Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Хэргийн индекс:180/2017/0097/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг

Улсын яллагч Р.Машлай

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Гангантөгс

Шүүгдэгч Д.Очирпүрэв нарыг оролцуулан 

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсгүүднд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваасүрэнгийн Очирпүрэвт холбогдох хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1994 оны 10 дугаар сарын 26-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Боржигон овогт Даваасүрэнгийн Очирпүрэв /РД: СЛ94102611/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Очирпүрэв нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар Э.Одонтуяаг найз охин Б.Хонгорзулыг өгч явуулсангүй гэж ялимгүй зүйлээр шалтаглан 2 мөрнөөс татаж нүүрээр нь газар унаган бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан 

 

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ давтан үйлдлээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 19-18 тоот хашааны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, гэрт нь таксигаар хүргэж үйлчилсэн Б.Бямбадоржийн “Верна” маркийн 35-82 ХЭА дугаартай автомашины арын салхины шилийг ямар ч шалтгаангүйгээр гараараа цохин хагалж, буруу талын урд хаалгыг өшиглөж гэмтээн нийт 218.500 төгрөгийн хохирол учруулсан ,

 

2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтуурсан үедээ давтан үйлдлээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 2-15 тоот хашаанд Ч.Алтансарнайг найз М.Ундрахыг өгч явуулсангүй гэж ялимгүй зүйлээр шалтаглан хашааны хаалганы модоор нүүрэн тус газар нь цохиж бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Очирпүрэв нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Ногооны 4-27ё тоотод оршин суух А.Бадрахын хашаанд согтуугаар Э.Одонтуяаг найз охин Б.Хонгорзулыг өгч явуулсангүй гэж ялимгүй зүйлээр шалтаглан 2 мөрнөөс нь татаж нүүрээр нь газар унаган бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан болох нь:

 

Хохирогч Э.Одонтуяагийн: ... тэд нарыг пиво ууж байх зуур нь Хүслэнтэй хамт жорлон орох гээд гартал араас Очироо гарч ирээд надад хандаж танай Хүслэнг чинь аваад явъя гэхээр нь чи юу яриад байгаа юм, би чамайг танихгүй учраас юу гэж найзыгаа өгч явуулдаг юм гээд биз засчихаад буцаад Хүслэнтэй хамт гэр лүүээ орох гэтэл Очироо хаалган дээр таглаж зогсчихоод Хүслэн бид хоёрыг оруулахгүй миний халз өөдөөс харж зогсож байгаад хоёр мөрөн дээрээс татаж газар унагаасан. Тэгтэл миний нүүр халуу оргиод хажуу талаас Хүслэн татаж босгоод Очироотой чи эмэгтэй хүийг яаж байгаа юн гээд хэрэлдэж эхэлсэн. ... Очироо гэх залуу цементэн довжоон дээр унагаасны улмаас хамар халцарч, дээд уруул хавдсан. Би газар унахдаа баруун өвдгөө гэмтээсэн. .... Очироо нэлээн согтолттой байсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 91-92хуу/

Гэрч Б.Хонгорзулын: ... Надтай танилцсан Очироо гэх залуу чамтай юм яръя, гадагшаа гаръя гэхээр нь надад чамтай ярих зүйл байхгүй, гарах шаардлага байхгүй гээд гадагшаа гаралгүй сууж байгаад жорлон орох гээд Э.Одонтуяагийн хамт гэрээс гартал Очироо гэх залуу гарч ирээд Э.Одонтуяад би танай найзыг чинь авч явмаар байна гэхэд Э.Одонтуяа би юу гэж найзыгаа өгч явуулдаг юм гээд бид нар хоорондоо жаахан маргалдсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад Э.Одонтуяа бид хоёр бие засаж дуусаад буцаж гэрт орох гээд явж байтал Очироо араа ирээд Э.Одонтуяагийн хоёр мөрөн дээрээс барьж аваад гэрийн үүдний довжоон дээр татаж унагаасан. ... Э.Одонтуяагийн хамар зулгарч, өвдөг нь шалбарсан байсан. ... Очироо нь нэлээн согтолттой байсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 95-96хуу/

Гэрч А.Бадрахын: ... Авчирсан пивыг хувааж ууж байх зуураа Очироо Э.Одонтуяагийн найз эмэгтэйтэй юм яриад л суугаад байсан. Тэгсээр байгаад бүр пивоо ууж дуусгаад Очироо, Э.Одонтуяа тэр гурав гэрээс гараад хэсэг хугацааны дараа гадаа хашгиралдаад явчихсан. Тэгээд орж ирэхдээ Э.Одонтуяагийн хамар халцарчихсан байсан. Тэгээд яав, юу болов гэхэд Э.Одонтуяа танай Очироо гэдэг найз чинь манай найз эмэгтэйг авч явах гээд байна, би өгч явуулахгүй гээд бид нар маргалдсан чинь намайг ... газар татаж унагаагаад ... ийм болгочихлоо гэж хэлэхээр нь Очироог чи зайл гэж хэлээд гэрээсээ явуулсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 93-94хуу/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээч эмчийн Э.Одонтуяагийн биед хамрын нуруу, дээд уруул, баруун өвдөгөнд зулгаралт, баруун шилбэ, баруун бугалга, зүүн шуу, зүүн даланд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 14564 дугаартай дүгнэлт. /хх-ийн 104хуу/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүний 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ давтан үйлдлээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 19-18 тоот хашааны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, гэрт нь таксигаар хүргэж үйлчилсэн Б.Бямбадоржийн “Верна” маркийн 35-82 ХЭА дугаартай автомашины арын салхины шилийг ямар ч шалтгаангүйгээр гараараа цохин хагалж, буруу талын урд хаалгыг өшиглөж гэмтээн нийт 218.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Бямбадоржийн: 2017 оны 03 дугаар сарын 20-ны орой 22 цаг орчим миний танил Нэргүй гэдэг хүн над руу 98123444 дугаарын утсаар ярьж ахын дүү Төгөлдөр баарны гадаа хүрээд ир, таксидъя, ах нь мөнгийг нь өгнө гэхээр нь би Төгөлдөр баарны гадаа очоод Нэргүй ахыг нэг эмэгтэй хүн, өөр бас нэг үл таних эрэгтэй, эмэгтэй, хоёр хүнийг авч Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 19-18 тоотын гадаа очсон. ... Тэгтэл миний автомашинд сууж явсан үл таних эрэгтэй... Түмэндэмбэрэл баарын гадаа буулгаж өг гээд машинаас буухгүй байсан. ... Энэ үед тэр хүнийг хамт явсан эмэгтэй нь миний машинаас татаж буулгаад эргэж ирж надад таксиныхаа мөнгийг өгөх гэж байсан байх, ирээд хаалгаар шагайхад нөгөө согтуу залуу гүйж ирээд автомашины арын цонхыг гараараа цохиж хагалсан. Тэгтэл нөгөө эмэгтэй тэр залууг өөрлүүгээ татаж авсан. Тэгтэл нөгөө залуу нь гүйцж ирээд автомашиын буруу талын хаалыг ирж өшиглөж хонхойлгосон. Тэр үед төрсөн ах Бямбасүрэн бид хоёр машинаас буухад тэр хүн манай ахтай очиж зууралдсан. Энэ үед .. би очиж салгасан. ... Нилээн согтуу ер нь хөл дээрээ тогтож чадахгүй гуйвж дайваад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 56-58хуу/

 

Гэрч Д.Нэргүйн: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... Очирпүрэв бид тавуулаа дөрвөн том Нийслэл пиво Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 17-16 тоотод хувааж уусан. Нэг 0,5 граммын Вива архийг талыг нь хүртэл хувааж уусан. Очирпүрэв энэ үед Төгөлдөр баар луу явъя гэхээр нь тэнд орж 2 цаг дуулсан. Тэгэхэд нэг шил Соёрхол архи авсан. Түүнээс Очирпүрэв бид хоёр гурван удаа татсан. Тэгээд бааранд дуулж сууж байгаад цаг нь дуусахаар нь би таньдаг таксины жолоочийг утсаар дуудсан. Тэгээд Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 19-18 тоотын гадаа манай эхнэрийн дүү, түүний ажпын газрын хүүхэн Очирпүрэв бид хэд хүргүүлсэн. Тэнд хүргүүлээд Очирпүрэвийг машинаас буулгасан. Тэгээд хөдлөх гэтэл Очирпүрэв таксины жолоочийн арын салхины шилийг гараараа цохиод хагалсан. Түүний дараа жолоочийн эсрэг талын урд хаалгыг хөлөөрөө өшиглөж хонхойлгосон. Тэгтэл таксины жопооч цагдаагийн газарт дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/

 

 Гэрч Б.Бямбасүрэнгийн: ... Дүү бид 2 машинаараа таксинд явж байсан юм ... Би дүүгийн хамт Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Төгөлдөр баарны гадаа очиход Нэргүй гэх ах нэг танихгүй залуу болон 2 хүүхний хамт машинд суугаад Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 19-18 тоот руу хүргүүлсэн ... Хашааны гадна ирсэн чинь Нэргүй ахтай цуг суусан нөгөө залуу машинаас буухгүй гээд нөгөө хэдтэйгээ маргалдаад Түмэндэмбэрэл рүү хүргүүлнэ гээд байсан. Тэгсэн хамт явсан нэг хүүхэн нь тэр залууг аваад машинаас татаж буулгаад хашаа руу оруулаад эргэж ирж манай дүүд таксиныхаа мөнгийг өгөх гэж байгаа бололтой ирээд хаалгаар шагайхад нөгөө залуу араас нь гүйж ирээд дүүгийн 35-80 ХЭА улсын дугаартай Верна Аксент маркийн автомашины арын салхины шилийг гараараа цохиж хагалсан. Тэгсэн нөгөө хүүхэн ахиад тэр залууг татаад хашаа руу оруулсан чинь нөгөөх нь гүйж ирээд автомашины буруу талын хаалга өшиглөн хонхойлгосон. Би машинаас буугаад очтол нөгөе залуу намайг ирээд заамдаад авсан, тэгтэл дүү бууж ирээд намайг салгаад цагдаа дуудсан ... гэх мэдүүлэг /хх- ийн 63-64-р хуудас/

 

 Гэрч Г.Сансарцэцэгийн: ... Хашааны гадаа ирээд Очирпүрэвийг аваад буух гэсэн чинь Очирпүрэв буухгүй гээд согтуурхаад байсан, уг нь бид хэд Очирпүрэвийг буулгачихаад Баярмаа эгчийг гэрт нь хүргэж өгөхөөр явах гэж байсан юм, тэгээд Очирпүрэв бид хэдтэй цуг явна гээд согтуурхаад байхаар нь би аваад гэр лүү нь оруулах гээд явж байтал надаас зугтаагаад гүйж очоод нөгөө машины арынх нь салхины шилийг гараараа цохиод хагалчихсан. Тэгээд би араас нь гүйгээд очтол машины жолоочтой хамт явж байсан залуу машинаасаа буугаад ирчихсэн. Очирпүрэвтэй барьцалдаад зогсож байхаар нь татаж салгаад гэр лүү оруулах гээд дийлээгүй. Энэ үед Очирпүрэвийн эхнэр Уранцэцэг нь гэрээсээ гарч ирсэн байсан. Уранцэцэг бид 2 Очирпүрэвийг гэр лүү оруулах гээд дийлээгүй. Тэгсэн харин таксины жолооч цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа нар ирээд Очирпүрэвийг авч явсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 65-66-р хуудас/

 

Гэрч Б.Баярмаагийн: ... Төгөлдөр баарнаас гараад Сансарцэцэгийн хүргэн ах нь такси дуудаад нөгөө танихгүй залууг гэрт нь хүргэж өгөхөөр Булаг руу явсан. Яг хашааных нь үүдэнд ирээд нөгөө залууг буулгах гэсэн чинь нөгөө залуу орохгүй гэж маяглаад согтуурхаад байсан. Тэгж байгаад гэнэт машины арын шилийг цохиж хагалаад мөн жолоочийн хаалга руу нэг удаа өшиглөөд авсан ... Яагаад тэгснийг мэдэхгүй. Тэнд байсан хүмүүсээс хоорондоо муудаж сайдсан зүйл огт болоогүй ... Тэр залуу нилээн согтсон байсан .... гэр лүүгээ орохгүй гэж согтуурхаад тэгсэн байх гэж бодож байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/

 

Гэрч Ц.Уранцэцэгийн: Тэр орой 22 цагийн үед хашааны гадна хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очтол манай нөхөр Очирпүрэв хэдэн хүмүүстэй таксигаар ирсэн байсан, тэгээд тэр ирсэн таксины арын шилийг хагалчихсан, мөн хаалгыг нь цөм өшиглөсөн байдалтай байж байсан. Манай нөхөр тэр үед нилээн согтуу байсан. Тэгээд нөхрийгөө гэр лүүгээ оруулах гэсэн чинь манай нөхөр орохгүй гэзд ерөөсөө ороогүй, тэгээд ч нөгөө таксины жолооч цагдаад дуудлага өгчихсөн байсан болохоор цагдаа нар ирээд манай нөхрийг нөгөө таксины жолоочтой хамт аваад явсан. Маргааш нь би нөхрийгөө ирж эрүүлжүүлэхээс авсан, тэгээд болсон асуудлын талаар асуухад "сайн санахгүй байна" гээд байсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 69-70-р хуудас/

 

Гэрч Б.Цэрэндаваагийн: Манай хүргэн Очирпүрэв ... 2017 оны 03 сарын 20-ны өдөр хүний машин тэрэг эвдсэн байсан, би энэ үед гэртээ байсан. Гадаа л бөөн шуугиан болоод байсан, охин гараад гэртээ оруулж ирэх гээд дийлэхгүй байсан гэж ярьж байсан. Маргааш нь өөрөөс нь болсон асуудлын талаар асуухад юу болсноо санахгүй байна гээд байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/

 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-49-р хуудас/ 

 “Хөрөнгө Эстимэйт” ХХК-иас гаргасан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 53-р хуудас/ зэрэг баримтуудаар мөн нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч Д.Очирпүрэвийн 2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтуурсан үедээ давтан үйлдлээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 2-15 тоот хашаанд Ч.Алтансарнайг найз М.Ундрахыг өгч явуулсангүй гэж ялимгүй зүйлээр шалтаглан хашааны хаалганы модоор нүүрэн тус газар нь цохиж бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь: 

 

 Хохирогч Ч.Алтансарнайгийн: ... Ундрах, Энхсайхан ... бид гурав ... манайх руу явж байгаад замдаа Маргад дотор таарсан танихгүй залуутай дахин таарсан. Тэгэхэд уг танихгүй залуу 3 ширхэг лаазтай пивотой, тал Болор архитай явж байсан. Тэгээд Ундрах, Энхсайхан бид гурав уг залуутай уулзалдаад хамтдаа ... манайх руу явсан юм. Манай гэрт ирээд бид дөрөв тал Болор архи, лаазтай пивуудаа уугаад сууж байхад уг танихгүй залуу Ундрах, Энхсайхан бид гуравт агсам согтуу тавих гээд ... гэрт маань шүлсээ хаяад ... манай Сүхбаатар гэх зэргэзр орилж хашгираад байхаар нь би уг залуутай маргалдаж муудалцсан ... Тэгээд маргалдаж муудалцахаа болиод арай гайгүй болоод байхад бид хэдийн архи, пиво ч дуусч манай найз Ундрах явах гэхэд уг залуу манай найз Ундрахыг авч явна гэж дайраад байсан ... би найзыгаа өгч явуулахгуй гээд тэр залуутай маргалдсан, маргалдаж байгаад хашаанаасаа тэр залууг гаргах гэж нилээн зууралдсан, тэгээд хашааны хойд хаалгаар дөнгөж гаргаад хаалгаа хаах гэтэл тэр залуу цаанаас нь хаалгыг хүчтэй угз татаад нээсэн, энэ үедээ манай жижиг хаалганы хажуу талынх нь модыг мулт татсан байх, тэгээд тэр модоороо миний нүүр лүү шууд цохиод ... гүйгээд явчихсан ... Тэгэхэд миний нүүрнээс нилээн их цус гараад би нүүрээ дараад уг газартаа үлдсэн ...  цохисон тэр модыг авчирч хураалгасан, тэгээд жижиг хаалганыхаа дотор талыг банз модоор түр хадаж тогтоосон байгаа ... миний баруун хацарт ярагдсан шарх үүсч, баруун нүд маань хөхөрсөн ... тухайн үед угтанихгүй залуу нилээн согтолттой байсан, харин Ундрах, Энхсайхан бид гурав ерөнхийдөө гайгүй байсан ... Би тэр залууг одоо харвал танина, тухайн үед дээгуурээ хар өнгийн савхин куртиктай, доогуураа хар өнгийн өмд, хар өнгийн хромон гуталтай ... улаан хүрэн фудволктой ... явж байсан ... Надад нэхэмжпэх зүйл байхгүй, гомдолтой байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 17-21-р хуудас/ 

 

Гэрч Энхсайханы: Би 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр найзууд болох Ундрах, Алтансарнай нарын хамт гадуур гарч Жонон нэртэй буудал, баар луу орж ... тус тус 2 лаазтай пиво захиалж уугаад ... ойролцоогоор 00 цагийн үед ... баарнаас гарч ... Алтансарнайгийн гэр лүү хамт явсан юм. Тэгээд замдаа бид гурав ... ундаа авахаар ... Маргад нэртэй буудал руу ороход ... 20 гаран насны нэг танихгүй залуу буудлын ресепшнтэй маргалдаж муудалцаж ... байгаад гараад явчихсан ... Бид гурав ... Улаанбаатар хот гарах замд байдаг Элит мандал нэртэй цайны газар, дэлгүүр дээр очиж Алтансарнайгийн хоёр охинд нь жоохон идэж уух зуйл аваад гарч яваад Маргад нэртэй буудал дотор таарсан залуутай ахиад тааралдсан. Тухайн үед уг танихгүй залуу тал шил Болор архитай, 2-3 лаазтай пивотой явж байсан, тэгээд бид хэд ярилцаж байгаад хамтдаа манай найз Алтансарнайгийн гэр лүү явсан. Тэгээд бид дөрөв тал шил Болор архи, 2-3 лаазтай пивоо хувааж ууцгаахад уг танихгүй залуу манай найз Алтансарнайгийн гэр дотор нь шүлсээ хаяад байсан. Тэгэхээр нь Аптансарнай уурлаад уг танихгүй залуутай маргалдаж муудалцсан, тэгэхэд уг танихгүй залуу томроод л байсан, тэгээд архи, пиво ч дуусаж манай найз Ундрах гэр лүүгээ харилаа гэхэд уг танихгүй залуу манай найз Ундрахыг авч явна гээд дайраад байсан. Тэгэхэд Алтансарнай Ундрахыг ... өгч явуулахгүй гэхэд уг танихгүй залуу манай найз Алтансарнайгийн нүүр лүү ... хадаастай урт модоор цохиж биед нь гэмтэл учруулсан ... манай найз Аптансарнайгийн баруун хацарт ярагдсан шарх үүссэн ... баруун нүд нь хөхөрсөн байна лээ ... тухайн үед уг залуу нилээн согтолттой байсан ... Би уг залууг одоо харвал танина, уг залуу тухайн үед хар өнгийн савхин куртик, хар өнгийн өмд, хар өнгийн хромон гуталтай явж байсан, уг залуугийн нэр нь ямар ч байсан Очиртой л байх ёстой, яг бүтнээр нь бол сайн санахгүй байна ... гэх мэдүүлэг/хх-ийн 22-24-р хуудас/

 

 Гэрч Ундрахын: ... Аптансарнай, Энхсайхан ... бид 3 ... явж байтал нөгөө Маргад буудал дотор байсан залуутай тааралдсан, тэр залуу 2-3 пиво, тал шил Болор архитай явж байсан. Тэгээд тэр залуу бид 3 руу ирээд "Энийг уух газар байхгүй байна, хамт ууя" гэж хэлсэн, тэгээд бид хэд тэр залуутай ойр зуурын юм ярьж байгаад Алтансарнайгийн гэр лүү явсан. Алтансарнайгийн гэрт очиход 4-р ангийн 2 ихэр охин нь унтаж байсан. Тэгээд гэрт нь бид хэд нөгөө залуугийн авч явсан архи пивийг ууцгаасан, би Аптансарнай, Энхсайхан нартай уулзахаасаа өмнө өөр нэг найзтайгаа 2-3 пиво уучихсан байсан учраас нилээн согтсон байсан. Миний санаж байгаагаар бол намайг бие засах гэж байхад нөгөө залуу болон манай 2 найз гэрээс гараад ирчихсэн маргалдаад байх шиг байсан, яг ямар учраас маргалдаад байгаа талаар нь би тухайн үедээ ойлгоогүй, хэн билээ нэг нь надад "энэ муу харин чамайг авч явна гээд байна" гэж л надад хэлсэн, өөр зүйл яг тодорхой сайн санахгүй байна, бас гарах гэж байхад яг хашааны үүдэнд нөгөө залуу манай найз Алтансарнайг нэг урт юмаар нүүр лүү нь цохиод авах шиг болсон ... Маргааш өглөө нь Алтансарнайтай утсаар ярихад "Нөгөө залуу миний нүүр лүү модоор цохичихсон, шинжээч эмчид үзүүлээд явж байна ... гэж надад хэлсэн ... Тэр залуутай анх таарахад нилээн согтсон байгаа харагдсан. Тэр залуу өөрийгөө Очироо гэж байсан, бүтэн нэрээ Очирпүрэв гэж хэлсэн шиг санаж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

 

Гэрч Д.Гэлэгмаагийн: Би 2017 оны 05 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Маргад зочид буудалд ресэпшинээр ажилласан ... 00 цаг өнгөрчихсөн байхад 20- 25 орчим насны дээгүүрээ богино савхин куртиктай, хромон гуталтай залуу орж ирээд намайг архи зарчих гээд байхаар нь би архи зарахгүй, пааб хаачихсан гэж хэлсэн. Тэр залуу нилээн согтолттой байсан, надаас архи нэхээд байхаар нь зарахгүй гэж хэлэхэд хэрүүл маргаан хийх гээд агсрах маягтай болоод ирсэн, энэ үед гаднаас 3 эмэгтэй орж ирсэн. Тэр 3 эмэгтэйн нэг нь тэр залууг боль байг гэж байх шиг байсан ... Тэр залуу байгааг нь харахад ер нь ширүүн догшин авиртай хүүхэд шиг санагдсан. Тэр үед цагдаад дуудлага өгөх гээд цагдаагийн газрын жижүүрийн дугаарыг буруу хийж хэд хэдэн удаа залгасан, тэгж байтал харин гараад явчихаар нь дуудлага өгөөгүй юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

 

Гэрч Д.Бадамцэндийн: ... Манайд Биндэр сумаас манай танилын хүү Хосоо 7-8 хоногийн өмнө Очирпүрэв гэдэг ... үл таних ... залуутай манайхаар орж ирээд гарцгаасан юм ... 2017 оны 05 сарын 25-ны өглөөгүүр үүрээр шахуу шал согтуу орж ирсэн. Орж ирэхдээ гар нь цус болчихсон байсан, тэгээд би Очирпүрэвээс яасан талаар нь асуухад "Хэнтийн залуучуудад зодуулаад" гэж хэлсэн, тэгээд ер нь зүгээр байж чадахгүй агсрах маягтай байхаар нь би "Бие хаа муу байхад битгий далчиганаад бай" гэж хэлсэн чинь "Юун суртэй юм бэ? Чаддаг юм бол тэр цагдаагаа дууд л даа" гэж хэлсэн. Ер нь тэр байж байгаа, гаргаж байгаа зан авир нь их давилгуун, догшин маягтай байсан. Тэгээд цагдаа дуудаж тэр залууг өгч явуулсан. ... Тухайн үед дээгүүрээ богино хар өнгийн савхи өмсчихсөн, дотуураа шалдан байсан. Хромон гуталтай байсан шиг санаж байна. ... Нилээн согтолттой ... хөл дээрээ тогтож чадахгүй гуйвж дайваад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 3-6-р хуудас/

 Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн модыг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 7-11-р хуудас/

  Д.Очирпүрэвийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/

  Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 31-33-р хуудас/

  Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээч эмчийн 52 тоот дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/ зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

 

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч Д.Очирпүрэвийн дээрх гэм буруутай үйлдлүүдэд оногдуулах ялыг хөнгөрүүлж хуульчилсан байх тул хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Очирпүрэвийн  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 19-18 тоот хашааны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, гэрт нь таксигаар хүргэж үйлчилсэн Б.Бямбадоржийн “Верна” маркийн 35-82 ХЭА дугаартай автомашины арын салхины шилийг ямар ч шалтгаангүйгээр гараараа цохин хагалж, буруу талын урд хаалгыг өшиглөж гэмтээн нийт 218.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд улсын яллагч хэргийг хэрэгсэхгүй болгох санал тавьсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийн хохирлын хэмжээ 300.000 төгрөгөөс дээш байхаар заасан байх ба түүний энэхүү үйлдлийн улмаас бусдад 218.500 төгрөгийн хохирол учирсан байх тул уг үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зөвхөн бүлэглэж үйлдсэн тохиолдолд нийтийн хэв журмыг зөрчих гэмт хэрэг болохоор заасан тул Д.Очирпүрэвт аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний биед хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /2 хүний биед/ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Очирпүрэв 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнд ял оногдуулах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Э.Одонтуяа, Ч.Алтансарнай нар нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар нэхэмжилсэн зүйл байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийт 63 хоног цагдан хоригдсон байх ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хаалганы модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт  Даваасүрэнгийн Очирпүрэвийг бусдын авто машины эд зүйлийг гэмтээж танхайрсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хэнтий аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар зүйчилж ирүүлсэн Д.Очирпүрэвт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэт зааснаар зүйчилж өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Боржигон овогт  Даваасүрэнгийн Очирпүрэвийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирпүрэвт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирпүрэвийн цагдан хоригдсон 63 хоногийн 01 хоногийг 15 нэгжтэй тэнцүүлж, нийт 945 нэгж буюу 945000 төгрөгийг төлсөнд тооцож, үлдэх 55 нэгж буюу 55 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 15 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Д.Очирпүрэв нь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих  болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 124.5 см урттай хаалганы модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Д.Очирпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг ирээгүй болохыг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Хэнтий аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Очирпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА