| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0069/э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Б.Ц түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Б-ын Ц-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 06 лугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээвэрт явдаг, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн .........сумын....... дугаар баг, ......-р бааз ........ тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, Б овогт Б-ын Ц /РД:................/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Б-ын Ц /РД:............../ нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Утай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр хэсэгт нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний гадна хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхнэр У болон, 2 хүүхдийнхээ хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Хавирга гэх нэртэй газар нутаглаж байсан Уын хамаатны эгч болох Н нь “Улсын аварга малчин” болсонтой холбогдуулан цайллагын арга хэмжээнд гэр бүлийнхээ хамт оролцсон. Би эхнэр У, 2 хүүхдийнхээ хамт тус арга хэмжээнд оролцож дууссаны дараа Сүмбэр сум 2 дугаар багт байрлах гэртээ харихаар машинтайгаа буцсан. Бид хэд буцах замдаа би эхнэр Утай /эхнэр архи ууж согтсон байсан, би эрүүл байсан/ намайг хүмүүстэй хардаж хэрүүл өдсөний улмаас би уурлаж өөрийн эзэмшлийн 06-20 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор явж байх үедээ Уын хамар орчмын хэсэгт гараараа 1 удаа цохисон тэгээд У машинаас бууж зугтахаар нь би араас нь машинаас бууж түүнийг аргадаж, хүүхдүүд машин дотор уйлж байна хоёулаа одоо гэртээ харьцгаая гэж хэлж аргадаад машиндаа сууж гэртээ ирсэн. Тухайн зодсон гэх газар нь Сүмбэр сум 4 дүгээр багийн нутаг Чойроос 15 км орчим зайтай байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....гэсэн мэдүүлэг. /хх-ийн 65 хуудас/
2. Хохирогч У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 09 цаг 34 минутанд нөхөр Ц руу 95740478 дугаарын утсаар залгасан утас нь холбогдохгүй байсан. 10 цаг өнгөрөөгөөд утас нь холбогдохоор нь ярьтал би хөдөө байна, М гэдэг айлд байна гэсэн, би ханш нээх сайн өдөр байсан шүү дээ, гэртээ байхгүй яасан юм бэ гэж хэлхэд, чи хэзээ буян хийдэг байсан юм гэж над руу хэлээд утсаа тасалсан. 14:00 цагийн үед танихгүй хүнтэй гэрт ирсэн, ирээд том машинаа янзлаж байгаад, намайг машины банк солилцоод өг гэж утсаар залгаж дуудсан. Би гарч очоод хэрэг болох үед туслаагүй байж, өөртөө хэрэг болох үед дуудах юмаа гэж хэлээд уурлаад би гэр лүүгээ орсон. Ц 20 цаг 10 минутанд 06-20 ГСО жижиг машинтай гэрээс гарч яваад 23.25 минутанд гэртээ ирэхэд нь чи хаагуур яваад байдаг юм гээд бид хоёр маргалдсан, Ц чи хүн амраахгүй гэж хэлээд 04-70 ГСА том оврын машинаа асаагаад явсан. Би хашааны гадаа байсан жижиг машинаа хашаандаа оруулах гэсэн түлхүүр нь байгаагүй, тэгээд би Цын араас замын баруун тал руу таньдаг жолоочийн гэрт нь очсон. Ц машиндаа унтаж байсан, би машины хаалгыг татаж нээхэд Ц сэрээд чи энд юу хийж яваа юм бэ гэсэн, чи өөрөө гэр орондоо очихгүй юу хийж яваа юм гэж хэлээд, бид хоёр маргалдсан, Ц хувцасаа өмсөөд чамайг ална гэж хэлээд босоод ирсэн, би машинаас гараад зугтсан, Ц араас гүйцэж ирээд, баруун талын бөгс хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, тэгээд би зугтаагаад, цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа ирсэн. Ер нь бол байнга зоддог, намайг юм хэлхээр үл ойшоодог. Би тэгээд бухимдсан. Бид хоёр маргалддаг. 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр миний баруун талын бөгс хэсэг рүү өшиглөсөн, хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 22-нд намайг малын хашаанд өвдөглөж унагааж, өшиглөж 2 хавирга хугарч байсан. Хоёр хөмсөг язарч байсан, 2025 оны 02 дугаар сарын 25-нд хамар яс мурийж хамар хугалж байсан. 2023 оны 06 дугаар сард Хөөвөр гэдэг газар нуруу хэсэгт чулуугаар цохиж зодож байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-16 хуудас/
3. Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Түрүү жил буюу 2024 оны 6 дугаар сар хавьцаа байсан байх намайг Улаанбаатар хотод явж байхад Т руу залгаад эгчээ ломбардны дугаар мэдэх үү, миний эмээлийг У барьцаанд тавьсан байна. Заруулчихмааргүй байна та ломбардны дугаар олоод өгөөч хаана тавьсаныг нь мэдмээр байна гээд хоорондоо маргалдаж байсан. Утасны цаана эхнэр нь хашгичаад л байсан. Миний дүү битгий биед нь хүрээрэй. Ямар нэгэн асуудал гаргаж болохгүй шүү гэж хэлсэн чинь өөрөө ирээд наалдаад ноолоод байна, би гар хүрээгүй ээ гэж хэлж байсан. Бусдаар бол миний хажууд биед нь халдаж, хэл амаар доромжилж байгаагүй. Тэглээ, ингэлээ гэж л лав ярьж байгаагүй. Ц нь төлөв даруу хүүхэд байсан. Хүнтэй хэрэлдэж, уралцаж үзээгүй. 10 жилийн сургууль төгсөөд хөдөө мал дээр л байдаг байсан. У нь болохоор хурц талдаа ааштай, сав л хийвэл хүнтэй муудалцаад, хэл ам хийгээд байдаг юм. Намайг хүртэл загнаж л байсан. Нэг удаа загнуулахдаа л хурц ааштай юм байна даа гэж бодсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/
4. Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 107 дугаар дүгнэлтэнд:
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 56 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ц нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Шүүгдэгч Б.Ц болон түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цын өгсөн мэдүүлэг, хохирогч У, гэрч Ч.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 107, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Мөн шүүгдэгч Б.Ц нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Цод эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Ц нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Цод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс шүүгдэгч Б.Цыг хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2517000470056 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч У нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цод оногдуулсан 800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ