2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1669

 

 

 

 

 

 

 

 

 

  2025            06            30                                       2025/ШЦТ/1669

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг,

            улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, томилолтоор /,

   шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** овогт М-ны Г-д холбогдох эрүүгийн 2405050990165 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, ** ХХК-д оператор ажилтай, ам бүл **, ** хамт ** хот ** дүүргийн ** дүгээр хороо ** тоотод түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

урьд ** дүүргийн шүүхийн ** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 7,160,400 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,

** овогт М-ны Г************ (РД:************************)

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Г нь “…** оны ** дүгээр сарын **-ний өдөр үл таних хүнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг MDMB-4en-PINACA-ийн агууламжтай, “Дроп” гэх нэршилтэй, 0,5 мл орчим хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг ** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс ** оны ** дүгээр сарын **-ний өдрийг хүртэлх хугацаанд ** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Г нь “...** оны ** дүгээр сарын **-ний өдөр үл таних хүнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг MDMB-4en-PINACA-ийн агууламжтай, “Дроп” гэх нэршилтэй, 0,5 мл орчим хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

-улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг ** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс ** оны ** дүгээр сарын **-ний өдрийг хүртэлх хугацаанд ** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г-ийн өгсөн: “...гэмшиж байна, маргахгүй...” гэх мэдүүлэг, .

Эрүүгийн 2405050990165 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 15 дугаар тал),

М.Г-ийн биеэс ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** цаг ** минутаас ** цаг ** минутын хооронд шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл,(хх-ийн 16-17 дугаар тал),

Хохирогч Б.М-ын Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй гэрлэлтийн баталгаагүй сүүлийн 4 жил хамтран амьдарсан. ** оны ** дүгээр сарын **-ний орой би ажлаасаа тараад ** цагийн үед гэртээ ирэхэд Г мансуурчихсан байсан ба хэсэг хугацааны дараа Г-ийн хувцсыг нь угаах гээд хар өнгийн зузаан цамцных нь халаасыг үзтэл олон тооны миллиграммын савнууд мөн тэр дундаас нэг сав нь 0,5 гэсэн хэмжээстэй дундуураас доогуур дүүргэлттэй өнгөгүй тунгалаг бүтэцтэй шингэн зүйл байсныг би нууцаар авчихсан юм. Надаас тэр зүйлээ маргааш нь асуухад би хаячихсан гэж хэлсэн.

Би Бүгд Найрамдах Солонгос улсад байхдаа Г-эй хамтран амьдардаг байсан ба Г-г ажилдаа явсных нь дараагаар орыг нь хураахдаа гудсан доороос тугалган цаас хуйлсан мөнгөн дэвсгэрт болон яг адилхан савлагаатай шингэн зүйл байхыг харсан. Тэр зүйлээ Г*********** миний хажууд хэрэглэж байгаагүй. Гэхдээ ариун цэврийн өрөө орчхоод гарч ирэхдээ мансуурчихсан байсныг хэд хэдэн удаа харж байсан. Мөн гэртээ ганцаараа байхдаа хэрэглэдэг, шөнө унтаж байгаад босоод гарч яваад буцаж орж ирэхдээ мансуурчихсан байдаг байсан. Нүд улайчихсан, харц нь тогтворгүй болчихдог. Ганхүү уг нь тод түргэн ярьдаг хүн байгаа юм. Мансуурсан үедээ ярианы чадамж нь буурч үгээ зөөж ярьж хэлэх гээд байгаа үгээ бодоод гацаж түгдэрч, юм ойлгох чадамж буурчихсан байдаг. Их хэмжээгээр мансуурсан үедээ алхаж гишгэж чадахгүй болдог.” гэх мэдүүлэг,(хх-ийн 28-29 дүгээр тал),

Хохирогчийн дахин өгсөн "... Би Г********** гэх залуутай хамтран амьдраад 4 гаран жил болсон ба дундаасаа 1 хүүхэдтэй. Би Г-ийн банкны карт, бэлэн мөнгийг хэрэглэдэг, Г миний банкны карт бэлэн мөнгийг хэргэлдэг байсан. Миний дансанд Г мөнгө хийж бид хоёр хамт хэрэглэдэг, би Г-ийн дансанд мөнгө хийж бид хоёр хамт хэрэглэдэг гэсэн үг юмаа. Г бид хоёрын дундын данснаас л мөнгө авсан гэж бодсон тул цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтгүй байгаагаа илэрхийлж гаргасан гомдлоо хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байгаа юмаа. Мөн 2023 онд хүүгийн хадгаламжид байсан 4,000,000 гаруй төгрөгийг хадгаламж барьцаалсан зээл авсан талаар мэдүүлсэн ба тухайн хадгаламжид байсан мөнгийг Г бид хоёр дундаасаа л бий болгосон, Г тухайн үед зээл аваад бид хоёр хэрэгцээндээ зарцуулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг, (хх-ийн 32 дугаар тал);

Хохирогчийн дахин өгсөн “... Би ** дүүргийн ** дугаар хороо ** тоотод ** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс ** оны ** дугаар сарын **-ний өдрийн хооронд Г-тэй амьдарсан. Тухайн байр нь миний нэр дээр байдаг ба Г-ээс салсан тул тухайн байрнаас ** оны ** дугаар сарын **-ний өдөр гарч одоогоор найзындаа амьдарч байгаа. Тухайн байрыг сарын 1 сая 200 мянган төгрөгөөр түрээслүүлж байгаа. Тухайн байранд миний эд зүйлс болон Ганхүүгийн эд зүйлс байхгүй.” гэх мэдүүлэг, (хх-ийн 34 дүгээр тал);

Гэрч М.Т-ын "... Тус бодис нь синтетик каннабинойдын төрөлд багтах шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис юм. Энэ төрлийн бодисыг хууль бус лабораторид химийн аргаар гаргаж авдаг бөгөөд эмчилгээний зориулалтаар хэрэглэх заалт байхгүй. Синтетик каннабинойд нь сүүлийн жилүүдэд ихээхэн дэлгэрч байгаа бөгөөд энэ төрлийн бодисуудын хүний биед үзүүлэх хор нөлөө, гарах үр дагавар, эмчилгээг одоогоор тогтоогоогүй байгаа.

Мөн синтетик бодисын үйлчилгээ болон гарах хор нөлөө нь байгалиас гаргаж авсан бодисоос илүү хүчтэй байдаг тул тухайн бодисоосоо хамааралтай болох магадлал өндөр байдаг. Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис агуулсан бүтээгдэхүүний найрлага, цэвэршилт тодорхойгүй, ихэнх тохиолдолд ургамал болон бусад нунтагтай хольж зардаг тул хэрэглэгчид ямар бодис хэр хэмжээний тунгаар хэрэглэж байгаагаа мэдэх боломжгүй. Энэ нь хэрэглэгчид эдгээр шинэ төрлийн бодисыг хэрэглэж байгаагаа мэдэлгүйгээр хордох, нас барах тохиолдлууд хэд хэд гарсан нь дэлхийн хэд хэдэн улсад бүртгэгдээд байгаа нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Нэгдсэн Үндэстний байгууллагын тайлан мэдээгээр тогтоогдсон.

Синтетик каннабинойдыг хэрэглэснээр таталт өгөх, зүрхний шигдээс, таталт өгөхөөс эхлээд түрэмгий, цочмог сэтгэцийн эмгэгтэй болох зэрэг хор уршигтай. MDMB-4en-PINACA сэтгэцэд нөлөөт бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг.

Уг бодисын түгээмэл нэршил нь MDMB-4en-PINACA гэх нэршилтэй ба хэрэглэгчдийн дундах гудамжны нэршил нь “Дроп” юм. “Дроп” гэх нэршил нь албан ёсны нэршил биш боловч, MDMB-4en-PINACA гэх бодис мөн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний дүгнэлтээр батлагдсан болно.” гэх мэдүүлэг, (хх-ийн 40-41 дүгээр тал);

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 178 дугаартай “...Шинжилгээнд 1,5 мл хэмжээтэй хуванцар савтай тунгалаг шингэг БГД-II 12083” гэж хаягласан жижиг өнгөгүй зиплок уутан дотор 0,5 мл орчим хэмжээтэй өнгөгүй шингэн зүйлийг хийж ирүүлсэн байна.

Шинжилгээнд ирүүлсэн өнгөгүй шингэн зүйлээс “MDMB-4en-PINACA илэрсэн. MDMB-4en-PINACA нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II дугаар жагсаалтад багтана.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 47-49 дүгээр тал);

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн “Г-12509 ** овогтой Г********* РД:*******************” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, (хх-ийн 53-55 дугаар тал),

Сэжигтэн М.Г-ийн “...Солонгос Улсад байхдаа сонирхоод нэг удаа хэрэглэсэн ба бие маш ихээр тайвширч, биеийн өвчин арилж байгаа мэдрэмж аваад унтаад өгсөн. Солонгос Улсад ажиллаж амьдарч байхдаа л уг төрлийн бодисыг хэрэглэж үзсэн. Монгол Улсад ирээд ганц удаа л хэрэглэх сэдэл төрсөн ба 2024 оны 10 дугаар сард хаанаас яаж олж авдаг талаар судалтал, Телеграмм чатаар чат бичээд авчихдаг талаар Филиппин улсад амьдардаг Г************** найз хэлсэн. Телеграмм чатаар шууд “Дроп зарна” гэх утгатай хайгаад үзтэл нэг хаяг гараад ирсэн ба ороод хартал байрны булан, гудамж гээд энд тэнд үлдээгээд мөнгөө шилжүүлээд олж авдаг талаар мэдсэн. Би тухайн хүн рүү чат бичээд ***************** тоот данснаас 100,000 төгрөгийг *****************дугаартай *************** гэх нэртэй данс руу шилжүүлээд байршил авсан. ************ дүгээр хороолол хавьцаа үлдээсэн гэж байршил явуулахаар нь тухайн үлдээсэн гэх газраар хайж явтал шингэн зүйлийн агууламжтай сав байхаар нь авчихсан. Би тухайн бодисыг огт хэрэглээгүй байсан ба хэрэглэж үзнэ гэж бодоод ажлын цүнхнийхээ нэг хувцасны халаасанд хийчихсэн байсан. ********* оны ***** дүгээр сарын *******-ний өдөр гэртээ ганцаараа байхдаа уг авсан зүйлээ сонирхоод чихрийн цаасны тунгалаг цаасан дээр дусааж доороос нь галаар асааж утааг нь сорсон. Үлдсэн шингэнтэй саваа буцааж цамцныхаа халаасанд хийж цүнхэндээ хийсэн ба М*********** надтай маргалдсан уурандаа уг бодисыг аваад цагдаагийн байгууллагад өгчихсөн байсан. М-ын цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн уг 1.5 мл хэмжээтэй сав нь минийх ба, Дроп гэх нэршилтэй бодис байгаа юмаа.” гэх мэдүүлэг, (хх-ийн 59-60 дугаар тал);

Яллагдагч М.Г-ийн “...Надад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, (хх-ийн 68-69 дүгээр тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

Шүүгдэгч М.Г*д холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр ** оны ** дүгээр сарын **-ний өдөр үл таних хүнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг MDMB-4en-PINACA-ийн агууламжтай, “Дроп” гэх нэршилтэй, 0,5 мл орчим хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

-улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг ** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс ** оны ** дүгээр сарын **-ний өдрийг хүртэлх хугацаанд ** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт

Шүүхээс   шүүгдэгч   М.Г-г   гэмт   хэрэг   үйлдсэн  гэм  буруутайд  тооцож шийдвэрлэсэн,  шүүгдэгч   нь  хэрэг  хариуцах  чадвартай, хуульд  заасан  хөөн  хэлэлцэх

хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

Шүүх,  хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу  шүүгдэгч М.Г нь 2025 оны 05 дугаар сарын 12-ний өдрөөс / хх-ийн 135 дугаар тал/ 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 49 /дөчин ес/-н хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ял шүүгдэгчид оногдуулах боломжтой гэх санал дүгнэлт гаргасныг үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулд дүгнэлт хийж шүүхээс өмгөөлөгчийн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасныг тэмдэглэж байна.

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1,5 миллиметрийн хэмжээтэй  хуванцар саванд байх өнгөгүй шингэнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт М-ны Г-г НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц"-ын I жагсаалтад багтдаг MDMB-4en-PINACA  гэх нэршилтэй 0,5 мл орчим хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Г-г 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-д оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 1,5 миллиметрийн хэмжээтэй  хуванцар саванд байх өнгөгүй шингэнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устаж, устгасан баримтын жагсаалтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ