Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 90

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2017/0096/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга           Н.Энхзул 

Улсын яллагч                             Д.Отгонтуяа

Хохирогч Ч.Энхжав

Шүүгдэгч                                                           Х.Аюушжав нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Х.Аюушжавд холбогдох 201723000095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 1984 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Заан ширээ уул Янтын бүрд гэх газар оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй, Бор овогт Халтарын Аюушжав /РД: ЛК84111816/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Х.Аюушжав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Энхжавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Хохирогч Ч.Энхжавын: ... Жаргалбаярыг дагуулаад 23 цагийн орчим Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн 1 дүгээр сургуулийн хойд талд байдаг 4 давхар ногоон байрны 2 давхарт Х.Аюушжавын гэрт нь очсон. ... Жаргалбаяр бид хоёр Аюушжав, Дууяа, хамт байсан залуутай нь нийлээд тавуулаа нэг шил архи уусан. ... 0.75 литрийн архи байсныг хувааж уусан. Х.Аюушжав бид хоёр хоёулаа морь сонирхдог. Тэгээд Аюушжав өөрөө Сүхбаатар аймгийн гаралтай хүн болохоор Сүхбаатар аймгийн адуу хурдтай гэсэн. Тэгэхээр нь би танай хурдын адуу гэж юу байхав манай Хэнтий аймгаас шуурганд уруудуулсан морийг авч уяад хурдлуулдаг байх гэж хоорондоо муудалцсан. Тэгээд Аюушжав бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдож байгаад би Аюушжавыг гараараа нүүрэн тус газар нь удаа алагдсан чинь Аюушжав өөрийг нь алагдлаа гээд намайг түлхсэн. Би Аюушжавын түлхэлтэнд нь болоод унасан. Унахдаа гэрийнх нь хананд байсан зурагтны тавиуртай босоо тавилгыг толгойгоороо мөргөж унасан. Тэгсэн толгойны зүүн талд хагарч цус гарч байхаар нь босоод гар утсаараа цагдаа руу дуудлага өгөөд угаалын өрөө рүү орж дараа нь 103 дугаарын утасруу яриад эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед миний толгойноос цус нэлээн алдаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29хуу/

 

      Гэрч Б.Дуламсүрэнгийн: ... Х.Аюушжавын гэрт нь явж очоод орсон чинь Х.Аюушжав гэртээ хоёр хүүхэдтэйгээ хамт байж байсан. Би гаднаас орохдоо нилээн халамцуу орсон. Тэгээд Х.Аюушжав гэрийнхээ хөргөгчнөөс нэг шил 0.75 литрийн хар экс архи гаргаж ирээд бид хоёр архинаас задлаад ууж байхад Х.Аюушжав аймгийн аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг Энхжав эмчтэй утсаар яриад хүрээд ир гэж байх шиг байсан. Энхжав эмч удалгүй утсаар яриад 20-30 орчим минутын дараа нэг найзыгаа дагуулаад ирсэн. Ирэхдээ мөн халамцуу ирсэн. Бид дөрөв нийлээд 0.75 литрийн экс архийг хувааж уугаад байж байсан. Тэгэхэд Аюушжав, Энхжав хоёр морь мал яриад сууж байсан. Энхжав эмчтэй хамт ирсэн хүн архиндаа тасраад унтаад өгсөн. Би өмнө уусан байсан мөн урд өдөр нь нойргүй явж байсан болохоор нойр хүрээд согтоод хажуу талын өрөөнд нь ороод хоёр хүүхдийнх нь хажуу талд газраар унтсан. Тэгээд унтаж байсан чинь хажуу талд юм нурах шиг чимээ гарсан. Би босоод юу болов гээд нөгөө өрөөнд очоод харсан чинь ханын шкав, зурагтны тавиур нь оочиж Энхжавын толгой нь хагарсан байдалтай байсан. Тэгээд Энхжав эмнэлэг дуудсан. Нэг мэдсэн Цагдаа орж ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31хуу/

 

     Х.Аюушжавын сэжигтнээр өгсөн: ... 0.75 литрийн хар Экс барьж ирээд тэрийг нь Дууяа бид хоёр хувааж ууж байтал над руу Энхжав эмч утсаар яриад гадуур найзтайгаа уугаад явж байна гэж хэлсэн. Энжав эмч гараад ир гэхээр нь би болохгүй байна аа эхнэр байхгүй хоёр хүүхэд ээ харж байна гэж хэлсэн. Тэгсэн Энхжав эмч найзтайгаа манай гэрт нилээн халамцуу орж ирсэн. Бид дөрөв нийлээд манайд байсан архийг хувааж уугаад тэгээд морь мал ярьж байгаад  би Сүхбаатарын адуу хурдтай гэж хэлсэн чинь Энхжав эмч Сүхбаатарын адуу хурдан гэж юу байсан юм манай Хэнтийгийн адуу хурдтай, танай Сүхбаатар луу манай Хэнтийгээс салхинд уруудаж орсон адууг танай Сүхбаатарынхан авч уяа сойлгыг нь хийгээд уралдуулсан байх гээд бид хоёр муудалцаад Энхжав эмч намайг босж ирээд цохьсон. Би Энхжавыг тэвэрч аваад хоёулаа ханийн тавиуртай зурагтны стенк мөргөж унаад дээрээс бурхан тахил, өргөмжлөл, цом унасан. Тэр үед Дууяа хойд талын өрөөнд хүүхдүүдтэй унтаж байгаад босч ирээд Энхжав бид хоёрыг салгаад намайг орон дээр дараад унтуулсан. Энхжавтай хамт явж байсан эрэгтэй бид хоёрыг муудалцахаас өмнө тасраад унтаж байсан гэх мэдүүлэг. 

   

    Шинжээчийн дүгнэлт: 

    Ч.Энхжавын биед зулайн зүүн хэсгийн язарсан шарх, дух, шанааны зулгарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

    Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

    Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

    Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33хуу/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Х.Аюушжав нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг А28 дугаар байрны 09 тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Энхжавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, дээрх хохирогч Ч.Энхжавын мэдүүлэг, гэрч Б.Дуламсүрэнгийн мэдүүлэг, 124 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

        2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинээр батлагдсан Эрүүгийн хуульд Х.Аюушжавын дээрх үйлдэлд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

 

        Иймд аймгийн Прокурорын газраас түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэнийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг болгон нийцүүлэх нь зүйтэй байна.

 

         Хохирогч Ч.Энхжав нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

         Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

  

          1. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бор овогт Халтарын Аюушжавд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Бор овогт Халтарын Аюушжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Аюушжавд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аюушжавд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 01 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

  

       5.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аюушжав нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 1 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Аюушжавд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА