Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0054/Э                                 /226/2017/0017

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Улсын яллагч: Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл

Шүүгдэгч: Б.Баяртөгс нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баяртөгсөд холбогдох 201723000020 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1977 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй Бишрэлт овогт Бадарчингийн Баяртөгс /РД: СУ77011675/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:  

Шүүгдэгч Б.Баяртөгс нь 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Түмэн” гэх газраас иргэн Х.Хосбаярын 53 тооны бог малыг хулгайлж 4.236.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Баяртөгс нь 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Түмэн” гэх газраас иргэн Х.Хосбаярын 53 тооны бог малыг хулгайлж 4.236.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Э.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө содон зүс бүхий мал дутсан тул бүртгэхэд 53 тооны хонь, ямаа дутсан. Тэгээд хулгайд алдсанаа мэдсэн. ... Тэгтэл Баяртөгс гэгч нь манай малаас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 22 тооны хонь ямаа хулгайлан авч Батхуяг гэх айлд авчирч тавьсан байна гэдгийг Туулайхүүгээс мэдсэн. Өмнө нь 2016 оны 12 дугаар сарын дундуур 20 тооны хонь, ямааг бас Батхуягын гэрт аваачиж тавьсан байсан. Би 32 тооны хонь, 21 тооны ямаа алдсан. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр малаа хулгайд алдсан. Яг Баяртөгс хэдэн тооны хонь ямаа хулгайлсан гэдгийг хараагүй учир хэлж мэдэхгүй байна. Гомдол санал байхгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31хуу/

Гэрч П.Ичинноровын мөрдөн байцаалтад өгсөн: “... Б.Баяртөгс нь 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 08-ны өдрүүдэд малаа бэлчээрт гаргаагүй гэдгийг би харсан. Ямар шалтгаанаар бэлчээрт гаргаагүй гэдгийг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 32хуу/

Гэрч Ж.Туулайхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчим Баяртөгс манай гэрт ирээд намайг хөдөө хүргээд өгөөч бензин хийж өгье гэсэн юм. ... Хэдэн малаа айл дээр тавьж байгаа юм. Зөөж өгөөч бензин хийж өгөөд хөлсөнд нь нэг ямаа өгье гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд гэрт хүргэж өгчихөөд орой 16 цагийн орчимд буцаад очсон. Тэгтэл 2 дахь удаа явсан болсон гэж хэлээд 2 удаа нийт 12 хонь, 10 ямаа ачиж Батхуяг гэдэг айлын малд аваачиж тавьсан. Нийт 30.000 төгрөгөөр бензин хийлгүүлж 1 хязаалан ямаа хөлсөнд нь авсан. Би хулгайн мал гэж мэдээгүй. Надад хулгайн мал гэж хэлээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34хуу/

Гэрч Д.Батхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын дундуур 10 хонь, 10 ямаа ачиж ирсэн. Эхнэр салаад явсан. Манай тэнд зудтай байгаа учир хэдэн мал танайд тавьчихая гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тухайн үед цагаан өнгийн портероор ачиж ирсэн. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хар өнгийн суудлын тэргээр 2 удаа 10 ямаа, 12 хонь авч ирсэн. Нийт 22 хонь 20 ямаа авч ирсэн. Нийт 42 тооны хонь, ямаа авч ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын эхээр манай малаас 1 борлон өгөөд бүдүүн ямаа аваад өөрийн малаас 1 хонь аваад явсан. Нийт 2 тооны бог мал авсан. Хаана хэнд авч явсан хонь, ямаа хоёроо өгсөн талаар мэдэх зүй байхгүй ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36хуу/

С.Соёл-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын дундуур Баяртөгс манайд ирээд манай хүүхдүүдийн хонь, ямаа байдаг юм. Тэрийг айлд аваачиж тавих гэсэн юм гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд нэг удаа явж 10 хонь 10 ямаа тээвэрлэж Батхуяг гэх айлд хүргэж өгсөн. Нийт 20.000 төгрөгөнд бензин хийлгүүлж 1 шүдлэн насны хар зүсмийн ямаа хөлсөнд нь авсан. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Надад хулгайн мал гэж хэлээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38хуу/

Хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт. /хх-ийн 6-8хуу/

Малын үнэлгээ /хх-ийн 37-39хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, үнэлгээ /хх-ийн 22-25хуу/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19хуу/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Баяртөгсийн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Хэнтий аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаагүй байхад уг зүйл ангиар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Хосбаярт 4.236.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь “...хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Баяртөгс иргэн Б.Баярсайханы өмчлөлийн морийг унаж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул уг морийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчид морийг нь буцаан олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг нь харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  НЬ :

  1. Шүүгдэгч Бишрэлт овогт Бадарчингийн Баяртөгсийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баяртөгсөд 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 3. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртөгсийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяртөгсөд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хонгор зүсмийн зүүн талын гуян дээрээ онгин тамгатай их насны морийг өмчлөгч Б.Баярсайханд нь буцаан олгосугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Баяртөгсөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай. 

 

8. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баяртөгсөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Д.ГАНЗОРИГ