| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0073/э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Б,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Б-н Д-т холбогдох эрүүгийн 2517000000066 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*** оны *** дугаар сарын ***-нд Г*** аймгийн С*** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, *** хамт Г*** аймгийн ***оршин суух хаягтай, урьд*** шийтгүүлж байсан гэх Д овогт Б-н Д /РД:ЕЙ***
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагтын 13-7 тоотод хохирогч Д.Ц-тай эмэгтэй хүн дээрэлхлээ гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт цохих, гэдэс хэсэг рүү өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирганд хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагтын 13-7 тоотод хохирогч Д.Ц-тай эмэгтэй хүн дээрэлхлээ гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт цохих, гэдэс хэсэг рүү өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирганд хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дугаар хуудас/,
2. Хохирогч Д.Ц-ын “...2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04 цаг болж байх үед ТБ центр баарнаас гарч харихаар болсон. Тэгээд М бас түүний найзтай таарсан. Тэгтэл М манайд очиж архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь очоод 0.75 литрийн архи бид 3 хувааж уусан. Тэгээд тасарчихсан унтаж байгаад сэрэхэд зүс үл таних эрэгтэй хүн миний баруун талын цээж орчим хөлөөрөө өшиглөж байсан... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тухайн эмэгтэйн гэрт очиж архи ууж, гэрт ирсэн залууд үл ойлголцол төрүүлж зодуулсан гэж үзэж байгаа тул надад ямар нэгэн гомдол, болон нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Х-гийн “...2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 04 цаг болж байхад ТБ центр баарнаас гарч харихаар болсон. М бид 2 Сүмбэр сум, 3 дугаар баг, Тагтын 13-7 тоот гэрт ирээд 0.75 литрийн архи ууж байхад Ц орж ирсэн. М гэрээс гарч явсан хойгуур Ц намайг хөдөлгөхгүй араас тэвэрч, би харин зөрүүлэн гарыг нь түлхэж, Ц-ын цээж рүү түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэгтэл гаднаас Д орж ирэх шиг болсон. Тэгэхээр нь би босож гэрээс гарч Д-тэй хашааны үүд хэсэгт орилж байж түүнтэй уулзсан. Д гэр лүү түрүүлж орсон. М, бид 2 араас нь гэрт орсон. Тэгсэн Д, Ц-ыг цохиж түүнийг орон дээрээс унагааж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
4. Гэрч Б.М-гийн “...Баарнаас гарах үед Ц ахтай таарч намайг гэр лүү хүргээд өг гэхээр нь өөрийн машины арын суудалд суулгасан. Тэгтэл Ц тасарчихсан. Тэгээд бид 2 Х-гийн гэр лүү Ц ахыг аваад явсан. Тэгээд бид Х-гийн гэрт байсан 0.75 литрийн архи уусан. 05 цагийн үед гаднаас Ц ах хаана ирчих вэ гээд Х-гийн орны хажуу талд суугаад архи уусан. Миний бие эвгүйрхээд бөөлжихөөр гадаа гарсан. Тэгтэл тухайн гэрийн хаалгаар хүн орж байх шиг харагдсан. Тэгтэл Х Дээ гэж орилж байгаа харагдсан. Тэгээд би бөөлжиж дуусаад гэрт ороход Д, Ц ахыг газар унагааж цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Д.Ц-ын биед зүүн талын 9 дүгээр хавирганд хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Д.Ц-ын биед учирсан 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл болон зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хэвлийн баруун, зүүн талын цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Б гэжээ. /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43, 46-56 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Ц, гэрч Б.Х, Б.М нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Д нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Б.Д-т эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгч Б.Д-ээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Д-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Д-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.Д нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б-н Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ