2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1747

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502003310283 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **********нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Бумбатын рашааны задгай тоотод метамфетамин (methamphetamine)-ы агууламжтай, гялгар ууттай үеийн жин 5,9г, цэвэр жин 0,0954г жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Уг бодисыг 10 дугаар хорооллын тэндээс олсон. Өмнө нь хэрэглэж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Алдаагаа дахин давтахгүй” гэв.

 

Эрүүгийн 2502003310283 дугаар хэргээс мөрдөн байцаалтад цуглуулсан:

Шинжээчийн 2025.04.25-ны өдрийн ЕГ0325/3221 дүгээр дүгнэлтэд: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн  “2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр холбогдогч **********/рд:*****/-н биеэс биологийн дээж болгон авсан тестны савтай” гэж хаягласан, лацадсан, хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн  ...хаягласан шээснээс  метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Илэрсэн метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэжээ (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

Шинжээчийн 2025.05.12-ны өдрийн ЕГ0325/3382 дугаар дүгнэлтэд: “1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “СХД *** хороо, Бумбатын рашааны задгай тоотод манай хүү хар тамхи татаж, мансуурсан байдалтай байна гэх хэргийн газраас хурааж авсан эд зүйл, биед хийсэн үзлэгээр халаасаас нь гарч ирсэн эд зүйл хурааж авав. 2025 оны 04 сарын 20 өдөр Шинжээч, цагдаагийн ахмад Ц.Барсболд, **********” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3. ...гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 5,9г, цэвэр жин 0,0954г байна” гэжээ (хавтаст хэргийн 63-65 дахь тал),

Гэрч **********: “2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ...гэртээ байхад 19 цагийн орчимд хүү ********** гаднаас өөрийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Гэртээ орж ирээд эхэндээ намайг танихгүй байсан. Удалгүй “ааваа би зүв зүгээр байна” гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би мансуурчихсан байна гэж бодоод цагдаад хандсан. Миний хүү Вьетнам улс руу явж ирснээс хойш хэрэглээд байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025.06.12-ны өдрийн 609 дүгээр дүгнэлтэд: “1. **********нь 2023.03.17-2023.03.27-ны хооронд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Хар тамхины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оношоор 1 удаа хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх байна. **********нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. 2. **********нь мансууруулах бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. 3.      **********болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэх чадвартай байна. 4. **********нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ (хавтаст хэргийн 68-70 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, Бумбатын рашааны задгай тоот байх ...**********улсын дугаартай цагаан өнгийн “Субару империза” тээврийн хэрэгсэл байв. ...машины уг хоёр суудлын голын жижиг хайрцагны урд байрлах 10х11см хэмжээтэй хар өнгийн жижиг сав дотроос 6х4 см хэмжээтэй дотроо үл мэдэх цагаан нунтаг уут “1” дугаарлав. ...мөн хайрцаг дотор хэрэглэсэн тариурын шил, улаан, цагаан өнгийн 15см урттай соруул зэргийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-24 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-10), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-25-29),

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-88), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-100), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-101-102), шийтгэх тогтоолын хуулбар (хх-90-98) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Бумбатын рашааны задгай тоотод метамфетамин (methamphetamine)-ы агууламжтай, гялгар ууттай үеийн жин 5,9г, цэвэр жин 0,0954г жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь шинжээчийн ЕГ0325/3221 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн  “2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр холбогдогч **********/рд:******/-н биеэс биологийн дээж болгон авсан тестны савтай” гэж хаягласан шээснээс  метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Илэрсэн метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт (хх-57-58), гэрч ********** “... гэртээ орж ирээд эхэндээ намайг танихгүй байсан. Удалгүй “ааваа би зүв зүгээр байна” гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би мансуурчихсан байна гэж бодоод цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хх-46), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-20-24) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б.**********ын “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, Бумбатын рашааны задгай тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай, гялгар ууттай үеийн жин 5,9г, цэвэр жин 0,0954г жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1 жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “мөс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тээврийн хэрэгсэл дотор хэрэглэсэн, хадгалсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (Эрүүгийн хуулиар хамгаалагдсан болон хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих талаар хуулиар тогтоосон журам зөрчигдсөн), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “Хорих ял оногдуулах” дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********1 (нэг) жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх гялгар ууттай үеийн жин 5,9г, цэвэр жин 0,0954г жинтэй зиплок түгжээтэй уутанд хийсэн цагаан нунтаг зүйл, тариурын шил, улаан, цагаан өнгийн 15 см урттай соруул тус тус 1 ширхэг зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.  

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *********овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********1 (нэг) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх гялгар ууттай үеийн жин 5,9г, цэвэр жин 0,0954г жинтэй зиплок түгжээтэй уутанд хийсэн цагаан нунтаг зүйл, тариурын шил, улаан, цагаан өнгийн 15 см урттай соруул тус тус 1 ширхэг зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.**********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                               Л.БААТАР