Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2021/00403

 

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2021/00403

Сэлэнгэ аймаг

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Т.*******гийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1995 онд төрсөн, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 238 тоотод оршин суух хаягтай, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэргэжилтэн ажилтай

******* овгийн *******ын *******

регистрийн дугаар МЮ- 95101202

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1993 онд төрсөн, дээд боловсролтой, ойн аж ахуйн инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан-Эрэг 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 24 дүгээр байрны 02 тоотод оршин суух, Байгал орчин, аялал жуучлалын газарт мэргэжилтэн ажилтай

Боржигон овгийн *******ын *******

регистрийн дугаар МЮ- 93012519

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Э.*******тай 2017 онд танилцаж гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас 2018 оны 05 дугаар сарын 29-нд хүү Э.*******төрсөн. 2017 оноос хойш нэг гэрт амьдарч байсан боловч гэрлэлтээ батлуулаагүй өөрсдийн гэсэн орон байргүй аав ээжийнд маань амьдардаг байсан. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамт амьдрах боломжгүй болоод 2021 оны 03 дугаар сараас тусдаа амьдарч байна. Иймд хүү Э.Эрхэсийн эцэг Э.*******ас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ..

Нэхэмжлэгч: Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 2017 онд анх Э.*******тай танилцсан. Тэгээд 2018 онд хүүтэй болсон. Бид хамтдаа 4 жил хамт амьдарсан. Гэр бүл салах болсон шалтгаан нь хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэн салах болсон. Иймд би хүүхдэдээ тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан...Хүү маань одоо надтай хамт амьдардаг...гэв.

 

Хариуцагч: Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нэхэмжлэлийг уншаад гайхаж байна. Бид анх 2017 оны 08 дугаар сард танилцаад 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү *******төрсөн. Гэр бүл салах болсон шалтгаан нь Т.*******гийн өөрийн нь ойлгомжгүй, сонин байдлаас болоод салах болсон. 2020 оноос эхлээд тусдаа амьдрах болсон.

Гэхдээ хоорондоо ярилцаад болох асуудлыг яагаад заавал шүүхээр явах гээд байгааг гайхаж байна. Би хүүхдэдээ тэтгэлэг төлнө. Хэрэгтэй байгаа зүйлийг нь авч өгнө. Энэ асуудал дээр миний хувьд заавал шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байсан.

Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэв.

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь Э.*******д холбогдуулан Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид нь 2017 онд танилцан хамтран амьдарч байх хугацаанд 2018 оны 05-р сарын 29-нд хүү Э.*******төрсөн, мөн зохигчид нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 03 сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүү Э.Эрхэсийг эцэг Э.*******ар овоглосон № 4301000230 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд ...Би хүүхдэдээ тэтгэлэг төлнө... Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж, бага насны хүү Э.Эрхэсийг эх Т.*******гийн асрамжид хэвээр үлдээж, эцэг Э.*******ас тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны хүү Э.Эрхэсийг хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж төсвийн орлого болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага насны хүү Э.Эрхэсийг эх Т.*******гийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2018 оны 05-р сарын 29-нд төрсөн хүү Э.Эрхэсийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Эрдэнэбатын *******ас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Э.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Э.*******ас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 34.416 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ