Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 98

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0103/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

      Нарийн бичгийн дарга: Н.Энхзул

      Улсын яллагч: Я.Сансар    

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Амаржаргал

   Шүүгдэгч: Т.Бат-Өлзий нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бат-Өлзийд холбогдох 201723000158 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн 1972 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Норивлон сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хонгийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривлах ялаар,  мөн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Боржигон овогт Түмэннастын Бат-Өлзий /РД:СП72040817/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:  

Шүүгдэгч Т.Бат-Өлзий нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 2-08 тоотод оршин суух иргэн О.Зоригтбаатарын гэрт нэвтрэн орж зурагт, зургийн аппарат, орны бүтээлэг, үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Т.Бат-Өлзий нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 2-8 тоотод оршин суух иргэн О.Зоригтбаатарын гэрт нэвтрэн орж зурагт, зургийн аппарат, орны бүтээлэг, үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч О.Зоригтбаатарын мөрдөн байцаалатанд өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад 17 цаг өнгөрч байхад албаны автомашин засахаар гэрээсээ гарсан. Гэрээс гарахдаа хаалгаа түгжээд том өрөөнийхөө цонхыг онгорхой орхиод явсан. 22 цаг болж байхад гэртээ ирэхэд буйдангийн бүтээлэн байхгүй байсан тэгэхээр нь эхнэрийг ирээд аваад явсан юм байна гэж бодоод эхнэрээсээ асуухад эхнэр аваагүй гэж хэлсэн тэгээд би гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд зурагт, хөргөгчинд байсан мах, орны бүтээлэг, зургийн аппарат алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-25 хуудас/

Гэрч Д.Наранхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 12-ний өдөр Бат-Өлзий нэг шил архитай орж ирсэн. Надад архинаасаа нэг хийж өгсөн танайд унтмаар байна гэж хэлсэн тэгээд унтаж амарсан. Маргааш өглөө нь миний машины тэвшин дээр хавтгай хэлбэртэй бүтээлгэнд боосон зурагт тавьчихсан байсан. Тэгэхээр нь би буцаж гэртээ ороод Бат-Өлзийд чи хулгай хийсэн байна гэж хэлсэн чинь би хулгай хийгээгүй найз маань өгсөн гэж хэлсэн. Бат-Өлзий цамцаа дэрлээд хэвтэж байсан би цамцнаас нь татсан чинь хар өнгийн хар өнгийн зургийн аппарат хувцасны халааснаас унаж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-28 хуудас/

2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-18 хуудас/

2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-20 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Бат-Өлзийгийн бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйлүүдийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Зоригтбаатарт 750.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь “...алдагдсан эд зүйлээ тоо ширхэгээр бүрэн хүлээж авлаа, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч нь ялтай байхдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан эдэлвэл зохих хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Түмэннастын Бат-Өлзийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бат-Өлзийгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Бат-Өлзийд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Т.Бат-Өлзийгийн цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бат-Өлзийд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Д.ГАНЗОРИГ