Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

Ч.*******д холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                            Г.Давааренчин                                   

                                          Шүүгчид                                Б.Эрдэнэхишиг

                                                                                        Д.Буянжаргал

                                  

                                  Оролцогчид:

                                    Прокурор                                   О.Нандин-Эрдэнэ /цахим/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч            Х.Даваахүү /цахим/

                                      Хохирогч                                    Б.******* /цахим/

                                      Хохирогчийн өмгөөлөгч            С.Сувдаа /цахим/

                                      Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис /цахим/

                                      Түүний өмгөөлөгч                      Т.Мөнхтуяа /цахим/

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2020/0041/Э индекстэй 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тайшир суманд ******* оны **** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, **** настай, ***эгтэй, **** боловсролтой  **** мэргэжилтэй, ам бүл ****, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг ******** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, Алтан гадас одон, барилгын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* /РД:*********/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.******* нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг 2 давааны хооронд гэх газарт буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 135-136 дахь километрт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж эсрэг урсгалд зорчиж явсан Б.ын эзэмшлийн ******* ДАХ улсын дугаартай “Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Тоёота приус-20 загварын ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.ын амь нас хохирсон, иргэн Ч.Нандинхүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Тоёота гранд марк-2 загварын ******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.ийн эрүүл мэндэд хүнд, иргэн Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Б., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ч.*******д холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 115 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүнии амь нас хохирсон, хүнии эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.*******д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.*******гээс 2132998 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-37 тоотод оршин суух, хохирогч гийн т /РД:/, 2156420 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг Орхон сумын Энхтал багийн задгайд оршин суух, хохирогч овогт ын *******д /РД:/, 5900200 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-37 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч овогт гийн д /РД:ОК97021414/, 31100 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-37 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч овогт Бадам-Осорын д /РД:ОК68110115/ тус тус олгож, хохирогч Б.ийн иргэний нэхэмжпэлээс 483853 төгрөгийн шаардлага, хохирогч Б.*******ын иргэний нэхэмжлэлээс 1499846 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч Г., иргэний нэхэмжпэгч Ч.Нандинхүслэн нарын хууль ёсны төлөөлөгч М.Чингис нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

7. Энэ хэргийн улмаас хураагдан ирсэн Б.ын В ангиллын № 1126102 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, хэргийн газрын үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий 3 ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.*******гийн В ангиллын № 766800 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.

9. Хохирогч Б., Б.******* нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

10. Энэ хэргийн улмаас Ч.*******гийн өмчлөлийн Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26 дугаар гудамжны № 08 тоотод байрлах 65.4 метр квадрат талбай бүхий дугаарын гэрчилгээтэй хувийн орон сууц, Ч.*******гийн эзэмшлийн ******* УБҮ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай....” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

  1. Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Ч.*******г бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-р зүйлийн 1.3 дахь зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 1.1-д болон 32.10-р зүйлийн 3.2-д яллаж байгаа гэмт хэргийн үйлдсэн газар, цаг хугацааг нотлох ёстой. Гэтэл тухайн осол болсон цаг хугацааг маш тодорхой гэрчилдэг гэрч Саранмандах 2 хавтаст хэргийн 161 хуудсанд “...2019.02.08 орой 16 цаг өнгөрч байхад ослын дуудлага ирсэн” гэх, мөн 2 хавтаст хэргийн 158 хуудсанд гэрч мэдүүлэхдээ 2020.02.08 орой 17 цагийн дөнгөж эхээр хүлээн аваад удаагүй байтал” гэж мэдүүлснээс үзэхэд осол 16 цаг дөнгөж өнгөрсөн байхад болсон нь нотлогдсон гэж үздэг. Шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд огт дурдагдаагүй байдаг. Ослын талаарх дуудлага 18 цаг 00 минутад ирсэн буюу осол болсноос хойш ойролцоогоор 1 цаг 30 минутын дараа мэдэгдсэн. Үүнээс хойш 2 цаг 30 минутын дараа бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн байдаг бөгөөд энэ үзлэгт Ч.******* оролцоогүй байдаг бөгөөд үзлэг эхлэхээс өмнө өдрийн цагт авсан тамга, тэмдгээр байлгаагүй, хувийн сонирхлоор хийгдсэн хуурамч фото зургуудыг 1 хавтаст хэргийн 16 хуудсанд авагдсан байдаг.

Мөрдөн байцаагч Отгонбаяр хяналтын прокурор Э. нарын хийсэн хэргийн газрын үзлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай 2 хавтаст хэргийн 94 хуудсанд 2019.04.16-ны өдөр ерөнхий прокурор Эрхэмбаатарын шийдвэр маш тодорхой байгаа. Иймд нөхөн үзлэгийг дахин хийхэд Ч.******* өөрийн явж байсан урсгалд мөргөлдсөн чиглэл цэгийг заасан байдаг. Үзлэгээр схем, зураг үйлдээгүй. Хохирогчдоос оролцуулаагүй, хуулийн дагуу хийгдээгүй тул 2019.08.13 өдрийн 211 тоот захирамжаар хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийхийг заасан бөгөөд дээрх захирамжид Э. прокурор эсэргүүцэл бичээгүй тул захирамжид заасан нөхөн үзлэг хийхэд хэргийн газар өөрчлөгдөж, нотолгооны эх сурвалж устаж, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байсан.

  1. Шүүгч Хэрлэн 2019.08.13 өдрийн 211 тоот захирамжийг гаргасан бөгөөд прокурор эсэргүүцэл бичээгүй тул захирамжид заасан заалтууд заавал биелэгдсэн байх ёстой. Гэхдээ хуульд нийцсэн эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх ёстой атал нэгдүгээрт хамгийн наад зах нь 1 хавтаст хэргийн 79-85 хуудсанд заасан Х., О. нарын мэдүүлгүүдийг хавтаст хэргийн дугаарыг сольж, зөвтгөн дахин дугаарлах  гэсэн заалт биелээгүй дээр нь нэмээд 2 хавтаст хэргийн 200-д 5 хуудас дугаарлагдаагүй. Ч.*******г гол буруутгаж байгаа нотлох баримт гэх 2019.11.01-ний 31/А дүгнэлт хавтаст хэрэгт дугааргүй байгаа. Хоёрдугаарт захирамжид дурдсан техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа 2019.10.18-ны өдөр 31 тоот дүгнэлтийг Б.Энхтүвшин, Эрхэмбилэг, Насанжаргал нараар гаргуулсан байдаг бөгөөд дахин 2019.11.01-ний өдөр 31/А дүгнэлтийг гаргахдаа дээрх шинжээчдээр дахин гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8-р зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн, дээрх шинжээчид нь техникийн тусгай мэдлэг байхгүй. 2019.10.18-ны өдөр А/31 тоот шинжээчийн дүгнэлтээ үг үсэггүй, хуулбарлаж гаргасан байдаг. Яллах дүгнэлтэд 31/А дүгнэлтийг 2 хавтаст хэргийн 208 хуудас байгаа гэсэн боловч мөн дугаарлагдаагүй байдаг. Иймд нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
  2. Захирамжид заасан нэг гол заалт бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2019.06.07 өдрийн 2926 тоот дүгнэлтийг үндэслэлтэй эсэх талаар дахин дүгнэлт гаргуулах заалт өгч биелээгүй. 2926 тоот дүгнэлтийг гаргахдаа хууль ноцтой зөрчсөн гэж үзсэн хэргийн газрын эхний үзлэгийн материал болох 1-14 хуудсыг үндэслэн гаргасан миний шинжээчид тавьсан асуултыг хасч асуулт тавьсан гэх үндэслэлээр дахин гаргуулах хүсэлтийг хүлээж авсангүй.
  3. Мөрдөгч Отгонбаяр гэрчээр оролцож, хяналтын прокурор Э. нар тухайн хэргийн талаар утсаар ярьлаа гэж зөрчлийн хуулиар хэрэг үүсгэж шүүгч Хэрлэнд анхан шатны шүүх хурлаар гэм буруутай тооцож байсан бөгөөд Ч.*******н хэргийг хэлэлцэх явцад хэргийн хэт нэг талыг барьж хэрэгт шууд бус байдлаар оролцож байсан тул татгалзаж байсан ч ерөнхий шүүгч хүлээж аваагүй.
  4. Шийтгэх тогтоолд жолооны эрх хассан хугацааг хэдийнээс мөрдөж эхлэхийг Эрүүгийн хуулийн 5.7-р зүйлийн 3-д заасан байдаг бөгөөд энэ заалтыг дурдсангүй.
  5. Шийтгэх тогтоолын 10-д Ч.*******г өмчлөлийн ямар ч орон сууц байхгүйг тогтоосон байхад үндэслэлгүй заалт дурдсан нь тухайн шүүгч тухайн хэргийг ямар хариуцлагатай хандсанг нотолж байна.

Дээрх байдлуудаас үзэхэд шүүгч Хэрлэн хуульд захирагдан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шударга шийдвэр гаргаагүй, гэмгүй хүнийг хэлмэгдүүлж байгаад гомдолтой байна гэв.

Шүүгдэгч Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчийнхөө гаргасан гомдолтой танилцлаа. Санал нэг байгаа тул бие даасан гомдол гаргахгүй” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.ас 2019 оны  3 сарын 18 ний өдрийн №2 дугаартай хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2019 оны 4 сарын 16-ны өдрийн № 01 дугаартай тогтоолоор хүчингүй болгон хэрэг учралын газарт үзлэг нөхөн хийх, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа шийдвэрлэхээр заасан байхад уг тогтоол заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай байгаа талаар, /2 дугаар хавтас хэргийн 94 дүгээр хуудас, 1-р хавтаст хэргийн 19-22 дугаар хуудсанд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл байгаа боловч уг хэргийн газрын үзлэгийг 2019 оны 4 сарын 11-ний өдөр буюу ерөнхий прокурорын тогтоол гарахаас өмнө хийсэн нь ойлгомжгүй. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь дундын прокурорын газрын ерөнхий прокурор Э.Эрхэмбаярын 2019 оны 4 сарын 16-ны өдрийн № 01 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байх бөгөөд түүнд зааж дурьдсан ажиллагааг буюу хэрэг учралын газарт үзлэг нөхөн хийх, дахин техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах зайлшгүй шаардлагатай талаар шүүхээс дүгнэн буцаасан юм. Ч.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхийн тулд юуны өмнө хэргийн газрын нөхөн үзлэгийг хийлгэх гэхээр Баянгол сум Гонир багийн нутаг дэвсгэр 2 даваа гэх газарт, хэргийн газрын үзлэгийн бодит байдал алдагдсан, Давааны орчимд Улаанбаатар - Дархан-Уул аймгийн 135-136 дахь км асфальтан зам хусагдаж үгүй болсон байгаагаар хэргийн газрын нөхөн үзлэг хийгдэх боломжгүй гэж үзэж байна. Мөн тус хэргийн холбогдогч этгээдүүд болох ******* ДАХ улсын дугаартай Гранд марк 2 тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Б. болон Ч.******* нарын гэм буруутай нь тогтоогдоогүй байхад Ч.*******г ялласан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4-д зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийсэн байгаа шинжээч М.Эрхэмбилэг, Г.Насанжаргал, Г.Энхтүвшин нар Цагдаагийн Ерөнхий газраас гаргасан тушаалаар замын хэргийн шинжээчид болох хуулийн үндэслэлгүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд өвчний улмаас биечлэн оролцож чадаагүй. Гэхдээ тухайн үед өөрийн биеэр оролцох хүсэлтэйгээ мэдэгдсэн ч хүлээж авалгүй шүүх хуралдаан явагдсан. Иймд би их гомдолтой байна. Учир нь үнэн зөвийг тогтоогоогүй хэр нь манай ээжийг гэм буруутайд тооцож хорьсон байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Хохирогч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Уг хэрэг жил гаруй болж байхад ямар ч хохирлын мөнгө аваагүй тул хэргийг дахин буцаах хүсэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Х.Даваахүү өмгөөлөгчид гомдолтой байна. Бүх шийдвэрлэгдсэн байхад “үгүй” гэж дайрч байгаад гомдолтой байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Олон шалтаг, шалтгаанаар энэ хэргийг шийдвэрлэхгүй мөрдөн байцаалт болон шүүхийн ажиллагаанд саад учруулж байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд хуульд итгэн бүтэн 2 жил явахдаа 10,000 төгрөг ч аваагүй өдийг хүрсэн байна. Энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаах ямар ч үндэслэл алга, бүх нотлогдвол зохих зүйлс нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч Б.ын мэдүүлэг, бусад шинжээчийн мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг зэргээр тодорхой хэмжээнд батлагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хорих ял оногдуулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарыын давж заалдсан гомдлын дагуу Ч.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн доорхи нөхцлүүд тогтоогдлоо. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн  тогтоолоор /1-р хх-ийн 175-р ху/ Ч.******* нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг 2 давааны хооронд гэх газарт буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 135-136 дахь километрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Тоёота приус-20 загварын ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж эсрэг урсгалд зорчиж явсан Б.ын эзэмшлийн ******* ДАХ улсын дугаартай “Гранд марк-2” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Тоёота приус-20 загварын ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.ын амь нас хохирсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, тодорхой ажиллагаа явуулахыг мөрдөгч цагдаагийн ахмад М.Отгонбаярт даалгажээ.

Гэтэл Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор /1-р хх-ийн 24-р ху/ хэргийг хүлээж авсан мөрдөгч 2019 оны 04 дүгээр сарын 02-ны  өдөр Ч.*******гээс дээрхи үйлдэл дээр нэмж яллагдагчаар татах тогтоолд дурьдагдаагүй түүний машинд зорчиж явсан иргэн Ч.Нандинхүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Тоёота гранд марк-2 загварын ******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.ийн эрүүл мэндэд хүнд, иргэн Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Б., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан мэдүүлэг авчээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолд зөвхөн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэснийг 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэж өөрчлөлт оруулж улмаар Ч.*******г Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг 2 давааны хооронд гэх газарт буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 135-136 дахь километрт 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Тоёота приус-20 загварын ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж эсрэг урсгалд зорчиж явсан Б.ын эзэмшлийн ******* ДАХ улсын дугаартай “Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Тоёота приус-20 загварын ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.ын амь нас хохирсон, иргэн Ч.Нандинхүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Тоёота гранд марк-2 загварын ******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.ийн эрүүл мэндэд хүнд, иргэн Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Б., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №118А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх дээрхи яллах дүгнэлтийн хүрээнд Ч.*******г гэм буруутайд тооцож гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирлыг төлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №07 дугаартай Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор нэр заалгүйгээр дахин шинжилгээ хийх шинжээч нарыг томилж Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга М.Эрхэмбилэг, зохицуулагч Г.Насанжаргал, Г.Энхтүвшин нар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №31 дугаартай дүгнэлт гаргасан боловч 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №09 дугаартай тогтоолоор “...шинжээч томилсон тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байгаа нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйл, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон нэр заалгүйгээр дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэжээ.

Гэвч  эргэлзээтэй гэж үзсэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  №31 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч М.Эрхэмбилэг,  Г.Насанжаргал, Г.Энхтүвшин нар дахин 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №31/А гэсэн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “...Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ...”,

20.2-д “...Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно...” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд  01-450 хуудас бүхий 2 хавтаст хэргийг оролцогч нарт танилцуулсан тухай Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд /2-р хх-ийн 214-219-р ху/ дурьдсан боловч хэргийн оролцогчдод танилцуулаагүй гэх, дугаарлагдаагүй дахин дүгнэлт гаргасан шинжээч нарыг гэрчээр байцаасан болон тэдний хувийн мэдээлэлтэй холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2-т “...Мөрдөн шалгах ажиллагаа дууссныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ...,” 9-д “...Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Дээрх ажиллагаануудыг явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Ч.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                  Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ