Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 93

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0076/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,

Улсын яллагч: Я.Сансар, 

Хохирогч: Д.Цогтбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл,

Шүүгдэгч: Э.Баярмагнай нарыг оролцуулан            

 

Тус аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Баярмагнайд холбогдох 201723000055 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1989 оны 06 дугаар сарын 01- ны өдөр  Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунднарангийн 1-45 тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 830 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Авга боржигон овогт Энхболдын Баярмагнай /РД:НЬ89060174/  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Шүүгдэгч Э.Баярмагнай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын барилга дээр ажиллаж байхдаа нийгмийн хэв журмыг зөрчиж, иргэн Д.Цогтбаярыг үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн шатан дээр  ажил үүргээ гүйцэтгэж байхад нь шатыг татаж унаган, баруун хөлийг нь хугалж хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүгдэгч Э.Баярмагнай нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга дээр засварын ажил хийж байхдаа иргэн Д.Цогтбаярын зогсож байсан шатыг татаж унаган түүний баруун хөлийг нь хугалж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:  

 

Хохирогч Д.Цогтбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн нэгдсэн  эмнэлэгийн барилгын 4 давхарт ... барилгын 4 хөлтэй угсардаг шатан дээр зогсоод ажилаа хийж байсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад Магнай гэх залуу Эрдэнэболд бид хоёрын засвар хийж байсан өрөөнд орж ирээд өрөөний ханаруу шээсэн тэгэхээр нь би Магнайд чи одоо хүн доромжилж байгаа юмуу хүний засвар хийж байгаа өрөөнд орж шээдэг нь яаж байгаа юм гэж хэлээд Магнайг нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан ... Эрдэнэболд бид хоёр нэг нэг угсардаг шатан дээр гараад Эрдэнболд миний зүүн гар талд зам төмөр бариад зогсож байсан. Би тэр төмрийг нь хана руу шрүпээр тогтоох гээд гар дрилээ бариад байж байтал гаднаас Магнай өрөөнд орж ирээд миний зогсож байсан барилгын угсардаг шатны хөлнөөс холбоотой байсан бэхэлгээний төмрийг гараараа татсан тэгсэн шат доошоо нурж унасан. Тухайн үед би шатаа голлоод зогсож байсан болохоор доошоо шалан дээр нуруу бүсэлхий хэсгээрээ унасан. Тэгээд эргээд босох гэтэл биеэ дийлэхгүй босч болохгүй байсан. Тэгсэн Магнайгийн ээж орж ирээд босч болохгүй байна гээд намайг өрөөнд эмнэлэгт оруулаад зураг авахуулсан.Тэгээд зургаа авахуулаад харуултал цуурсан байна гэж хэлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэмтлийн эмчид үзүүлсэн чинь сүүжны ясны залгаа чөмөгний хэсгээрээ хугарсан байна. Улаанбаатар хотруу очиж яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн.Тэгээд тэр өдөртөө Улаанбаатар хотруу очоод 20 цагийн үед гэмтэл согог судлалын эмэнэлэгт хэвтээд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өглөө хагалгаанд орсон. Би цаашид ажил хөдөлмөр эрхлэх чадвараа алдлаа гомдолтой байна гэсэн мэдүүлэг. \хх-ийн 17-18 тал\                                                                                                                                            

Гэрч Д.Эрдэнэболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Цогтбаяр бид тусдаа шат тавиад хананд рам төмөр зангидаж байсан чинь гаднаас засал чимэглэл хийдэг Магнай гэх залуу согтуу орж ирээд өрөөний булан руу шээсэн. Тэгсэн Цогтбаяр чи яагаад засвар хийж байгаа өрөөнд шээж байгаа юм бэ хэнийг доромжлоод байгаа юм гэж хэлэхэд нөгөө Магнай уурлаад чамд хамаагүй хуц гээд өрөөнөөс гараад явсан. Магнайг гарч явсан хойно Цогтбаяр бид засвараа үргэлжлүүлээд хийж байтал гаднаас Магнай орж ирээд шууд Цогтбаярын зогсож байсан шатыг 2 хөлнөөс нь өргөж татаж унагачихаад гараад явсан. Цогтбаяр шатнаас унахдаа гэмтсэн байсан учраас аймгийн эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хотруу гэмтлийн эмнэлэг рүү явсан гэсэн мэдүүлэг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/,

Гэрч З.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баярмагнай тэр өрөөнд шээчихсэн тэгсэн шатан дээр зогсоод гипсэн тааз хийж байсан Цогтбаяр ах чи яагаад янзалж байгаа хэлээд шатнаасаа буугаад Баярмагнайг 2 удаа алгадсан. Тэгээд би шатан дээр сууж байсан чинь Баярмагнай надруу ирээд намайг өвдөгөөрөө өшиглөхөөр нь би чи муу яаж байнаа гээд Баярмагнайтай маргалдаад байж байхад Баярмагнайгийн ээж гаднаас өрөөрүү ороод ирсэн. Тэгээд Баярмагнай  удалгүй 5-10 минутын дараа Цогтбаярын тааз тогтоож байсан өрөөрүү орж ирээд юу ч хэлэлгүй Цогтбаярын зогсож байсан шатыг 2 хөлнөөс нь бариад хөмрөөд хаясан. Тэгээд Цогтбаяр газар унаж биедээ гэмтэл авсан.Тэгээд Баярмагнайгийн ээж нь болон тэр хавьд байсан хүмүүс Цогтбаярыг аваад эмнэлэгийн яаралтай тусламжийн төврүү явсан. Ийм л асуудал болсон гэсэн мэдүүлэг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

Гэрч Б.Баярмагнайн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Архи ууж дуусаж байсан чинь Э.Баярмагнай архи ууж байсан өрөөний зүүн урд буланд шээсэн. Тэгсэн Цогтбаяр барилгын шатан дээр ажилаа хийж байгаад Э.Баярмагнайд чи болиоч яаагаад наанаа шээж байгаа юм бэ гэж хэлсэн.Тэгсэн Э.Баярмагнай бүгд л барилга дотор шээдэг биздээ та ч бас шээдэг биздээ ямар сүртэй юм гэж уурласан... Тэр үед Цогтбаяр шатан дээрээс бууж ирээд Э.Баярмагнайг 2 удаа алгадсан чинь тэр өрөөнөөс гараад явчихсан.Тэр үед архи дууссан байсан учраас би төмөр зүсээд Цогтбаяр,Эрдэнэболд нар тус тусдаа шатан дээр гараад ажилаа хийж байсан чинь Э.Баярмагнай орж ирээд Цогтбаярын ажил хийж байсан шатыг түлхээд унагаасан Цогтбаяр ч шатан дээрээс унасан.Тэгээд Э.Баярмагнай эргэж гарч яваад удалгүй ээжтэйгээ орж ирээд Цогтбаярыг эмнэлэг аваад явчихсан.Тэгээд би тэр өрөөндөө ажилаа хийсэн гэсэн мэдүүлэг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  29-30тал/, 

Гэрч С.Лхагвачулууны  мөрдөн байцаалтанд өгсөн: ....“Манай Хар Чонот” ХХК нь Улаанбаатар хотод бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг барилгын компани байгаа юм.Манайх 2013 онд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн өргөтгөлийн барилгыг бариж эхлээд 2017 оны 03 дугаар сарын 20 ны хавьцаа аймгийн эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр барилгын ажил явагдаж байхад манай барилга дээр ажиллаж байсан хэсэг ажилчид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хоорондоо маргалдаж Баярмагнай гэх залуу Цогтбаярыг шатнаас түлхэн унагааж биед нь гэмтэл учруулсан гэх хэрэг гарсан.Цогтбаяр шатнаас унаад 30 минутын дараа би мэдсэн. Тэгээд Цогтбаярын байрлаж байгаа өрөөрүү очиход Цогтбаяр орон дээр хэвтчихсэн нуруу хөл гар өвдөж байна бараг хугарсан байх гэж хэлсэн.Тухайн үед Цогтбяраас архи үнэртэж байсан.Тэгээд юу болов яав гэж асуухад Эрдэнэболд надад Баярмагнай согтуу бид нарын засвар хийж байгаа өрөөрүү орж ирсэн жоохон архи байхаар нь тэрийгээ хувааж уугаад дуусаж байхад Баярмагнай тэр өрөөнд шээчихсэн юм байна лээ. Тэгхээр нь Цогтбаяр чи миний ажил хийж байгаа өрөөнд шээлээ гэж уурлаад мөрлүү нь цохисон юм байна лээ. Тэгсэн Баярмагнай уурлаад гараад явчихсан гэсэн.Тэгээд удалгүй эргэж  орж ирээд Цогтбаярыг шатан дээр зогсоод ажиллаа хийж байхад нь Баярмагнай шатыг нь татаад Цогтбаяр газар унаад биедээ гэмтэл авсан юм байна лээ ... Улаанбаатар хотруу явахын өмнө Баярмагнайгын ээж Дуламсүрэн надад бид Цогтбаяртай ярьж тохирсон гомдол санал байхгүй гэсэн хотод эмчилгээний зардалыг нь хариуцна Цогтбаяр гомдолгүй гэж бичиг бичиж өгсөн энийг нь цагдаад өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн ... шатны хувьд бэхэлгээтэй байсан.Шатны өндөр 150 см 4хөл 2 тушаа,тавцангаас бүрдэх ба Цогтбаяр тухайн үедээ 4 хөлөн дээр 1 тушаагаа хийсэн тавцантай ажилаа хийж байсан гэсэн.Гадны нөлөө орохгүй бол тэр шат нь юу юугүй уначих шат биш 1 тушаатай байсан ч бэхэлгээ сайтай ... Цогтбаяр нь бол манай үндсэн ажилтан.Баярмагнай нь гэрээт ажилтан байсан.Манай ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын26-ны өдрийн тушаалаар Д.Эрдэнэболд, Д.Цогтбаяр, Б.Баярмагнай, З.Лхагвасүрэн нарыг байнга архи уудаг үндэслэлээр ажлаас нь халсан гэсэн мэдүүлэг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн  33-34 тал/, 

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 2017.117 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлт 1. Д.Цогтбаярын биед баруун дунд чөмөгт яс эргүүлэг дайрсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр 30% алдагдана. /хх-ийн 40 тал/,  

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Э.Баярмагнайгийн бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

Дээрх үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа бөгөөд шинэ Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цогтбаярын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр 18 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримтуудаа хэрэгт хавсаргаагүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Иймд хохирогч нь нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нь гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Баярмагнайд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Энхбаярын Баярмагнайг бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3.  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баярмагнайг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хохирогч Д.Цогтбаяр нь ажилгүй байсан хугацааны цалин, орлого болон бусад зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

7. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Баярмагнайд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ГАНЗОРИГ