| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0227/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/264 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Т.Д
Хохирогч Б.Ц /цахим/
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2525000000170 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 19 настай,*******,*******,*******,,, Х ургийн овогт Д-ын С /РД: ********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн нутаг дэвсгэрт “З м” дэлгүүрийн урд хохирогч Б.Ц руу чулуу шидэж эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.С-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлнө гэх мэдүүлэг,
-хохирогч Б.Ц-ийн мэдүүлсэн: Эмчилгээ хийлгэсэн баримт аваагүй. Оёдол тавиулж, тос авсан. 100,000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн, 1 удаа тариа хийлгэсэн, тос 2 удаа авсан, хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2525000000170 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Б.Ц-ийн мэдүүлсэн...Би 2025 оны 03 дугаар 05-ны орой найз Н, Д өөрийн эхнэр Н нарын хамт мартын 8 тэмдэглэх гээд ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********* бааранд 22 цагийн орчимд орж үйлчлүүлж байгаад тамхи татах гээд баарны гадаа гараад үүдний хэсэгт нь ганцаараа тамхи татаад зогсож байхад үл таних 3 залуу надаас тамхи асуугаад миний хажууд зогсож байхад манай найз Н баарнаас гарч ирээд юу болсон яасан бэ гэж надаас асуусан. Тэгсэн чинь нөгөө 3 залуу шүгэлдээд худалдааны гудамж талаас 2 залуу гарч ирээд Н бид хоёрыг бүслээд тойроод зогсохоор нь би дотроо эвгүй байдал үүсэх нь гэж бодоод найз Н хайрцагтай тамхиа гаргаж ирээд тэнд зогсож байсан 5 залууг тамхи тат гээд өгөхөд би бас зөөлрүүлэх маягтай тухайн залуучуудтай сайхан шинэлсэн үү гэж гараа барих гэхэд бүгд сайхан шинэлсэн гэж гар бариад би тэд нарын биеийн хэлэмжийг харахад үг зөрвөл цохиж магадгүй юм шинжтэй байдалтай байсан болохоор би найз Н-д хандаж хоёулаа баар луу оръё гэхэд тэд нар араас та хоёрыг ална гэж орилж хашхираад үлдсэн. Тэгээд баар руу буцаж ороод 2 цагийн дараа гарч ирээд өөрийнхөө эхнэр болон хоёр найзынхаа хамтаар худалдааны гудамжаар алхаад явж байтал "З м" дэлгүүрийн гэрэлтүүлэгтэй хэсэгт нөгөө 5 залуу зогсож байж тааралдсан. Тэгээд бид нарыг харангуутаа одоо та нарыг ална гэж хэлээд бид нар луу шууд л бүгдээрээ чулуу шидэж эхэлсэн. Тэгээд шидсэн чулуу нь миний дух хэсэгт онож цус гарсан...найзын эхнэр Д цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн чинь цагдаа нар ирж тэр залуусыг аваад явсан. Бид таксинд суугаад араас нь цагдаагийн газарт очсон. Хэргийн материалд байгаа тэмдэглэлд тусгагдсан зургуудаас харахад Д.С гэх залуу нь намайг чулуугаар цохисон залуу мөн байна... Миний эрүүл мэндэд учирсан хохирол Синдрелла клиник эмнэлэгт нийтдээ 2,700,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Би цаашид дахин толгойны зураг авхуулж дахин эмчилгээ хийлгэх эсэхийг шийднэ. Миний бие нийтдээ 10,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Надад өөр ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, үүнтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р тал/
- насанд хүрээгүй гэрч Т.Ү-ын “...Тэгээд Д.С, М, бид 3 тухайн Т-г өшиглөсөн залуусын араас хөөгөөд Худалдааны гудамж хүртэл гүйгээд тухайн залуусыг алдсан. Би гартаа барьж явсан чулууг худалдааны төвийн төмөр лангуу руу шидсэн. Худалдааны гудамжаар хоёр*******, нэг эмэгтэй хүн алхаад ирж байсан. Тэгтэл нэг ах нь намайг яаж байгаа юм бэ? гээд асуухаар би таныг яагаач үгүй гэж хэлсэн тухайн ахын хөмсөгнөөс цус гоожсон байдалтай байсан З м дэлгүүрийн гадаа байж байтал Д.С над руу чи чимээгүй бай гэж хэлсэн...Д, Б.Б хоёр Д.С-ыг чулуу шидэж онож байхыг нь харсан гэж надад хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/
- насанд хүрээгүй гэрч С.Д-ийн “...2025 оны 03 дугаар сарын 05-ны орой 19-20 цагийн үед.... Тэндээсээ гэр гэртээ харихаар худалдааны гудамжинд явж байгаад Богд голын хажууд байх баарны гадна зогсож байсан залуучуудаас Х бид хоёр тамхи асуугаад зогсож байсан чинь цаанаас нь эхнэр нь бололтой нэг эмэгтэй гарч ирээд бид нар луу дайраад байсан. Ингэж байгаад тухайн залуучуудтай маргалдаж байгаад тэндээсээ уучлалт гуйгаад салсан. Ингээд салаад явах гэж байтал түрүүний залуучууд олуулаа болчихсон бид нарыг хөөхөөр нь бид нар 6 дугаар микр тал руу зугтаасан, бид нар зугтааж байгаад буцаагаад тэд нарыг хөөсөн чинь буцаад худалдааны гудамж руу зугтаасан.Хамгийн урд нь Т.Ү, Д.С хоёр араас нь Б.Б бид хоёр гүйж явсан. Тэгээд лангуунуудыг оносон, дараа нь Д.С нь гартаа барьж явсан чулуугаа шидсэн чинь урдаас гарч ирсэн нэг залууг оночихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
-Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “....Энэ үед бид нар тэд нарыг буцаагаад хөөж явсаар буцаад худалдааны гудамжиндаа ирсэн чинь тухайн залуучууд алга болчихсон байсан. Тэгсэн чинь Т.Ү нь гартаа барьж явсан чулуугаа худалдааны гудамжинд байх лангуунууд руу шидсэн чинь тухайн лангууг оносон. Дараа нь найз Д.С нь гартаа барьж байсан чулуугаа мөн лангуунууд руу шидсэн чинь нэг залууг оночихсон байсан. Тухайн залуу толгойгоо дараад бид нар луу ирээд та нар намайг оночихлоо гэж хэлж байсан. Толгойноос нь цус гарч байсан. Тухайн үед уг залуутай хамт явсан нэг эмэгтэйн цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирэх хүртэл бид нар тэнд хүлээж байсан юм. Өөр хэн нэгэн чулуу шидээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 382 дугаартай “..Б.Ц-ийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/
-Шүүгдэгч Д.С-ын яллагдагчаар мэдүүлсэн:..Тэндээсээ бие биеэсээ уучлалт гуйгаад явсан. Ингээд салаад явж байгаад үл таних 3 залуутай маргалдаж байгаад тэндээсээ салаад явсан. Салж яваад удаагүй байсан чинь түрүүний 3 залуу олуулаа болчихсон бид нарын араас орилж хөөхөөр нь Орхон зоог хүртэл зугтаасан. Энэ үед бид нар тэд нарыг буцаагаад худалдааны гудамжиндаа ирсэн чинь тухайн залуучууд алга болчихсон байсан. Худалдааны гудамжинд Т.Ү бид хоёр түрүүлээд очсон. Энэ үед Т.Ү бид хоёр гартаа барьж явсан чулуугаа шидсэн. Т.Ү түрүүлээд шидсэн чинь худалдааны гудамжны лангуу, сандал зэргийг оносон, дараагаар нь би шидсэн чинь миний шидсэн чулуу урдаас алхаад ирж явсан хоёр залуугийн нэгийг нь оносон...гэх мэдүүлэг /хх-н 39-40-р тал/
-Хохирогч Б.Ц-ийн гаргаж өгсөн “Синдерелла клиник” ХХК-ний гоо сайхны эмнэлэгийн эмчийн дүгнэлт /хх-ийн 55-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн нутаг дэвсгэрт З м дэлгүүрийн урд хохирогч Б.Ц руу чулуу шидэж эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Д.С-ын үйлдлийн улмаас Б.Ц-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хоорондоо хамаарал бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.
Шүүгдэгч Д.С хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж,
-шүүгдэгч Д.С өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.С-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай гэжээ.
Шүүгдэгч өөр санал гаргаагүй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Ц нь хохиролд “Синдерэлла” эмнэлгийн 2,700,000 төгрөгний эмчилгээний төлөвлөгөө гэх тодорхойлолт баримтыг үндэслэн нэхэмжилсэн. Уг эмчилгээ хийлгэсэн талаар баримт шүүхэд гаргаагүй. Шүүх хуралдаанд “100,000 төгрөгөөр үзлэг хийлгэсэн, 1 удаа тариа хийлгэсэн, тос 2 удаа авсан, хохирлоо нэхэмжилнэ” гэх хохирогчийн мэдүүлгийг үндэслэн 750,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн шүүгдэгч шүүх хуралдаанаас завсарлага авч 300,000 төгрөг төлсөн.
Шүүгдэгч Д.С-с үлдсэн 450,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар заасан ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Д-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.С-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сайн дураар төлөх үүрэгтэйг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А