Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/273

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Э.Г

Хохирогч С.Б

Хохирогчийн өмгөөлөгч Э.Ц

Шүүгдэгч М.И нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.И-д холбогдох эрүүгийн 2525000000023 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, 1996 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн,*******,*******,*******,*******,, С овогт М-ын И /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.И нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* бааранд хохирогч С.Б-г хавсарч унагаах, хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

           

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч М.И-ын мэдүүлсэн: Х.А нь надад тэр хүний хөл нь хугарчихаж гэж хэлээд би очиход энэ ах сууж байсан. Би өргөж өрөөнд оруулсан. Би мөрнөөс нь татаж текний урд унагаад гавласан, гаваа тайлж авсан. С.Т, Л.Д холбоотой хүмүүс. Надад камер шүүлгэхгүй байгаа, намайг гүтгэж байна. Намайг 20 минутын дараа орж ирэхэд хөл нь хугарсан байсан. Би гавлаад үүдэнд аваачиж орхиод гаваа тайлж аваад явсан гэх мэдүүлэг,

-хохирогч С.Б-ийн мэдүүлсэн: 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой найз А-ын хамт ******* бааранд орж 1 шил архи уусан, согтсон. Найз Б орж ирж суусан. А яваад, Б бид хоёр 1 шил архи авч уугаад нэлээд согтсон. Тэгээд нэг мэдэхэд Б байхгүй байсан. Би бүжгийн талбай дээр байхад араас гар мушгиж гавлаад түрж явсан.Тэрнээс хойшхыг сайн санахгүй. Шатан дээр гавтай хөдөлж чадахгүй байсан. Гэтэл Б гарч ирээд “юу хийж байгаа юм” гэсэн. Би гавтай байсан эсэхээ сайн санахгүй орж гараад байдаг. Эмчилгээний зардал 831,300 төгрөг гарсан, нэхэмжилнэ. 1 жилийн дараа хөлийн хадаас авахуулах хагалгаанд орно. Энэ асуудлаас болоод сэтгэл санаа, амьдралын хэв маягт өөрчлөлт орсон. Стресстэй байдаг болсон. Ажил хийх чадамж буурсан. Авто засварын газарт ажилладаг, хүнд юм өргөдөг. Гэмтлээс болоод өвддөг болсон. Сэтгэл санаагаар унаж орлого буурч гэр бүлийн маргаан гарах болсон. Өр зээл нэмэгдэж байгаа гэх мэдүүлэг,

 

            -эрүүгийн 2525000000023 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан:

-хохирогч С.Б-ийн мэдүүлсэн:.. Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байх үед хуурай дүү А, түүний нэг******* найз нарын хамт гурвуулаа Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" бааранд орсон. Бид гурав бааранд ороод 1 шил архи худалдан авч ширээнд суусан. Бид гурвыг ширээнд суугаад архи ууж байтал гаднаас Б /утас:89114353/ ганцаараа орж ирсэн. Энэ үед Б бид хоёр юм ярингаа хамт суухаар болсон. Мөн 22 цагийн орчим А, найзтайгаа явлаа гээд яваад өгсөн. Үүний дараа Б надтай уулзсан гээд 1 шил архи худалдаж авсан. Тухайн үед би бас нэлээн согтсон байсан бөгөөд баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байтал араас баруун гарыг мушгиж гав зүүлгээд түрж хаалга руу аваачсан. Хаалгаар гараад хартал баарны хамгаалагч миний хоёр гарыг ард нь гавлачихсан байсан санагдаж байна. Би өөрөө нэлээд согтсон байсан учраас тар хамгаалагчтай харилцан юу ярьсан гэдгээ санахгүй байна. Миний санаж байгаагаар баарны хамгаалагч залуу намайг 2 давхрын шатан дээр доошоо суу гэхээр нь би суухгүй гэж маргалдсан. Тэгтэл баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн санагдаж байна. Би яг хэдэн удаа хөл рүүгээ өшиглүүлсэн гэдгээ санахгүй байна. Би тэр залууд хөл рүүгээ өшиглүүлээд газарт хойно гавлуулсан байдалтай доошоо суусан. Үүний дараа хамгаалагч дух хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж аваад 2 давхрын доод талын хашлага төмрийн завсраар гавыг оруулж миний хоёр гарыг дахин ард минь холбож гавласан. Намайг ойролцоогоор 2 цаг орчим тэнд гавтай байлгасан. Энэ үед миний баруун хөл маш их өвдөж байсан. Яагаад гэвэл шатнаас гавлахаас өмнө хамгаалагч залуу миний баруун хөл рүү өшиглөсөөр байгаад хугалчихсан. Миний санаж байгаагаар 2 цаг орчмын дараа гаднаас Б орж ирээд хүүе ээ чи энд юу хийж байгаа юм гэж асуухаар нь би “найзыг нь хамгаалагч зодож, шаттай холбоод хоёр гарыг минь гавлачихлаа” гэж хэлсэн. Удалгүй Б дотогшоо орж баарны ажилтантай уулзаж миний гавыг тайлуулаад хэн намайг өргөсөн гэдгийг санахгүй байна. Би шатнаас өргүүлсэн байдалтай баарны нэг өрөө рүү орж хэвтсэн. Нээх удалгүй эмч ирээд дамнуурга дээр тавиад яаралтай тусламжийн тасаг руу аваачсан. Эмч миний хөлийг үзээд баруун хөл хугарсан байна гэсэн онош тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/

-гэрч С.Т-ын мэдүүлсэн:..Би 2024 оны 11-р сарын 22-ны орой 18 цагийн орчим өөрийн түрээсэлдэг "*******" бааранд очсон. Шөнө 22-23 цагийн орчим юм болов уу, би цагийг нь санахгүй байна, баарны хажуугийн нийтийн караоке руу орчихоод гарч иртэл баарнаас нэг*******г хамгаалагч Э, ***** баарны хамгаалагч М.И хоёр чирээд гарах гээд хаалга руу явж байсан. Бааран дотор чирч байсан. Энэ үед би тэр хоёроос наад хүн чинь яасан бэ гэхэд М.И “энэ******* асуудал гаргаад байна, эгч ээ, гаргах гэж байна” гэж хариулсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа бааран дотор байж байтал үйлчлэгч А над дээр хүрч ирээд гадаа коридорт нэг согтуу хүн суугаад байна гэхээр нь би гарч харсан. Тэгтэл*******лээд М.И, П.Э хоёрын баарнаас чирч гаргаж байсан******* сууж байсан. Тэр хүнээс яасан бэ, босоорой гэхэд уг******* хөл өвдөөд байна гэхээр нь би 103 руу дуудлага өгсөн. Уг*******г нэрийг нь санахгүй байна, хоёр хамгаалагчаараа өргүүлж баарны өрөө рүү оруулж хэвтүүлсэн. Эмч ирээд уг*******г дамнуурган дээр тавиад авч явсан. Энэ явдлыг хамгаалагч нараас юу болсон бэ гэхэд манай баарны хамгаалагч би ойртоогүй, харин ***** баарны хамгаалагч М.И би хугалаагүй шүү дээ, хүн дээр нь гишгэсэн байх гэж хариулсан.... Манай баарны хяналтын камерууд шаардлага хангахгүй нягтаршил муутай байсан учраас 2024 оны 11 дүгээр сарын 20-оос 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл камеруудын холбох утас, камер, хард зэргийг бүрэн шинэчилж сольсон. Тухайн үед камераа солингоо баарны хажуугийн нийтийн караокед засварын ажлыг давхар хийсэн. Ийм болохоор 2024 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнийн хяналтын камерын бичлэг байхгүй. М.И манай баараар байнга орж гардаг. Одоо ч гэсэн орой бүр орж ирдэг. Тухайн үед манай нийтийн караоке засвартай, давхар камераа сольж шинэчилж байгаа гэдгийг мэдэж байсан. Нийтийн караоке ажиллаагүй засвартай байсан. 1-т нийтийн караоке ажиллаагүй учраас хүн бага байсан. 2-т дөнгөж 23 цаг болж байсан учраас бааранд 10 орчим хүн, 2-3 ширээнд тойроод суучихсан байсан. Хөл хөдөлгөөн гээд байх зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 156-р тал/,

-гэрч П.Э-ын мэдүүлсэн:...Би 2024 оны 11-р сарын 22-ны орой 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, *********багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******” бааранд очсон. Манай хажуугийн "*****" бааранд хамгаалагчаар ажилладаг М.И хамгаалагчийн хувцастайгаа баарны баруун талын сандал дээр сууж байсан туранхай ахын хувцаснаас татаж газар унагаад, доош нь харуулж хэвтүүлээд хоёр гарыг нь ард нь гавласан. Хоёр гарыг нь гавлаад ханцуйнаас нь өргөж дээшээ босгоод гар пизда минь гэж хэлсэн. Тэгээд нөгөө ахыг баарны хаалгаар гаргах гэж байхдаа гавтай байхад нь хавсарч газар унагасан. Тэр ах хойноо гавлуулчихсан байсан учраас М.И-г хавсрахад биеэрээ газар хүчтэй унасан. Намайг харж байхад пид гээд л унасан. Үүний дараа тэр ахыг газар унасан чигээр нь хувцаснаас нь чирч хаалганы босго давуулаад коридорт гаргасан. Ер нь бол би тэр үед М.И-ын сандал дээр сууж байсан хүн татаж газар унагахаар нь араас нь дагаад харж байсан. Нөгөө ахыг коридорт газарт хөл хугарчихлаа гэж хэлэхэд М.И пизда минь чи битгий баашлаад бай гэж хэлээд аль хөл гэдгийг нь санахгүй байна, гуя руу нь нэмж өшиглөөд байсан. Энэ үед би тэр согтуу ахын гавыг тайлж М.И-д настай хүн битгий зодоод бай, яаж байгаа юм гэхэд М.И манай баарнаас шууд гарч явсан. М.Ит зодуулсан ах газарт суугаад хөл өвдөөд байна, хөл хугарчихлаа гэж уйлаад байсан учир би эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Дараа нь өргөж амралтын өрөө рүү оруулж хэвтүүлсэн...Би яг аль хөл рүү нь өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан хөл рүү 2-3 удаа өшиглөсөн гэдгийг мэдэж байна...Бас тэр ахыг эмч нар авч явсны дараа М.И манай баар руу орж ирээд надаас тэр ахыг хойно нь гавлаад үлдээсэн өөрийнхөө гаваа авсан... Үүний дараа би бармен Д-д “саяны М.И-тэй маргалдсан ахын хөл нь хугарчихлаа гээд уйлаад байна, гавыг нь тайлах гэсэн юм, чи гавны түлхүүрээ өгөөч” гэж хэлээд гавны түлхүүрийг нь авч хөл нь хугарсан ахын гавыг тайлсан. Гавыг нь тайлчихаад зогсож байсан чинь араас Л.Д хүрч ирсэн. Тэр ахыг хэн ч коридорын шатнаас гавлаагүй. М.И-д зодуулсан ах дөнгөж хаалгаар коридор руу гараад хана налаад сууж байсан. М.И тэр ахыг өөрийнхөө гаваар гавласан. Ахынх нь хөл хугарчихлаа өвдөөд байна гээд уйлсан чинь гавтай чигээр нь хаяад явчихсан...өгсөн. Хөл нь хугарчихсан коридорт уйлж байхад манайхны нэг шууд дуудлага өгсөн, тэгсэн чинь дуудлага ихтэй байна гээд ирэхгүй удсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р, 150-р тал/

-гэрч Л.Д-ийн мэдүүлсэн:...Би Орхон аймгийн Баян-Өндөр сум, *********багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* бааранд 2024 оны 09-р сараас*******лэн зөөгчөөр ажиллаж байна... хүмүүс нээх их орж ирээгүй байхад гаднаас "*****" баарны хамгаалагч М.И орж ирж суусан. М.И гаднаас орж ирэхдээ хамгаалагчийн хувцастайгаа байсан бөгөөд бармен С.Т-ээс 1 лааз пиво худалдаж аваад ширээн дээр сууж уусан. Тухайн үед 50 орчим настай, туранхай ах нэг******* найзтайгаа 2 дугаар ширээн дээр сууж байсан боловч гарч тамхи татчихаад эргэж орж ирээд 4 дүгээр ширээн дээр буюу өөр хүмүүсийн ширээн дээр сууж архинаас нь уусан. Тэр 4 дүгээр ширээн дээр сууж байсан хүмүүс энэ хүнээ аваач ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажууд зогсож байснаар нь М.И-д “андаа чи тэр хүнийг өөрийнх нь ширээн дээр суулгаад өгөөч, эсвэл эвтэйхэн аргыг нь олоод гаргаад өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн чинь М.И ахтай маргалдаж хоорондоо харилцан барьцалдаж зууралцсан байхад... Э, Б хоёр дэргэд нь зогсоод... больчих И гэж хэлж байсан... Ингээд М.И нөгөө ахын хувцаснаас татаж газар унагаад доошоо харуулж хэвтүүлээд биедээ байсан гаваар хоёр гарыг нь ард нь гавласан. Нөгөө ах гавлуулчихаад өөрөө босож ирээд пизда минь энэ гаваа тайл гэж хэлсэн чинь М.И уурлаж нөгөө ахыг дахиж хавсарч газарт унгасан. Нөгөө ахыг дөнгөж газарт унасны дараа М.И гаваас нь татаж тэр ахыг коридорт шалан дээр чирээд хаалга руу аваачсан. Хаалга руу чирч аваачаад босго давуулаад хаалганы гадна орхиод шууд гавтай чигээр орхиод явсан. Үүний дараа хамгаалагч П.Э над руу хүрч ирээд гавын түлхүүрээ өгчих гээд коридорт хэвтэж байсан ахын гавыг тайлсан. Араас нь үйлчлэгч эгч орж ирээд М.И-ын коридорт гаргасан хүний хөл нь хугарчихсан байна, чи гараад хараач гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа коридор руу гарч харсан чинь М.И-ын хавсарч унагаад гаваас нь чирч гаргасан ах хана налаад суучихсан, хөл өвдөөд байна, ахынх нь хөлийг хугалчихлаа шүү дээ гээд уйлаад байсан. Би баруун хөлийнх нь өмдийг дээш болгож харсан чинь шилбэ хэсгээрээ хугарчихсан байсан. Ингээд П.Э бид хоёр тэр ахыг хамт өргөж баарны арын өрөө рүү оруулсан. Нөгөө ах арын өрөө рүү ороод ах нь сууж болохгүй байна гэхээр нь П.Э бид хоёр сандал налуулж суулгасан. Тэр ахыг арын өрөө рүү өргөж оруулах үед М.И байгаагүй, мөн арын өрөө рүү оруулах гэж байхад хөл нь хугарсан ахын найз гаднаас орж ирж байсан. Нэг******* найз нь хамт байсан. Гэхдээ тэр найз нь ч гэсэн нэлээн согтчихсон байсан. Гаднаас орж ирэхдээ буюу М.И-тэй маргалдаж байхдаа хөл нь зүгээр байсан... М.И нийт хоёр удаа тэр ахыг газар унагасан. Сүүлд хоёр гарыг нь ард нь гавлачхаад хоёр хөлийг нь хавсарч газар унагаасан. Ингэж унаад нөгөө ах босож чадахгүй хэвтээд байсан чинь М.И шууд гаваас нь чирээд коридорт гаргаж орхиод яваад өгсөн. Хөл нь хугарсан ах М.Ит шалан дээр чирүүлж коридорт гарснаасаа хойш дахиж босоогүй, дотор хүн багатай байсан учраас би тэкний ойролцоогоос тэр ахыг босоод явах юм болов уу, зүгээр байгаа гээд харж байсан. М.И-г явсны дараа хамт байсан П.Э над руу хүрч ирээд надаас гавын түлхүүр авч явсан... Тухайн үед М.И тэр ахыг газар хавсарч баруун талаар нь унагаад босож чадахгүй байна гээд байхад нь гаваас нь чирч шууд коридор руу гаргаад тэнд нь хаяад явсан. Гавтай чигээр нь хаячихсан учраас П.Э надаас гавын түлхүүр авч тэр ахын гавыг тайлсан.... Ингээд 5 орчим минутын дараа хамгаалагч П.Э надад “хүний хөл хугарчихсан байна, гавны түлхүүрээ өгчих” гэхээр нь би ажлын түлхүүрүүдтэй холбоотой байдаг гавны түлхүүрийг Энхбаярт өгсөн. Энхбаярт түлхүүр өгөөд араас нь дагаж очиход Э, М.И-ын газар чирч гаргасан ахын гавыг тайлж байсан. Бас тэр ах миний хөл хугарчихлаа гээд уйлаад байсан. Миний санаа зовоод тэр ахыг баруун хөлийн өмдийг дээш сөхөж харахад шилбэнийхээ нэлээн доогуур хэсгээр хугарчихсан байсан...С.Б  гэдэг хүнийг баарны шатнаас гавласан зүйл байхгүй...М.И тэр ахыг газар шалан дээр чирээд коридор руу 22:40:23:00 цагийн үед гаргасан. Коридор руу гараад 5 орчим минутын дараа өөрийнхөө ажилладаг баар руу орох гээд хаяад явчихсан. 23 цаг дөнгөж өнгөрч байх үед П.Э надаас гавны түлхүүр авч хөл нь хугарсан ахын гавыг тайлсан. Гавыг нь тайлаад надаас авсан түлхүүрээ П.Э буцааж өгсөн. Хөл нь хугарсан ах коридорт 20 орчим минут, манай арын өрөөнд 1 цаг орчим эмч ирэхийг хүлээж газар суусан. Би хамгийн анх эмнэлэг рүү 23 цаг 10-20 минутын орчим хүний хөл хугарсан байна гэж дуудлага өгсөн. Эмнэлэг манай бааранд дуудлагын дагуу 00 цаг 30 минутаас хойш ирсэн санагдаж байна. Хөл хугарсан ахад Э, Б хоёр огт гар хүрээгүй. Намайг харж байхад М.И л ганцаараа тэр ахтай хэрэлдэж маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 154-р тал/

-гэрч Х.А-ийн мэдүүлсэн:... Би тухайн өдрийн орой цэвэрлэгээ хийж байтал бааран дотор хажуугийн баарны хамгаалагч М.И үйлчлүүлж байсан нэг согтуу*******тэй маргалдаад зогсож байсан. Би хальт харчихаад бие засах өрөөг цэвэрлэхээр явсан. Нээх удаагүй гарч ирсэн чинь бааран дотор М.И шалан дээр нөгөө маргалдаж байсан согтуу залууг чирчихсэн, хоёр гарыг нь гавласан гаваас барьчихсан хаалга руу чиглээд явж байсан. Энэ явдлаас хойш хэдхэн минутын дараа баарны хаалгаар гарсан чинь хаалганы гадна ханыг М.И-тэй маргалдаж байсан******* налаад суучихсан уйлаад сая миний хөлийг хугалчихлаа шүү дээ, миний хөл хугарчихлаа шүү дээ гэж хэлж байсан. Харин гартаа гавтай байсан эсэхийг анзаарч хараагүй, мөн тэр залуу ганцаараа байсан. М.И хаяад явчихсан байсан. Ингээд би энэ тухай баар руу орж бармен С.Т, зөөгч Л.Д нарт хэлсэн. Бас дараа нь М.И руу залгаж сая чиний чирээд гаргасан******* коридорт хөл нь хугарчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бас л юм цэвэрлэж байгаад харсан чинь нөгөө залууг баарны арын өрөөнд оруулаад хэвтүүлчихсэн байсан... сүүлд намайг харахад дотор Буржак буюу М.И газар гавтай нь чирээд явж байсан. Өөр зүйл мэдэхгүй байна.....Би М.И-г хөл хугарсан*******г коридорт орхиж явснаас нь хойш удаагүй араас нь залгасан. Тухайн үед ойролцоогоор цаг 23 цаг дөнгөж өнгөрч байсан. Би М.И-г хөл нь хугарсан залуутай хамгийн анх маргалдаж байхыг бас дараа нь газарт гавлачихсан, коридорт чирч үүд рүү явж байхыг харсан. Өөр хүн хөл нь хугарсан*******г цохиж зодоогүй. М.И хохирогч гээд байгаа залууг гадаа коридор руу гаргаад удаагүй явчихсан. Тухайн үед цаг ойролцоогоор 22:50-23:00 болж байсан байх. Бармен Л.Д түргэн дуудсан байх. Эмч нар 1 цаг гаран болж удаж ирсэн. Бараг 00:30 минутаас хойш ирсэн байх шүү...” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 152-р тал/,

-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаартай шинжээчийн “...С.Б-ийн биед баруун хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.. гэх дүгнэлт /хх-ийн 28-30-р тал/

-хохирогч С.Б-ийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2024 оны 11-р сарын 22-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх болон эмнэлгийн бусад бичиг баримтын хуулбар /хх-ийн 33-54-р тал/

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02-р сарын 24-ний өдрийн  413 дугаартай С-ийн Б /РД:********/-ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-85-р тал/,

-хохирогч С.Б-ийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 118-121-р тал/

-гэрч М.Н-ийн мэдүүлсэн:..Би хэдэн цаг хэдэн минутад дуудлагад очсон гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан шөнийн цагаар очсон. Тухайн дуудлага дээр очиход 40 гаран настай, нэлээд согтуу, биеэ авч явах чадваргүй,******* хүн “*******” баарны 2 давхарт нэг өрөөн дотор буйдан налчихсан газар сууж байсан. Гадна үзлэг хийхэд баруун зүүн аль гэдгийг нь санахгүй байна шилбэ ясны урд хэсэгт хугаралтай байсан. Өвчтөн алхах боломжгүй байсан учраас дамнуурга дээр хэвтүүлж машинд суулгаад хүлээн авах тасаг руу тээвэрлэсэн. Маш их согтуу, өөрийнхөө нэрийг ч хэлэхгүй байсан. Надад яагаад гэмтсэн гэдгээ хэлээгүй.. гэх мэдүүлэг /146-148-р тал/

-гэрч Ш.М-ын мэдүүлсэн:..Би “******-***” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энэ компанид ажиллаад 20 жил орчим болж байна. Манай компани Орхон аймагт гэрээт харуул хамгааллаар үйл ажиллагаа явуулдаг. М.И манай компанид 2024 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл түр гэрээгээр ажиллаж байгаа нь үнэн. М.И Орхон аймгийн Баян-Өндөр сум, *********багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” бааранд долоо хоногийн зургаан өдөр шөнийн цагаар хамгаалагчаар ажиллаж байгаа. Ням гарагт амардаг. Одоо ч гэсэн дээрх бааранд хамгаалагчаар ажиллаж байгаа... 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр М.И “*****” бааранд хамгаалагчаар ажилласан. Тухайн үед ажилд гарахдаа дотоод холбоогоор бид нартай холбогдож үүрэг чиглэл авч бүртгүүлсэн. Тийм ээ, компаниас нэг бүрийн тусгай хэрэгслээр хангадаг. Гавтай үүрэг гүйцэтгэдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 158-р тал/

-гэрч Ч.Х-ын мэдүүлсэн:.. Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цаг нэлээн өнгөрсөн байхад найз Батгэрэлийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, *********багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баар руу орсон. Намайг найзын хамт ороход дотор С.Б хоёр*******н хамт архи уугаад сууж байсан...Би баарнаас гарч яваад нэлээн удсан шүү, согтуу байсан болохоор цаг минутаар нь хэлж чадахгүй байна. Ингээд С.Б-ийг яваагүй байж магадгүй гэж бодоод дотогш орсон чинь баарны хаалганы гадна хэсэгт буюу коридорт С.Б  хана налчихсан, уйлаад сууж байсан. Би С.Б эс юу болсон бэ гэж асуусан чинь “найзынх нь хөл хугарчихсан, өвдөөд байна” гэж хариулсан. Тэгээд дотогш орж тэкний дэргэд байсан эмэгтэйд манай найз коридорт чинь хөл нь хугарчихсан сууж байна, цагдаа дуудаарай гэсэн чинь нөгөө эмэгтэй эмч дуудчихсан, ирэхийг нь хүлээж байна, эмч ирэхгүй байна гэж хариулсан. Үүний дараа С.Б дээр баарны 2 ажилтан залуу хүрч ирээд хоёр талаас нь дамнаж өргөөд баарныхаа нэг өрөө рүү оруулж буйдан налуулж газар суулгасан...Намайг очиход С.Б-ийн хоёр гар гавгүй, бас шатнаас гавласан зүйл огт байгаагүй. Зүгээр хана налаад баарны хаалганы гадна хэсэгт уйлаад хөл нь хугарсан гээд сууж байсан. Намайг очиход С.Б гавгүй байсан. Одоо санаж байхад хамгаалагч хөлийг нь хугалсан гэж надад хэлсэн юм байна шүү. Миний нэрийг Ч.Х гэдэг. Өвөө маань намайг төрөхөд ийм нэр өгсөн гэсэн. Гэхдээ жаахан хүүхэд байхаас*******лүүлээд найз нөхөд, гэр бүлийнхэн маань Б гэж дуудсаар байгаад одоо би хүртэл өөрийгөө Б гэж хүмүүст танилцуулдаг болсон. Ер нь бол найзууд маань намайг Ч.Х гэдэг нэртэй гэдгийг мэдэхгүй, бүгдээрээ Б л гэж мэднэ... гэх мэдүүлэг /хх-ийн 160-р тал/,

-“*******” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 162-165-р тал/

-шүүгдэгч М.И-ын яллагдагчаар мэдүүлсэн:.. Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, *********багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" бааранд очсон. Тухайн үед би хамгаалагчийн хувцастайгаа явж байсан бөгөөд бааранд орж камергүй газар сууж байгаад нэг лааз пиво уусан. Ингээд хэсэг хугацааны дараа явах гэтэл зөөгч Дагваа наад хүнээ гаргаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би 40-50 орчим насны, туранхай ахыг сандал дээрээс босготол манай ах цагдаа гээд агсраад байхаар нь хувцаснаас нь татсан чинь газар унасан. Би газар унасан байхад нь хоёр гарыг нь хойно нь гавласан. Ингээд хэсэг газар чирээд хаалгаар гаргах гэтэл ах нь одоо ширээн дээрээ эргээд сууя гэж гуйхаар нь би гавыг нь тайлсан. Үүний дараа тэр ах өөрөө газраас босож алхаад анх сууж байсан сандал дээрээ очиж суусан. Хэсэг хугацааны дараа тэр ах би куртикээ олохгүй байна гэж хашхираад байхаар нь би хаалга руу дагуулж очоод ах аа та ингээд явчих гэж хэлээд баарнаас гарч явсан. Сүүлд цэвэрлэгч эгч над руу залгаад эгчийн дүү гаргасан хүний чинь хөл хугарсан байна гэж хэлсэн. Намайг дотор орсон чинь Д гэдэг залуу андаа энэ хүний хөл хугарчихсан байна гэж хэлсэн... Би тэр хүний хөлийг хугалаагүй. Зогсож байхдаа намайг манай ах цагдаа гээд байхаар нь би зүүн талын мөрнөөс нь татсан чинь тэр ах газар уначихсан. Газар унахдаа мөрөөрөө түрүүлж газар хүрээд унасан. Мөн сүүлд явахдаа гаваа тайлаад гарч явсан. Би ******* бааранд ажилладаггүй. Би найз Э-тэй уулзсан юм. Зөөгч намайг тэр ахыг гаргаад өгөөч гэж гуйхаар нь би тэр ахыг та гар гэсэн чинь над руу агсан тавиад байсан. Ингээд би тэр ахыг гавласан. Би нэг удаа гавласан. Баарнаас гарахдаа гаваа тайлж аваад гарсан. Харин нөгөө ах 2 давхраас гардаг баарны гадна талд суугаад үлдсэн. Газраас босгох гэсэн чинь агаа нь хэсэг сууж байгаад явчихъя гэж хэлээд газар суугаад үлдсэн... Өөрөө үгэнд орохгүй байсан. Би нээх хол газар чирээгүй шүү дээ... Би тухайн өдрийн 21 цагт хажуу талын “*****” бааранд хамгаалагчаар гарах байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 158-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч М.И нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум *********багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” гэх бааранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа хажуугийн   "*******" бааранд орж пиво авч уугаад сууж байхад нь, зөөгч Л.Д “өөр ширээнд сууж бусдын архинаас уулаа” гэх үйлчүүлэгч нарын гомдлын дагуу хохирогч С.Б-ийг зааж М.И-д хандан “наад хүнээ гаргаад өгөөч” гэж хэлснээр С.Б дээр очиж араас нь гарыг нь холбон гавлаж хавсарч газар унаган гавнаас нь чирж үүдээр гаргаж коридорын шатан дээр орхиж явсан ба С.Б-ийн биед баруун хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч М.И-ын үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаартай шинжээчийн “...С.Б-ийн биед баруун хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.. гэх дүгнэлт, хохирогчийн өвчний түүх, хохирлын баримтууд, сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...би мөрнөөс нь татаж текний урд унагаад гавласан, гаваа тайлж авсан” гэх  мэдүүлэг нь гэрч П.Э-ын мэдүүлсэн...туранхай ахын хувцаснаас татаж газар унагаад, доош нь харуулж хэвтүүлээд хоёр гарыг нь ард нь гавласан. Хоёр гарыг нь гавлаад ханцуйнаас нь өргөж дээшээ босгоод гар пизда минь гэж хэлсэн. Тэгээд нөгөө ахыг баарны хаалгаар гаргах гэж байхдаа гавтай байхад нь хавсарч газар унагасан...гэх,

гэрч Л.Д-ийн мэдүүлсэн...Ингээд М.И нөгөө ахын хувцаснаас татаж газар унагаад доошоо харуулж хэвтүүлээд биедээ байсан гаваар хоёр гарыг нь ард нь гавласан. Нөгөө ах гавлуулчихаад өөрөө босож ирээд пизда минь энэ гаваа тайл гэж хэлсэн чинь М.И уурлаж нөгөө ахыг дахиж хавсарч газарт унагасан. Нөгөө ахыг дөнгөж газарт унасны дараа М.И гаваас нь татаж тэр ахыг коридорт шалан дээр чирээд хаалга руу аваачсан. Хаалга руу чирч аваачаад босго давуулаад хаалганы гадна орхиод шууд гавтай чигээр орхиод явсан. Үүний дараа хамгаалагч П.Э над руу хүрч ирээд гавын түлхүүрээ өгчих гээд коридорт хэвтэж байсан ахын гавыг тайлсан...гэх,

гэрч Х.А-ийн мэдүүлсэн...”Нээх удаагүй гарч ирсэн чинь бааран дотор М.И шалан дээр нөгөө маргалдаж байсан согтуу залууг чирчихсэн, хоёр гарыг нь гавласан гаваас барьчихсан хаалга руу чиглээд явж байсан. Энэ явдлаас хойш хэдхэн минутын дараа баарны хаалгаар гарсан чинь хаалганы гадна ханыг М.И-тэй маргалдаж байсан******* налаад суучихсан уйлаад сая миний хөлийг хугалчихлаа шүү дээ, миний хөл хугарчихлаа шүү дээ гэж хэлж байсан...” гэх,

гэрч Ч.Х-ын мэдүүлсэн...дотогш орсон чинь баарны хаалганы гадна хэсэгт буюу коридорт С.Б хана налчихсан, уйлаад сууж байсан. Би С.Б-ээс юу болсон бэ гэж асуусан чинь “найзынх нь хөл хугарчихсан, өвдөөд байна” гэж хариулсан...”гэх мэдүүлгүүдээс ноцтой зөрүүгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нь хохирогч С.Б-ийг хувцаснаас нь татаж унагаж гавлаад босож ирэхэд нь дахин хавсарч унагаад гавтай нь чирж коридорт гаргаад орхисон ба энэ явдлаас хойш хэдхэн минутын дараа хохирогч” миний хөлийг хугалчихлаа шүү дээ” гээд уйлж байсан нөхцөл байдал гэрч Х.А-ийн мэдүүлгээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд ноцтой зөрүүгүй, хоорондоо хамаарал бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдлээс шууд шалтгаант холбоотойгоор хохирогчийн биед гэмтэл учирсан гэж дүгнэсэн.

 Шүүгдэгч “эд нар намайг гүтгэж байна” гэж мэдүүлсэн ч энэ талаар баримт нотолгоо хэрэгт авагдаагүй.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн шинжийн талаар тодорхойлж заасан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж зааж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.       

         Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

       Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.

       Шүүгдэгч М.И нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн ба Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгч М.И-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.         

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.И нь С.Б-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч М.И-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогч эм тарианы зардал 831,300 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлтэй. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 2-р зэрэглэлээр тогтоогдсон гаргуулах үндэслэлтэй гэж,

-Хохирогчийн өмгөөлөгч Э.Ц: гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг хавсарч унагасан болох нь тогтоогдсон. Хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Эмчилгээний зардал 831,300 төгрөг гарсан. Хохирогчийн сэтгэцэд хохирол учирсан гэж тогтоосон. 2-р зэрэглэлээр тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцож 10,288,080 төгрөг гаргуулна уу гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч М.И шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж оролцсон ба “зөвшөөрч байна”гэжээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:                

        Шүүгдэгч М.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

 -шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь хэргийн нийгмийн аюулын шинж, ял шийтгэлийн зорилго, шүүгдэгчийн хувийн байдалд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хохирол төлөгдөөгүй, гэм хор арилаагүй байдлыг харгалзан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэж,

-Хохирогчийн өмгөөлөгч: эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлнэ үү гэсэн санал гаргасан.

Шүүгдэгч: зорчих эрх хязгаарлах ял оногдуулна уу гэжээ.

 

3.Хохирол төлбөрийн тухайд:

1.Шүүгдэгч М.И-ээс, хохирогчийн эмчилгээ, оношилгооны зардал 831,300 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

2. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02-р сарын 24-ний өдрийн  413 дугаартай ...С-ийн Б /РД:********/-ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.... гэх дүгнэлтийг үндэслэн,  

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.4-д” Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100” хувь болно. Иймд...хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу...2-р зэрэглэл 4-8% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно” гэж заасны дагуу,

Хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд заасан 4-8% гэж заасан хэмжээний 6%иар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдөж*******элсэн 660,000 төгрөгөөр тооцож /660,000х150=99,000,000х6% =5,940,000 төгрөг/ 5,940,000 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд тооцон, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж байдал, хор уршиг арилаагүй байдал зэргийг харгалзан гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж,

шүүгдэгч М.И-ээс нийт 6,771,300 төгрөг гаргуулж хохирогчид олгуулж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

           

1. Шүүгдэгч С овогт М-ын И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.И-д шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч М.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1,511 дүгээр зүйлийн 511.3,230 дугаар зүйлийн 230.1,230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.И-ээс 6,771,300 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д /Орхон аймаг Баян-Өндөр сум ********* баг *-**-** тоотод оршин суух, РД:********/-д олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй


 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.А