Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 92

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Хэргийн индекс 180/2017/0053/Э                       /226/2017/0018

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг,

Улсын яллагч Д.Отгонтуяа, 

Шүүгдэгч Б.Мөнхжаргал нарыг оролцуулан 

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201623000358 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, аав ээжийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн С29 дүгээр байрны 3 тоотод оршин суух, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 02 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 03 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж байсан Боржигон овогт Баатарын Мөнхжаргал /РД: СК87082115/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Жаргалан” зочид буудлын 201 тоот өрөөнөөс иргэн Ш.Бямбадорж, Х.Мөнхтөр нарын SAMSUNG J-5, S1 маркын гар утсыг хулгайлж нийт 340000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Хөвчийн жонон” баарнаас гарч явсан иргэн Ж.Долгормаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн SAMSUNG G-3 маркын гар утсыг нь дээрэмдэж 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Жаргалан” зочид буудлын 201 тоот өрөөнөөс иргэн Ш.Бямбадорж, Х.Мөнхтөр нарын SAMSUNG J-5, S1 маркын гар утсуудыг хулгайлж 340000 төгрөгийн хохирол учруулсан,  “Хөвчийн жонон” баарнаас гарч явсан иргэн Ж.Долгормаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн SAMSUNG G-3 маркын гар утсыг нь дээрэмдэж 330000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  Хохирогч Ш.Бямбадоржийн “...Шөнө унтаж байхад хаалга дуугараад байхаар нь сэрсэн. ...би хамгийн сүүлд хаалга түгжээд унтсан, өмдний халаасанд байсан самсунг  жи-5 маркийн гар утас байхгүй байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Буудлаас хүн гаргахгүй гээд буудлын үйлчлэгчид хэлсэн. Тэгтэл цагдаа ирэх үед манай өрөөнд байсан зүс танихгүй залуу 2 давхарын цонхоор үсрээд алга болсон байсан. Тэр залуу хаалга яаж онгойлгосон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 24-28 тал/

 

       Хохирогч Х.Төртогтохын “...2016 оны 12 дугаар сарын 24-ний орой найз эмэгтэй Т.Урнаагийн хамт Жаргалан зочид буудалд 20 цагийн үед ороход найз Ш.Бямбадорж, Чулуунцэцэг гэх найз эмэгтэйгээ таарсан учир хамтдаа нэг өрөөнд орохоор болоод 201 тоот өрөөнд ороод 0.75 граммын Улаанбаатар архи, 2 том пиво уугаад унтаж амарсан. Нэг мэдэхэд миний хар өнгийн корпустай самсунг S-1 маркийн 99416171 гэсэн дугаартай андроид гар утас маань найз Бямбадоржийн шаргал өнгийн корпустай жи-5 маркийн андройд гар утасны хамтаар бидний байсан өрөөнөөс хулгайд алдагдсан байсан. Намайг шөнө Бямбадорж сэрээсэн. Би нилээн согтсон байсан учир ямар хүн өрөөнд орж ирсэн эсэхийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх 33-34 тал/

 

       Гэрч С.Баярбатын “...гаднаас цагдаа нар орж ирсэн. Гаднаас орж ирсэн цагдаа цонхон дээр байсан хүн хаашаа явсан бэ? Гэж асуухад Мөнхжаргал өрөөнд байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 35-36 тал/

 

       Гэрч Т.Урнаагийн “...Бид 19 цагийн үед ороод Улаанбаатар 0.75 литрийн архи нэгийг, 2.5 литрийн пиво нэгийг уугаад бид нар унтсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Хажуу талын өрөөнд хүмүүс архи уугаад шуугилдаад байсан. Тэгээд унтаж байтал манай өрөөнд байсан хүмүүс босоод гар утас алга болсон байна гээд сэрсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Бид нар унтахдаа хаалгаа түгжсэн.” Гэх мэдүүлэг /хх 41-42 тал/

 

        Гэрч Б.Мичидмаагийн “...Б.Мөнхжаргал зүүн цонхоор цагдаа ирэхийг хараад байснаа зүүн цонхны дээд хэсгийн орны гудас сөхөөд хар өнгийн андройд мэдрэгчтэй утас аваад баруун хөлийнхөө оймсны завсарт хийгээд цонх 2 давхараас үсэрсэн. Би шинэ жилийн комисс байсан учир огт архи уугаагүй...” гэх мэдүүлэг /хх 46-47 тал/

 

         Гэрч Б.Чулуунцэцэгийн ... бид 4 унтахдаа өрөөний хаалгыг сайн хаасан. Өөрөөр хэлбэл хятад цоожны тээглэгчийг нь сайн тээглүүлж түгжсэн юм. Унтаж байсан чинь нэг мэдсэн чинь өрөөний хаалга тогшоод байхаар нь би сэрээд харахад зүүн орон дээр Төртогтох ганцаараа унтаж байсан. Ш.Бямбадорж байхгүй өрөөний гаднаас тогшиж байсан. Тэгээд онгойлготол Бямбадорж түрсиктэйгээ зогсож байхаар нь хүүе чи юу хийж яваа юм хэдийдээ гараад явчихсан юм гэхэд нэг залуу хаалга онгойлгоод манай өрөөний хаалганы зүүн хэсэгт куртик тавьсан сандалны хажууд зогсож байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар гэж хэлчихээд гарч бие засаад буцаад орох гэсэн чинь хаалга түгжээтэй байхаар нь тогшсон юм гэж хэлсэн. ...цагдаа дуудахад нөгөө залуу цонхоор үсрээд зугатаасан байсан...” гэх мэдүүлэг /хх 52-53 тал/

 

       Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  5-8 тал/

 

         Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22, 29 тал/

         

         Хохирогч Ж.Долгормаагийн “...Би Хэнтий аймгийн шуудан үйлчилгээний байгууллагад ажилладаг бөгөөд манай хамт олон 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэ жилийн баяраа Эзэнт гүрэн зоогийн газарт тэмдэглэсэн юм. Зүүн бүс буюу Дорнод аймаг, Сүхбаатар аймгийн алба хаагчид ирээд Хөвчийн жонон буудалд байрлаж байсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 04 цагт Хөвчийн жонон буудлаас гараад Хэрлэн сумын 5-р багт байрлах гэртээ харих гээд Хөвчийн жонон буудлаас зүүн тийш замын хойд талаар алхаад явж байтал миний толгойн ар талын хэсгээс цохиод газарт унагасан. Эсэргүүцэл үзүүлж босох гээд өмднөөс нь бариад авах үед газар цасан дээр 1 удаа бүтэн хөрвөөлгөөд өмсөж явсан куртикний халааснаас Самсунг жи-3 маркийн гар утас аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-70 тал/

 

        Шинжээчийн 2017.009 дүгнэлт 

-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 1 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. 

-Харьцуулах загварт ирүүлсэн Б.Мөнхжаргалын өмсөж явсан гэх гутлыг шинжилгээнд ирүүлсэн нь шинжилгээний шаардлага хангаж байна. 

-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөр харьцуулах шинжилгээний загварт ирүүлсэн Б.Мөнхжаргалын өмсөж явсан гэх баруун хөлийн гутлын улаар үүсгэгдэх боломжтой. /хх-ийн 72 тал/

        

        Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 64 тал/

  

         Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 56-58 тал/ 

         Шүүгдэгч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Хэрлэн хорооллын хойд хэсгийн дундуур зүүн хойш алхаж байтал Хөвчийн жонон буудлаас 160 метр зайд 1 эгч гар утсаараа яриад шөнийн 04 цагийн үед баруун гар талаас нь очоод гар утсыг аваад чигээрээ хойд зүг рүү зугатаасан. Тухайн үед дээрэмдсэн гар утсаа ахын гэрийн гадаа нуучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мөнхжаргалын “Жаргалан” зочид буудлын 201 тоот өрөөнөөс иргэн Ш.Бямбадорж, Х.Мөнхтөр нарын SAMSUNG J-5, S1 маркын гар утсуудыг хулгайлсан үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

  Иргэн Ж.Долгормаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн SAMSUNG G-3 маркын гар утсыг нь дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүдэд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна

Гэмт хэргийг шүүгдэгч шууд санаатай үйлджээ.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бямбадорж, Х.Мөнхтөр нарт нийт 340000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Долгормаад 330000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн талаар хохирогч Ш.Бямбадорж, Х.Мөнхтөр нар мэдүүлсэн, хохирогч Ж.Долгормаагийн дансанд 350000 төгрөгийн хохирлыг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Мөнхжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай. 

 

4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Мөнхжаргалын цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Мөнхжаргалын 41 размерийн гутлыг шүүгдэгч Б.Мөнхжаргалд буцаан олгож, SAMSUNG G3 маркийн гар утсыг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж  заалдах  гомдол  гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ