| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0079/э |
| Дугаар | 2025/ШЦТ/79 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Э,
улсын яллагч Б.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б,
шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г-н Д-д холбогдох эрүүгийн 2417001210059 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*** оны *** дүгээр сарын ***-нд Д*** аймгийн *** суманд төрсөн, **** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ***мэргэжилтэй, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Д овогт Г-н Д /РД: ЗБ****/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Д нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 51-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн салбарын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “М” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 59*** тоот дансан дахь хөрөнгөнөөс өөрийн эзэмшлийн Хаан банкны 57***, 59***тоот данс руу шилжүүлэх байдлаар болон байгууллагын бэлэн мөнгөний касснаас авах зэргээр олон удаагийн шилжүүлгээр 75,096,067.92 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 59**, 57** тоот дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хурадааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417001210059 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
“М” ХХК-д 1 жил гаран ажилласан. Хохирогчид 75 сая төгрөг дээр аудитын 6 600 000 төгрөг нэмэгдээд нийт 81 сая төгрөг өгөхөөр гэрээ байгуулсан. Би ажлын байрны тодорхойлолтоор тайлан тооцоо гаргах үүрэгтэй. Холбогдсон зүйл ангиа хүлээн зөвшөөрч байгаа. Байгууллагын санхүү бүртгэл дээр гарын үсэг зурах буюу өөр байгууллага руу мөнгө шилжүүлэх байгууллагын данснаас гүйлгээ хийх эрх надад болон захиралд байсан. шинжээчийн дүгнэлтээр гарсан хохиролыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Г-н Д нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “М” ХХК-ийн Говьсүмбэр салбарт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа дараах байдлаар зөрчил гаргасан. Ямар зөрчил вэ гэхээр эмийн сан буюу эмийн сан 1 салбараас бэлэн мөнгөний орлого 11 187 035 төгрөг, эмийн сан 2 салбараас 11 627 953 төгрөг, мөн “Г” ХХК-ийн Хаан банк дахь 59** тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны 5700**, 5990***тоот данснууд руу 23 удаагийн гүйлгээгээр бэлэн бус орлого буюу 75 096 068 төгрөгийг өөрийн хувийн дансандаа авсан байдаг. Мөн 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр эм хангамжийн харилцагч болох “Н”-аас 395 793 төгрөгийн эм бараа, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр харилцагч “С” ХХК-аас 268 640 төгрөгийн бараа хуурамчаар бичсэн. Мөн 2024 оны 05 дугаар сарын сүүлээс Говьсүмбэр эм хангамжид өгөх ёстой байсан 300 000 төгрөгийг өөртөө бэлэн авсан байдаг. Мөн санхүү бүртгэлийн системд хуурамч үйлчилгээ бүртгэн өөрийн Хаан банкин дахь дансанд ээлжийн амралттай холбоотой 413 007 төгрөгийг шилжүүлсэн. Мөн эмийн сан нэг салбараас гуравласан шаардлага үүсгэж бусдад хүргэж өгнө гэж хэлээд өгөөгүй байдаг. Мөн эмийн сан 2 салбар дээр компанид орох ёстой байсан орлогыг хийсвэр орлогодож 85 800 төгрөгийг өөртөө авсан. Мөн Г.Д нь манай компанид 102 623 110 төгрөгийн хохирол учруулсан байдгаас Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр дээрх манай компанийн гаргасан 102 623 110 төгрөгөөс 75 096 067 төгрөгийг бодитой хохирол гэж дүгнэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч нь бид нартай байнга холбоо барьж байгаа. Мөн түүний хувийн байдал, хохирлоо хэрхэн барагдуулах талаар ярилцаж байгаа зэргээс үзээд манайх байгууллага удирдлагын түвшинд ярилцаад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн гаргасан дүн дээр түүний учруулсан үйлдэлтэй холбоотой гэм буруугийн буюу аудитын төлбөрийг нэмэгдүүлээд, шүүгдэгч нь ажил хийгээд ямар нэгэн байдлаар төлөх боломжтой гэж гэрээ байгуулсан учраас төлөх боломжтой гэж дүгнэсэн байгаа гэв.
3. Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би М-н-ын Говьсүмбэр аймгийн салбарт 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нягтлан бодогчоор ажилд орсон. Тэгээд 2 сар орчим дагалдан хийгээд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс жинхлээд ажиллаж эхэлсэн. Би санхүүгийн тайлан тооцоо гаргах, өдөр тутмын орлогыг эм зүйч нараас хүлээн авах, тус салбарын ажилчдын цалин бодох, бараа материал хүлээж авах, үндсэн хөрөнгө тоолох бүртгэх, актлах, эргэлтийн хөрөнгийг тоолж бүртгэх бүрэн бүтэн байдлыг хянах үүрэгтэй ажиллаж эхэлсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр анх өөрийн 59*** тоот дансанд байгууллагын 5990*** гэсэн орлого зарлагын данснаас 200,000 төгрөг шилжүүлж авсан. Тус мөнгийг би апплекшнээс авсан байсан зээлээ дархад зарцуулсан. Тэгээд тэрнээс хойш бага багаар өөрийнхөө данснууд руу байгууллагын 5990*** данснаас мөнгө авч эхэлсэн бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хамгийн сүүлийн удаа 1,230,000 төгрөгийг 5700** тоот өөрийнхөө дансанд авсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төв байгууллагаас манай ажил дээр шалгалт ирээд миний мөнгө авсан асуудлыг мэдээд би тус өдөр ажлаасаа халагдсан. Би нийтдээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 75 069 067 төгрөгийг хувьдаа завшиж хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 150, 152 дугаар хуудас/,
4. Хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би “М..” ХХК-ын салбарын захирлаар ажилладаг. Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Г.Д гэх эмэгтэйг тус салбартаа нягтлангаар ажиллуулахаар ажилд авсан. Гэхдээ би ажилд авахдаа төвийн салбарын хариуцсан удирдлагадаа танилцуулж байж тушаал гаргаж ажилд авсан. Г.Д гэх эмэгтэй өөрийн дураар компанийн данснаас бага багаар мөнгө шамшигдуулсан байна. Сүүлд 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэхгүй худлаа яриад яваад байсан. Г.Д ажиллах хугацаандаа удаа дараа ажлаа хаяж явсан. Тушаал гараагүй байх үед өөртөө амралтын мөнгө бодож авсан шалтгаануудаар сануулах болон цалин хасах шийтгэл оногдуулсан байсан. Гэтэл 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн худлаа ярьж ажлаа хаяж явсан учир ажлаас чөлөөлөгдөнө гэтэл “би өөрөө өргөдлөө өгөөд гарья" гэсэн. Тухайн үед манай төв газраас шалгалт ирсэн. Би Г.Д-г ирж ажлаа хүлээлгэж өг гэж удаа дараа шаардсан боловч ирэхгүй худлаа яриад яваад байсан. Гэтэл 08 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ нягтлан ажилд аваад ажиллуулж байтал энэ мөнгө завшсан асуудлыг мэдсэн. Тухайн үед 3.194.626 төгрөгийг Г.Д нь өөрийн хаан банкны данс руу авсан байсан. Тухайн зүйлийг мэдээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн гомдол гаргаснаас хойш төв салбараас санхүүгийн хүмүүс ирж манай салбарт шалгалт хийн одоогийн байдлаар Г.Д-гийн ажиллах хугацаанд 70 сая гаруй төгрөгний хохирол учирсан байна. Тухайн шалгалт дуусаагүй учир эцсийн байдлаар байгууллагын хохирлын дүн эцэслэж гараагүй байна. Тус шалгалт дуусч эцсийн байдлаар Г.Д-гийн байгууллагын данснаас хувьдаа завшсан мөнгө тогтоогдох үед би тухайн баримт нотолгоо болох санхүүгийн баримтын 1 хувийг хэрэгт хавсаргана. Манай Говьсүмбэр М ХХК-ын санхүүг төв байгууллагын хяналтын нягтлангууд хариуцаж шалгаж байдаг. Би өөрийн байгууллагын Хаан банкны дансанд орж хяналт тавьдаггүй байсан. Сүүлд 2024 оны 06 дугаар сараас эхлэн Г.Д ажлаа хаяж яваад байхаар нь би ХААН банкны дансаа орж хардаг болсон. Гэхдээ түүнээс өмнө надад нэвтрэх эрх байгаагүй ээ. Сүүлд зүгээр орж л харж болно гүйлгээ хийж болохгүй байсан. Түүнээс өмнө манай салбарын нягтлан Г.Д л орж гүйлгээ хийх эрхтэй байсан. Манай Говьсүмбэр М ХХК-ын салбарын нягтлан л орж гүйлгээ хийж болох эрхтэй байдаг. Надад гүйлгээ хийсэн гэж танилцуулсан боловч худал утга бичээд өөрийнхөө болон бусдын данс руу шилжүүлсэн байсан. Тухайн үед би болон төв салбарын хяналтын нягтлангууд дансны хуулгыг анзаарч хараагүй байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Г.Д нь ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл манай компанийн эмийн сан 1 салбарын бэлэн мөнгөний орлого болох 14,187,045 төгрөг, эмийн сан 2 салбарын бэлэн мөнгөний орлого болох 11,627,953 төгрөг, мөн тус компанийн ХААН банкны 5990** тоот данснаас өөрийн эзэмшлийн хаан банкны 5990**, 5700*** тоот дансуудад 23 удаагийн давтамжтайгаар нийт 75,096,068 төгрөгийг өөрийн дээрх 2 дансанд шилжүүлэн авсан байсан. Мөн манай компанийн харилцагч болох Н-д 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 303,793 төгрөгийн эм, бараа, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 268,640 төгрөгийн эм барааг хуурамчаар бичиж авсан байсан. Манай компанийн харилцагч болох С-аас 2024 оны 05 дугаар сарын сүүлээр манай компанид төлөх байсан эм барааны төлбөр болох 300,000 төгрөгийг харилцагчаас өөртөө бэлнээр авсан байсан. Мөн санхүү бүртгэлийн системд хуурамч бичилт хийн өөрийн нэр дээрх ХААН банкны дансандаа ээлжийн амралтын олговор гэх утгатай 413,007 төгрөгийг компанийн данснаас авсан байна, эмийн сан 1 салбараас 367,800 төгрөгийн эм барааг бусдад хүргэж өгөөд төлбөрийг бэлнээр авчирна гэж хэлээд хувьдаа авч яваад бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүнийг авчирч өгсөн зүйл байхгүй, эмийн сан 2 салбар дээр буруу кодтой барааг компанид орлогоор авч хийсвэрээр 85,800 төгрөгийн бичилт хийсэн байсан. Г.Д нь манай компанид 102,623,110 /зуун хоёр зургаан зуун хорин гурав нэг зуун арван/ төгрөгийн хохирол учруулсан байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-23, 2 дугаар хх-ийн 155 дугаар хуудас/,
6. Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би эхнэртэйгээ 2023 оны 10 сард танилцсан. Би 2024 оны 06 сард ажиллаж байгааг нь мэдсэн. Би Д-гийн цалингийн талаар мэдэхгүй. Цалингаасаа өөр ямар нэгэн орлоготой байсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/,
7. Б-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-24/29 дугаартай хөндлөнгийн аудитын дүгнэлтэд:
- 3ypaг №7.8-т "Н" ХХК-ийн эрхлэгч Б.Э тус компанид 2023 оны 05 сарын 19-ний өдөр 268,645.2 төгрөг, 2024 оны 03 сарын 27-ны өдөр 303,793.7 төгрөгийн эм хэрэгсэл аваагүй болохоо илэрхийлсэн тайлбараа 2024 оны 11 сарын 27-ны өдөр гаргаж гарын үсэг тамга даран баталгаажуулсан нь зураг №23, 24, 25-т авагдсан баримттай тохирч байгаа тул Д нь 572,439 төгрөгийн бараа авсан нь нотлох баримтаар нотлогдож байна.
- Зураг №14-т тус компаний ажилчдаас авах авлага дансны 212,800 төгрөгийн ард зөв гэсэн тэмдэг тавьж, Г.Д гарын үсэг зурсан, зураг №15-т бараа материалын зарлагын баримтанд Б гэдэг хүн 155,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн ажилтаны ард гарын үсэг зурсан, хүлээж авсан хүний гарын үсэг дутуу байгаа боловч зураг 16-т 2024 оны 4 сарын 28-ны өдөр 212,800 төгрөг, 2024 оны 09 сарын 11-ний өдөр 155,000 төгрөгийн үнэтэй эм бүхий бараа Г.Д авсан тухай тайлбарыг 2024 оны 10 сарын 15-ны өдөр гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Д 367,800 төгрөгийн эм бүхий барааг авсан нь нотлох баримтаар нотлогдож байна.
- Зураг №17-т программаас гаргасан ажилчдаас авах авлага данснаас 2,395,000 төгрөгийг А ЭС-2 орлого хүрээгүй тул бараа борлуулсан, 1,380,000 төгрөгийг Д ЭС-2 орлого хүрээгүй тул эм зарж авлага үүсгэсэн гэсэн утгатай мөн адил Д би төлнө гэсэн гарын үсэгтэй гараар бичсэн 2024 оны 09 сарын 17-ны өдөр хүлээн зөвшөөрсөн тайлбар, Зураг №18-т мөн адил 1,000,000 төгрөг, 1,770,000 төгрөг, 150,000 төгрөг тус тус худал авлага үүсгэж, төлөхөө хүлээн зөвшөөрсөн Д-гийн гарын үсэгтэй 2024 оны 09 сарын 17-ны өдрийн тайлбар, Зураг №19-т 1,200,000 төгрөг, 390,000 төгрөг тус тус худал авлага үүсгэж, төлөхөө хүлээн зөвшөөрсөн Д-гийн гарын үсэгтэй 2024 оны 09 сарын 18-ны өдрийн тайлбарууд нь нийт 8,285,000 төгрөгийн бэлэн мөнгө тушаагаагүй нь нотлогдож байна.
- Зураг №21-т "М" ХХК-ийн Эмийн сан 2-ийн 2024 оны бэлэн мөнгө тушаалтыг шалгасан 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 сарын 31-ний өдөр хүртэлх хүснэгтэнд 3,704,122.83 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрсөн Дгийн гарын үсэгтэй баримт нь Д 3,704,123 төгрөг тушаагүй нь нотлогдож байна.
- 3ypar №22-т Д-гийн "С" ХХК-аас 300,000 төгрөгийг бэлнээр авсанаа хүлээн зөвшөөрсөн гарын үсэгтэй 2024 оны 09 сарын 10-ны өдрийн тайлбар нь Д 300,000 төгрөгийн бэлэн мөнгө аваад тушаагаагүй нь нотлогдож байна.
- 3ypar №26-т 2023 оны 07 сар, 08 cap, 09 сар, 2024 оны 02 саруудад гарт олгох цалингаас илүү шилжүүлсэн цалингуудын 413.007.1 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн нь Д 413,007 төгрөгийн цалин илүү авсан нь нотлогдож байна.
- Хэргийн материалын 4-р хуудаснаас 175-р хуудас хүртэл "М " ХХК-ийн Хаан банкны 5990** тоот дансны 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга нь Г овогтой Д-гийн 5700*** тоот төгрөгийн Хаан банкны 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулганд орсон орлоготой тохирч байгаа болон хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн Д нийт 75,691,068 төгрөгийг тус компаний 5990** тоот данснаас өөрийн 5700** болон 5990** дансуудад шилжүүлж авсаныг тамгатай хуулгаар нотлогдож байна.
Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас ирүүлсэн тус 4 хавтастай нийт 426 хуудас баримтад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-т заасан шалгуурыг хангасан анхан шатны баримтаас 89,333,437 /наян есөн сая гурван зуун гучин гурван мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн хохирлын хүчин төгөлдөр баримт илэрсэн болно.
Дүгнэлт гаргасан: Гүйцэтгэх захирал Г.У, аудитор, хуульч Б.Б гэжээ /1 дүгээр хх-ийн 35-52 дугаар хуудас/,
8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- "Б” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-24/29 дугаартай хөндлөнгийн аудитын дүгнэлтээр: Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас ирүүлсэн тус 4 хавтастай нийт 426 хуудас баримтад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-т заасан шалгуурыг хангасан анхан шатны баримтаас 89,333,437 /наян есөн сая гурван зуун гучин гурван мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн хохирлын хүчин төгөлдөр баримт илэрсэн болно." гэж дүгнэснийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.
Учир нь шинжилгээнд ирсэн баримтын хүрээнд шинжилгээгээр "М” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын нягтлан бодогчоор Г.Д нь ажиллаж байх хугацаандаа 75,096,067.92 (76,075,367.92- 979.300.00) төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байна. Дэлгэрэнгүй тооцоог Хавсралт №1-ээр харьцуулж харуулав.
Харин шинжилгээнд зарим посын дансны хуулга, борлуулалтын баримтууд, бараа материалын орлого, зарлагын баримтууд шинжилгээнд ирээгүй, мөн ирүүлсэн баримтуудын хүрээнд хүлээн авсан ажилтны гарын үсэг байхгүй, цалингийн тооцооны баримтууд хуулбар хувь ирүүлсэн байгаа бөгөөд “Г.Д нь би төлөх ёстой авлага учир би төлнө" гэж гарын үсэг зурж мэдүүлсэн баримт ирүүлсэн байгаа боловч 13,274,569.43 төгрөгийн тооцоог мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-д шинжээч нь "хэргийн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн Дүгнэлт гаргахыг хориглоно" гэж заасан байна. Дэлгэрэнгүй тооцоог Хавсралт №1-ээр харуулав.
Хэрэв мөрдөн байцаалтаар 13,274,569.43 төгрөгийн тооцооноос тогтоогдвол, тогтоогдсон дүнгээр 75,096,067.92 төгрөгийн хохирол дээр нэмж тооцохоор байна.
- 241700121 дугаартай хэргийн хавтас №2 нэртэй баримтад:
Иймд тус асуултуудад эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байгаа тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3 дахь хэсэгт заасан "эдийн засгийн шинжилгээний объектын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гарсан байх" гэсэн шаардлагыг хангахгүй байна.
- Шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно.
Дүгнэлт гаргасан: Санхүү, бүртгэлийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Б гэжээ. /1 дүгээр хх-ийн 65-69 дүгээр хуудас/
9. Эрүүгйн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Г.Д-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.Д нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 51-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн салбарын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “М” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5990*** тоот дансан дахь хөрөнгөнөөс өөрийн эзэмшлийн Хаан банкны 5700***, 5990*** тоот данс руу шилжүүлэх байдлаар болон байгууллагын бэлэн мөнгөний касснаас авах зэргээр олон удаагийн шилжүүлгээр 75,096,067.92 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 599**, 5700** тоот дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Г.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Г-н Д-гийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Хохирол төлбөрийн тухайд “М” ХХК-д учруулсан 75 096 067 төгрөг мөн аудитын төлбөр болох 6 000 000 төгрөг, нийт 81,096,067 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өр барагдуулах гэрээгээр харилцан тохиролцсон” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Г.Д нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 51-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн салбарын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “М” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5990** тоот дансан дахь хөрөнгөнөөс өөрийн эзэмшлийн Хаан банкны 5700***, 5990*** тоот данс руу шилжүүлэх байдлаар болон байгууллагын бэлэн мөнгөний касснаас авах зэргээр олон удаагийн шилжүүлгээр 75,096,067 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Д нь “М” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа хохирогч болох “М” ХХК-д 75,096,067 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.
Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч, тэдгээрт үүрэг чиглэл өгөх төсвийн ерөнхийлөн захирагч, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул зэрэг албан тушаалтан нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний субъектэд хамаардаг.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.Д нь нягтлан бодогчийн ажил үүргийн хүрээнд “М” ХХК-ийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд итгэмжлэн хариуцан ажиллаж байхдаа 75,096,067 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэдий ч ажил, албан үүрэг нь дээр дурдсан уг гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарч буй тул “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж дахин хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “...их хэмжээний хохирол учруулж...” гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж тус тус заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “...их хэмжээний хохирол учруулж...” гэдэг нь тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг буюу 50 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тухай ойлголт юм.
Түүнчлэн шүүгдэгч Г.Д нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн салбарын нягтлан бодогчоор 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байх хугацаандаа 75,096,067 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нарын мэдүүлэг, Б-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-24/29 дугаартай хөндлөнгийн аудитын дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Г.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Г.Д болон түүний өмгөөлөгч Г.Э нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Д бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч болох “М” ХХК-ийн 75,096,067 төгрөгийн шууд хохирол учирсан. Мөн “М” ХХК-ийн зүгээс аудитын төлбөр 6 000 000 төгрөг нийт 81 096 067 төгрөгийг шүүгдэгч Г.Д-гээс нэхэмжилсэн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-гээс 81 096 067 төгрөгийг гаргуулж хохирогч буюу “М” ХХК-нд олгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Г.Д-гийн зүгээс хохирогч болох “М” ХХК-тай 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Өр барагдуулах гэрээ” байгуулж 81 096 067 төгрөгийн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй. Улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Г.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж харилцан тохиролцсон. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хор уршиг, шинж чанар, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн дундаж цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “М” ХХК-нд учирсан хохирол болох 81 096 067 төгрөгийн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15 000 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д отог овогт Г-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-гээс 81 096 067 /наян нэгэн сая ерэн зургаан мянга жаран долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч буюу “М” ХХК -нд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ