Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

Ц.Болормаад холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

                        Даргалагч, шүүгч                 Д.Буянжаргал

                     Шүүгчид                               Б.Эрдэнэхишиг                                  

                                                                    Г.Давааренчин                                  

                                

                                     Оролцогчид:

                                            Прокурор                              А.Баясгалан

                                              Шүүгдэгч                                  Ц.Болормаа

                                              Хохирогчийн өмгөөлөгч       Л.Сарангуа /цахим/

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаравдэд овогт Цэен-Ойдовын Болормаад холбогдох эрүүгийн 2031001170116 дугаартай, 175/2020/0132/Э индекстэй, 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.                   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 1 дүгээр баг 2 дугаар байр 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шаравдэд овогт Цэен-Ойдовын Болормаа /РД: ФМ65013161/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Болормаа нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 50 минутын орчим Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын байрны 2 давхарт иргэн П.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, улмаар түүний биед тархи доргилт, цээжинд 5 ширхэг улаан хүрэн өнгийн зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ц.Болормаад холбогдох хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 02 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Шаравдэд овогт Цэен-Ойдовын Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болормаад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болормаагийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Болормаад анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Батсайханд цамцны үнэ 35,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Болормаагаас гаргуулан олгож, хохирогч нь өөрт учирсан эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Ц.Болормаагаас Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6. Шүүгдэгч Ц.Болормаа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “Сиди”-г хэргийн архивд хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй...” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   “...Иргэн Ц.Болормаа би гэмт хэрэг үйлдээгүй. Хохирогч гэх Пүрэвдоржийн Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас бус түүний хууль зөрчсөн үйлдлийн улмаас хохирсон иргэдийн өмнөөс Пүрэвдоржийн Батсайхантай маргалдаж  өнөөдрийг хүрсэн.

Нэгдүгээрт Алтанбулаг сумын Халаалтын төвийг эхнэр Ц.Саранцэцэг, тухайн үеийн Аймгийн Иргэдийн Хурлын дарга Жавхлан, нарийн бичгийн дарга Буянтогтох, Алтанбулаг сумын засаг даргын орлогч Түмэндэмбэрэл, нягтлан Эрдэнэцэцэг, нярав Болормаа, Сэлэнгэ аймгийн Санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга асаг Жаргалтулгын Эрдэнэбат нартай хамжин хууль зөрчсөн хуурамч баримтууд үйлдэн ашиглаж “завшицгаасан” Алтанбулаг сум Халаалтын төвгүй болж сум тэр чигээрээ болон хэсэгчлэн хөлдсөөр л байна. Өнөөдөр ч сум Халаалтын төвгүй иргэд нь байгууллагууд нь онц их хэмжээгээр хохирсоор... хохирол үргэлжилсээр. Үйлдэл эс үйлдэхүй гэмт хэрэг үргэлжилсээр Төрийн төлөөлөл иргэдийн хоорон дахь маргаан хэрүүл тэмцэлдээ хүрч үргэлжилсээр байна.

Хоёрдугаарт Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагдах “Дулаан үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа нь Төрийн хяналтан дор, Төсвийн хөрөнгө мөнгөөр санхүүжигдэн явагдаж байхаар хуульчлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг сумын засаг дарга хүлээж төрөөс цалинжиж байдаг онцгой обьектод явагддаг, онцгой үйл ажиллагаа. Гэтэл төрийн төлөөлөл сумын засаг дарга энэ үүргээ хэрэгжүүлэлгүй дээрх төр орон нутгийн онцгой обьектийг бүлэглэн завшдаг “зохион байгуулалттай бүлэглэл”-д үйлчлэн сумыг 14 дэх жилдээ халаалтын төвгүй байлгаж Төрийн онцгой обьектуудыг хувьдаа завшиж, төр ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулж хорлон сүйтгэх ажиллагааг 14 дэх жилдээ явуулж, Төр хувийн хэвшлийн байгууллага, орон сууцуудыг хөлдөөж халаалтаас салган иргэдийн эд хөрөнгө, эдийн засаг, эрүүл мэндэд онц ноцтой хохирлуудыг учруулсаар байгаа. Төрийн албан тушаалтнууд зохион байгуулалтад орж онцгой обьектуудыг завшиж, Төр, ард түмний эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсаар байгаа “гэмт хэргийг” шийдвэрлэж өгөх ёстой. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй 14 жилдээ иргэд хохирсоор байна. Хууль зөрчсөн хуурамч баримтууд үйлдэж ашиглуулсаар хуулийн байгууллагад худал мэдүүлж иргэдийг гүтгэж хэлмэгдүүлдэг. Хуулийн байгууллагад худал мэдүүлж, Төрийн албыг хууль бусаар авсан “гэмт хэргийг” хүний эрх, тэгш эрхийг хангаж шийдвэрлэчихээд уг гэмт хэргийн улмаас хохирч, гүтгэгдэж хэлмэгдсээр байгаа иргэд бидний шүүхэд нотлох баримт гаргаж нотлуулах гомдол гаргаж шалгуулах эрхийг минь дэс дараалал он сараар нь хангах шалгуулах эрхийг минь хэрэгжүүлж өгнө үү.

Олон жилийн хохирол, маргаан, дарамт, доромжлол, гүтгэлэгээс болж бухимдсан иргэн миний “маргааныг” дээрх гэмт хэргүүдтэй “үндэслэл, шалтгаантай нь” хамт шалгуулах ажиллагаа хийлгэж өгнө үү.  Анхан шатны шүүхэд буцааж “урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрүүд дээр үндэслэн шийдвэрлүүлэх нотлох баримтаа шалгуулах эрхээр хангаж өгнө үү” Анхан шатны шүүхийн нэг талд үйлчилж, гүтгэсэн шийдвэрийг хүчингүй болгож “тэгш эрхийг” хангаж өгнө үү ” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.Болормаа гэдэг хүн Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийж, хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Сая ярьсан зүйлийг нь би огт ойлгосонгүй. Хуульд зааснаар давж заалдах шүүхэд гомдол гаргах үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гэж үзэж байна. Ямар нэг шалтгаан тоочиж хүний биед гэмтэл учруулах ямар ч боломж байхгүй. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэж, анхан шатны шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Шүүгдэгч Ц.Болормаагийн давж заалдах гомдлын талаар сонслоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байдаг. Шүүгдэгч Ц.Болормаагийн хувьд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Засаг даргын Тамгын газрын байранд иргэн П.Батсайханы биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч Ц.Болормааг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, нотлох баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийн бодит байдалтай нийцсэн шүүхийн дүгнэлт гарсан гэж үзэж байх тул шүүгдэгч Ц.Болормаагийн давж заалдах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг заасан байдаг. Шүүгдэгч Ц.Болормаагийн үйлдэл нь эдгээр заалтад хамаарахгүй, П.Батсайханыг халаалтын төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор буруутгасан өөрийн хувийн субьектив санаа, зорилгод хөтлөгдөж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан. Энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгосон нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөлтэй тохирсон гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.Болормаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн давж заалдсан гомдлын дагуу Ц.Болормаад холбогдох эрүүгийн 2031001170116 дугаартай хэргийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Ц.Болормаа нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан  хохирогч П.Батсайханы “...тухайн өдөр онц байдал зарласан тул захиргаан дээр хуралд сууж байсан. Хурлаас гараад ирэхэд бичиг хэргийн өрөөнд Ц.Болормаа, Отгонбаатар нар сууж байсан.  Тэгээд Отгонбаатар нь намайг хараад хулгайч цугладаг газарт хулгайч нар цугларсан байна гэх мэт үгээр доромжилсон.  Тэгээд өрөөнөөс гарах үед Ц.Болормаа араас миний шилэн хүзүү хэсэгт гараагаа цохиж намайг эргээд харахад заамдаж аваад маш олон удаа гараараа нүүрний баруун хацар болон толгойн хэсэгт цохьсон тухайн үед миний цамцыг урж гар утсыг шидсэн. Би болиулах арга хэмжээ авах байсан боловч биед нь  хүрвэл цохьсон гэж үзнэ гэж болгоомжлоод огт эсэргүүцээгүй. Тэнд олон хүн байсан харуул ирж Ц.Болормаа бид хоёрыг салгах гэж оролдсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ёндонжамцын “... өрөөний хаалганы урд хүмүүсийн орилох дуу гараад байхаар нь харсан чинь Болормаа гэх эмэгтэй Алтанбулаг сумын засаг дарга П.Батсайханы нүүр хэсэг болон цээж мөр хэсэг рүү нь цохиж хулгайч... гэх мэтчилэн доромжилж мөр нуруу хэсэг рүү нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Болорзулын “... хурал дуусаад гарахад П.Батсайханы өөдөөс иргэн Ц.Болормаа нь чам шиг хулгайч  байхгүй төрийн мөнгийн яасан идэж ханадаггүй юм бэ мөрөөрөө амьдраач гээд орилоод хувцаснаас нь зулгааж толгой хэсэг рүү нь цохиод байсан тэгээд манайхны нэг жижүүрт хэлж цагдаад  мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Энхбатын “ ...хурал тараад гарч ирэхэд Ц.Болормаа нь нэг эрэгтэйн хамт бичиг хэргийн өрөөнд сууж  байсан тэгээд Алтанбулаг сумын засаг дарга П.Батсайханыг бариад авсан тэгсэн чинь Ц.Болормаа хажуугаас нь гар хөлөөрөө цохиж мөн цамцыг нь урсан. Ц.Болормаа элдвээр хэлж доромжлоод хашгираад байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хяналтын камерт үзлэг хийсэн  тэмдэглэл, хохирогчийн эмчилгээ хийлгэсэн тухай баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүхээс оногдуулсан ял нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Болормаа нь давж заалдах гомдлын үндэслэлээ ...хохирогчтой хувийн таарамжгүй харьцаа байдаггүй харин түүний албан тушаалын байдлаа ашиглан иргэдийг хохироосон хууль бус гэм буруутай үйлдлээс болж маргалдсан... гэж тайлбарлажээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол улсын Үндсэн хуулиар хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан  бөгөөд иргэн хүн өөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг эдлэхээс гадна,  хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал иргэний үндсэн үүргийн нэг юм.

Хэдийгээр хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдлээ шүүгдэгч нь зөвтгөн тайлбарлаж байгаа боловч түүний бусдын хуулиар хамгаалагдсан халдашгүй байдалд  санаатайгаар халдаж улмаар эрүүл мэндэд хохирол учруулсан санаатай үйлдэл нь  нь гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Болормааг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх  боломжгүй.

 

Мөн Монгол улсын Үндсэн хуульд “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж заасан бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.Болормаагийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэж байгаа тул  хохирогчийн бусдыг хохироосон гэм буруутай эсэх талаар шүүх дүгнэлт хийх хуулийн үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ц.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Болормаагийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                Г.ДАВААРЕНЧИН