| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/0068/э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж,
нарийн бичгийн дарга П.Э
улсын яллагч Б.Б
шүүгдэгч Д.З
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*** овогт Д***холбогдох эрүүгийн 2517000000057 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Дундговь аймгийн Гурвансайхан сум, 2 дугаар баг, Дэрсэнэ-Ус гэх хаягт оршин суух бүртгэлтэй боловч, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 1-111 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б***овогт Д*** З***/РД:ЗГ***/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.З*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б** овогт Д** З*** /РД:ЗГ***5/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Төмөр замын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б*** бусадтай хардан маргалдаж, нүүр хэсэгт нь цохих, бие рүү нь өшиглөх зэргээр халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнд урагдсан шарх, духанд зүүн талдаа, зүүн хацар, эрүүгээр, доод уруулын дотор салстад цус хуралт, цээжинд баруун хавирганы нумаар, зүүн өгзгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Д.З*** үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/
2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/
3. Хохирогч Г.Б*** мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Д.З*** бид хоёр хамтран амьдраад 1 жил болж байгаа, албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын хэдэн тоот гэдгийг нь мэдэхгүй байна. Н*** гэх найзынхаа гэрт Н***, эхнэр Х***, З*** бид дөрөв архи, пиво уусан. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 цаг өнгөрч байхад Д.З*** намайг Н***эй хардаад хэрүүл хийж байгаад гараараа миний нүүрний зүүн талын дух орчим хэсэгт 1-2 удаа цохиж, Х*** бид хоёрыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
4. Гэрч Д.Г*** мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
2025 оны 05 дугаар сарын 01-ний шөнө 2 цагийн үед Д.З*** нь Б***ийг дагуулж манай гэрт орж ирсэн ба Д.З***ын хувцас болон гар нь цус болчихсон, эхнэр Баярдэлгэрийн нүүр нь хавдсан, цус болсон байсан. Тэр хоёр гэрт ирээд дахин маргалдаж, Д.З*** нь Г.Б***ийн бөгс хэсэг рүү хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
5. Гэрч В.Г*** мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Манай гэрийн хойно байдаг эзэнгүй байшин дотор эмэгтэй хүн орилоод удалгүй Д.За***м, Г.Б***рийг дагуулан орж ирсэн. Тэр хоёрын хувцас цус болсон, Г.Б***ийн нүүр нэлэнхүйдээ цус болсон, хоёулаа архи ууж согтсон байдалтай байсан. Манай гэрт орж ирсний дараа мөн маргалдаж, Д.З*** эхнэр Г.Б***хээ цээж орчим байхаа 1 удаа өшиглөхөөр нь би Д.З***ыг түлхэж газар суулгаад, манай эхнэр цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
6. Иргэний нээхмжлэгч Г.Ц*** мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
Г.Б*** нь эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч, үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 140,616 төгрөгийг зарцуулсан тул төлбөрийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар дүгнэлтэд:
Г.Б****ийн биед зүүн чихний дэлбэнд урагдсан шарх, духанд зүүн талдаа, зүүн хацар эрүүгээр, доод уруулын дотор салстанд цус хуралт, цээжинд баруун хавирганы нумаар, зүүн өгзгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Зүүн чихний дэлбэнд урагдсан шарх, духанд зүүн талдаа цус хуралт, зүүн хацар эрүүгээр цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Доод уруулын дотор салстанд цус хуралт, цээжинд баруун хавирганы нумаар, зүүн өгзгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж*** гэжээ. /хх-ийн 26-27 дугаар хуудас/
8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/
9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/
10. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 84-88 дугаар хуудас/
11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43, 45-56, 58-61, 64 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
12. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
13. Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Д.З***ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
14. Шүүгдэгч Д.З*** нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
15. Прокуророос шүүгдэгч Д.З***ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тэдний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Д.З*** шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э***ай оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
16. Шүүгдэгч Д.З*** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
17. Шүүгдэгч Д.З*** нь гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч хохирол нэхэмжлээгүй нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин Эрүүл мэндийн даатгалын газраас шүүгдэгч Д.З***аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 140-616 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул бусдад төлөх гэм хорын төлбөртэй гэж дүгнэв.
18. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.З***ын хүлээн зөвшөөрсөн 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч Д.З***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
19. Шүүгдэгч Д.З*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б***овогт Д**н З*** /РД:ЗГ****/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б** У** овогт Д*** З*** /РД:ЗГ***/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З***д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүл мэндий даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.З***аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 140,616 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч /Г.Ц***/ Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
5. Шүүгдэгч Д.З*** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА