Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

Г.*******т холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч             Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Г.Энхмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               М.Гансүх

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/25 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, **** настай, *****эгтэй, ****** боловсролтой, ********** мэргэжилтэй, ***** ажилтй, ам бүл *******хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум ********* тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа, шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:**********/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар багийн Засаг даргаар ажилладаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Аргуут” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 59 ширхэг, /22 ширхэг түлшний, 37 ширхэг хэрэглээний/ нийт 4.6335 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, иргэн П.*******ын эзэмшлийн 38-92 СБА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль-экологид 962,868 /есөн зуун жаран хоёр мянга найман зуун жаран найман мянга/-н төгрөгийн бодит хохирол, 2,888,604 төгрөгийн хор уршиг учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.*******т холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/334 дугаартай шүүгчийн захирамжаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүссэн” хүсэлтийг хангасугай.

3. Шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэлдээ:  ...Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ‘Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч П.*******, С.*******, Г.*******, Г.*******, Б.*******, Т., Ж. нарын мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтууд мөн яллагдагч Г.*******ийн ....мэдүүлэг, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн Ойн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан баг хорооны засаг даргын бүрэн эрх, мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан иргэний эрх, үүргээ мэдсээр байж зөрчиж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон.

Нөгөөтэйгүүр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх журмын 3.1-д Ойн тухай хуулийн 33.1-д заасны дагуу мод бэлтгэх гэрээ байгуулсан, эсхүл 34.1-д заасны дагуу эрхийн бичиг олгогдсоноор ойгоос мод бэлтгэх эрх үүснэ" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс Г.*******ийг ойгоос ахуйн хэрэглээний модыг өөрийн гэр бүлийн хэрэгцээнд бэлтгэсэн гэж үзэж түүний төрсөн ах Г.ээс гэрчийн мэдүүлэг авах гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуульд “гэр булийн гишүүн” гзж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” хэлнэ гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Г.*******, Г. хоёр нь нэг хашаанд амьдардаг учраас нэг эрхийн бичгээр мод бэлтгэсэн үүнийг гүйцэт шалгаж тогтоогоогүй гэсэн хүсэлтийг хүлээн авч хэргийг мврдөн байцаалтанд буцааж байгаа нь ойлгомжгүй шүүхээс хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.*******ийн хэргийг шийдвэрлэхэд түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд хавтаст хэргийн 115-141 дүгээр талд хангалттай авагдсан бөгөөд өөр ямар нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй тул энэ заалтыг биелүүлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдегч биелүүлнэ” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 334 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдоогүй байна” гэж хэргийг прокурорт буцаасныг прокуророос эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 62 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 334 дуаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх заалтыг зөрчиж хэргийг удаа дараа прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй, харин шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэх бололцоотой байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/25 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор оролцох саналыг гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай прокурорын эсэргүүцлийг яллагдагч түүний өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч байна. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 3 дахь удаагаа хэлэлцүүлэгдэх гэж байна. Ер нь бол эрүүгийн хэргийн шүүх өөрөө бодит үнэнийг тогтоох ёстой. Би прокурорын байгууллагыг хууль зөрчдөг, бодит үнэнийг тогтоо гэж хэрэлдээд давж заалдах шатны шүүхэд 3 дахь удаагаа ирлээ. Хавтаст хэргийн 35 хуудсанд миний үйлчлүүлэгчид хууль сануулж, гэрчээр анхны мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт “чи яах гэж Алтанбулаг сум руу явсан бэ?” гэдэг асуултад “миний ах намайг дуудсан” гэж хариулсан. Ах нь яах гэж дуудсан, тэр хүн яах гэж явсан зэрэг асуултыг хариулт хаана байна вэ? Үүнийг тогтоолгох гээд би чадахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд тэгш мэтгэлцэх, тэгш эрхтэй оролцох ёстой. ...Ах нь 2 хоногийн зөвшөөрөлтэй байсан. Эхний өдөр нь машин нь эвдэрчихсэн, энэ 2 хүн ******* гэж нэг овогтой тул амжихаа байж дүүгээ дуудсан. Энэ бол ердөө л нийгмийн харилцаа. Үүнийг шалгаж тогтоохгүй болохоор шүүх үүнийг яаж үнэлэх вэ?  ... прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хэргийг нэг мөр тогтоох хэрэгтэй байна. Ах нь дүүгээсээ гуйсан л зүйл байгаа юм. Шинжээчийн дүгнэлтийг яах вэ? хууль зөрчигдсөн олон зүйл байна. Тиймээс нэг мөр шалгаж тогтоолгох хүсэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Г.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх  боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж дахин шалгуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч улсын яллагч эсэргүүцэл бичсэн байна.

Тус хэргийн шүүгдэгч Г.******* нь хэрэг бүртгэлийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...түлшний  модны зөвшөөрлийг өөрөө аваагүй харин өөрийн төрсөн ах Г.ийн авсан зөвшөөрлийн дагуу явсан. Зөвшөөрөл авсан газраа мод бэлтгэж байна гэж бодсон. Ах түрүүлээд явсан араас нь утсаар газраа заалгаад очсон...” гэсэн мэдүүлэг өгдөг бөгөөд  мод бэлтгэх зөвшөөрөл олгосноос өөр газраас мод бэлтгэж байгаагүй мэдээгүй өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй гэж тайлбарлажээ.

 Хэрэгт авагдсан баримтаар зохих зөвшөөрөл олгоогүй газраас тухайн өдөр шүүгдэгч Г.*******ээс гадна  түүний төрсөн ах Г. болон өөр  нэр бүхий 4-5 иргэн мод бэлтгэсэн үйл баримт харагддаг бөгөөд хэрэгт тэдгээр иргэдийг гэрчээр асуугаагүй байдаг. 

Тухайн иргэд  болон түүний ах Г. нь Г.*******ийг мод бэлтгэсэн газар хэдийд ирсэн, түүний төрсөн ах Г.ийн машин эвдэрч Г.*******ийг  дуудсан  эсэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой бөгөөд тухайн иргэдийг гэрчээр асууснаар шүүгдэгчийн сэдэлт, санаа зорилгыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Иймд  дээрхи нэр бүхий иргэдийг гэрчээр асуух шаардлагатай байх тул анхан шатны шүүхээс Г.ээс гэрчээр мэдүүлэг авах ажиллагаа хийлгэхээр  хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

Харин шүүгчийн захирамжид заасан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримт цуглуулах болон шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг тодорхой болгох тухай ажиллагааг хийх шаардлагагүй байх тул энэ талаар бичсэн  прокурорын эсэргүүцлийн зарим заалтыг   хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжийг  хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                Г.ДАВААРЕНЧИН