлнэ” гэж заасан байна. Энэ осол хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөх хэлбэрээр зам тээврийн осол гарсан байна. Хоёр тээврийн хэрэгсэл нь хоёулаа жолооч гэсэн субъект буюу тодорхой хүн жолоодож яваад уг зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэж байна. Энэ хоёр тээврийн хэрэгсэл ямар орчинд хаана мөргөлдөв, хаана осол гарав гээд асуулт гарч ирнэ. Уг осол болсон цэг нь дөрвөн замын уулзвар хэлбэртэй. Уг уулзвар нь гэрэл дохиогоор зохицуулагддаг уулзвар байна. Энэ гэрэл дохиогоор зохицуулагдсан уулзвар дээр хоёр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлолцсон тохиолдолд ямар дүрмийн заалт баримтлах вэ гэдгийг тогтоох нь зүйтэй. Монгол улсын замын хөдөлгөөн дүрмийн 15 дугаар бүлэгт уулзвар нэвтрэх гэсэн бүлэг байдаг. Энэ бүлэг дотроо зохицуулдаг уулзвар нэвтрэх, зохицуулдаггүй уулзвар нэвтрэх гэсэн хоёр дэд бүлэгтэй. Зохицуулдаг уулзвар гэж би өмнө хэлсэн. Зохицуулдаг уулзварын хоёр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлолцсон тохиолдолд ямар дүрмийн заалтаар хэн нь зам тавьж өгөх үүрэгтэй, хэн нь давуу эрх эдлэх нь уг уулзварыг аюул осолгүйгээр хөдөлгөөний ачаалал, түгжрэл үүсэхгүйгээр зорчин явах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зохицуулдаг уулзвар нэвтрэх гэсэн дэд бүлгийн 15.4 дүгээр бүлэгт заалтад жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш болон буцаж эргэхдээ уулзварт ороод өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгсөн үү гэсэн хариулт гарч ирнэ. Өмнө нь хоёр жолоочийн зүгээс гэрэл дохионы талаар яриад байсан. Би хоёр жолоочийг хэн нэгнийг хориглосон буюу улаан гэрэл дохиогоор орсон, хэн нэгнийг нь ногоон гэрлээр ороогүй гэсэн зүйл яриагүй. Хоёр жолооч хоёулаа ногоон гэрэл буюу зөвшөөрсөн гэрэл дохиогоор орсон. Ороод ямар үйлдэл хийсний дараа хэн зам тавьж өгөх үүрэгтэй вэ гэснийг дэлгэрүүлэн тодорхойлсон дүгнэлт гаргасан гэж үзэж байна гэв.
4. Шинжээч С.Бямбасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шинжээч Т.Түвшинбаатарын хэлсэнтэй санал нэг байна гэв.
5. Гэрч ... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн орой урдаасаа хойш чиглэлээр ногоон гэрлээр чигээрээ явж байсан. Хойно зогсож байсан тээврийн хэрэгсэл дохио өгөхгүй зүүн гар тийш эргэсэн. Бид хоёр мөргөлдсөн гэв.
6. Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 20-ны орой 21-22 цагийн үед Хонхороос дээшээ найз ... Төмөр замд Зөгийхөн нэртэй газар тоглох гээд ... мопидтой Хас дэлгүүрийн тэр хавьд явж байсан. Тухайн үед ногоон гэрэл ассан гэрлэн дохио дээрээс хөдөлтөл хойноос урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэл дараад ороод ирсэн. Нэг мэдсэн газар хэтвэж байсан. Зүүн хөл зовиур ихтэй хөдлөхгүй байсан. Тухайн мопидыг манай найз ... унаж байсан. 35-40 км цагийн хурдтай явж байсан. Би ...мопидыг авч унахдаа зөвшөөрөл авсан. Надад тухайн үеийн эмчилгээний зардалыг өгсөн. Одоо эмчилгээ хийлгээгүй байгаа. Би гомдолтой байгаа. Ажилдаа явахгүй сар болж байна. Зээл төлдөг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 58-59 хуудас/
7. Иргэний хариуцагч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...манай өвөө байгаа юм. Манай өвөө, эмээ 2 надад тухайн тээврийн хэрэгслийг авч өгсөн. Өвөө, эмээ 2 манай 3 дүүг харж, хичээл сургуульд нь хүргэж өгдөг. Тийм болохоор би авч өгсөн тээврийн хэрэгслийг өвөөдөө өгсөн. Ямар хэрэгт холбогдсон талаар мэднэ. Би хохирол, төлбөр төлөх боломжгүй. Би 2 дугаар курсын оюутан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 62 хуудас/
8. Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэргүй баатарын хөшөөнөөс ... бид 2 ...мопидтой зөгийхөн тоглоомын газар луу явсан. Хас дэлгүүрийн орчим байдаг 4 замын уулзвар дээр зогсоод ногоон гэрэл асахаар нь хөдлөөд уулзвараар гарч амжаагүй байхад дохио өгөхгүй тэр машин эргээд мөргөлдсөн. Би тухайн үед эмнэлэг болон цагдаа дуудсан. Би B ангиллын жолооны үнэмлэхтэй харин А байхгүй. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. ..., ...д унаж байгаарай гээд мопид үлдээсэн байсан. Би тухайн мопидыг ...ээс асуугаад унасан. Тухайн үед 30-35 км цагийн хурдтай явж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 68-69 хуудас/,
9. Гэрч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед нөхөр ... хамт ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүүхэд тосох гээд явж байсан. Тухайн үед Хас дэлгүүрийн уулзвар дээр иртэл улаан гэрэл асаж байхад нь зогсоод ногоон гэрэл асахаар нь манай нөхөр хөдөлтөл урдаас гэнэт мопедтой хүн хурдтай ороод ирсэн. Тэгээд машины зүүн талаар мөргөж эрчин дээ ойчсон. Толинд хартал 2 хүн тухайн тээврийн хэрэгслээс ойчиж байсан харагдсан. Нөхөр бид 2 тээврийн хэрэгслээ зогсоогоод машинаас буугаад тухайн 2 залуу дээр очтол би цагдаагийн байгууллага болон эмнэлэг дуудаарай гэж хэлтэл тухайн тээврийн хэрэгслийг унасан нэг залуу дуудсан гэж хэлсэн. Явган хүний замын хашааны зүлэг талд нь нэг хүүхэд хөлөө барьсан сууж байсан. Тэр хүүхэд шорттой, тавчик өмссөн, оймсгүй сууж харагдсан тэр хооронд цагдаа болон эмнэлгийн 103 эмч ирсэн. Эмч цагдаа нар ирээд юу болсон талаар асуухад мопедыг барьж явсан залуу нь арай хурдтай ороод ирлээ 60 км цагийн хурдтай бараг явж байсан байх гэж хэлсэн. Тэхээр нь би та нарт үнэмлэх байдаг юм уу гэж асуутал би 60 км цагийн хурдтай явж байсан байх гэж хэлсэн. Манай нөхөр яадаг хэжиг вэ гэж хэлтэл мопедыг барьсан залуу нь ахаа би таныг танина гэж хэлсэн тэгээд хартал хажуу талд биллард ажиллуулдаг айлын хүүхэд байсан юм. Тухайн үед хүмүүсийг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад явсан. Жолооч залуугийн биеийг асуухад зүгээр гээд байсан. Цагдаа нар ирээд хэмжилт хийх гэтэл метр байхгүй байна камерын бичлэг асуутал камерын түлхүүр байхгүй гэж ярьж байхыг нь сонссон. Тухайн цагдаа бал цаас аваад зураглал хийсэн байсан. Би тухайн үед машины бичиг баримт авах гээд гэртээ очоод цүнхээ аваад эмнэлэг рүү очтол нөгөө хүүхдийн ар гэрээс ээж нь ирсэн байгаа гэж хэлсэн. Гадаа 3 цагдаа манай нөхөртэй хамт зогсож байсан. Та буруутай шүү дээ настай хүн шоронд орчуул хэцүү биз дээ та эцэг, эхтэй нь учраа ол гэж ярихыг нь би сонссон тийм биз дээ гэж хэлтэл манай нөхөр тиймээ гэж хэлсэн. Би тухайн үед уурлаад та нар юу яриад байгаа юм учраа олоод журмаар нь шийднэ шүү гэж хэлсэн. Та нар өөрсдөө цагдаа нар байж хүнийг ингэж ятгахгүй шүү гэж ярьсан. Цагдаагийн хажууд даатгал руу залгаад энэ асуудлыг хэлтэл тухайн үеийн зураг болон цагдаагийн тодорхойлолтоо явуул гэж хэлэхээр нь би тухайн үед байцаагчаас маргааш очих уу? гэж асуутал ногоон гэрлээр гарч байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нь та 2-ын буруу тийм болохоор та нар эмнэлэгт байгаа хүнтэйгээ зохицуул дээр гэж хэлсэн. Тэгээд би та нар энд ийм зүйл ярихгүй гэдэг зүйлийг хэлээд би 103-луу орсон. Тухайн хүүхэд ослоос болоод хөлөө шохойдуулна зураг гарч ирэхээр нь би танд үзүүлье гэж эмч хэлсэн юм. Эмч надад зураг үзүүлэхдээ зүүн талын хөлийн хурууны яс хугаралтай, шилбэний нарийн яс нь цууралттай гэмтлүүд байна. Бид нар одоо шохойдоод өгнө харин маргааш Улаанбаатар хот руу яваад гэмтэл согог үндэсний төвд төмөр бариулдаг гэж хэлсэн. Эмч намайг даралтаа үзүүл гэж хэлэхээр нь би яах вэ манай өвгөнийг үз гэж хэлтэл |манай нөхрийн даралт 194 болсон байсан. бид 2 эм ууж тариа хийлгээд тайвшрах гэтэл болж өгөхгүй байсан. Тариа хийлгээд гараад иртэл тухайн хүүхдийн ээж нь гээд нэг хүн цагдаа дээр ирээд уулзъя гэсэн зүйлийг ярьсан юм. Цагдаа дээр ирээд уулзах гэтэл хүн хүлээж байна гэж хэлээд байгаад байсан. Тухайн хүүхдийн ээж нь орой ирж уулзаад 1 000 000 төгрөг эмчилгээний зардал гэж тохиролцсон нөхөр бид 2 шөнийн 02 цагт гэртээ харьсан юм. Бид нар өглөө 08 цагт цагдаа дээр уулзахаар болсон. Тэгээд өглөө эрт иртэл тухайн хүмүүс ирээгүй байсан. Манай нөхрийн даралт ихсээд байхаар нь эмнэлэг явж үзүүлээд буцаад ирээд хүүхдийн ээжтэй уулзтал өргөдөл маягийн зүйл аваад ирсэн байсан. Тухайн өргөдөл дээр 6 500 000 төгрөг нэхэмжилсэн байсан. Би тухайн мөнгийн хүлээн зөвшөөрөөгүй. Тэгтэл удалгүй бичсэн зүйлээ өөрчлөөд 1 500 000 төгрөг болгож бичсэн байсан. Тэгээд би эмчилгээнд зарцуулах мөнгийг баримтаар нь асуудалгүй өгнө гэж хэлсэн. Өөрт байгаа 100 000 төгрөгийг замын зардал гээд өгсөн. Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд байх үед нь 380 000 төгрөг шилжүүлсэн. Хотоос Чойрт ирэх үед нь 50 000 төгрөг шилжүүлсэн. Нийт 530 000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн. ...20 гаран жил жолооч хийж байгаа, туршлагатай жолооч байгаа юм. Мөн сахарын өвчтэй болохоор хөл нь муудаж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 71-73, 75-76 хуудас/,
10. Шинжээч Т.Түвшинбаатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Хэргийн материалтай танилцахад мопед төрлийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байсан. Хэрэв хурд хэтрүүлсэн гэж үзвэл уг 2 тээврийн хэрэгслийн жолооч нарын хэн нь давуу эрх эдлэх, зам тавьж өгөх үүрэг гэсэн дараалалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл мопед давуу эрх эдлэх, автомашин зам тавьж өгнө гэсэн зарчим хэвээрээ байна. Мопед хурд хэтрүүлсэн бол ослоос үүдэн гарах хохирлын хэмжээ ихсэж болох юм. Харин зам тавьж өгөх үүрэг бүхий жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн хурдыг харан зөв тооцоолсоны эцэст хөдөлгөөнөө эхлэх, үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэх ёстой гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 204 хуудас/,
11. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 242 дугаартай дүгнэлтэнд: “...ийн биед зүүн хөлийн хавчаар ясны хугарал, зүүн хөлийн тавхай ясны 2,3,4 дүгээр шивнүүр ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хөлийн хавчаар ясны хугарал, зүүн хөлийн тавхай ясны 2,3,4 дүгээр шивнүүрийн зөрүүтэй хугарал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 44-45 хуудас/
12. 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 46-50/102 дугаартай дүгнэлтэнд: “Зам тээврийн ослын материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota ipsum маркийн ...улсын дугаартай автомашины жолооч ... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4 “жолоочийн ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд замд тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мопед загварын тээврийн хэрэгслийн жолооч ...ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад хурдыг тооцоолоход ашиглах тормозны мөр, зай, дугуйн чанар, тээврийн хэрэгслийн жин, замын болон зорчих хэсгийн гадаргууны байдал зэрэг өгөгдөл байхгүй тул шинжээчийн тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Toyota ipsum маркийн ...улсын дугаартай автомашин жолооч ... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байга. Монгол улсын шүүх шинжилгээний тухай хуулийн 17.2 “Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна” гэж заасан ба өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжээч нарын зүгээс дүгнэлт өгөх боломжгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Т.Түвшинбаатар, С.Бямбасүрэн, Я.Соронзонболд гэжээ. /х.х-ийн 191-193 хуудас/
13. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 8-16, 48-54 хуудас/
14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 148 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч ... нь ... аймгийн С... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хас дэлгүүрийн дөврөн замын уулзвар замаар 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд ...улсын дугаартай Тоёота ипсум загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, хохирогч ...ийн биед зүүн хөлийн хавчаар ясны хугарал, зүүн хөлийн тавхай ясны 2,3,4 дүгээр шивнүүр ясны зөрүүгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч ...ыг гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ... нь автотээврийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч ..., гэрч ..., ...нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 242 дугаартай дүгнэлт, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 45-50/102 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч ... нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ... түүний өмгөөлөгч Д.Батсүх нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй боловч шинжээчийн дүгнэлтээр гэрлэн дохион зохицуулалттай дөрвөн замын уулзвараар нэвтрэхдээ зүүн гар тийш жолооч эргэх үйлдэл хийх бол өөдөөс чигээрээ хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа болон баруун гар талруу эргэх хөдөлгөөн хийж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчисний улмаас тухайн зам тээврийн осол гарсан нь хэрэгт авагсдан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч ... нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч ...ын үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг түүнийг нөхөн төлсөн байдал мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 05 сарын хугацаагаар хасаж, 4 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж,саналыг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагийн хохирол үйлдсэн. Болсон үйл явдлын тухайд тохиолдлын шинжтэй. Мөн хуулийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн гэж байдаг. Хохирол төлбөрөө гарсан үед нь төлөөд явж байгаа, тухайн үедээ холбогдох эмчилгээний зардлуудыг гаргаж байсан. Эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаад, өгөөд яваад байгаа шүү дээ. Сүүлд нь дагалдах зүйлүүд үүсээд маргаантай учраас шүүхээр шийдүүлэх гээд явж байсан. Мопедны хохирол, нийгмийн даатгалын асуудлууд гэх мэт. Хохирогч талд өөр нэхэмжлэх зүйл байхгүй гээд яриад явдаг байсан. Харилцан ойлголцлын асуудал байсан нь төлбөрийг санаатай төлөөгүй гэдэг асуудал хамаарахгүй гэм буруугийн асуудлаа шийдүүлж байж асуудлаа шийднэ гэдэг байдлаар хандаж байсан учраас Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэл хамаарна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, эрүүл мэнд, нас, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гэж үзэж байгаа үйлдлийг нийгмийн хор аюулын шинж олон хүчин зүйлүүдийг анхаарч үзэх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гурван төрлийн үндсэн ялтай. Үүнээс прокурор 4 000 000 төгрөгөөр торгох ял санал болгож байгаа нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдалтай нийцэхгүй ял байна. Тийм учраас хамгийн бага хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх хариуцлага оногдуулах нь бодит байдалд нийцнэ. Нэмэгдэл хариуцлагын тухайд хамгийн бага хугацаагаар нь тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргажээ.
Шүүгдэгч ... нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч ...т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон эрүүл мэндийн байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохиролд 530 000 төгрөг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Батсүхийн зүгээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг доод хэмжээгээр оногдуулах тухай санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан тул торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ...ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
- Хохирогч ... нь ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болох 2 456 000 төгрөг, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 163 200 төгрөгийг баримтаар нэхэмжилжээ.
Зам тээврийн осолын улмаас Ц....ын унаж явсан тээврийн хэрэгсэлд 885 000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсныг нэхэмжилсэн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 450 000 төгрөгний зардал, Эрүүл мэндийн даатгалын сангаас 340 200 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилснийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч ...ийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. Учир нь: ажилгүй байсан хугацааны цалин тогтоохдоо цалингын картын тодорхойлолтоор тогтоох боломжгүй ба тухайн хугацаанд авсан цалин хөлстэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүгэдгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эмчилгээний зардалд 530 000 төгрөг төлсөн ба эмчилгээний зардал нийт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 709 851 төгрөг гарснаас хохирол төлсөнг хасаад 179 851 төгрөгийг хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг СД хураагдан ирсэнийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 2 800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...т оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай
5. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн /CD-1/ гэсэн бичиглэл бүхий DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч ...аас гаргуулж улсын орлого болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...аас 179 851 /нэг зуун далан есөн мянга найман зуун тавин нэгэн / төгрөгийг гаргуулж хохирогч ...д, 885 000 /найман зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д....т олгож, хохирогч ... нь ажилгүй байсан хугацааны цалин 2 456 000 /хоёр сая дөрвөн зуун тавин зургаа мянга/ төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ...аас 340 200 /гурван зуун дөчин мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ