Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Б,

шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О-н Л-т холбогдох эрүүгийн 2517000000074 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **д С***аймгийн М*** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, *** боловсролтой, ... ажилтай, ам бүл ..., ..... хамт Улаанбаатар хот, ....тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б*** овогт О***н Л /РД:МЗ***/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 6-2 тоотод хохирогч С.М-тай “чи гэж дуудлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт алгадах, цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний баруун булан, зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй далд хугарал, дээд эрүү, хүзүүний дээд хэсгээс цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 6-2 тоотод хохирогч С.М-тай “чи гэж дуудлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт алгадах, цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь эрүүний баруун булан, зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй далд хугарал, дээд эрүү, хүзүүний дээд хэсгээс цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

2. Хохирогч С.М-н “...2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай эхнэр Э Алдарт эхийн одон авч байгаатай холбогдуулан ах, дүү хамаатан садантайгаа манай гэр болох Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 6-2 тоотод тэмдэглэсэн. Үйл ажиллагаа дуусаж 2025 оны 06 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг 30 минутын орчим манай гэрт Л, Э, Ц нар байсан ба би Л-тай ярилцаж байх үедээ түүнийг чи гээд дуудчихсан. Тухайн үед Л бид хоёр согтчихсон байсан ба Л намайг чи гэж дуудлаа гээд бид хоёр маргалдаад миний хацар луу 2 удаа алгадсан. Тэгээд гэрийн гадаа гарсан ба гадаа байхдаа Л намайг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, нилээн хэдэн удаа миний нүүр лүү цохисон. Л миний нүүр лүү 1 удаа цохиод би газар унасан ба миний эрүү сонин болчихсон байсан. Би Л-т хандаж "миний эрүү хугарчихлаа" гэж хэлж байснаа санаж байна, тэгсэн чинь Л миний нүүр лүү нэмээд цохиод байсан. Би эмчилгээний зардалд 15.000.000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

3. Гэрч Б.Б-н “...би нөхөртэйгээ гэр бүл болоод 6 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн байдлаар намайг зодох үр хүүхдээ зодож янз бүр болж байгаагүй, гэр бүлийнхээ хувьд эцэг шиг хүмүүжүүлж өсгөдөг хүн. Сард 1 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тогтмол бол хэрэглээд байдаггүй. Хүнтэй зодоон цохион хийгээд байдаггүй хүн, тухайн өдөр юунаас болж хоорондоо зодолдсоныг мэдэхгүй байна. Айлын том хүүхэд бөгөөд доороо нэг дүүтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

4. Гэрч Х.Ц-ын "...2025 оны 06 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг 30 минутын орчим М-н гэрт манай хоёр хүргэн болох М, Л нар хоорондоо ярилцаж байгаад М өөрөөсөө ах Л-ыг чи гэж дуудсаны улмаас хоорондоо маргалдаж улмаар Л М-н хацар орчим гараараа алгадсан. Тэгэхэд М-н хамраас цус гарсан. Тэгээд М, Л, Б нар гэрээс гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

5. Гэрч Б.Б-гийн "...М, Л нар нь хоорондоо нэгнийгээ хүндлэхгүй чи гэж дуудаж хэрэлдэж байсан. Тэгээд Л М-г цамцнаас нь татаж суулгаж байгаад нүүр лүү нь 2 удаа алгадсан ба М-н хамраас цус гарсан. Л-ыг алгадах үед М сууж байсан сандал дээрээсээ унасан. Тэгээд гэрээс гараад тэр хоёр хоорондоо ноцолдож байсан ба М чи миний эрүүг хугалчихлаа гээд орилоод байсан..." гэх мэдүүлэг /хх-н 32 дугаар хуудас/,

6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаартай дүгнэлтэд:

- С.М-н биед эрүүний баруун булан, зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй далд хугарал, доод эрүү, хүзүүний дээд хэсгээр цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Эрүүний баруун булан, зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Доод эрүү, хүзүүний дээд хэсгээрх цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Баруун шилбэнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж гэжээ /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 5, 7-10  дугаар хуудас/,

8. Шүүгдэгч О.Л-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч С.М, гэрч Х.Ц, Б.Б нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаартай дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Л нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч О.Л-т эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба түүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 3 023 700 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлыг шүүгдэгч О.Л нь Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст, мөн эмчилгээний зардалд 15 000 000 төгрөгийг хохирогч С.М-д тус тус нөхөн төлсөн байна. Түүнчлэн хохирогч С.М нь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол байхгүй, О.Л-аас эмчилгээний зардал, хохирол төлбөр авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Би тус шүүх хуралд оролцохгүй” гэх тайлбарыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч О.Л-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Л-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч О.Л нь тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч О.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-т оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч О.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт О-н Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-т оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч О.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Л нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАНДАХ