| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 197/2025/0386/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/349 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Н.Халиунаа,
Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Хххх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тд холбогдох эрүүгийн ххх дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
хххх
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Тыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хххх шөнийн ххх цагийн орчимд Хххх дүүргийн ххх хороо, Хххх тоот хашааны үүдэнд хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хохирогч Чгийн бие махбодид халдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодсон, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, дух, нуруунд зулгаралт, баруун зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хххх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн ххххх дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 1-2/,
Хохирогч Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Би хххх шилжих шөнө би гэртээ амарч байхад урьд нь таньдаг байсан Т видео калл хийж би ххх архи ууж байна тааралдах уу гэхээр би үгүй гэсэн тэгээд би би уг залуутай юм ярилцаж байгаад тасалсан, 01 цаг өнгөрч байхад мессэжээр нэг юм хувааж ууя гэхээр нь би тэгээ хүрээд ир гэсэн, тэгээд Т ирээд манай хашааны гадна нэг шил 0,5 граммын орос архи хуваажуусан. Тэгээд би тасарчихсан юм уу ухаангүй болсон нэг мэдэхэд би хашааны гадна газарт 4 хөллөчихсөн хэвтэж байхад миний нүүр хэсэгт өшиглөсөн, тэгээд би ухаан алдчихсан үүрээр гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон, тэгтэл манай найз эмэгтэй ххх надад хэлэхдээ хашааны гадна чимээ гараад байхаар нь гарсан чинь чамтай архи уусан эрэгтэй чиний нүүр лүү өшиглөөд зогсож байхаар нь салгах гээд очтол түлхэж унагаасан, тэр үед намайг босож ирээд уг залуу яв гэж хэлсэн, тэр үед уг залуу яваад өгсөн. Тэгээд намайг эмнэлэг рүү авчирсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,
“...Надад учирсан сэтгэл санааны хохирол байхгүй. Би сэтгэл санааны дүгнэлт гаргуулахгүй., ...Надад эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээтэй холбоотой баримт сэлт байхгүй байна Надад гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,
Гэрч хххх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Манай найз залуу Ч бид хоёр Хххх дүүргийн ххх хороо, Хххх тоот хашааны гадна хххх цагийн үед найз нь ирчихлээ, уулзчихаад ороод ирье гэж хэлсэн, тэгээд хххх минутын үед гадаа хашааны төмөр хаалга дуугахаар нь би гайхаад гарахад Т гэх найзтайгаа барилцаж аваад зодолдож байсан. Намайг харж байхад Чг хэд хэдэн удаа газар унагаад толгой руу гараараа нэлээн олон цохиод хөлөөрөө олон удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хххх дугаартай
“Чгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, дух, нуруунд зулгаралт, баруун зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,
Лазер мед эмнэлэгийн дүрс оношилгооны хариу, компьютерт томографийн шинжилгээ, зураг зэрэг эмнэлэгийн баримтууд /хх-н 20-24/,
Шүүгдэгч Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... би өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан бүх хохирлыг бүрэн төлж барагдуулна... гэсэн мэдүүлэг /хх-н 76/,
Шүүгдэгч Т “... миний бие гэм буруугаа ойлгож байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд уг хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх 83/,
Хохирогч Ч “... миний бие Таас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /84/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Нийслэлийн Хххх дүүргийн шүүхийн хххх дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн ххххх дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хххх дугаартай магадлалын хуулбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хххх дугаартай “ялыг дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжийн хуулбарххх аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ххххх
дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, ххххх хорих ангийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт,
иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, дансны хуулга, цагдаагийн мэдээллийн сангийн баримт /хх-ийн 25-62/-г шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Хххх дүүргийн прокурорын газраас Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч, гэрч Л нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөртөө холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Тд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Тын хохирогч Чгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Чд хэргийн материалыг танилцуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх болсон талаар мэдэгдсэн болон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... гомдол, санал байхгүй, прокуророос ял тохиролцсон нөхцлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралд оролцож амжихгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан зэргийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүний эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ