Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

Д.Баттулгад холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                              Даргалагч, шүүгч                  Г.Давааренчин                                  

                                  Шүүгчид                                Б.Эрдэнэхишиг

                                                                         Д.Буянжаргал                                  

                                                        Оролцогчид

                                          Прокурор                             О.Нандинцэцэг /цахим/

                                            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч  С.Баатар /цахим/

                                            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцон, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын   шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 114 дугаартай цагаатгах тогтоолыг эс  зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Доржийн Баттулгад холбогдох эрүүгийн 2032000810108 дугаартай, 149/2020/0115/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 3 дугаар баг, 10-4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогтой Доржийн Баттулга,  /РД:МБ79052111/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэн зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Д.Баттулгад холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 114 дугаартай цагаатгах тогтоолоор:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт Доржийн Баттулгад холбогдох 2032000810108 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Баттулгыг цагаатгасугай.

2. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

3. Д.Баттулгад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Цагаатгагдсан этгээд нь цагаатгагдсан үндэслэлд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай...” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 11 сарын 03-ны өдрийн №02 дугаартай эсэргүүцэлдээ:  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэргийн гол нотлох баримтын талаар буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр Д.Баттулгыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Д.Баттулга нь бусдад зодуулан биедээ хүнд хохирол авсан гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 203200081 дугаар олгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд тус хэрэгт Д.Баттулгыг хохирогчоор тогтоон хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гэрч ..... нарын мэдүүлэг болон ...шинжээчийн дүгнэлт бусад баримтуудаар С.Одгэрэл нь Д.Баттулгын эрүүл мэндэд хохирол учруулаагүй нөхцөл байдал тогтоогдож, харин Д.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон.

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус сум дахь цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Амгаланбаатар шалгасан бүртгэлийн 102 дугаартай хэргийг шалгах явцад Д.Баттулгын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9.6 дугаар зүйлийн 5, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг нь тайлбарлаж, хэрэв мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол санаатай худал мэдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан сануулж Д.Баттулгаас гэрчийн мэдүүлэг авсан,

-Эрүүгийн 203200081 дугаартай хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулан хохирогчоор өгсөн мэдүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9.6 дугаар зүйлийн 5, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “.. өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг нь тайлбарлаж, хэрэв мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол санаатай худал мэдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан сануулж Д.Баттулгаас гэрчийн мэдүүлэг авсан, урьдчилан сануулсан болох нь мөрдөгчийн “... танд тайлбарлаж өгсөн эрх үүргүүдийг ойлгосон уу? эрх, үүргээсээ асууж тодруулах зүйл байна уу? гэсэн асуултад “ойлгосон, асуух зүйл байхгүй”, мөн мөрдөгчийн “Та мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу” гэсэн асуултад “байхгүй” гэж мэдүүлсний дагуу энэ талаар тэмдэглэлд тусган гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг авсан нь Д.Баттулгын гарын үсэг, гэрч хохирогчийн мэдүүлэг, тэмдэглэлээр нотлогдсон байна.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд ...гэрч, хохирогч... гэж зохицуулсан бөгөөд иргэн Р.Батцэцэгээс “С.Одгэрэл гэдэг хүнд Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл залилуулсан, С.Одгэрэл нь Д.Баттулгад хохирлын мөнгөнд тооцож дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, гэмт хэргийг нуун далдалж байх тул шалгаж өгнө үү” гэх гомдол мэдээллийг гаргаж Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын зүгээс дээрх материалд авагдсан Д.Баттулгын гэрчээр өгсөн мэдүүлэг болон гомдолд дурдсан үндэслэлүүдээр 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хяналтын прокурор 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд харин Р.Батцэцэгээс “С.Одгэрэлд залилуулсан” гэх утга бүхий гомдлоор шалгаж, прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь дээрх тогтоолоор бүрэн харагдана.

Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэхдээ хэн гэдэг хүний, ямар гомдлоор тогтоолыг хүчингүй болгосон талаар хавтаст хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” гэж хуульчилсан байх бөгөөд Д.Баттулгын хувьд гэмт хэргийн талаарх 102 дугаартай гомдол мэдээлэлд болон эрүүгийн 203200081 дугаартай хэрэгт гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авсан” нөхцөл байдал үүсээгүй, зөвхөн тухайн Р.Батцэцэгээс гаргасан гомдолд дурдсан үйл баримтыг тогтоох зорилгоор мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн.

Гэрч болон хохирогчийг худал мэдүүлэг өгсөн үйл баримт нь зөвхөн нэг хэрэгт худал мэдүүлэг өгсөн байхыг шаардахгүй ба энэ тохиолдолд түүний үйлдэл сөрөг үр дагавар үүсгэсэн байхыг хууль шаардахгүй, худал мэдүүлэг өгөхийн нийгмийн хор аюулыг шүүн таслах ажиллагаанд ноцтой алдаа гарах эрсдэлийг ихээр нэмэгдүүлж байгаа талаас нь үнэлдэг тул худал мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хүн хилс шийтгэгдсэн эсхүл ял завшсан байхыг заавал шаардахгүйгээр уг гэмт хэргийн бүрдэл хангагдсан, төгс үйлдэгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн яллагдагч 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу прокурорын хяналтад хэрэг ирсэн үед өмгөөлөгч авч, прокурорын зүгээс өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9 дүгээр зүйлд заасан эрхийг хангасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...хүсэлт гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэж зохицуулсны дагуу уг хуулийн заалтыг прокурор хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх Д.Баттулгыг цагаатгасан нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Мөн иргэн Р.Батцэцэгээс тус сум дундын прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр С.Одгэрэл, Д.Баттулга нарт холбогдох сиди бичлэг болон гэмт хэргийн шинжтэй гомдлыг гаргасан бөгөөд дээрх баримтад тулгуурлан Д.Баттулгын эрүүл мэндэд учирсан хохирол нь өөрийнх нь болгоомжгүй үйлдлээс болж үүссэн үү, эсвэл гадны нөлөөтэй буюу бусдын хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас үүссэн үү гэдгийг тогтоохоор хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах шаардлагатай, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байна. Иймд Д.Баттулгын үйлдсэн гэмт хэрэгт дүгнэлт хийж өгөн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Прокурорын эсэргүүцэлттэй танилцсан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д.Баттулгын нүд сохорсон бөгөөд тухайн үедээ согтуу байсан тул нүд нь яагаад сохорсон гэдгийг санадаггүй. Өөрөө унасан уу? Одгэрэл сохолсон аль нь болохыг мэддэггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Одгэрэл нь Баттулгын нүдийг сохлоогүй өөрөө унасан болохыг тогтоосон. Мөн Д.Баттулга нь өөрөө унасан гэдэгтээ итгэл үнэмшилтэй болдог. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан тогтоол гарсан. 2020 онд он сар нь тодорхойгүй 102 дугаартай гэх иргэн Батцэцэгийн Одгэрэлд залилуулсан талаар үйлдлийг шалгаж хяналтын прокурор О.Нандинцэцэгийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байдаг.

Энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалд Д.Баттулгыг худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Гэвч Д.Баттулгын өгсөн гэрчийн мэдүүлэг нь эрүүгийн 2032000810108 хэрэгт огт байдаггүй. Хэрэгт хавсаргаагүй, оролцогчид танилцуулаагүй материалыг улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд авч ирж, шинжлэн судалж хурлын дараа хэрэгт хавсаргая гэхэд нь шүүх хүлээж авалгүй татгалзсан юм. Гэтэл Батцэцэг нь миний өргөдлийг дутуу шалгасан гэж 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасныг прокурор Эрхэмбаатар хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон гэх асуудалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг нээж, Д.Баттулга нь бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг үгсэн хуйвалдах замаар нуун дарагдуулж гэжээ.  Энэ нь Д.Баттулгыг анхнаасаа шалгах гэсэн санаатай гэж гэсэн ойлголтыг төрүүлж байна. Учир нь Д.Баттулга нь өөрөө нүдээ сохлуулсан болохоос бусдын нүдийг сохлоогүй юм. Ингээд цаашид шалгаж Д.Баттулгыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэн шүүхэд шилжүүлж, шүүх цагаатгаж шийдвэрлэхэд давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичихдээ “...мөн иргэн Батцэцэг тус сум дундын прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Одгэрэл, Баттулга нарт холбогдох гэмт хэргийн үндэстэй гомдол гаргасан бөгөөд дээрх баримтад тулгуурлан Д.Баттулгын эрүүл мэндэд учирсан хохирол өөрийнх нь болгоомжгүй үйлдэл эсхүл гадны нөлөөтэй эсэхийг тогтоож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах шаардлагатай. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байна. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү”  гэж бичсэн нь эсэргүүцлийн өмнө бичсэн зүйлийг үгүйсгэж байгаа юм. Жишээ нь “гэрч ... нарын мэдүүлэг, ... шинжээчийн дүгнэлт Д.Баттулгын эрүүл мэндэд хохирол учраагүй болохыг тогтоогдож харин Д.Баттулга нь зориуд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон. Анхан шатны шүүх Д.Баттулгыг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох дүгнэлтийг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна” гэж эсэргүүцлийн агуулгыг бүхлээр нь үгүйсгэсэн. Д.Баттулгыг худал мэдүүлэг өгсөн гэж шүүхээр шийдвэрлүүлсэн байж одоо болохоор нөгөө талаас нь яриад байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Иймд тухайн хэрэгт Д.Баттулгын гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл авагдаагүй байна. Мөн яллагдагчаар татсан хүн байдаггүй. Мөн Батцэцэг нь оролцогч биш хэр нь өөрт хамааралгүй асуудлаар олон удаа гомдол гаргаж байна. Хуульд зааснаар хугацаа болон тодорхой журмаар зөвхөн хэргийн оролцогч гомдол гаргана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгөхийг хүсье гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Д.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурорын эсэргүүцлийн дагуу Д.Баттулгад холбогдох эрүүгийн 2032000810108 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:   

Доржийн Баттулга нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 15 тоот өрөөнд 11 цаг 45 минутаас 12 цаг 00 минутын хооронд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө     иргэн С.Одгэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.Баттулгыг “...2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа иргэн С.Одгэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй... хэмээн дүгнээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Д.Баттулгыг цагаатгасан байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “....Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасны дагуу хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд түүний үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийж Д.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д ...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д “...Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...” гэж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гэрчийн эдлэх эрхийг баталгаажуулжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нь Д.Баттулгад 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг нь тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар сануулан гэрчээр байцааж мэдүүлэг  авсан байна. /хх-ийн 13-р ху/

 Гэвч 2020 оны 06 дугаар сарын 16, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг /хх-ийн 06-08-р ху/ өгөхдөө гэрчээр өгсөн мэдүүлгээсээ  өөр  байдлаар мэдүүлэг өгсөн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүнийг иргэн С.Одгэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгсөн гэх үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт  гомдол гаргасан иргэн Р.Батцэцэг энэ хэрэгт хамааралтай эсэх, ямар үндэслэлээр гомдол гаргасныг тодруулах, давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн 2 ширхэг СиДи буюу  дууны бичлэг болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн тодорхой ажиллагаа явуулсны эцэст мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан шинэ нөхцөл байдал илэрвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах боломжтой юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-д “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх дээрх баримтуудыг үнэлж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Д.Баттулгын үйлдэлд зөрүүтэй байдлаар дүгнэлт хийж буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, Эрүүгийн  хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Д.Баттулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин шүүгдэгч Д.Баттулгад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулна”  гэж заасан байхад цагаатгах тогтоолд баримт бичиг боловсруулсныг баталгаажуулах тэмдгийг 2020 оны 11 сарын 10-ны өдрөөр баталгаажуулсан боловч хэрэгт авсан цагаатгах тогтоол гардуулсан, танилцуулсан тухай баримтаар цагаатгах тогтоолыг прокурорт 2020 оны 10 сарын 21-ний өдөр гардуулж, цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгчид хэзээ гардуулсан нь тодорхойгүй буюу шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн өдөр цагаатгах тогтоолыг гардуулсан мэт харагдаж байна.

 

Мөн 2020 оны 11 сарын 10-ны өдөр хэрэг хүргүүлэх тухай 155 дугаартай албан бичиг бичигдсэн боловч тус хэрэг давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 сарын 24-ний өдөр шуудангаар ирж, энэ хугацаанд хэрэг хаана хэрхэн хадгалагдаж байсан нь тодорхойгүй байна.  

Иймд анхан шатны шүүх дээрх алдааг дахин давтан гаргахгүй байх, хэргийг хуульд заасан цаг хугацаанд хүргүүлж байхыг анхаарах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 114 дугаартай цагаатгах тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 

1 дүгээр заалтыг:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт Доржийн Баттулгад холбогдох 2032000810108 дугаартай эрүүгийн хэргийг эрүүгийн хэрэгт хамаарал бүхий бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Баттулгыг цагаатгасугай” гэж өөрчлөн найруулж, цагаатгах тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

 

                       ШҮҮГЧИД                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ