| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/02186/И |
| Дугаар | 102/ШШ2022/02098 |
| Огноо | 2022-06-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2022/02098
| 2022 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2022/02098 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ХХК
Хариуцагч: НШШГГ
Үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцож, нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал А.А хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлэх, шүүх хуралдаанд өмгөөлөгч А.О оролцуулах хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч НШШГГ холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч А.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... магадлалаар Б ХХК-аас 658,135,438 төгрөг гаргуулж СЭС групп ХХК-нд, 727,747,561 төгрөг гаргуулж ЧХБ ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг БК ХХК-ийн өмчлөлийн эрхийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягтай аялал жуулчлалын зориулалттай ... мкв 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 364,305,900 төгрөгөөр, Э ХХК-ийн өмчлөлийн эрхийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягтай үйлчилгээний зориулалттай ... мкв үл хөдлөх хөрөнгийг 345,201,810 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах болсон тухай НШГ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ..., 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ... мэдэгдэлүүдийг мөн өдрөө мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээ хийхэд манай саналыг огтхон ч тусгаагүй түүнчлэн адил төрлийн ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгө одоогоор зах зээлд 50-аас дээш хувь илүү ханштай байна. МОТ ХХК-ийн үнэлсэн үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй хэт багаар үнэлсэн тул зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт нэхэмжлэгч талд байхгүй. Үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт их нуршсан, үнэлгээнд аргачлалаа тусгаагүй, дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тус шүүхэд гаргасан. Иймд БК ХХК-ийн өмчлөлийн эрхийн .... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягтай аялал жуулчлалын зориулалттай ... мкв 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 364,305,900 төгрөгөөр, Э ХХК-ийн өмчлөлийн эрхийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягтай үйлчилгээний зориулалттай ... мкв үл хөдлөх хөрөнгийг 345,201,810 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... магадлалаар Б ХХК-аас 654,546,805.07 төгрөг гаргуулж СЭС групп ХХК-нд, 723,969,762 төгрөг гаргуулж ЧХБ ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг БК ХХК-ийн өмчлөлийн эрхийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягтай аялал жуулчлалын зориулалттай ... мкв 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Э ХХК-ийн өмчлөлийн эрхийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягтай үйлчилгээний зориулалттай ... мкв үл хөдлөх хөрөнгөөр тус тус хангахар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4-..., 4-.... албан бичгээр төлбөр төлөгч болон Э ХХК-ийн гүйцэтгэх захирлуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд Б ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,700,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Э ХХК үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч ЧХБ ХХК үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/99 дугаартай шинжээч томилох тогтоолоор ХЭ ХХК-ийг томилсон. Шинжээч үнэлгээний тайланг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн 345,201,810 төгрөгөөр үнэлснийг, мөн өдрийн 4-...., 4-...., 4... дугаартай албан бичгээр өмчлөгч болон талуудад мэдэгдэж баталгаат шуудангаар илгээсэн. Тус газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4-..., 4-..., 4-... дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгчид мэдэгдэж баталгаат шуудангаар шуудандаж тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан БК ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын ... дугаартай ... тоот хаягтай аялал жуулчлалын зориулалттай ... мкв 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай эд хөрөнөгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4-..., 4-... дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, өмчлөгч нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч Б ХХК нь 1,500,000,000 төгрөгөөр үнийн санал өгснийг төлбөр авагч тал ЧХБ ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4/93 Шинжээч томилох тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч нь үнэлгээний тайланг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөө дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 364,305, 900 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-..., 4-... дугаартай албан бичгээр өмчлөгч болон талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Дугаар ... шийдвэр, 2020 оны 04 дүгээр сарын 15-н .. дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, ХЭ ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний МОТ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, НШШГГ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-..., 4-..., үнэлгээний мэдэгдэл,
4. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ХУ дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичиг, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол, төлбөр авагч, төлбөр төлөгчөөс үнийн санал өгсөн хүсэлт, шинжээч томилох тогтоол, хөрөнгө үнэлсэн мэдэгдэл хүргүүлсэн албан бичтг зэрэг баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь шинжээч дүгнэлт гаргахдаа манай саналыг тусгаагүй хөрөнгө үнэлсэн үнэлгээ зах зээлийн дундаж ханшид нийцээгүй, үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт их нуршсан дүгнэлт гаргасан
3. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан .
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... магадлалаар Б ХХК-аас 654,546,805.07 төгрөг гаргуулж СЭС групп ХХК-нд, 723,969,762 төгрөг гаргуулж ЧХБ ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг БК ХХК-ийн өмчлөлийн эрхийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягтай аялал жуулчлалын зориулалттай ... мкв 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Э ХХК-ийн өмчлөлийн эрхийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягтай үйлчилгээний зориулалттай ... мкв үл хөдлөх хөрөнгөөр тус тус хангахар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүсгэсэн.
Хариуцагчаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 11, 14-ний өдрийн шинжээч томилох тогтоолоор МОТ ХХК, ХЭ ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, шинжээч нарт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн байна.
Шинжээчийн ХЭ ХХК-ийн дүгнэлтээр ... тоот хаягтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай ... мкв үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 345,201,810 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийн мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ... НШШГГ албан бичгээр төлбөр төлөгч Б ХХК, өмчлөгч Э ХХК, төлбөр авагч ЧХБ ХХК-нд, Хөрөнгийн үнэлгээний МОТ ХХК-ийн дүгнэлтээр ... тоот хаягт байршилтай ... давхар ТХ зориулалттай 90,0 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 364,305,900 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийн мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр авагч ЧХБ ХХК, төлбөр төлөгч Б ХХК, БК ХХК-нд тус тус мэдэгдэл хүргүүлсэн болох үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, энэ үйл баримтад талууд маргаагүй байна.
5. Хөрөнгийн үнэлгээний ХЭ ХХК, МОТ ХХК нь ШШГГ тогтоолыг үндэслэн ... тоот хаягтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай .. мкв үл хөдлөх хөрөнгө, ... тоот хаягт байршилтай 2 давхар ТХ зориулалттай 90,0 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь тайлангаар тогтоогдож байна.
Тус Хөрөнгө үнэлгээний компаниуд нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
6. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, Ү..., үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
7. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд хариуцагч НШШГГ холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар .... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГ газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА