Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 113/ШШ2023/0001

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г. Г. (РД:0000000),

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагчийн төлөөлөгч Г.Гүррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно. (хэргийн II хавтасны 103 дахь талд)

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудалтай холбогдуулан хариуцагчийн шийдвэр үйл ажиллагааны талаар 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасанд “хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэх асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд тавина уу” гэсэн хариуг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөс өгчээ.  

2.2. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хариуг эс зөвшөөрч, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нь өргөдөлдөө, миний өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  эс үйлдэхүй нь хууль бус.

3.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 7, 27 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох эрх зөрчигдөж байна гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлана.

3.3. Хариуцагчийн хувьд, Г.Г нь эхлээд сантехникийн слесарь, дараа нь тоног төхөөрөмжийн слесариар хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргаж байсан. Түүний эрхэлж байсан ажил албан тушаалын энэ нэршлүүд нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй.

3.4. Нэхэмжлэгч нь өөрийгөө буруу илэрхийлсэн байх талтай гэж ойлгогдохоор байна. Түүний эрхэлж байсан уурын зуухны машинч /галч/, засварчны ажил мэргэжил нь дээрх жагсаалтын IV бүлгийн 1 дэх хэсэгт заасан уурын зуухны галч, засварчин гэдэгт хамаарна гэдгийг шүүхээс тогтоож шийдвэрлэвэл маргахгүй.

3.5. Нийгмийн даатгалын хэлтэс, түүний дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан жагсаалтад нийцээгүй тохиолдолд хэвийн бус нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй зэргээр тайлбарын үндэслэлээ тодорхойлно.

3.8. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1987 оноос 2021 он хүртэл тасралтгүй Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Барилга ашиглалт, орон сууцны уурын зууханд ажиллаж байсан. Зуухны тоног төхөөрөмжийн засварчин хийж байсан. Сүүлд 2021 онд группт орсон. Зуухны тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг байсан. Тоос шороо, дуу чимээ ихтэй орчинд ажилладаг байсан. Хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа” гэв.

3.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Г.Г нь 1987 оноос хойш одоог хүртэл төмөр замын байгууллагад ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээг ихэвчлэн сантехникийн слесарь гэсэн нэр томъёогоор байгуулсан. Г.Г-ын хувьд Улаанбаатар төмөр замын Барилга, орон сууцны хоёрдугаар ангид амьдралынхаа ихэнхи цаг хугацааг зарцуулсан. Энэ ангид байхдаа хийж байсан ажил мэргэжил нь сантехникийн слесарь, тоноглолын слесарь, уурын зуухны тавдугаар зэрэгтэй мастер гэх мэтчилэн хэд хэдэн өөр нэр томъёогоор нэрлэгдээд явсан байдаг. Гэвч үнэндээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2, 3 дугаар уурын зууханд тодорхой цаг хугацаанд буюу нотлох баримтад авагдсанаар 2002 оноос хойш ажиллаж байсан. Үүнээс өмнө буюу 1996 оноос 2002 он хүртэл уурын зуухны галчаар ажиллаж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зарим зүйлс нотлогдож байна гэж үзэж байна. Хортой нөхцөлд ажиллаж байсан тухай нэр томъёо, цалин хөлс авч байсан тухай баримт хүртэл байгаа. Хамгийн сүүлд ирсэн нотлох баримт дээр өөрийнх нь яриад байдаг тоног төхөөрөмжийн засварчин гэсэн нэр томъёололтой зүйлүүд хүртэл байгаа. Тоног төхөөрөмжийн слесарь гэсэн ажлын байр хөдөлмөрийн хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох тухай журамд байхгүй. Уурын зуухны засварчин гэсэн нэр томъёо байгаа. Тэгэхээр энэ нэр томъёогоор нэрлэхгүй явж байгаад 2019 онд Дорноговь аймгийн Барилга, орон сууцны гуравдугаар ангид шилжиж очоод энэ нэр томъёо зөвөөр нэрлэгдэж эхэлсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар уурын зуухын засварчин гэсэн ажлын байр өөрчлөгдсөн. Мөн хөдөлмөрийн нөхцөл тогтоосон эрх бүхий байгууллагын үнэлгээнүүд байдаг. Уурын зууханд ажиллаж байгаа хүмүүс хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа гээд ажлын байрны нэршлийг заасан байгаа. Гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримт зэргийг харгалзан Г.Г-ыг хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

3.9. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г-ын нэхэмжлэлийн хувьд манай байгууллагад өргөдөл гаргахдаа өөрийгөө буруу илэрхийлж байсан байж магадгүй гэж санагдсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал нь ямар байдгийг мэдэхгүй учраас зөрүүтэй тайлбарласан байх магадлалтай гэж ойлгож байна. Уурын зуухны галч, засварчин гэж тогтоосон нөхцөлд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалтай нийцэх юм байна гэж үзэж байгаа. Шүүхээс уурын зуухны галч, засварчингаар ажиллаж байсныг нь тогтоосон нөхцөлд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоогдох боломжтой юм байна гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Энэ хэрэгт Г.Г-ын өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа гэх Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

6. Г.Г нь 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа анги, хэсэгт уурын зуухны машинч /галч/, засварчнаар хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 20 жил ажилласан гэж тайлбарлана.

7. Г.Г-ын хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цалингийн дэлгэрэнгүй карт, ажилд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар (хэргийн I хавтасны 6-40, 187-215, 217-219, 230-247, II хавтасны 137-147 дахь талд) нэхэмжлэгч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Барилга орон сууцны 3-р анги, Орон сууц ашиглалт үйлчилгээний 2-р анги, Барилга ашиглалт үйлчилгээний 2, 3-р ангид тус тус харьяалагдаж байсан Чойр хэсэгт уурын зуухны машинч /галч/, засварчны ажлын байранд нийтдээ 12 жил 6 сараас дээш хугацаагаар ажилласан, ажил олгогчоос хөдөлмөрийн нөхцөлд тохирсон цалингийн нэмэгдлийг олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үйл баримтууд тогтоогдоно.

8. Тухайлбал, гэрч Г.Дэмбэрэлийн “Г.Г нь 1996-2002 оныг хүртэл галч хийж байсан, 2002-2009 оны хооронд галч нараа хариуцаад зуухны засварчин хийж байсан”, гэрч Т.Уранбилэгийн “Намайг 2001-2005 онд Чойр хэсгийн уурын зуухны механикаар ажиллаж байхад Г.Г нь улирлын галч хийж байсан. Өвөлдөө галч, зундаа уурын зуухны засварчин хийдэг. Сантехникийн болон уурын зуухны слесариуд нь гүйцэтгэх чиг үүргийн хувьд өөр. Би уурын зуухны механик байхдаа орон тоо, түүний нэршлийн асуудлыг судалж үзсэн, ажлын байрны нэрийг уурын зуухны засварчин гэж бичдэггүй байсан боловч энэ чиг үүргийг гүйцэтгэдэг 2 орон тоо байсны нэгд нь 5-р зэрэгтэй, 2 ба 3 дугаар уурын зуухыг хариуцсан Г.Г ажиллаж байсан”, гэрч Г.Хүрэлбаатарын “Бид хоёр тасралтгүй уурын зуухны галч, слесариар ажилласан, гэвч ажилд томилсон тушаал дээр ингэж бичдэггүй байсан юм билээ”, гэрч Ч.Одонтуяагийн “Г.Г-ын ажиллаж байсан уурын зуух нь улирлын галлагаатай, Говьсүмбэр аймгийн төвийн айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангадаг. Дулааны улиралд уурын зуухны засвар үйлчилгээг хангана. Уурын зуухны засварчин, галч гэдэг нь тусдаа ажлын байр боловч аль аль нь уурын ууханд хамаардаг тул хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордог” гэх мэдүүлгүүд, шүүхийн үзлэгийн тэмдэглэлүүд, шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудыг (хэргийн I хавтасны 111-114, 124-132, 223-224, II хавтасны 76-78, 92-93, 119-136 дахь талд) харьцуулж үзэхэд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий бөгөөд Г.Гыг “уурын зуухны машинч /галч/, засварчин”-ы ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэж байсан гэж дүгнэхээр байна.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заасан.

10. Дээрх хуулийн урьдчилсан нөхцлийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага /төрөл/-тай харьцуулан үзвэл, Г.Г-ын өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус шинжийг агуулахаас гадна нэхэмжлэгчийн тодорхойлсон өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох эрхийг хязгаарласан болох нь тогтоогдсон байх хуульд заасан урьдчилсан нөхцлийг хангасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бүрдэх тул шүүхээс маргааны үйл баримттай холбогдуулан, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоолгох хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээр байна.

11. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй:” гээд тус хэсгийн 3-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, /бол/ ... өөрийн хүсэлтээр.” гэж тус тус заасан.

12. Хэргийн оролцогч, өмгөөлөгчийн тайлбарыг, шүүхээс цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Г.Г нь 56 настай, нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос дээш жил төлснөөс, хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан болох нь дээрх байдлаар (энэ шийдвэрийн №7, 8) тогтоогдож, хүсэлт гаргасан энэ тохиолдлыг тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоож болохоор дээрх хуульд тусгайлан заасан урьдчилсан нөхцлийг хангасан байна гэж үзнэ.

13. Г.Г-ын Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа ангийн Чойрт хэсэгт эрхэлж байсан уурын зуухны машинч /галч/, засварчны ажил мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын IV бүлэг /№1/ буюу эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын “уурын зуухны машинч, засварчин” гэх ажил мэргэжилд хамаарна гэж шүүхээс дүгнэв.

14. Хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг дээрх байдлаар хангасан байхад “тушаал шийдвэрт бичсэн ажлын байрны нэр нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад нийцээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасанд үл нийцэхээс гадна нэхэмжлэгчийн тодорхойлсон эрхийг хязгаарласан байна.

15. Иймд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Г-ын өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан Г.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохгүй байгаа Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоохыг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Говсьүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Г.Г-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ГАНЗОРИГ