Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/279

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Н.Д

Хохирогч М.Б

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2525000000171 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, 1994 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн,*******,*******,*******,*******,*******,,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Э-ын Б /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** бааранд 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн орчим хохирогч М.Б-ийн толгой тус газар пивотой шилээр цохиж эрүүл мэндэд нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, дагз, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар

     

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Э.Б-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Манай найзын эхнэрийг хоргоогоод байсан. Тэгээд маргалдсан. Хохирол төлөөгүй байгаа гэх мэдүүлэг,  

            -хохирогч М.Б-ийн мэдүүлсэн: Энэ залуу өөрөө л "чи намайг мэдэх үү" гээд л эхэлсэн. Толгойгоо бариулсан. Толгойн зураг авахуулсан, цээжний зураг авахуулсан, сувилалд эмчилгээ хийлгэсэн. Би ГОК-д ажилладаг тул ажлынхаа шугамаар сувилалд эмчлүүлсэн. 300,000 төгрөг нэхэмжилсэн. Эм авсан баримтгүй гэх мэдүүлэг, 

           -эрүүгийн 2525000000171 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

           -хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

-хохирогч М.Б-ийн мэдүүлсэн...Тухайн өдөр би 19 цагийн орчим “***” бааранд ганцаараа орсон. Тэгээд 3, 4 пиво ганцаараа уугаад бүжиглээд сууж байсан. Тэгтэл үл таних залуу болох Э.Б ширээн дээр сууж байтал хүрч ирээд намайг өдөж хоргоогоод эхэлсэн, заамдаад ална шүү гөлөг минь чамайг гэхээр нь би чамайг яасан бэ чамд ямар гэм хийсэн юм гээд өөр ширээн дээр очоод суусан. Тэр ширээн дээр очоод пиво уугаад бүжиглэчхээд буруу хараад сууж байтал араас толгой руу пивоны шилээр цохисон. Би хөөе яагаад байгаа юм бэ яаж байгаа юм бэ гээд хоорондоо барилцаж ноцолдоод би цагдаа дууд гээд цагдаа ирсэн...Би томограф зураг авахуулсан, эмчилгээ хийлгэсэн, толгой бариулсан гээд бүх зардлыг нөхөн төлсөн, ямар нэгэн гомдол санал байхгүй.  Миний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой миний бие нийтдээ 300,000 төгрөг нэхэмжилж байна, толгойн зураг авхуулахад 175,000 төгрөг толгойн хар зураг авхуулахад 10,000 төгрөг, эм тариа авах толгой бариулахад 115,000 төгрөг болсон. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, үүнтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12-р тал/

-гэрч Э.О-ийн мэдүүлсэн:..Тухайн өдөр манай найз болох Э.Б, Э, Б нар нь манайд ирж юм ярьцгааж, ууж идэцгээсэн. Манайхаас 19 цагийн үед гараад би найз Э.Б-ын хамт *********** баг “***” бааранд орсон. Ороод найзтайгаа хамт пиво ууж бүжиглэж байсан. Бид хоёрын сууж байсан ширээний ард саравчтай малгайтай хар савхин куртиктэй залуу сууж байсан. Э.Б тэр хоёр маргалдаж Э.Б-г хавсарч унагаагаад шалан дээр унагааж хоёр гурав нүүр рүү нь гараараа цохисон. Хүмүүс салгасан удалгүй Э.Б гэнэт уурлаж ширээн дээр байсан шилтэй Сэнгүрийг авч толгой руу нь цохисон. Баарны үйлчлэгч очиж тэр залуугийн толгой руу нь цохисон. Баарны үйлчлэгч очиж тэр залуугийн толгойг боож цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дээр очиж би найз Э.Б-г авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

        -Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №ОРХ0725/413 дугаартай “...М.Б-ийн биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, дагз, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1 1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-н 28-29-р тал/

            -Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 28-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-67-р тал/,

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04-р сарын 24-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-74-р тал/,

 Шүүгдэгч Э.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн:..Тухайн үед бид хоёр нэлээн их согтсон байсан. Энэ үед М.Б гэх залуу мөн согтуу ирээд намайг хэл амаар доромжлоод байсан санагдаж байна. Тэр үед бид хоёр барилцаж аваад хоорондоо маргалдаж байсан чинь М.Б намайг газар унагаагаад өшиглөж зодож цохиод байсан. Ингээд бид газраас босоод ширээн дээр байсан шар айргийн шилээр М.Б-ийн толгой руу нэг удаа цохисон.....”гэх мэдүүлэг /хх-н 39-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Б тэй шалтгаангүй маргалдан өдөөн хоргоож пивоны шилээр түүний толгой тус цохиж эрүүл мэндэд нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, дагз, зүүн чамархай, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Э.Б-ын үйлдлийн улмаас М.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт, шинжийг заасан.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан.               

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.         

       Шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.  

          Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

          

Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.          

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогчийн толгой, цээжний зураг авхуулсан 185,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж,

-шүүгдэгч Э.Б: Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлнө гэж,

-хохирогч: Төлбөр мөнгө хамаагүй, энэ хүнд ял оногдуулах саналтай. Их биеэ тоосон хүн байна гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгчид 1000  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч өөр санал гаргаагүй.

 Согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, хувь хүний төлөвшөөгүй байдал гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

3. Хохирол төлбөрийн тухайд: 

Хохирогч М.Б 300,000 төгрөг нэхэмжилсэн боловч үндэслэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Эрдэнэт сувилалд оношилгоо эмчилгээ хийлгэсэн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн ба хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Э-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сайн дураар төлөх үүрэгтэйг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.А