Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 125/ШШ2023/0002

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Б.Т-ын Ховд аймгийн Мөст сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мөст сумын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/171 дүгээр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/217 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, дээрх захирамжуудын улмаас учирсан хохирол 8972000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлд 2022 оны 9 сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Т  шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Нэхэмжлэгч Б.Т  миний бие тус шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Миний бие уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц , гуравдагч этгээд Ч.Я  нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц , гуравдагч этгээд Ч.Я  бид дараах байдлаар эвлэрч байна.

Ч.Я-той холбоотой төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтанд гомдол гаргахгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэхгүй, гуравдагч этгээд Ч.Я  миний бие Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас олгох Хөдөлмөр халамжийн сангийн Ахмадыг дэмжих хөтөлбөрөөс 3 жилийн хугацаатай, хүүгүй, 5 сая төгрөгийн зээлийн асуудлыг 2023 оны 4 сарын 20-ны өдрийн дотор олгох асуудлыг шийдвэрлэж Б.Т-д олгоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Т  нь Ховд аймгийн Мөст сумын Засаг даргад   холбогдуулан Ховд аймгийн Мөст сумын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/171 дүгээр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/217 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, дээрх захирамжуудын улмаас учирсан хохирол 8972000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц , гуравдагч этгээд Ч.Я  нартай эвлэрч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ...” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан талаар илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, гэж заасныг баримтлан  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Б.Т нь  уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т-ын Ховд аймгийн Мөст сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мөст сумын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/171 дүгээр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/217 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, дээрх захирамжуудын улмаас учирсан хохирол 8972000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Б.Т нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ